Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1523

 

Б.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч СЯ, НЗДТ-ын  газарт тус тус холбогдох

СЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 900 000 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1 нэгжийн худалдан авах ажилтны ажлын байр байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, В.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б/132 тоот тушаалаар томилогдон ажиллаж ирсэн. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 дугаар сард байгуулан 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийн дагуу 2014-2023 он хүртэл хэрэгжих Монгол Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн төсөл хөтөлбөр билээ. Уг төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Улаанбаатар хотын захиргаа ажилладаг. Энэхүү төслийн үйл ажиллагааг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар баталж, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр улсын нэгдсэн бүртгэлийн 3548 дугаарт бүртгэгдсэн Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу явуулдаг. Энэхүү  албан тушаал дээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ хугацаанд аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон СЯ-ны зүгээс миний хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. Байнгын өдөр тутмын давтамжтай 9 жил үргэлжлэх төсөл дээр надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан атлаа ажил олгогчийн зүгээс бидэнд цалин хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтмол сард 2 удаа бодож олгодог, ажлын 8 цагаар өглөө 08.30-17.30 хүртэл ажиллуулдаг, бидний гүйцэтгэж буй ажил үүрэг нь байнгын хэрэгцээтэй, тогтмол давтагдан хийгддэг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд миний ажил байнгын ажлын байр болох нь тогтоогдож байна. Иймд СЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 41 660 160 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1 нэгжийн худалдан авах ажилтны ажлын байр болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариу тайлбартаа: Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх” журмын дагуу тус төслийн нэгжийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б.О-г 59 хувийн үнэлгээтэй буюу “Муу" үнэлгээ авсан нь тухайн ажлын байранд цаашид ажиллах үндэслэлгүй гэж үзсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.О-г чөлөөлөх тухай хүсэлтийг Сангийн яаманд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 02-01/424 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус яамнаас тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсний дагуу Б.О-г 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болно. Иймд иргэн Б.О-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн үр дүнд зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төслийн нэгж юм. Төсөл хэрэгжүүлэгч нэгж буюу Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/424 дугаартай албан бичгийг илгээсэн ба уг албан бичгээр Б.О-г ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг ирүүлсэн байдаг. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дүгнэх хурлын тэмдэглэл ирсэн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд тухайн хуралд холбогдох эрх бүхий хүмүүс оролцсон, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн тухай тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэгтэй байсан. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтан Б.О-г 2016 оны ажлыг дүгнэсэн үнэлгээгээр гэрээг сунгах боломжгүй гэж үзэн чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсэн зэргийг үндэслэн СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А130 тоот тушаал гарч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг баримталсан. Дээрх журамд зааснаар СЯ-ны төрийн нарийн бичгийн даргад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг томилох чөлөөлөх бүрэн эрхийг олгосон байдаг. Мөн олон улсын байгууллагын тусламж болон зээлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд богино хугацаанд манай улсад хэрэгждэг бөгөөд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа манай төслийн эхний үе шат 2018 онд дуусахаар төлөвлөгдсөн. Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн учраас байнгын ажлын байр гэж байх боломжгүй юм гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Гуравдагч этгээд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тус төслийн бүх ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулж ажилладаг бөгөөд гэрээг 1 жилээс илүүгүй хугацаагаар байгуулдаг болно. Хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т гэрээнд заасан ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр ажилтны гүйцэтгэсэн ажлыг үнэлж дүгнэж байхаар заасан. Уг журмын дагуу төслийн ажилтнуудын 2016 оны ажлыг дүгнэхэд худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.О нь 59 оноо буюу муу үнэлгээ авсан байдаг. Богино хугацаанд хэрэгжих төслийн хувьд байнгын ажлын байр гэдэг ойлголт байхгүй бөгөөд ажилтнуудын хувьд 1 сараас 1 жил хүртэл харилцан адилгүй хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах боломжтой юм. Б.О нь СЯ болон төслийн зохицуулагчтай өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээний нөхцөлийн хүлээн зөвшөөрч, эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж уг хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Б.О-тэй хөлсөөр ажиллах гэрээг 3 удаа байгуулсан. Төслийн захирлын зүгээс төслийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг дүгнээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас гэрээг сунгах боломжгүй гэдэг танилцуулгаа захиралд танилцуулсан байдаг. Гэрээг сунгаж ажиллуулах санал гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч СЯ, НЗДТ-ын  газарт тус тус холбогдох СЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 900 000 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжиххөтөлбөр төсөл 1 нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байрыг байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан гомдолдоо: НИТХ-ийн 2014 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Төслийн нэгжийн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас харахад миний ажлын байр байнгын ажлын байр байсан. Миний ажлаас чөлөөлөгдөх шалтгаан буюу миний ажил байдлыг үнэлсэн дүгнэлтийн хуудас нь “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын маягтын дагуу хийгдээгүй ба зөрж байхад үүнд дүгнэлт хийгээгүй. Уг дүгнэх хуудсыг намайг ажлаас халагдсаны дараа нөхөж хийсэн. Миний болон бусад холбогдох хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй байгааг шүүх авч хэлэлцээгүй. Хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтууд болох тушаалын үндэслэлд дурьдагдсан хурлын тэмдэглэл, мөн ажил дүгнэсэн хуудас гэх нотлох бармт бичгүүдийн эх хувьд буюу СЯ, НЗДТ-ын  газар зэрэг байгууллагын архив, мөн хуулинд зааснаар шүүхийн туслах, хөндлөнгийн гэрчийн хамт үзлэг хийсэн боловч дээрх үзлэгийн материалыг үнэлээгүй. Цалингийн хүснэгт хөлсөөр ажиллах гэрээнд ээлжийн амралт олгож байхаар тогтоосон нөхцөл байдал, НИТХ-ийн 1 дүгээр зүйлдийн 1.3 дэх заалт, мөн намайг ажилд авсан, ажлаас халсан тушаал гаргасан зэрэг нөхцөл байдлаас харахад миний ажлын байр байнгын ажлын байр байсан болох нь нотлогдож байхад шүүх бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь миний нэхэмжлэлийг хэлэлцээгүй гэж үзэхэд хүрч байна. Миний бие Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.....Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн худалдан авах ажиллагааны менежер гэдэг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар...” нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 1-ийн худалдан авах ажилтны ажлын байрыг байнгын эсэхийг тогтоох, мөн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь миний нэхэмжлэлийг хэлэлцээгүй гэж үзэхэд хүрч байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэн зөвөөр дүгнэж, хууль хэргэлээгээ зөв хэрэглэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч СЯ, НЗДТ-ын  газарт тус тус холбогдуулан СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 900 000 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1 нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байрыг байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь СЯ-ны төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1” төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авалтын менежерээр ажиллаж байсан, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалаар түүнийг худалдан авалт хариуцсан ажилтны үүрэгт ажлаас  чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ /хх-ийн 5-19 тал/

Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд хөлсөөр ажиллах гэрээг төсвийн шууд захирагч болон төсвийн зохицуулагчтай байгуулахаар заасан болон нэхэмжлэгч нь дээрх байдлаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүй зэргээс үзэхэд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхээр байна.

СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаалаар Б.О-г ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 9.1.17 дахь заалт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэжээ. /х.х-ийн 6, 45-46 /

 Талууд хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал үргэлжлэх талаар  гэрээний 3.1-д заасан ба гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсныг ажиллуулагч эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх  үндэслэлтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн эрх зүйн бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа болхыг, гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан  талаар дүгнэсэн нь зөв боловч  тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж буй явдал хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан байхад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Төслийн захирлаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С я-д “...Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж гэрээг сунгах  боломжгүй болсон...” тухай санал хүргүүлжээ. /хх-ийн 108/ Хариуцагч СЯ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9 дүгээр зүйлийн 9.1.7, 10 дугаар зүйлийн 10.1.8, 10.1.9, 10.1.10, 10.1.21, 16 дугаар зүйлийн 16.6, 16.10, 16.11 дэх заалтууд, 2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр муу буюу F үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй байхаас гадна хөлсөөр ажиллах гэрээнд гэрээний биелэлтийн үнэлгээгээр “F” үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээний 8 дугаар зүйлд тухайлан тохиролцоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэлтийн хуудаст тавигдсан гүйцэтгэлийн шалгуурууд нь дээрх журмын 2 дугаар хавсралтанд  нийцээгүй, төсвийн шууд захирагчаар уг үнэлгээг баталгаажуулаагүй, төслийн ажилтанд  танилцуулаагүй, журмын 16.9-д заасныг хэрэгжүүлээгүй зэргээс үзэхэд Б.О-н хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалж буй СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болжээ.  /хх-ийн 47-48, 77, 87/

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүйгээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-н шаардлагыг хангах үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаар гомдол гаргасан, хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан ажиллуулагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дах хэсэгт гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолтой адил арилгуулахаар шаардах боломжтой байна.

Нэхэмжлэгчийн сарын ажлын хөлс 3 450 000 төгрөг байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д “...гэрээг нэг жилээр сунгаж болно”, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16.7-д хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно” гэж тус тус заасан, нэхэмжлэгч Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ 7 сар 18 хоногийн өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр  цуцлагдсан тул түүнд учирсан учирсан хохирлыг нэг сарын хөлсний хэмжээгээр тооцож       26 972 727 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дүрмийн 1.1-д “Төслийн нэгж нь ...Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа орон тооны нэгж юм” гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын тамгын газар хохирлыг хариуцах нь зүйтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлээр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дэмжих хөтөлбөр төсөл-1 нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байр байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн үндсэн байгуулагдсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний харилцаа зөвхөн байнгын ажлын байранд үүсдэг гэж үзэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж гаргасан боловч түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан нэхэмжлэлээр хянан шийдвэрлэгдэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.