Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.М миний бие нь 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1988 оны 7 дугаар сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа учир иргэн миний цалингийн карт, нийгмийн даатгалын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, татварын хэлтсийн тодорхойлолт зэргийг үндэслэл болгон Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ц.Мд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон тамга тэмдгийн зөрчилтэй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.26-ны өдрийн 354 тоот “Луус сумын 1 дүгээр багийн иргэн Ц.М-ын хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1988.07.15-1990.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.25-ны өдрийн 08/589 тоот “Луус сумын “Хөдөлмөр” нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 дугаар сарын 09-нд “Шинэ хөдөлмөр” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлт /хх-5 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.05.26-ны өдрийн 366 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1988.707.15-1990.12.31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Цэдмээ овогтой Мөнхзултай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/, Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.25-ны өдрийн 02/107 тоот “Луус сумын Суварга багийн малчин Ц.М нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацаанд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга багт малчнаар ажилласан ба 1989, 1990 онуудын цалингийн холбогдох материалыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Ц.М-д Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон Нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалаар 1988.7.15-ны өдрөөс Дугант хэсгийн хоньчноор томилов гэх бичилт бүхий, 1989 оны 1 сараас 1990 оны 12 сар хүртэлх хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж, хөлс олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-9-10 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Дугант бригадын 1989 оны 8, 10, 11 сар, 1990 оны 1, 4, 5 саруудын цалингийн цэсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-16 дугаар хуудас/

- Гэрч Г.Э-ын “...Би 1981 онд наймдугаар ангиа төгсөөд илтгээлтээр гарснаас хойш нэгдэл тартал буюу 1993 он дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад малчнаар ажилласан хүн. Би нэгдэл тарснаас хойш хувиараа мал малласан, одоог хүртэл мал малладаг. Ц.М нь 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.М нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон, одоог хүртэл Луус сумандаа мал малладаг. Ц.М нь Бухат, Дугант гэх газруудаар нутагладаг, бага мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-22 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн “...Би 1981 оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан хүн. Би нэгдэл тарснаас хойш хувиараа мал малласан, одоог хүртэл Дундговь аймгийн Луус суманд мал маллаж амьдардаг хүн. Ц.М нь 1988 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж эхэлсэн. Ц.М нь нэгдэл тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллласан. Ц.М нь одоог хүртэл Луус сумандаа мал малладаг. Ц.М нь бог мал малладаг, Бухат гэх газар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/, гэрч О.Э-ийн “...Би 1975 оноос эцэг эхийн хамт Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би нэгдэл тартал малчнаар ажилласан, одоог хүртэл Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багт мал малладаг. Ц.М нь 1988 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.М нь нэгдэл тартал мал маллаж байгаад хувиараа мал малладаг болсон, одоог хүртэл Луус сумандаа мал маллаж амьдардаг. Ц.М нь тасралтгүй мал малласан хүн...” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.М нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ