Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/01718

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: В.Б-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Г Х  /РД: 8168393/,

 

Хариуцагч: О  СӨХ-ны дарга Д.Д   нарт холбогдох

 

В.Б-ын нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч М Г Х , О  СӨХ-ны дарга Д.Д д тус тус даалгах, Сэтгэл санааны хохиролд О  СӨХ-ны дарга Д.Д гаас 1,000,000 төгрөг,  гаргуулах, М Г Х ноос 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч М Г Х ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлбат, хариуцагч О  СӨХ-ны дарга Д.Д , түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, иргэдийн төлөөлөгч О.Рина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.Б-ын нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч нарт үүрэг болгох, мөн нэр гутаасны улмаас хариуцагч нараас тус бүр 1,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан.

М Г Х  болон О СӨХ-ны зүгээс 2019 оны 07 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч В.Б ыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гүтгэсэн агуулгаар мэдээлэл гаргасан. Биеийн тамир, спортын газрын хойно байдаг В.Б ын үйлчилгээний зориулалттай барилга барих талбай нь хууль зөрчиж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн н.Даваасүрэн нартай холбож М Г Х ны барилгыг нураахаар бэлдэж, суурийг 0 см хүртэл тулгаж барьсан, 10 давхар байр гэж яригдаж байгаа боловч 11-20 давхар үйлчилгээний биш орон сууц баригдах гэж байна, орц гарц хаасан, ард нүх ухсантай холбоотой дээврээс ус дусаж М Г Х ны үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, О  СӨХ-ны 43 дугаар байрны оршин суугчдын нарыг бүхэлд нь хаасан, газраас усны ундарга оргилж гарч ирж М Г Х ны үйл ажиллагаа явуулж буй барилга болон 43 дугаар байр руу нэвтрэн орсон гэх нөхцөл байдлыг хэлж, бүх шатандаа ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж спортын төв ордны зэргэлдээх газруудыг нөлөө бүхий улс төрч нартай нийлж авсан гэх байдлаар гүтгэсэн. Уг нөхцөл байдлыг нотлох баримтыг хавтаст хэрэгт хангалттай гаргаж өгсөн.

В.Б  нь газар эзэмших эрх болон холбогдох бүх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж авсан. Суурийг 0 см хүртэл тулгаж барьсан гэдэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Үүнийг дүгнэсэн шүүхийн шийдвэр байдаггүй. Газар эзэмших эрх өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Энэ нөхцөл байдал захиргааны хэрэг үүсэх тухай шүүгчийн захирамжаар нотлогдоно.

Мөн нар хаасан талаар дүгнэсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр болон шүүхийн шийдвэр байдаггүй. Дээрх байдлаар иргэн В.Б ын нэр төр, алдар хүндийг гутааж байгаа болохоор эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М Г Х ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажлын нүхийг ухаж эхэлсэн. Тухайн үед бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч, нэг байцаагч томилогдон ажиллаж, барилгын үйл явцтай танилцаж, холбогдох зөвшөөрлүүдийг нэхсэн. Гэтэл зөвшөөрлүүд гараагүй байсан. Үүнтэй холбоотой зөрчлийн хэрэг үүсч иргэн В.Б д торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Үүнээс хойш 08 сарын эхээр бусад барилгын зөвшөөрөл гарсан. Барилгын зөвшөөрөл гараагүй байхад барилгын газар, шорооны ажлыг эхлүүлсэн нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ үндэслэлээр нэр төрд нь халдсан гэж үзэхгүй байгаа.

Бид суурийг 0 см тулгаж ухсаныг нотлох үүднээс хавтаст хэрэгт зураг гаргаж өгсөн. М Г Х ны үйл ажиллагаа явуулж буй байранд тулгаж ухсан нь харагдаж байгаа. Иргэн В.Б  06 дугаар сарын 18-ны өдөр ухдаг механизмаар М Г Х ны суурийн бүтцийг хааж ухсан. Би тухайн үед хүний барилга руу зөвшөөрөлгүй халдсан талаар утсаар мэдэгдсэн. 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Буянт-Ухаа спортын О д Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 14 хоногийн турш байрлаж ажиллаж байсан учраас тухайн үед барилгын ажлыг харж чадаагүй. Энэ нь оршин суугчдын авсан зургаар нотлогдож байгаа. Ямар газар барилга бариулж байгааг мэдэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудсан” гэв.

 

Хариуцагч О  СӨХ-ны дарга Д.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн В.Б  гэх хүн барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байж газар шорооны ажил хийж эхэлсэн. Барилгын хамгаалалтын хашаа хийхдээ манай явган гарц болон машины орц гарцыг хааж хашаа барьсан байсан. Хэрэв барилгын ажлыг эхлэх гэж байгаа бол ойролцоох орон сууцны иргэд болон аж ахуйн нэгжээс зөвшөөрөл авч байж барилгыг ажлыг эхлүүлэх ёстой. Гэтэл орон сууцны иргэд болон аж ахуйн нэгжээс зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн.

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэн н.Даваасүрэн гэх хүн В.Б ын барилга шорооны ажлын хэмжээтэй адилхан нүх ухсан. Тэр ухсан нүх доороосоо усны ундаргатай хойд талын барилга руу нэвтэрч орсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө н.Даваасүрэнгийн талаар л ярьсан. В.Б ын талаар ярьж, нэр төрийг нь гутаасан зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өөрсдийн авсан фото зургийг үндэслэж тайлбарласан.

43 дугаар байранд ямар нэгэн байдлаар гал гарсан тохиолдолд галын машин орох боломжгүй, галын машин орж ирээд эргэх зай талбай байхгүй гэдэг нь нотлогдож байгаа. Манай байр зүүн талдаа консольтой. Консол нь тухайн газраас метр 50-н хэмжээтэй илүү гарсан байдаг. Бид газрын хэмжилт хийсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. О  СӨХ-ны газар руу 147,3 м.кв талбайг оруулж хашаа барьж үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байгаа. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр усны ундаргатай учир барилга барих боломжгүй, барилга барих үйл ажиллагааг бүрэн зогсоосон акт гарсан” гэв.

 

Хариуцагч О  СӨХ-ны дарга Д.Д гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн В.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад нэхэмжлэлийн шаардлага нотлогддоггүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар В.Б  Л.Энх-Амгалантай садан төрлийн холбоотой болох нь тогтоогдсон.

В.Б ын ажилладаг Интергрупп ХХК нь 100 хувь Л.Энх-Амгалангийн эзэмшлийн компани байдаг. 2011 онд уг газар дээр барилгын үйл ажиллагаа явуулах гээд газар ухсан байхад нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанаас барилгажилт хийх боломжгүй, газрын усны хагалбартай, ойр орчмын айлуудын барилгын суурьт нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр барилга барихыг хориглосон заалт байдаг. Уг заалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Тэгэхэд иргэн В.Б д барилгын ажлын зөвшөөрөл байхгүй байсан. Нийслэлийн Засаг газрын албанаас 07 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийг олгосон байдаг.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байх үед нь М Г Х  болон О  СӨХ тухайн болсон үйл явдал нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлсэн. Үүнд хэн нэгний нэр хүндийг гутааж, гүтгэж доромжлоогүй, хууль ёсны дагуу явж байсан барилгын ажилд саад учруулаагүй харин хууль бус үйл ажиллагааг зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б нь О  сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Д , М Г Х нд тус тус холбогдуулан Ванданцэрэнгийн Баяржаргалын нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч М Г Х , О  СӨХ-ны дарга Д.Д д тус тус даалгах, Сэтгэл санааны хохиролд О  СӨХ-ны дарга Д.Д гаас 1,000,000 төгрөг гаргуулах, М Г Х ноос 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч М Г Х  нь В.Б-ын нэр төрийг гутаасан зүйл байхгүй гэж, хариуцагч О  сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Д  нь 2011 онд болж байсан үйл явдлын талаар ярьсан, В.Б ын нэр төрийг гутаасан зүйл байхгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь “М Г Х ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, О  сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Д  нар нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лайв ТВ /Livetv/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Товч.мн /Tovch.mn/, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТВ-4 телевиз, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зариг.мн-ийн цахим хуудсанд өгсөн ярилцлагаар дамжуулан В.Б-ын  нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан. Уг мэдээллийн агуулга нь М Г Х  нь спорт заалны сууринд тултал ухсан, суурийн нүх ухсантай холбоотойгоор хичээллэх боломжгүй болсон, Спортын төв ордны орчим газрыг эрх мэдэлтэй хүмүүс наймаалцдаг, холбогдох бүхий л зөвшөөрлийг хууль бусаар авдаг, 20 давхар барих гэж байгаа, Энх-Амгалан гишүүнтэй холбоотой гэж, хариуцагч О  СӨХ-ийн дарга Д.Д  нь 2011 онд бүх зүйлийг нь зогсоосон, 47 дугаар байрны нарыг хаасан, Ус нэвчиж, 2 байрлуу орсон, Хүүхэд тоглох талбайгүй болсон, орц гарч хаасан гэх мэдээлэл тараах замаар В.Б ын нэр төрийг гутаасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч М Г Х  нь “Өмнө уг газар Улсын их хурлын гишүүн Даваасүрэн эзэмшдэг байсан. Одоо Л.Энх-Амгалан гишүүний эгчийнх нь хүү В.Б ын нэр дээр хэмжээ нь томорч шилжиж очсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан фото зурганд тодорхой харагдана. Эхлээд ухаж байгаад дараа нь булсан. Булсан шороо нь өөр өнгөтэй байгаа юм. М Г Х ны заал нь 1977 онд ашиглалтад орсон тул суурь нь гүн биш, мөн хажууд барилгын нүх ухсантай холбоотойгоор дээврээс ус гойжих болсон. Бид бүтэн хүчин чадлаараа хичээллэх боломжгүй болсон.” гэж, хариуцагч О  СӨХ-ын дарга Д.Д  нь “2011 онд барилгын нүх ухаж, манай байр луу ус нэвтрэн орж, хөгц үүсч байсан тухай, мөн энэ барилга баригдсан тохиолдолд нар хаах нь тодорхой гэж ярьсан ба В.Б ын барилгын нүхнээс болж, ус нэвчсэн гэж яриагүй. Мөн энэ газрын хүүхдийн тоглоомын талбай болгох зорилгоор олон жил хөөцөлдсөн боловч бүтээгүй гэж ярьсан. Мөн галын машин орох гэтэл орц гарч байгаагүй тухай ярьсан. Миний хэлсэн зүйлд бүгд баримт дээр тулгуурласан тул нэр төрийг гутаасан зүйлгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

 

В.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Барилга байгууламжийн магадлалын нэгдсэн дүгнэлт, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд барилгын газар шорооны ажлыг эхлүүлэхэд М Г Х ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, О  сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Д  нар нь эсэргүүцэж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лайв ТВ /Livetv/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Товч.мн /Tovch.mn/, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТВ-4 телевиз, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зариг.мн-ийн цахим хуудсанд өгсөн ярилцлага өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч В.Б  нь Улсын Их хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн төрсөн эгч Л.Цогзолмаагийн хүү болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1 хх-ийн 197-200 дахь тал/

 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичигт “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18643311908407 дугаар бүхий 547 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/422 дугаар иргэн Ц.Даваасүрэнгээс газар эзэмших эрхийг шилжүүлж, иргэн В.Б д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус асуудал нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах заалтыг зөрчсөн, мөн 2011 оноос хойш Биеийн тамир спортын газрын спорт заалны барилгын суурьт тулган зоорьтой, 11 давхар барилга барихаар барилгын суурийн нүх ухах, олон жил болсон нь тус спорт заалны бүтцэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн зөрчлүүд илэрсэн  байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/422 дугаар захирамжийн иргэн В.Б д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарны 19-ны өдрийн 02-06/4465 дугаар албан бичгээр иргэн В.Б д мэдэгдсэн” гэж дурьджээ. /1 хх-ийн 172 дугаар тал/

 

Мөн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02-02/3260 дугаартай “Шалгалт хийсэн тухай” албан бичигт “...Барилгажилтын талбайд хийсэн шалгалтаар эрх бүхий байгууллагаас олгодог “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-гүйгээр газар шорооны ажил буюу шороо ачиж тээвэрлэх үйл ажиллагаа явуулсан, Гимнастикийн заалны суурьт нөлөөлөх нөхцөл байдал үүссэн зөрчлүүд илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалт, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 07-190928 дугаартай зөрчлийн хэргийн материалыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ” гэж /1 хх-ийн 135-136 дахь тал/, гэрч Т.Энхтүвшин “Газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй эхэлсэн гэж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалт, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” /2 хх-ийн 20-22 дах тал/ гэх мэдүүлгээс үзэхэд В.Б  нь барилгын газар, шорооны ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн үндэслэл тогтоогдож байна.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13/29 тоот албан бичигт “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 43 дугаар байр 2 дугаар орцод утаа үнэртэж байна гэсэн мэдээллээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 16 минутад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн тасаг очиж шалгахад тус байранд хүрэлцэн очих зам гарц хязгаарлагдмал байсан” гэж, Сүхбаатар дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 031/01 дүгээр дүгнэлтэд “...иргэн В.Б ын худалдаа үйлчилгээний 30х15 хэмжээтэй 10 давхар барилга...Галын аюулгүй байдлыг тухай хуулийн 18.3, Хот тосгоны төлөвлөлт Барилгажилтын норм дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр заалтыг зөрчиж байна” дурьдсан байна. /1 хх-ийн 173, 174 дэх тал/

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07/998 дугаар албан бичигт “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 43 дугаар байрны дэргэд барилга барихаар газар ухсан..., 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн” гэж /1 хх-ийн 106 дахь тал/ тус тус дурьдсан байна.

 

О  сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Д гийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лайв ТВ /Livetv/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Товч.мн /Tovch.mn/, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТВ-4 телевиз, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зариг.мн-ийн цахим хуудсанд өгсөн ярилцлагаас үзэхэд 2011 оны үйл баримтыг ярьсан ба одоо ус нэвчиж, хөгцөрц байгаа гэх үйл баримт дурьдаагүй, мөн хэрэв уг барилга баригдвал нар хаах талаар ярьсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

М Г Х ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, О  сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Д  нар нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лайв ТВ /Livetv/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Товч.мн /Tovch.mn/, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТВ-4 телевиз, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зариг.мн-ийн цахим хуудсанд өгсөн ярилцлагаар барилгын ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид гарах эрсдэлийн талаар өөрийн үзэл бодлыг баримт дээр тулгуурлан илэрхийлсэн нь иргэн В.Б ын нэр төрийг гутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лайв ТВ /Livetv/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Товч.мн /Tovch.mn/, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ТВ-4 телевиз, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зариг.мн-ийн цахим хуудсанд өгсөн ярилцлагад оршин суугчид, мөн Гимнастикийн холбооны багш нар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Мөн, нэхэмжлэгч нь нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд, дээрхи үндэслэлээр Ванданцэрэнгийн Баяржаргалын нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч Монгол Гимнастикийн холбоо, О  СӨХ-ны дарга Д.Д д тус тус даалгах, Сэтгэл санааны хохиролд О  СӨХ-ны дарга Д.Д гаас 1,000,000 төгрөг гаргуулах, М Г Х ноос 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч О  сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Д , М Г Х  холбогдох В.Б-ын нэр төрийг сэргээх, нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч М Г Х , О  СӨХ-ны дарга Д.Д д тус тус даалгах, Сэтгэл санааны хохиролд О  СӨХ-ны дарга Д.Д гаас 1,000,000 төгрөг гаргуулах, М Г Х ноос 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР

 

 

 

                                                ШҮҮГЧ                                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

                                                ШҮҮГЧ                                               Г.ЭНХЦЭЦЭГ