Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0803

 

“Тэнгис өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шийтэр, Э.Уянга, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, гуравдагч этгээд С.Дагва, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэртэй, “Тэнгис өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчоо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тэнгис өргөө” СӨХ-ны гаргасан “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн Захирагчийн албанаас иргэн С.Дагвад олгосон 2011034, Ж.Батжаргалд олгосон 2011032 тоот эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Дагва, Ж.Батжаргал нарт холбогдох хэсэг, мөн Орон сууц хувьчлах товчооноос С.Дагвад олгосон 0114543 тоот, Ж.Батжаргалд олгосон 2011 оны 09 дүгээр сарын 29-ний 0114544 тоот гэрчилгээ болон орон сууц өмчлөх эрхийн Ж.Батжаргалын нэр дээрх Ү-2202018398 тоот, Д.Уранчимэгийн нэр дээрх Ү-2202018399 тоот улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20 -ны өдрийн 679 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр би эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангаагүй. Үүнд:

1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ

Улаанбаатар хотын захирагчийн алба иргэдэд маргаан бүхий орон сууцанд эзэмших эрхийг бичиг олгохдоо “Тэнгис өргөө” СӨХ-ны 2008 оны 1 дүгээр тогтоол, хүн амьдрах шаардлага хангасан гэсэн магадлан шинжлэх хэсгийн тодорхойлолт сууц өмчлөгчдийн холбооны эахирлын албан бичгийг үндэслэсэн байх тул хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.

Улаанбаатар хотын захирагчийн алба бол төрийн захиргааны байгууллага. Төрийн байгууллага төрийн өмчтэй холбоотой л шийдвэр гаргах эрхтэй. Гэтэл хувийн, иргэдийн дундын өмчийг хэн нэгэн иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэд, байгууллага, хуулийн этгээд өөрийн хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн байр өмчлөгчдийн дундын өмч болох техникийн өрөөнүүдийг бусдад эзэмшүүлэх эрх нь гагцхүү СӨХ-ны удирдах зөвлөлд байдаг. Энэхүү эрхийн дагуу тус СӨХ-ны удирдах зөвлөл хяналтын зөвлөл хамтран иргэн Дагвад нэг өрөөг, нөгөө өрөөг ажилтандаа эзэмшүүлж түрээсийн төлбөрийг авахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Захирагчийн алба эзэмших эрхийн гэрчилгээ олгож “Тэнгис өргөө” СӨХ-ны энэхүү эрхэд халдаж СӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.8.3-д эаасныг зөрчсөн.

2.   Мөн энэхүү хууль зөрчиж олгосон эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад бичиг

баримтуудыг үндэслэн хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана гэснийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь орон сууц хувьчлах товчоо өргөдлийг нэг сарын хугацаанд хянахдаа хамгийн түрүүнд тухайн орон сууц хувьчлагдах орон сууц мөн эсэхийг тодорхойлох үүрэгтэй. Орон сууц хувьчлах тухай хуулинд зааснаар хувьчлал гэдэг бол төрийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх явдал юм. Төрийн өмчийн орон сууцууд төрийн өмчийн хороонд, нийслэлийн өмчийн орон сууцууд нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэгдсэн орон сууц хувьчлах товчоо үүнийг үндэслэн хувьчлах орон сууцны сан бүрдүүлэхээр орон сууц хувьчлах тухай хуулинд заасан. Иймд орон сууц хувьчлах товчоо хувьчлах хүсэлт гаргасан орон сууцыг энэхүү сангаас төрийн болон нийслэлийн өмч мөн эсэх талаар хянах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй хувийн эд хөрөнгийг хувьчлах тухай шийдвэр гаргаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар бусдад өмчлүүлсэн байдаг.

Иймд Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.2 “Орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц өрөөг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно” гэснийг зөрчсөн Орон сууц хувьчлах товчооны хууль бус тогтоолыг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

“Тэнгис өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй уг захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэж, тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 542 дугаар магадлалаар “Анхан шатны шүүх ... нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, үнэлээгүй байх тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2531 дүгээр захирамжаар Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Гандирс-Од” ХХК-ийн захирал О.Цэдэнбаатарын 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлт, Магадлан шинжлэх хэсгийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 тоот дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02-07-81/1935 дугаар албан шаардлагад маргаан бүхий 0 тоот өрөөнүүдийн зориулалтын талаар өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт гарсан гэж үзэж аль нь үндэслэлтэй болох талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилжээ.

Дээрх захирамжийн дагуу гаргасан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/104/03 дугаар шинжээчийн дүгнэлтээр холбогдох хууль, норм, дүрмүүдийг зөрчсөн гэж, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-81/1935 дугаар албан шаардлагыг үндэслэлтэй гэсэн байна.

Харин шүүх шинжээчдийн бүрэлдэхүүнд орсон барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятавын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Шинжилгээний үр дүнгийн талаар шинжээчид нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах ба санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч тусгай саналаа дүгнэлтэд хавсаргана.” гэж заасны дагуу гаргасан тусгай саналыг дангаар гаргасан “дүгнэлт” гэж үнэлэн, нөгөө 2 шинжээчийн гаргасан дүгнэлтийг өөр бусад баримтаар няцаагдаагүй байхад нэг шинжээчийн тусгай саналыг “үндэслэлтэй” гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т “... хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн шийдвэрийн үндэслэл болсон Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Гандирс-Од” ХХК-ийн захирал О.Цэдэнбаатар нь 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлтээ тухайн орон сууцны техникийн өрөөнд байрлаж байсан сэнс болон техник төхөөрөмжүүдийн байршлыг өөрчлөн угсарсан байдал, ашиглалтын байдлыг судалж холбогдох норм, дүрэм хангагдах эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор гаргасан атлаа тус компани нь өөрийн бүрэн эрхэд хамааралгүй “... сэнс байрлуулж байсан өрөөг СӨХ-ны оффиссийн болон орон сууцны зориулалтаар ашиглаж болно” гэж дүгнэлтдээ дурджээ.

Мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана” гэж заасны дагуу гаргасан Магадлан шинжлэх хэсгийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт нь уг 6 дугаар байрны 0 тоот өрөөнүүдийг зөвхөн “хүн амьдрах шаардлага хангана” гэж нэг талаас нь дүгнэсэн бөгөөд харин оршин суугчдийн дундын өмчлөлийн техникийн зориулалттай өрөөний зориулалтыг өөрчилснөөр тухайн орон сууц болон оршин суугчдад хэрхэн нөлөөлөх талаас нь дүгнээгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-81/1935 дугаар албан шаардлагаар техникийн давхрын өрөөнүүдийн зориулалтыг өөрчилсөн, мөн шатны хонгилын утаа сорох, лифтны хонгил руу агаар өгөх системийн сэнснүүдийг зориулалтын өрөөнөөс гаргаж, лифтны машины өрөөнд зөвшөөрөлгүй шилжүүлэн засвар үйлчилгээ хийх ажлын талбайгүй болгосон зэрэг нь холбогдох хууль зөрчсөн гэжээ.

Дээр дурдсан албан шаардлага болон дүгнэлтүүдийг гаргасан этгээд нь өөр өөр чиг үүргийн хүрээнд өөр зорилгоор, ялгаатай асуудлаар дүгнэлт гаргасан байхад шүүхээс шинжээч томилохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шаардлагатай зүйлийг асууж тодруулаагүйгээс зөрүүтэй мэт дүгнэлт, тусгай санал гарсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийн дахин хэлэцүүлэхээр буцааснаас хойш уг алдааг залруулж захирамжид өөрчлөлт оруулах, эсхүл нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлээгүйгээс урьд нь шийдвэрлэсэн магадлалд дурдсан “дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “... тухайн 2 техникийн өрөө бол орон сууц өмчлөгчдийн дундын буюу хувийн өмчид хамаарах учраас төрийн байгууллага хувьчилсан нь хууль бус байна.” гэж маргаж байгаатай холбогдуулж шүүхийн 2015 оны 542 дугаар магадлалаар “... 6 дугаар хорооллын 6 дугаар байр төрийн болон хувийн өмчийн алинд хамаарах, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо дээрх өрөөнүүдийг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн эсэх, тухайн байрны 0 тоот техникийн өрөөнүүд төрийн болон нийслэлийн  өмчид бүртгэлгүй байгаа тул хувьчилж болох эсэх”-ийг тодруулсны эцэст дүгнэлт хийх шаардлагатай гэсэн байхад анхан шатны шүүх “... 0 тоот өрөөнүүд төрийн өмчид бүртгэлгүй болохыг Төрийн өмчийн хорооноос мөн дээрх байрны техникийн өрөөнүүд нь нийслэлийн өмчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй байгаа болохыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус тус тодорхойлсон. Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэгэнт хувьчилсан байх тул 0-89, 0-90 тоот өрөөг дээрх хуульд заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу нийтийн эзэмшлийн хэсэгт хамааруулах боломжгүй.” гэсэн нь ойлгомжгүй байна.      

Шүүх уг маргаан бүхий 0 тоот өрөөнүүдийг нэр бүхий иргэдэд хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасантай нийцсэн гэсэн атлаа ямар үндэслэлээр “төрийн өмч” гэж үзэж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг;”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн талаар нэхэмжлэгчээс маргаж, уг хууль бус тогтоолын улмаас оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөр этгээдэд эзэмшүүлж, өөр зориулалтаар ашигласны улмаас эрүүл орчинд тав тухтай, аюулгүй амьдрах эрхээ зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэл гаргасан байхад эдгээртэй холбоотой дээр дурдсан нотлох баримтыг бүрэн цуглуулж үнэлэн, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                            

                               ШҮҮГЧ                                                      Э.ХАЛИУНБАЯР                                                 

                               ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН

                               ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ