Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 129/2019/00723/И |
Дугаар | 001/ХТ2022/00180 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/00180
М.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2020/00109 дүгээр шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалтай,
М.Мын нэхэмжлэлтэй,
Б.Ад холбогдох,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн ОАЖНэгтгэлийн 2 дугаар гудамжны 03 тоотод байршилтай хашаа байшинг чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон иргэний газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ма нь Б.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон иргэний газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2020/00109 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамжны 03 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай барилгыг чөлөөлж, нэхэмжлэгч М.Мад хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Ад даалгаж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хариуцагч Б.Ааас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамжны 03 тоотод байрлалтай 56 м.кв барилгын 000117591 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир 48-4805 тоот хаягт байршилтай 0,04 га газар эзэмших эрхийн 000032563 дугаар гэрчилгээг нэр дээрээ шилжүүлүүлэхийг даалгах тухай хариуцагч Б.Аы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 205,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Ааас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мад олгож шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2020/00109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Ад холбогдох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн ОАЖНэгтгэлийн 2 дугаар гудамжны 03 тоотод байршилтай хашаа байшинг чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч М.Мад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон иргэний газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгуулах тухай хариуцагч Б.Аы сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Аы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 40,750 төгрөг, нийт 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 13 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч М.Ма нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Ой ан жуулчин нэгтгэлийн 2 дугаар гудамжны 03 дугаартай /одоогийн шинэчилсэн хаяг: Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 48-4805 тоот/ хашаа, байшингаа хариуцагч Б.Ад 6,000,000 төгрөгөөр худалдсан байна. Гэрчийн мэдүүлэг буюу М.Баттулга, С.Алтанчимэг нарын мэдүүлгүүдээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох байшинг М.Баттулга нь 2008 онд барьж ашиглалтанд оруулаад, М.Баттулга нь ОХУ руу хувийн ажлаар явсан байдаг. М.Баттулга нь дүү нэхэмжлэгч М.Мад уг эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлж 2010.08.19-нд М.Мын өмчлөх эрх үүссэн байдаг. /000117591 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ М.Ма нь Б.Атай анх 2009 онд хашаа байшингаа худалдах үедээ 6 сая төгрөгөө бүрэн авсны дараа түүнд бичиг баримтыг нь шилжүүлж өгөхөөр тохирсон боловч Б.А нь 4,8 сая төгрөгийг өгчихөөд үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаа дараа, байнга үлдэгдэл мөнгөө өгөөд бичиг баримтаа шилжүүж аваач гэж утсаар болон гэрч М.Баттулга, Мягмаржанцан нараар хэлүүлж, шаардаж байсан байдаг. Үүнийг хариуцагч Б.А нь үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байсан боловч 2020.01.28-ны өдрийн шүүх хурал дээр 2018 онд нэхэмжлэгч М.Ма түүний эхнэр С.Алтанчимэг нар Солонгос улс руу явах гээд байна, удаан хугацаагаар явна, үлдэгдэл мөнгөө өгөөд бичиг баримтаа шилжүүлж аваач гэж Б.Ад хэлж байсныг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Давж заалдах шатны шүүх М.Ма, Б.А нарын хооронд гэрээний үүргийг шаардаж мэтгэлцсэн гэж үзсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтыг зөрчсөн байна. М.Ма, Б.А нарын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. М.Ма, Б.А нарын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд М.Ма Б.Ааас өгсөн авснаа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахыг хүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар ч хэлбэрээр зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэнгүй. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байгаа учир М.Ма, Б.А нарын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгөө шаардах эрх үүссэн үеэс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаанд шаардсан байна. Хэлцэлд оролцогч талууд болон шүүхэд үүсгэгдсэн иргэний хэргийн оролцогчдын хусэл зоригоос үл хамааран хүчин төгөлдөр бус хэлцлийн хувьд шүүх энэ талаар шаардлага гарсан эсэхийг харгалзахгүйгээр дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг шийдвэрлэх учиртай тул нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран тухайн асуудлыг шүүх шийдвэрлэх учиртай байсан. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 13 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч М.Ма нь Б.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон иргэний газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.Ма /худалдагч/, Б.А /худалдан авагч/ нарын хооронд 2008 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг, Ой ан жуулчин нэгтгэлийн 2 дугаар гудамжны 03 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 56 м.кв талбайтай барилгыг, 458 м.кв газрын хамт 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу худалдагч хашаа байшинг худалдан авагчид шилжүүлж өгсөн, худалдан авагч хашаа байшингийн үнээс төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна.
8. Нэхэмжлэгч М.Ма нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч хашаа байшингийн үнээс 4,800,000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг төлөөгүй гэж марган, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, хашаа байшинг сэргээн засварлах зардалд 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бол, хариуцагч Б.А ...нэхэмжлэгч нь хашаа байшингийн үнээс 5,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, нэр шилжүүлсний дараа үлдэх 1,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч М.Ма нь хашаа байшингийн гэрчилгээг банк, ломбардад барьцаанд тавьсан гэх шалтгаанаар нэр шилжүүлж өгөлгүй, намайг хуурч явсаар өнөөдрийг хүрсэн. ...үлдэгдэл төлбөрийг төлж, хашаа байшингийн өмчлөх болон газар эзэмших эрхийг шилжүүлж авна...” гэж маргажээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохигчийн маргаж буй дээрх үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
10. Хоёр шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх ...нэхэмжлэгч М.Ма нь 2010.08.19-нд маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч болсон, ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаанд эд хөрөнгөө буцаан шаардсан гэж дүгнэн, ...хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
11. Нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буй үндэслэлд шүүхүүд дүгнэлт хийж чадаагүй, тодруулбал талуудын хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж худалдах, худалдах гэрээний үүрэг зөрчигдсөнд дүгнэлт хийгээгүйгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг хэрхэх болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөл, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй, маргаантай хэвээр үлдсэн, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
12. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
13. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2020/00109 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.22-ны өдөр төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН