| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/1058/з |
| Дугаар | 221/МА2026/0224 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0224
“Э А Э К” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б
Гомдол гаргагч: “Э А Э К” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.А
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0046341 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0076 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н
Хариуцагч Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/1058/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Э А Э К” ХХК-иас нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.А-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0046341 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0076 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 26 дугаар зүйлийн 26.2, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан “Э А Э К” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.8-д “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр огноологдсон 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээг “Б с а” ХХК-тай байгуулсан байх боловч хариуцагчийн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судалсан цахим баримтаар бодит байдалд маргаан бүхий газрыг тэгшилсэн болон гэрээнд заасан талбай дотор байгаа барилгын хог, ахуйн хог хаягдлыг зайлуулах, булах ухагдсан байгаа нүх, газрын хэвгий, далий хэсгийг шороогоор дүүргэх газрын овон товон хэсгийг буулгаж, ухсан нүх рүү дүүргэх” ажиллагаа хийгдсэн гэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй гэжээ.
Улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээс өгсөн мэдүүлгээр манай компанийг өөрийн эзэмшил бүхий 28 га талбай бүхий газарт урьд бий болсон барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэх, булах, газрыг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон байхад шүүхээс түүнийг бодитой дүгнээгүй.
3.2. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Хуулийн дээрх зохицуулалтаас харахад “... Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох...” гэж заасан хориглосон хэм хэмжээг манайхыг зөрчсөн гэж үзсэн байна.
Бид тухайн маргаан бүхий газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дзгээр зүйлийн 4.1.1-д заасан ямар нэр төрлийг ашигт малтмалыг, хэдий хэмжээгээр олборлон, өөрийн болон бусдын ямар үйл ажиллагаанд ашигласан болохыг эрх бүхий албан тушаалтны зүгээс огт тогтоогоогүй мөртлөө Байгаль орчны хохирлын үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нотлох баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байхад ийнхүү манай компанийг зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар төрлийн ашигт малтмалыг, хэдий хэмжээгээр олборлон, өөрийн болон бусдын ямар үйл ажиллагаанд ашигласан болохыг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй.
3.3. Манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.
Энэхүү зөрчлийг үйлдэж буй этгээд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай 4.1.1-д нэрлэн тодорхойлсон түгээмэл тархацтай ашигт малтмалыг зориуд санаатайгаар буюу тухайн ашигт малтмалыг зориулалтын дагуу өөртөө болон бусдын хэрэгцээнд ашиглах зорилгоор олборлох эсхүл борлуулах идэвхтэй үйлдлээр үйлдэгдэхээр хуульчилсан. Гэтэл манай компани өөрийн эзэмшиж буй газартаа үүсэн бий болсон барилгын болон ахуйн хог хаягдлыг булах, газрыг тэгшлэх, тойруулан хашаа татах зорилгоор хашааны суурийг ухах, үүсэн бий болсон овоолгыг тэгшлэх зэргээс өөр үйл ажиллагаа явуулаагүй буюу тухайн олборлосон гэх ашигт малтмалыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа огт явуулаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0076 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн, харин хариуцагч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. “Э А Э К” ХХК-иас нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.А-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0046341 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
3.1. Ингэхдээ ... манай хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байсан компани нь манай газраас хайрга олборлож, газар дээгүүр зорчиж байсан, бид газраа хамгаалах, талбай дээрх хуримтлагдсан барилгын хог хаягдлыг зайлуулах, ухаж сэндийчсэн хэсгийг тэгшлэх ажлыг зохион байгуулсныг хууль бусаар хайрга олборлосон гэж гомдол гаргасан байсан, түүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй, манай компанийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулаагүй, улсын байцаагч нь зөрчил гаргасан этгээдийг шалгахгүй, тэдний хууль бус үйл ажиллагаатай тэмцсэн манайд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлох бол
3.2. Хариуцагчаас “... “Э А Э К” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлосон зөрчил үйлдсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар цуглуулсан баримтаар тогтоогдсон, тус компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй, газар дээр үйл ажиллагаа явуулж байсан туслан гүйцэтгэгч компанийн захирал н.Б нь хэл амаар доромжилж, хөөж туух зэргээр саад учруулж байсан, өмнө нь мөн гомдол ирж улсын байцаагч Д.Ж-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад огт оролцоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
4. Хариуцагч нь нэр бүхий иргэн, албан тушаалтнаас ирүүлсэн гомдлоор хэрэг бүртгэлт явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0046341 дүгээр шийтгэлийн хуудсаар ... тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу “Э А Э К” ХХК-ийг 2,000,000 төгрөгөөр торгож, 20,275,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.
Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой ажиллагаа явуулах, холбогдогчийг дуудан ирүүлэх, тайлбар авах үндэслэлээр Удирдах албан тушаалтны шийдвэрээр нэг удаа 14 хоног, прокурорын шийдвэрээр 2 удаа нийтдээ 30 хоногоор зөрчил шалган шийдвэрлэх хугацааг сунгасан байна.
5. Хэрэгт цуглуулсан баримтаас үзэхэд;
5.1. Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э А Э К” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/460 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэгж талбарын 1333105786 дугаартай 289199 кв.м газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалтаар эзэмшсэн бол түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын аливаа нэг тусгай зөвшөөрөлгүй. /Хэргийн I хавтасны 10, 92-96, 119 дэх талд/
5.2. Уг хуулийн этгээд нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Их монгол улсын гудамж, Стадион оргил, Юник центр *** тоот хаягт оршин байдаг. Эрх бүхий албан тушаалтны хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дуудан ирүүлэх, шийтгэлийн хуудсыг хүргүүлэх зэрэг аливаа асуудлаар баталгааг шууданг уг хаягаар хүргүүлжээ. /Хэргийн I хавтасны 1, 3, 69, 74-82, 97-98, 155, 160 дахь талд/
5.3. Харин энэ хэсгийн 5.1-д заасан эзэмших эрхтэй газар дээрх хог хаягдлыг зайлуулах, газрын хэвгий далий хэсгийг тэгшлэх, газрын овон товон хэсгийг буулгах, ухсан нүхийг дүүргэх ажлыг гүйцэтгүүлэхээр “Б с а” ХХК-тай гэрээ байгуулсан ч гэрээний хугацаа дууссан, талууд дүгнэж акт үйлдсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй.
5.4. Эрх бүхий албан тушаалтны хувьд, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэх, гэрчээс мэдүүлэг авах, холбогдох байгууллагаас лавлагаа мэдээлэл гаргуулах, шинжээч томилох зэрэг тодорхой ажиллагаа явуулснаас гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны туршид холбогдогч хуулийн этгээд, гүйцэтгэх захирлын хаягаар дуудан ирүүлэх хуудас хүргүүлж, тайлбар мэдүүлэг гаргах, эрх үүрэг болон хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн боловч “Э А Э К” ХХК зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцоогүй байна.
6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй атлаа түүнийг олборлосон болох нь зөрчлийн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар мэдүүлэг гаргах боломж холбогдогчид байсан учраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэх гомдол үндэслэлгүй, бодит байдалд Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажиллагаа хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв болжээ.
7. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;
7.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;”, 4.1.12-т ““түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг;”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, … мэдэгдэнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 20.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах; 20.1.3. уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулах” гэж,
7.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.29-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга”, 8.30-д “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж тус тус заасан.
7.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд: 1.2. түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан; ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
8. Энэ харилцаанд хамаарах дээрх хуулийн зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас олгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд олборлох үйл ажиллагаа явуулах нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн зорилго, зарчимд нийцэх бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан буюу хуулиар үүрэг болгосон, хориглосон, хязгаарласан шинжтэй аливаа хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр байна.
9. Маргааны үйл баримтаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/460 дугаар захирамжаар “Э А Э К” ХХК-д Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутагт эзэмшүүлсэн газар дээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б с а” ХХК хог хаягдлыг зайлуулах, газар тэгшлэх ажил гүйцэтгэсэн гэх боловч техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийг ухаж, овоолго үүсгэсэн, уулын дайрга зөөсөн, 2025 оны 4 дүгээр сартай харьцуулахад 2025 оны 9 дүгээр сарын байдлаар ухсан газрын талбай нэмэгдсэн, 1536 кв.м талбайд олборлолт явуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, ингэхдээ “Э А Э К” ХХК нь ямар нэг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүйн зэрэгцээ дүүргийн Засаг даргын Тамгын газраас газрын хэвлий ашиглах талаар зөвшөөрөл аваагүй байх тул “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх зөрчил үйлдсэн, энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ.
10. Хариуцагчийн хувьд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, эрх бүхий албан тушаалтанд олгосон бүрэн дагуу зөрчлийг шалган тогтоосноос гадна холбогдогчийг дуудан ирүүлэх, тайлбар мэдүүлэх гаргах боломж олгож, уг үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх хугацааг сунгаж байснаас үзэхэд “зөрчлийг хэн ямар хэлбэрээр бодитой үйлдсэнийг эрх бүхий албан тушаалтан шалгаж тогтоогоогүй, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажиллагааг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
11. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг харьцуулан үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас эрхлэн явуулах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчлийг шалган тогтоох, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулахтай холбоотой үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах зохицуулалт түүнд үйлчлэхгүй тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг баримталсан нь учир дутагдалтай, энэ тохиолдолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Байгаль орчны газраас зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг зохицуулсан учраас маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0076 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, ... 26 дугаар зүйлийн 26.2,” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ