Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 381

 

С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан хийж, С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0194 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0385 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0194 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Э-ын өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, түүний тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хүлээн авах үндэслэлтэй эсэхийг хуулийн хүрээнд өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоосон шийдвэр хүчингүй болохыг мэдэгдэх, нэхэмжлэгч С.Э-ын өндөр насны тэтгэврийг тогтоосон шийдвэрийг өөрчлөн тооцохтой холбоотойгоор захиргааны байгууллагын актыг түдгэлзүүлсэн нь түүний нийгмийн даатгалын сангаас хүртэх өндөр насны тэтгэврийн мөнгийг хүлээн авах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0385 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 4, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн “Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э-ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэс болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ зааснаар тэтгэврийг минь нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж гаргасан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0385 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

Зөвшөөрөхгүй байгаа шүүхийн шийдвэрийн холбогдох заалт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2017 оны 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,4, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн “Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э-ын 1986-1990 онд авч байсан цалин орлогыг үндэс болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т (2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн) зааснаар тэтгэврийг маань нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн ЭМНДХ-т даалгах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.

Гомдлын шаардлага: “Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон С.Э-ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг үндэс болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1.1-д (28 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох)

1. Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: 1/ авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;) гэж заасан, 28.4.2-т (2015 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн) зааснаар тэтгэврийг минь нэмэгдүүлэхгүй, шүүхийн тогтоолыг үндэслэж, цалин орлогыг маань дээрх хуулийн дагуу тооцохгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэснийг хангаж шийдвэрлэх.

Гомдлын шаардлагыг дэлгэрүүлэн тайлбарлах нь:

1. Гол асуудал нь доорх ойлголтод л байна.

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.1.3-т “даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;” гаргаж өгөх юм байна.
  2. Тэтгэвэр тогтоолгосон 2011 оноос өмнөх нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилд 1985-1991 он багтаж байгаа. Энэ тухай нэмэлт тайлбарт дурдах болно.
  3. Миний бие Дундговь аймгийн АҮК-ын архив 1990-ээд онд үрэгдсэнээс тэтгэврээ тогтоолгосон 2011 онд дээрх тодорхойлолт, лавлагааг авах боломжгүй болж, тухайн цаг дор тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн зөвлөснөөр өргөдөл өгч байв.

d) Тэр цагаас хойш хэрхэн тэр гайгүй авч байсан цалин хөлсөө тэтгэврээ нэмэгдүүлэхэд тооцуулах талаар бодож явтал 2015 оны нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28.4.2-т (2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн) заасан хуулийн өөрчлөлт нь шүүхэд хандах сэдэл өгч, холбогдох хуулийн дагуу хөөцөлдсөөр 1985-1991 онд авч авч байсан цалин орлогоо тогтоолгосон хараат бус шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 25.1.3-т заасан хөдөлмөрийн хөлсний “Тодорхойлолт”-ыг орлох баримт бичиг юм гэж үзэж байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж тэтгэврээ тогтоолгохыг хүсэж байна.

2. Миний бие 2016 оны 6 дугаар сараас 12 сар хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд холбогдох бүх газруудаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хандаж, дээрх асуудлаа танилцуулсан ч тухай бүр Дундговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон 1985-1991 онд авч байсан цалин хөлсийг харгалзах боломжгүй гэсэн аятай хариу авч байв. Иймээс аль ч шатны нийгмийн даатгалын байгууллага “шүүхийн шийдвэрт заасанчлан шинээр акт гаргаж” хуулийн дагуу тэтгэвэр нэмж өгөх сэтгэл зүйн болон эрхийн чадамжгүй нь тодорхой болж буй тул давж заалдах шатанд хандсан. Гэтэл миний гомдлыг бүр ч хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс саяхан миний Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, нийгмийн даатгалын байгууллагуудаас тэтгэвэр тогтоох, олгоход баримталж байгаа бүх заавар журамтай нь танилцаж байхад тодорхой шалтгаанаар иргэн цалин орлогоо шүүхээр тогтоолгосон нөхцөлд хэрхэх тухай нэг ч заалтгүй, нийгмийн даатгалын байгууллагууд ийм нөхцөл байдалтай нүүр тулж шийдэж байсан практик ч байхгүй юм билээ. Миний энэхүү тэтгэврээ хууль ёсоор тогтоолгохоор хөөцөлдөж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон эрхээ хараат бус шүүхээр хамгаалуулах гэсэн оролдлого төдий юм. Миний хөөцөлдөж буй нь хэрэгжих эрх зүйн гарц байгаа гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Тэтгэвэр тогтоож буй одоогийн практикт хуулийн цоорхой, ажлын хийдэл байна гэж үзэж байна. Энэ гомдол хянагдаж байх хугацаанд яаравчлан өмгөөлөгч сонгон авч дахин нухацтай судалж танилцуулах болно. Цаашид шүүхээр цалин орлогоо тогтоолгосон олон хүн ийм хүнд суртлын байдалтай тулж мэдэх тул олон нийтийн ач холбогдлыг нь ч бодож анхан шатанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хангасан шийдвэр гаргуулахыг хүсч Захиргааны хэргийн хяналтын шатанд хандаж байна.

5. Жич тайлбарлахад, миний хууль эрх зүйг судлах 14 хоногийн хугацаа нь наадам, сонгуультай зэрэгцээд наанадаж 5-6 хоногоор багасаж байгаа тул яаравчлан энэхүү гомдлыг хүргэж, амралтын өдрүүдээс хойш өмгөөлөгчийнхөө туслалцааг авч хууль зүйн нарийвчилсан үндэслэл бүхий дахин нэмэлт тайлбар хийх болно гэдгээ мэдэгдэж байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “Тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх”-өөр заасан байх тул тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй, хоёр шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдолд итгэмжлэлийг нотариатаар батлуулж хавсаргасан тул хуулбарыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч С.Э нь 2011 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-т өндөр насны тэтгэвэр авах өргөдөл гарган Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 1-ийн 1 дэхь хэсгүүдэд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт 25 жил 11 сар 17 хоногийг тодорхойлуулж, шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дуртай дараалсан 5 жил болох 1999-2004 онуудыг өөрөө сонгож өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна.

 Нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нь шүүхэд Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э-ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэслэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т зааснаар тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3-д зааснаар тэтгэврийг анх өргөдөл өгсөн өдрөөр тооцон нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн 1986-1991 онуудад авч байсан цалин, хөлсийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан, хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хариуцагчаас асуудлыг дахин тодруулах боломжтой гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан С.Э-ын өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “...иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр С.Э-ын 1985-1991 онуудад авч байсан цалинг тогтоосноор түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэстэй. ...Шүүхүүд хууль буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хяналтын гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан хуулийн зохицуулалтаар тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд тэтгэвэр авагчийн хүсэлтээр тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоож болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Э-ын тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлсөн хугацаа буюу түүний шимтгэл төлсөн 25 жил 11 сар 17 хоногийн хугацаа болон тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 1999-2004 онуудад авч байсан цалин хөлсний хэмжээ өөрчлөгдөж, тэтгэвэр авагч тэтгэврээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан байхыг ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Э-ын тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн 25 жил 11 сар 17 хоногийн хугацаа, мөн 1999-2004 онуудад авч байсан цалингийн хэмжээ огт өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цалингийн хэмжээг Дундговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 155 дугаар шийдвэрээр тогтоосон, үүнийг үндэслэж тэтгэврийг өөрчлөн тогтоох ёстой гэж тайлбарлах боловч тус шүүхийн шийдвэрээр С.Э-ын тэтгэврээ тогтоолгохдоо сонгоогүй буюу 1985-1991 онуудад авч байсан цалингийн хэмжээг тогтоосон, энэ нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээ гэдэгт хамаарахгүй.

Иймд С.Э-ын одоо авч байгаа тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөөгүй, тодруулбал мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан тэтгэврийг өөрчлөн тогтоох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

  

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АТАРЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА