| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/01574/И |
| Дугаар | 181/ШШ2020/01760 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/01760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г Э Т ХХК -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,112,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Э Т ХХК нь өрмийн хошуу болон алх зэрэг гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авахаар Э Э ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Э Э ХХК нь гэрээний хавсралтад заасан үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг худалдах, Г Э Т ХХК нь ирсэн тоног төхөөрөмжийг шалган авч, гэрээний 4.1-т заасан хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тоног төхөөрөмжийн төлбөр 15,290,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
Гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд нь Э Э ХХК тоног төхөөрөмжийг худалдан авагч Г Э Т ХХК-ийн агуулахад нийлүүлсэн бөгөөд биет болон эрхийн доголдол илрээгүй болно. Харин хариуцагч Г Э Т ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлбөрийг 100 хувь төлж барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч Г Э Т ХХК нь төлбөрийг төлөхгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 078/19 тоот албан бичгээр худалдан авсан тоног төхөөрөмжийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлсэн. Гэвч мөн адил төлөхгүй явсаар 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргаж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Г Э Т ХХК-аас гэрээний төлбөр болох 15,290,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Ийнхүү гэрээнд заасан захиалагчийн үндсэн үүрэг болох гэрээний гүйцэтгэлийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу хоног тутамд 0,1 хувийн алдангийг төлөх үүрэг худалдан авагчид үүссэн.
Иймд худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдан авагчийн төлөх ёстой төлбөр болох 15,290,000 төгрөг, түүний хугацаа хэтэрсний алданги болох 3,822,500 төгрөг, нийт 19,112,500 төгрөгийг Г Э Т ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э Э ХХК нь хариуцагч Г Э Т ХХК-д холбогдуулан 19,112,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 19/00055 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй өрмийн хошуу болон алх худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 15,290,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр байгаа байгуулсан ба нэхэмжлэгч нь хариуцагч Г Э Т ХХК-аас худалдсан өрмийн хошуу болон алхны үнийг шаардах эрхтэй.
Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа 19 дугаартай акт үйлдэж, Г Э Т ХХК нь 15,290,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн, мөн дахин тооцоо нийлсэн акт үйлдэж, 15,290,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхийг зөвшөөрч, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан үйл баримтаас үзэхэд үндсэн төлбөрт маргаангүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-д “Худалдан авагч нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд тухай гэрээний 8.1-д /...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцон ... төлнө. Торгуулийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна./ заасны дагуу алдангийг нэмж төлнө” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан ба уг хугацаанаас алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас алдангийг хэтрүүлэхгүй гэх гэрээний тохиролцоог үндэслэн 15,290,000 төгрөгийн 0,1 хувь буюу нэг хоногийн 15,290 төгрөгөөр тооцож, 3,822,500 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд, хариуцагч Г Э Т ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,290,000 төгрөг, алданги 3,822,500 төгрөг, нийт 19,122,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Э ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Г Э Т ХХК-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан хуралдааны товыг хариуцагч Г Э Т ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Эрдэнэбаатарын 91063993 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г Э Т ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,290,000 төгрөг, алданги 3,822,500 төгрөг, нийт 19,122,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР