| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00287/И |
| Дугаар | 00335 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00335
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00335 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Туул гол гудамжны 2-24 дүгээр байрны 4 тоотод оршин суух, Дэлгэрийхэн овогт Нэргүйн Баатарням / /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Уын нэхэмжлэлтэй,
84-9690 дугаартай барьцаалбарыг үрэгдүүлсэнд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00287/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баатарнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Баатарням нь Ховд аймаг дахь Капитал банкнаас Ү-1617000610 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг авч эхнэр Д.Цэцэгдарьд өөрийн хөрөнгийг итгэмжлэлээр өгч банкинд барьцаалсан байсан бөгөөд энэхүү зээл, зээлийн хүүг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 100 хувь хугацаандаа төлж барагдуулсан бөгөөд тухайн үедээ гэрчилгээгээ чөлөөлж аваагүй явж байгаад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ болон Капитал банкны Улаанбаатар хот дахь өр барагдуулах төлөөлөгчөөс гаргуулж авсан дуусгавар болгосон албан бичгийн хамт дуусгавар болгох зорилгоор уулзан барьцаалбарын эх хувийг алга болгосноо хэлэхэд улсын бүртгэгчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинээр хэрэгжиж байгаа Барьцааны тухай хуулийн 19.2 дээр заасан хуулийн дагуу барьцаалбарыг үрэгдүүлсэнд тооцуулсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Баатарнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. У нь шүүхэд гаргасан тайлбартаа:…Миний бие тус шүүхэд 84-9690 дугаартай барьцаалбарыг үрэгдүүлсэн тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс дахин дотоод журам гарч шүүхийн журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн гээгдүүлсэн барьцаалбарыг чөлөөлж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Баатарнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. У нь 84-9690 дугаартай барьцаалбарыг үрэгдүүлсэнд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. У нь Улсын бүртгэлийн хэлтсээс гээгдүүлсэн барьцаалбарыг чөлөөлж өгсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.Баатарнямд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Баатарнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Уын нэхэмжлэлтэй, 84-9690 дугаартай барьцаалбарыг үрэгдүүлсэнд тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. У нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.Баатарнямд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ