Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01795

 

 

 

  

 

              2020             06         29

                               183/ШШ2020/01795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Ө.А-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: С.Б

Хариуцагч:  А.Б нарт холбогдох

            Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Л гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот  79.07 м.кв талбайтай орон сууцыг 117 000 000 төгрөгөөр худалдан авахаар түүний төлөөлөгч С.Б тай 2019 оны 01 сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, байрны урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохирсон. Үүний дараа уг байрыг ББСБ-ын зээлээс чөлөөлж, уг байрны өмчлөх эрхийг ББСБ-ын захирал А.Б  өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бид мөн худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд Хаан банкнаас 8%-ийн зээл олгогдож, 2019 оны 10 сарын 11-ний өдөр 94 000 000 төгрөгийг А.Б д шилжүүлж, Ө.А  нь уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч худалдан авсан байрыг маань одоог хүртэл суллаж өгөхгүй, бид байраа хууль ёсоор өөрсдийн мэдэлдээ авч чадахгүй байна. Анх гэрээ байгуулсан С.Б  гэдэг хүнтэй холбогдсон боловч би мэдэхгүй гээд, А.Б тэй холбогдоход надад хамаагүй гэж байгаа тул хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд хандсан. Бид С.Б д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Уг байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн А.Б д холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжиж байна. Иймд хариуцагч А.Б гийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот ын 79.07 м.кв орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хан-уул дүүргийн 19-р хороо, үйлдвэрийн гудамжны 62-р байрны 13 тоот байрыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ийн өдөр Равдандорж овогтой Л  нь М.М ББСБ-д барьцаалан 45 000 000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэн авсан. Уг орон сууцны өмчлөгч нь Р.Л  байсан болно. Р.Л  нь зээл хүүний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд удаа дараа зээл, хүүгээ төлөх шаардлага тавьсаны эцэст уг байрыг Арслан овогтой Б  миний нэрлүү шилжүүлж хамтран худалдан борлуулаж зээл, хүүгээ төлөхөөр болсон. Улмаар уг байрыг худалдан борлуулахаар зар өгсөн бөгөөд худалдан авахаар хүн ирсэн боловч Р.Л гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  нь миний таньдаг хүний дүү авахаар гэрээ хийсэн байгаа, уг гэрээ хийсэн хүнд худалдан борлуулмаар байна гэсэн. Тэгээд байрыг худалдан авахаар сонирхож байгаа Ө.А  болон түүний эхнэр Алтантуул, С.Б  нартай уулзан Хаанбанкны орон сууцны зээлээр худалдахаар тохирсон болно. Уг байрыг худалдан авсан Ө.А , А нарыг би танихгүй ба С.Б ы санал болгосон хүмүүс юм. С.Б  нь орон сууцаа 117 000 000 худалдаж байгааг хэлсэн бөгөөд урьдчилгаа 20 000 000 төгрөгийг Ө.А  нь С.Б д өгсөн талаар 2 тал надад хэлсэн болно. Ө.А , Алтантуул нар нь 8 хувийн зээлийг Хаанбанкнаас авахаар бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн. Орон сууцыг 134 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба банкны зээлийн журмаар урьдчилгаа төлбөр болох 30 хувийг байршуулах шаардлагатай болсон. Уг мөнгийг надад төлсөн байдлаар гэрээ хийхийн тулд байрны урьдчилгаа төлбөр болох 44 722 500 төгрөгийг, үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувь буюу 3 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надаас түр авч банкны шаардлагыг биелүүлэхээр дансанд байршуулсан. Улмаар Ө.А , Алтантуул нарын орон сууцны зээл нь хурлаар шийдвэрлэгдэж олгогдохооор болсон. Хаанбанкаас орон сууцны мөнгө болох 94 000 000 төгрөг А.Б  миний дансанд орж ирсэн. Үүнээс: Р.Л гийн зээлийн төлбөрт 81 573 800 төгрөг, Ө.А д үл хөдлөх хөрөнгийн 2 хувь төлөхөд зориулж өгсөн 3 000 000 төгрөг, үлдэх 9 426 200 төгрөгийг С.Б ы Төрийн банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн болно. С.Б  нь орон сууцаа Ө.А д 117 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг Ө.А  нь С.Б д өгсөн талаар надад хэлсэн ба төлбөр тооцооны үлдэлтэй асуудлыг би мэдэхгүй болно. С.Б , Ө.А  нар нь төлбөр тооцооны асуудлаа хоорондоо тохирч төлж барагдуулахаар тохирсон. Мөн уг орон сууцанд Р.Л  амьдарч байсан. Би тэнд огт амьдарч байгаагүй, байшин дотор нь ямар хөрөнгө байгаа, юу байгаа талаар би огт мэдэхгүй. Орон сууцны худалдах худалдан авах гэрээний дагуу орж ирсэн мөнгөнөөс банк бус санхүүгийн байгууллагын зээл, Ө.А д өгсөн 3 000 000 төгрөгийг суутгаж С.Б д үлдсэн мөнгийг шилжүүлсэн болно. Орон сууцны мөнгө орж ирсэнээс хойш Ө.А , С.Б  нартай холбогдоогүй бөгөөд надтай ч ярьж байгаагүй болно. Үлдсэн төлбөрийн асуудлаа хоорондоо тохироод төлсөн гэж бодож явсан юм. Иймд Ө.А ийн С.Б д төлөх үлдэгдэл төлбөр хэд байгааг би мэдэхгүй байна, мөн уг орон сууцанд Арслан овогтой Б  миний эд хогшил, үнэт зүйл байхгүй тул тухайн эд хогшил, үнэт эдлэлийн эзэнтэй холбогдож асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б  миний бие нь Р.Л гийн өмчлөлийн ММ ББСБ-д барьцаанд байсан Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот  79,07 м.кв талбайтай орон сууцыг Ө.А д худалдахад итгэмжлэлээр оролцож, гэрээ байгуулж, худалдсан. Тухайн үед уг байр ББСБ-ын барьцаанд байсан бөгөөд уг ББСБ-ын захирал А.Б гийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Ө.А  нь уг байрыг 8 хувийн банкны зээлд хамруулж, 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 94 000 000 төгрөгийг ББСБ-д шилжүүлж Р.Л гийн зээлийг хаасан. Ингээд нийт 114 000 000 төгрөг худалдагч талд шилжсэн гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А  хариуцагч А.Б , С.Б  нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот ын 79,07 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаарджээ.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б д холбогдох шаардлагаас татгалзаж байх тул хариуцагч С.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-уул дүүргийн 00-р хороо, үйлдвэрийн гудамжны 00-р байрны 00 тоот байрыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ийн өдөр Равдандорж овогтой Л  нь ММ ББСБ-д барьцаалж зээл авсан байх ба Р.Л  нь зээл хүүний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүйн улмаас уг байрыг ББСБ-ын захирал Арслан овогтой Б гийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, хамтран худалдан борлуулаж зээл, хүүгээ төлөхөөр тохиролцжээ.

Дээрхийн дагуу А.Б  тус байрны өмчлөгчөөр бүртгэгдэж, улмаар А.Б  нь Ө.А тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Ө.А  Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот  79,07 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 10 сарын 10-ны өдөр бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 10/

Түүнчлэн нэхэмжлэгч Ө.А  нь тухайн байрыг 117 000 000 төгрөгөөр худалдан авахаар Р.Л тэй 2019 оны 01 сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, байрны урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгийг төлж, банкны зээлийн 94 000 000 төгрөгийг А.Б д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 5-9/

Дээрх байрны үнийг нэхэмжлэгч Ө.А  нь Хаан банк ХХК-тай байгуулсан Ипотекийн зээлийн гэрээгээр авсан зээлийн 94 000 000 төгрөгөөр төлж, ББСБ-д шилжүүлсэн талаар тайлбарлаж байх ба хариуцагч А.Б  нь уг зээлийн мөнгөөр Р.Л гийн зээлийн төлбөрийг хааж, илүү гарсан 9 426 200 төгрөгийг С.Б ы дансанд шилжүүлсэн талаар тайлбарлажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.”гэж, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэснээр нэхэмжлэгч Ө.А  хүчин төгөлдөр гэрээний дагуу  Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот  79,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч нь дээрх орон сууцанд өөрийн эд хогшил, үнэт зүйл байхгүй тул тухайн эд хогшил, үнэт эдлэлийн эзэнтэй холбогдож асуудлыг шийдвэрлэх талаар тайлбар гаргасан хэдий ч  хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн орон сууцны сүүлийн өмчлөгчөөр А.Б  бүртгэлтэй байсан, түүнчлэн хариуцагч нь дээрх татгалзлалаа баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 Тус шүүх хуралдааны товыг хариуцагч А.Б  мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэх тайлбарыг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 17 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр гудамж ХД-00 байр, 00 тоот  79,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Б гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

                                         

     2. Нэхэмжлэгч Ө.А  нь хариуцагч С.Б д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б гээс 70 200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ө.А д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ