| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0882/З |
| Дугаар | 221/МА2026/0186 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0186
“А т п” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Нэхэмжлэгч: “А т п” ХХК /РД: /
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам
Хариуцагч “Э т” ХК
Хариуцагч: “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Т” ХХК /РД: /
Гуравдагч этгээд: “Х э х т” ХХК /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 04/8484 дүгээр шийдвэр, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/8638 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК20250102460-2” тендер шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/20250102460-1” тендер шалгаруулалтад шалгарсан “Х э х т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 01/2297 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0961 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, А.А
Хариуцагч “Э т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, С.М
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Г.Ч
Гуравдагч этгээд “Х э х т” ХХК-ийн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Ч.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0882/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “А т п” ХХК-иас Монгол Улсын Сангийн яам, “Э т” ХК, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 04/8484 дүгээр шийдвэр, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/8638 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК20250102460-2” тендер шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/20250102460-1” тендер шалгаруулалтад шалгарсан “Х э х т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 01/2297 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0961 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “Тендерийн хууль” гэх/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.10, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 27 дугаар зүйлийн 27.5, 30 дугаар зүйлийн 30.1, 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А т п” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1. Шийдвэрийн тогтоох хэсэгт Тендерийн хуулийн 5.1, 7.1.10, 14.6.3, 27.5, 30.1, 59.8-д заасныг баримтлан” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Үндэслэх хэсгийн 4.4, 4.6, 4.8 дахь хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй. ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 25.5-д “... хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг”-ийг оролцогчдод ил болгож ирүүлэхээр тусгайлан заасан, мөн энэхүү заалтыг тендерийн бичиг баримтын ТШЗ-ийн 25.5-д тодруулж нотлох, баримтыг оролцогчдод ил болгож ирүүлэхийг тусгайлан шаардсан байхад “Ирүүлэхийг шаардаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Түүнчлэн гуравдагч этгээдүүд болох “Х э х т” ХХК болон “Т” ХХК нар нь шүүхэд өгсөн хариу тайлбараараа тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан нотлох баримтыг илгээгээгүй болохоо өөрсдөө нотлоод байхад “Т” ХХК болон “Х э х т” ХХК нь “дотооддоо хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан хэмээн “нотлогдоогүй” хариу тайлбарыг үндэслэж, мөн “Тендерийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй” гэдгийг нь шүүх нь өөрөө үндэслэсэн мөртлөө хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдүүдийг хуульд нийцсэн, баримт бичгийн бүрдэл бүрэн тендер илгээсэн гэж дүгнэсэн нь хууль бус, шүүх нотлох баримтыг үл харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үгүйсгэсэн, хуульд нийцэхгүй үйлдэл, үндэслэл гаргасан.
Хариуцагч “Э т” ХК нь Тендерийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д зааснаар тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 25.5-д “Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт. 1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг, 2. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл” гэж хүүхэд хамгааллын бодлого баталснаа нотолсон нотлох баримтыг маягтын хамтаар (2 баримт бичгийг хамтад 3 нь) тендерт ирүүлэхийг тендерийн оролцогчдоос шаардсан байна.
3.3. Гуравдагч этгээд нь тендер илгээхдээ дээрх шаардлагын дагуу баталсан хүүхэд хамгааллын бодлогоо оролцогчдод (цахим системд) ил болгоогүй, захиалагчид илгээгээгүй, тендерийн баримт бичиг бүрэн бус (тендерт огт байхгүй, оролцогчдод нээлттэй харагдахгүй), өрсөлдөх тэгш боломжийг хязгаарласан (нотлох баримтаа оролцогчдод ил болгож илгээгээгүй байхад илгээсэн мэтээр хуульд нийцсэн гэж үзсэн), хариуцлагагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн хууль бус хариуцагч нарын шийдвэрийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
3.4. “Х э х т” ХХК болон “Т” ХХК-ийн илгээсэн тендер нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 25.5-д заасан “баталсан хүүхэд хамгааллын бодлого”, ТШЗ-ны 20.1-т заасан мэдэгдлийг тус тус ирүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу тендерт оролцогчид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу, бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй тендерийг гуравдагч этгээдүүд нь ирүүлсэн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т зааснаар баримт бичгийн бүх шаардлагыг хангасан гэж дүгнэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг хэрэглэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн тендер шалгаруулалтад нэхэмжлэгчийн өмнө эрэмбэлэгдсэн бусад аж ахуйн нэгжүүдэд холбогдуулан захиалагчаас гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, илгээсэн тендерийн баримт бичгээр хуульд заасан шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тэдгээр аж ахуйн нэгжүүд нь захиалагчийн шийдвэрт ямар нэг байдлаар гомдол гаргаагүй тул тендерт шалгарах эрхээ алдсан гэж үзнэ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг тендерт шалгараагүй бусад компанийн үнэлгээтэй маргах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д “Учир нь “Т” ХХК-ийн хувьд дээрх албан бичгийг хүргүүлэхдээ татгалзах-“гүй” гэх үгийн төгсгөл орхигдуулан бичсэн байх хэдий ч ...” гэж зөвхөн гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй буюу гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан тайлбарыг нотолсон ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад тендерийн оролцогчийн алдааг байх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-д “Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх” гэжээ.
Гэтэл гуравдагч этгээд “Т” ХХК нь “татгалзах болохоо үүгээр мэдэгдэж байгаа тухай” мэдэгдлийг тендерт ирүүлсэн нь Тендерийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 22 дугаар зүйлийн 22.6.2, 26 дугаар зүйлийн 26.4.4-т заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх таамаг дэвшүүлэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1- д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тусгай зарчимд нийцээгүй байна. Гуравдагч этгээд “Х э х т” ХХК нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-д заасан “бусад байгууллага”-аас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичгийг тендерт ирүүлээгүй талаар нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хэлэлцэхгүй орхигдуулсан.
3.6. Шүүхийн шийдвэрт “... Мартсан байна, Дотооддоо ашиглаж байсан байна” гэх мэтчлэн гуравдагч этгээдийн тайлбар дээр үндэслэж хавтаст хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй дүгнэлтийг шүүхээс хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад нотлогдоогүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.7. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас шударгаар өрсөлдөх үүргээ биелүүлж, эрхээ хэрэгжүүлсэн нэхэмжлэгч “А т п” ХХК-ийн “тендерийн баталгааны дүн 21,621,634 төгрөгийг улсын орлого болгох шийдвэрийг хариуцагч “Э т” ХК болон Сангийн яамнаас тус тус гаргаж манай эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Мөн шалгарах ёсгүй аж ахуйн нэгжүүд шалгарч, хуульд захирагдан захиалагчийн тендерийн баримт бичигт дурдсан бүх шаардлагыг хангасан нэхэмжлэгч тендерт шалгарах боломжоо алдсан. Гэтэл нэхэмжлэгчийн тендерийн баталгаанд төлсөн 21,621,634 төгрөгийг улсын орлого болгосон хариуцагч нарын шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, бодит хохирлыг огт харгалзан үзэхгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан зарчимд нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0961 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “А т п” ХХК-иас Сангийн яам, “Э т” ХК, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 04/8484 дүгээр шийдвэр, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/8638 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК20250102460-2” тендер шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн ЭТТХК/20250102460 дугаартай “Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг”-ийн Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн “Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/20250102460-1” тендер шалгаруулалтад шалгарсан “Х э х т” ХХК-тай байгуулсан “бараа нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 01/2297 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... Багц-1 АВВ хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэх тендерт шалгарсан “Х э х т” ХХК нь ТШЗ-ны 20.1-д заасан мэдэгдлийг дутуу ирүүлсэн, ТШЗ-ны 25.5-ын 1-д заасан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй буюу Тендерийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй байхад тендерт шалгаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй, Багц-2 Бусад хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэх тендерт шалгарсан “Т” ХХК нь ТШЗ-ны 20.1-д заасан тодруулга авахад татгалзах тухай мэдэгдэл ирүүлж, холбогдох мэдээлэл, нотлох баримт авах эрхийг захиалагчид олгоогүй, хариуцагч худалдан авах ажиллагааны зарчмыг баримтлан ажиллаагүй, тендерийн баталгааг улсын орлого болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх зэргээр тайлбарласан.
3.2. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “... Багц-1 тендерт шалгарсан “Х э х т” ХХК, Багц-2 тендерт шалгарсан “Т” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгүүд болон тендер илгээх маягтын 2.1, 3-т заасныг үндэслэн шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр болон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг улсын орлого болгосон шийдвэр үндэслэлтэй” гэж,
3.3. Гуравдагч этгээдүүд нь “... Хүүхэд хамгааллын бодлогыг хавсарган ирүүл гэж тендерийн баримт бичигт заагаагүй тул хүргүлэх шаардлагагүй гэж үзсэн, ТШЗ-ны 20.1-д заасан мэдэгдлийн хувьд зөрүүтэй тохиолдолд цахим системээр хүргүүлсэн мэдэгдлийг үнэлсэн нь үндэслэлтэй, ТШЗ-ны 25.5 дахь шаардлага нь Тендер илгээх, нээх үеийн шаардлага бөгөөд дурдсан нотлох баримтыг нууцлахгүйгээр илгээх ёстой гэсэн агуулгатай шаардлага юм, захиалагчаас эрх олгож гэрээ байгуулсны дагуу нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д үйлдвэрлэх шатандаа явж байгаа тул буцаах боломжгүй” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.
4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоосон үйл баримтаас үзэхэд;
4.1. “Э т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/93 дугаар тушаалаар байгуулагдсан Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тендерийн баримт бичгийг баталж, Багц-1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг, Багц-2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг тус тус зарласан.
4.2. Ингэхэд Багц 1-д нэр бүхий 12 хуулийн этгээд тендер ирүүлснээс “Х э х т” ХХК, Багц 2-т нэр бүхий 10 хуулийн этгээд тендер ирүүлснээс “Т” ХХК тус тус “хамгийн сайн” гэж үнэлэгдэж, Үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу захиалагчаас гуравдагч этгээдээр оролцож буй 2 хуулийн этгээдтэй гэрээ байгуулжээ.
4.3. Харин “А т п” ХХК-ийн хувьд Багц-1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад “тав”-д, Багц-2 бусад хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад “гурав”-т эрэмбэлэгдсэн ба тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг захиалагчаас 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/2027 болон 01/2036 дугаар албан бичгээр тус компанид хүргүүлсэн бөгөөд тендер шалгаруулалтын үнэлгээний эрэмбэтэй хэргийн оролцогчид маргаагүй.
4.4. Сангийн яамнаас, маргаан бүхий 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдол үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч хуулийн этгээдээс тендер шалгаруулалтын Багц 1-д ирүүлсэн 18,455,630.06 төгрөг, Багц 2-т ирүүлсэн 3,166,004.00 төгрөг, нийт 21,621,634 төгрөгийн тендерийн баталгааг улсын орлого болгохоор захиалагчид мэдэгдэл хүргүүлсний дагуу “Э т” ХК-иас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаар албан бичгийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Х э х т” ХХК нь тендер илгээх маягт /2.1/-д “Тендерийн хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй” гэж, “Т” ХХК нь тендер илгээх маягт /3/-д “Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна” гэж дурдсан нь Тендерийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болох эсэх нь энэ хэргийн хувьд зайлшгүй дүгнэх асуудал байна.
5. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “... Үнэлгээний хороо нь бага үнийн санал гаргасан компанийг шалгаруулсан нь Тендерийн хуульд заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцсэн, захиалагч нь хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлсэн нь зөв тул бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй, “Т” ХХК-ийн цахимаар ирүүлсэн баримтыг үнэлж тендерт шалгаруулсныг буруутгах боломжгүй, хуульд заасан ерөнхий шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулсан гэж үзэхгүй, тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “А т п” ХХК-ийн гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэхээргүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана”, 7.3-д “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно: 14.6.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж,
6.2. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.13-т “Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална” гэж,
Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.2-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ”, 5.13-д “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, … Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж тус тус заасан.
7. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, тендер шалгаруулалтад хамаарах аливаа шаардлагыг захиалагчаас тодорхойлж, тендерийн баримт бичигт тусгах, оролцогчийн хувьд тогтоосон шаардлагын дагуу тендерийг цахимаар илгээх ба тендерийн баримт бичигт заасан аль нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь тухайн тендерээс татгалзах үндэслэлд хамаарах бөгөөд хуулиар тогтоосон төрийн худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллахыг төсвийн байгууллагад үүрэг болгожээ.
Түүнчлэн тендерт шалгараагүй оролцогчоос захиалагчийн аливаа шийдвэрийн талаар гаргасан гомдол нь “үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох урьдчилсан нөхцөл бүрдэхээр бол тендерт оролцогчийн ирүүлсэн мэдээлэлд зөрүү үүссэн нөхцөлд цахим баримт бичгийг үнэлж, тендер шалгаруулалт явуулахыг ч хууль тогтоогчоос дээрх байдлаар хуульчлан тогтоожээ.
8. Маргааны үйл баримтаас үзэхэд, тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 16.1-д “Оролцогч хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг V бүлгийн Маягт 1-ийн дагуу ирүүлнэ” гэж заасан бөгөөд Багц 1-д шалгарсан “Х э х т” ХХК-иас 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 04-05, Багц 2-т шалгарсан “Т” ХХК-иас 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 120/25 дугаар албан бичигт тус тус “2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй; 3. Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна” гэж тусгасан, цахимаар хүргүүлсэн эдгээр баримтыг үнэлж тендер шалгаруулалт явуулснаас үзэхэд ТШЗ-ны 20.1-д заасан мэдэгдлийг дутуу ирүүлсэн, ТШЗ-ны 25.5-ын 1-д заасан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийдвэрийг хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. ЭТТХК/20250102460 дугаартай тендерийн баримт бичгийн 13.2.1, 13.2.4, 13.2.7, 16.1, 16.4, 20.1, 25.5-д заасан шаардлагаас үзэхэд Тендерийн хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангасныг нотлох баримтыг хавсаргаж илгээхийг шаардсан хэдий ч тогтоосон шаардлагыг хангаагүй гэх тийм нөхцөл байдал үүсээгүй, мөн тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас мэдээлэл авахыг зөвшөөрсөн талаар албан бичиг ирүүлснийг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж захиалагчаас дүгнэсэн нь төрийн худалдан авах ажиллагааны зарчимд нийцжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс “...Бараа нийлүүлэх гэрээнд заасан бараа материалыг хүлээлгэж өгөөд, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн” гэж тайлбарласныг нь маргааны үйл баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн тодорхойлсон зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй үр дагаварт хүрснийг ч харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
10. Түүнчлэн захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан “А т п” ХХК-ийн гомдол бодитой бөгөөд үндэслэлтэй биш учраас түүний тендерийн баталгааг улсын орлого болгосон захиалагчийн, мөн Сангийн яамны шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
“Тендерт оролцогчийн гомдлыг Сангийн яам бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж тендерийн баталгааг улсын орлого болгох нөхцөл бүрэн биелсэн дээрх тохиолдолд хариуцагчийн шийдвэр, түүний эрх зүйн үр дагаврыг хуульд нийцсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.
Тодруулбал, тендер шалгаруулалтад оролцсон бусад хуулийн этгээдийн хувьд захиалагчийн шийдвэрт гомдол гаргаагүй нь тэдгээрийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах тодорхой үндэслэл болохоос тендерт шалгарах эрхээ ч алдсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй ба Тендерийн хууль, Сангийн сайдын баталсан журмын дагуу цахимаар ирүүлсэн баримтыг үндэслэж тендер шалгаруулалт явуулсан нь хэрэгт цуглуулсан баримтаар тогтоогдож буй нөхцөлд зөвхөн гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.
11. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд;
12.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 70 дугаар зүйлийн 70.1, 70.8, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийн зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүрдэл хэсэг болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлох, түүнийг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тохиолдол бүрд шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталбал зохих албаны зарчмаар тодорхойлогдох шаардлага юм.
12.2. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлтийг хэлэлцэхээр 2025 оны 11 дүгээр сарын 03, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлосон боловч тодорхой шалтгаанаар хоёр удаа хойшлуулахдаа энэ тухай шүүгчийн захирамж гаргаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил биш боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа мөн тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ