Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 00337

 

 2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2020/00337

   Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ж сумын Н багийн .... тоотод оршин суух, А  овогт Ж гийн Ү  / /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Ж сумын Б багийн ... тоотод оршин суух, Д  овогт Б-ын О  / /-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00158/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ү  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ж.Ү  нь Б.Одгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн гурван шаардлага гаргасан. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Нэхэмжлэгч  гэрлэлтээ цуцлуулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Б.Одгэрэлтэй гэр бүл болж амьдарснаас хойш таарамжгүй харилцаатай байсан. Сүүлийн 3 жил тусдаа амьдарч байгаа. Бид буцаад хамт амьдрах боломжгүй гэж тайлбарласан. Хуульд заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэх боломжгүй  гэж үзэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсноор тус шүүхэд хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-д зааснаар шүүх 1 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-д зааснаар шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээг нэг 1 удаа авна гэсэн зохицуулалттай. Дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах зохицуулалтгүй.

2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Одгэрэл овогтой Уранчимэг гэдэг охин төрсөн. Охин төрсөн үеэсээ одоог хүртэл ээж Ж.Ү тайгаа хамт амьдарч байгаа. Хариуцагч охиныг ээж Ж.Ү ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Ү  дунд сургуульд багшилдаг. Тодорхой орлоготой. Өөрийн гэсэн орон гэртэй. Ямар нэгэн мансууруулах бодис, архинд донтсон гэх нөхцөл тогтоогдоогүй. Иймд 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэгийг эх Ж.Ү ын асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө гэдгээ илэрхийлсэн байсан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хувь хэмжээгээр охин Одгэрэл овогтой Уранчимэгт эцэг Б.Одгэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоож шийдвэрлэж өгнө үү. Гэрлэгчдийн дунд дундын өмчлөлийн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү....Зохигчид 2010 онд гэр бүл болсон. 2011 онд охин О.Уранчимэг нь төрсөн....Гэрлэлт цуцлуулах гээд байгаа нндэслэл нь Ж.Ү ын нэхэмжлэл дээр байгаа. Б.Одгэрэлийг ажил хөдөлмөр эрхлэх дургүй, сүүлийн үед архи дарс хэрэглэдэг болсон. Гэр бүлдээ хайнга ханддаг болсон гэж тайлбарласан. Дээрх шалтгаанаас болоод 3 жил тусдаа амьдарсан. Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг шиг тусдаа амьдраад байхаар хамт амьдрах боломжгүй болсон гэж тайлбарласан....Охин О.Уранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа....гэв.

Хариуцагч Б.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Б.Одгэрэл нэхэмжлэгч Ж.Ү ын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Ү  Б.Одгэрэл нар нь бараг 3 жил гаруй хугацаанд тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй учир хариуцагч Б.Одгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин  шүүхээс 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэгтэй хүссэн үедээ уулзах эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсдэг. Яагаад гэвэл Ж.Ү ын хувьд Б.Одгэрэлийг хүүхэдтэйгээ ирж уулз гэж дууддаг. Б.Одгэрэл охинтойгоо ирж уулзаад хүүхэдтэйгээ хамт гадуур явж байх хооронд цагдаа дуудчихдаг. Б.Одгэрэлийг хүүхэдтэйгээ уулзъя гээд очихоор миний эрхийг зөрчөөд байна. Над руу халдлага үйлдэх гээд байна гээд цагдаа дуудчихдаг. Дээрх үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сард Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж үзэн Б.Одгэрэл зөрчилд холбогдсон. Харин шүүхээс Б.Одгэрэлийг зөрчил үйлдээгүй байна. Хүүхэдтэйгээ уулзахаар очсон байна гэдгийг тогтоож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан....Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүргийг тодорхой заасан. Энэ хуульд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хориглохгүй гэсэн зохицуулалттай. Хүүхдийг хамгаалах үүргээ биелүүлэх, хүүхдэдээ туслах, хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулахгүйгээр харьцах боломжийг олгосон байх учир хүүхэдтэйгээ уулзах, хүүхэдтэйгээ харьцаагаа таслахгүй байх талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна....2010 оны эхээр гэрлэгчид хоорондоо танилцсан гэж тайлбарладаг. 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуримаа хийсэн. 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн бүртгэлийн 084 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийн гэрчилгээтэй байсан. 2018 оныг дуустал Б.Одгэрэл гэртээ ирэн очин явж байсан. 2019 онд хааяа гэртээ ирэхэд Ж.Үржинханл хаалгаа ч тайлж өгдөггүй байсан гэж хэлсэн. Яагаад Ж.Үржинхад, Б.Одгэрэл хоёр хоорондоо хөндийрөх болсон бэ гэхээр Б.Одгэрэлийн тайлбарлаж байгаагаар. Б.Одгэрэл жолооч мэргэжилтэй. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдалд нийцүүлж уурхайд том машин барьж байгаа. Уурхайд том машин барьдаг жолооч нар сард 3 хоногийг л гэр бүлдээ зарцуулдаг. Миний эргэн тойронд ч гэсэн том машин барьдаг хүмүүс байгаа. Б.Одгэрэл сард 3 хоногийнхоо амралтыг аваад ирэхэд нь Ж.Үржинхад хаалгаа тайлж өгдөггүй гэсэн. Хаалгаа чанга нүдэхээр цагдаа дуудчихдаг....Дундын өмчлөлийн маргаангүй гэдэг нь анх Б.Одгэрэл, Ж.Ү  хоёр гэр бүл болохдоо аавынхаа хашаанд монгол гэрт гэр бүл болсон. Айлын хашаа дамжаад амьдраад байх хэцүү байсан учир хашаа байшин худалдаж авсан байсан. Хашаа байшиндаа гурвуулаа амьдарч байсан. Одоогийн байдлаар  Ж.Үржиханд хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа өгөөд байранд амьдарч байгаа. Ж.Ү  байрныхаа үлдэгдэл мөнгийг өөрөө төлнө гэж хэлсэн байсан. Одоо эд хөрөнгийг ямар нэгэн маргаан байхгүй....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ү  нь Б.Одгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0160134 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр охин О.Уранчимэг төрсөн болох нь №0000644941 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7, 8 дугаар тал/

Нэхэмжлэгч Ж.Ү , хариуцагч Б.Одгэрэл нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэгийг нас болон хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүүхдийг эх Ж.Ү ын асрамжид үлдээн, эцэг Б.Одгэрэлээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин О.Уранчимэгийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Одгэрэлээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О.Уранчимэгийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Одгэрэлийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Одгэрэлээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ж.Ү  нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 33,840 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэг нь 9 нас 2 сартай байгаа тул Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Одгэрэл төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин  сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөг, нийт 104,040 төгрөгийг хариуцагч Б.Одгэрэлээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Ү ад олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ж.Ү ад, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Одгэрэлд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Одгэрэл нь охин О.Уранчимэгтэй хүссэн үедээ уулзах боломжоор хангуулах хүсч байх боловч үүнтэй холбогдуулан шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд уг тайлбараа шүүхэд нэхэмжлэлээр гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Дархан овогт Батжавын Одгэрэл / /, Авинай овогт Ж гийн Ү  / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэгийг эх Ж.Ү ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Уранчимэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Одгэрэлээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Одгэрэлд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ж.Ү ад тус тус даалгасугай.

5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ү аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 33,840 /гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж нийт 104,040 /нэг зуун дөрвөн мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ү ад олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ж.Ү ад, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Одгэрэлд тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ