Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/741

 

 

 

 

 

 

 

 

 

     2023        9            21                          2023/ШЦТ/741

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

**** дугаарын регистртэй, С овогт Э-ын Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Б 2023 оны 6 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “ВТС” караокены гадна хохирогч Ж.Лтай үл ялих зүйлээс маргалдаж, түүнийг түлхэж унагаан нүүрэн тус газарт нь дэвсэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун зүүн үүдэн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, баруун хөмсөг, хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Бид нар бие биеэ таньдаг, нэг дор ажиллаж байсан юм. Л нь Бг согтоод тасарчихсан байхад нь алгадаад байхаар нь би боль гэж хэлтэл “гарья, чи юу гээд байгаа юм” гэж надтай муудалцаад гадаа гараад миний нүүр рүү мангасдсан. Тэгэхээр нь би түүнийг зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Би Лтай Наадмын дараа, 7 дугаар сарын 18-19 хавьцаа байх цагдаагийн газарт уулзахдаа 1.5 сая төгрөг өгье, дараа нь сарын дотор 2.5 сая төгрөг, нийтдээ 4 сая төгрөг өгье гэтэл заавал нэг дор мөнгөө бүтэн авна гэж хэлсэн. Миний хувьд ажилгүй, орлогогүй байгаа болохоор мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй байна. Гэхдээ би хохирлыг нь төлөх болно. Би Өмнөговийн “Таван Толгой”-д нүүрс тээврийн машин жолоодож байсан юм. Нэг хэсэг ажилгүй болоод одоо харин намайг ирж ажилла гээд байгаа. Энэ хэрэгт холбогдсон болохоор тийшээгээ явж чадахгүй байгаа гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж-ын Л “... 2023 оны 6 дугаар сарын 22-ны орой найзууд болох Б, Тэгшбаяр, Б нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны зүүн талд залгаа байдаг “ВТС” гэх нэртэй нийтийн караокед орж үйлчлүүлж сууж байгаад 0.75 литрийн архи 2 шилийг ууж сууж байхдаа Б гэх залуу үл ялиг маргааны улмаас намайг их согтолттой байхад зодож миний биед гэмтэл учруулсан байсныг маргааш өглөө нь Баянгол дүүргийн Бичилийн 28 дугаар сургуулийн гадаа ахын машинд сэрээд зодуулснаа мэдсэн. Б гэх залууг манай найз Бгийн найз гэдгээр танина. Намайг яагаад зодсоныг нь би сайн мэдэхгүй байна. Миний дээд үүдэн 2 шүд унасан, 1 шүд хугарсан, хамар мурийлттай, баруун хөмсөг, хамар, баруун хацар шалбарсан байна. Энэ гэмтлийг Б гэх залуу учруулсан. Гомдолтой байна. Тухайн караокены гадаа зодуулсан байсан тул бид хоёр хоёулханаа байсан. Өчигдөр Бтэй уулзахад чи бид хоёр маргалдаад би чамайг түлхэж унагаагаад дээрээс чинь ганц дэвссэн гээд шүдний эмнэлэг орж түр хиймэл шүд хийлгэж өгсөн” /хх-н 8-9/ гэж,

гэрч Н-ийн Б “... 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг залуу Тэгшээ гэгчтэй би 6 лааз пиво хувааж уусан. Тэгээд барилга дээр Л, Б, Тэгшээ нартай цуг ажил хийж байгаад бид 4 тэндээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Парис” гэх нэртэй караокед орж нэг шил 0,75 литрийн архи авч уусан. Би өдөр нь уучихсан байсан болохоор дорхноо тасарчихсан. Маргааш өглөө нь гэртээ байж байтал Л над руу залгаад Бэд зодуулчихлаа гэж хэлсэн” /хх-н 19/ гэж,

гэрч Б-ын Т “... тухайн үед “БТС” гэх нэртэй караокед Б, Л, Б болон миний бие орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэндээ ууж байтал Б, Л нар гараад тамхи татчихаад ирье гэж хэлээд гарсан. Араас нь гартал тэр хоёр хоорондоо зодолдсон байсан ба зодоон аль хэдийнээ дуусчихсан, салчихсан байсан. Би Л, Б нарыг зодолдож байхыг хараагүй. Лын өмсөж явсан хувцасны энгэр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Үүдэн хоёр шүд нь уначихсан байсан” /хх-н 23-24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Эын Б “... 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг найзууд болох Б, Тэгшбаяр, Л нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаа хорооны нтуаг дэвсгэрт байрлах “ВТС” гэх нэртэй караокед орж архи ууж сууж байгаад би Лтай маргалдаж, караокены гадна Лын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдсан. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” /хх-н 37-38/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Ж.Лын биед баруун зүүн үүдэн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, баруун хөмсөг, хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн 8223 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25-26/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Э.Бийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С овогт Эын Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосоны дараа улсын яллагч Г.Ган-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаар “... шүүгдэгчийг 700.000 төгрөгөөр торгох” санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Э.Б одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байгаа гэх түүний өөрийнх нь тайлбар мэдүүлгээс үзвэл түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний цаашид ажил төрөл хийхэд хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Э.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Бийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 56-58/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 69-70/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 71-73/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 74-77/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 61-66/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Э.Б хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг дурдаж, хохирогч Ж.Лын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С овогт Эын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

5. Хохирогч Ж.Лын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Бэд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ