Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 1970 онд Гурвансайхан суманд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. Миний бие Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1987 онд төгсөөд илгээлтийн эзнээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 33 тоот тушаалаар 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэрсэнэ-Ус бригадад хоньчноор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нөхөн бичилт, тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Иймд хамта ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, "Давших зам" нэгдлийн даргын тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтыг үндэслэн 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд мал маллаж байсан жилийг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.От 1990.03.15-ны болон 1992.01.01-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.18-ны өдрийн 324 тоот “... Гурвансайхан сумын 2 дугаар багийн иргэн Дэшцэдэн овогтой Отгонбаярын 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1988.11.01-1992.03.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна...” гэх албан бичиг /хх-6 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.18-ны өдрийн 08/559 тоот “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэл нь 1991 оны 4 сарын 28-ны өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 3 сарын 23-ны өдөр “Давших зам” ХК, 1994 оны 5 сарын 28-ны өдөр “Давших зам” ББХК, 1996 оны 4 сарын 30-ны өдөр “Давших зам” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/, Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд 1987.07.01-ээс 1992.03.31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай, чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Дашцэдэн овогтой Отгонбаяртай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1987 оны малчнаар томилсон тушаалыг хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүлээ”, /хх-8 дугаар хуудас/, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020.05.18-ны өдрийн 25/25 тоот “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” конторын архивын өрөө нь 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гал гарсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-15 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлийн даргын 1987.07.16-ны өдрийн 33 тоот МХЗЭ-ийн илгээлтийн эзэд МАА-д хувиарлагсад, цэргийн албанаас халагдаж ирэгсдийг ажилд томилох тухай” тушаал /хх-9 дүгээр хуудас/,

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс Д.О-т 1990.03.15-ны өдөр олгосон 1988 оны 11 сараас 1990 оны 12 сар дуустал хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх10-11 дүгээр хуудас/,

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс Д.О-т 1991.01.01-ний өдөр олгосон 1991 оны 1 сараас 1992 оны 2 сар хүртэл хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийг хөлсийг бичиж олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12 дугаар хуудас/,

- Д.О-т Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1987.06.25-ны өдөр олгосон нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14 дүгээр хуудас/,

- Д.О-т 2013.05.07-ны өдөр олгосон малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16 дугаар хуудас/

- Гэрч П.Б-ийн “...Би 1987 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би "Давших зам" нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон. Д.О нь 1987 онд мөн адил илгээлтээр гарч Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.О нь "Давших зам" нэгдлийг компани болсных нь дараа мал малласан эсэхийг нь сайн мэдэхгүй. Д.О нь бага мал малладаг, Бэлх хайрхны шороот гэх газарт нутагладаг байсан. Манайх Бэлх хайрхны тал улаан гэх газар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-22 дугаар хуудас/, гэрч М.А-ын “...Би 1985-1990 он хүртэл Дундговь аймгийн Дулааны цахилгаан станцад лаборант хийдэг байсан. Д.О 1987 онд илтээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.О нь тэрнээс хойш тасралтгүй мал малласан, одоог хүртэл Гурвсансайхан сумандаа мал маллаж амьдардаг. Би аймгийн төвд ажилладаг байсан ч гэсэн Д.О бид хоёр нэг нутгийнх, манай эцэг, эх Гурвсансайхан сумын Яшил цагаан толгой гэх газраар, Д.О-ынхтай айл, саахалт нутагладаг байсан учраас Д.О-ыг "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь мэднэ...” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/, гэрч  Б.Т-ийн “...Би 1985-1989 он хүртэл Дундговь аймгийн Талын туяа кино театрт кино механикчаар ажиллаж байгаад 1989 оны 1 сараас 1990 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажилласан. Би 1990 оны 6 сараас одоог хүртэл хувийн аж ахуйгаар Гурвсансайхан суманд мал маллаж амьдарч байгаа. Д.О 1987 онд илгээлтээр хөдөө гарч "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.О нь нэгдэл тартал малчнаар ажилласан, насаараа тасралтгүй мал малласан хүн. Манай хоёр гэр хоорондоо 5, 6 км зайтай, манайх Цагаан толгойт, Д.Оынх Шороот гэх газраар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О-ыг 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ