| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/00935/з |
| Дугаар | 221/МА2026/0202 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0202
“Н п к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З
Нэхэмжлэгч: “Н п к” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “М г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/609 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0967 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Ж
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2023/00935/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н п к” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/609 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0967 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2-т заасныг баримтлан “Н п к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зохих ёсоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй.
3.2. “Н п к” ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элстэй” хэмээх нэртэй 32.9 га талбай /ХА-11000245-001-NE өргөдлийн дугаартай/-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг гаргасан бөгөөд нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 10/1477 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элстэй” хэмээх нэртэй 32.9 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй хариуг ирүүлсэн.
Зүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд татгалзсан хариу хүргүүлэхээр хуульчилсан. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан талбай нь тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.3-т заасан хязгаарлалтад хамааралгүй болох нь нийслэлийн Засаг даргын захирамж болон зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариуг ирүүлсэн нь хууль бус юм.
3.3. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан талбай нь “М б г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргах цаг хугацаанд “М б г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй байсан ба тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагүй атал шүүх энэхүү үйл баримтыг дүгнээгүй. Хариуцагчаас ирүүлсэн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу хуульд нийцсэн дүгнэлт гаргах үүрэгтэй тул даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 559 дүгээр захирамжаар “М б г” ХХК болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга нар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан. Гэвч “М б г” ХХК нь дээрх эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атал Нийслэлийн Засаг дарга тус компанийн тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/640 дүгээр захирамжаар дээрх эвлэрлийн гэрээг дүгнэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгээс “М б г” ХХК нь эвлэрлийн гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон бөгөөд энэхүү дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчинтэй атал нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийн доор, шүүхийн шийдвэрийг зөрчиж хууль бусаар “М б г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр 2025 оны А/609 дүгээр захирамж гаргасан нь хууль бус. “М б г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
3.5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан атал анхан шатны шүүхээс, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 766 дугаар магадлалыг нийслэлийн Засаг дарга хэрхэн биелүүлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг үнэлэхгүй орхигдуулсан. Хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй тул нийслэлийн Засаг даргын 2025 оны А/609 дүгээр захирамж хүчингүй болох учиртай.
3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “Н п к” ХХК-ийн өргөдлийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн эсэх тодорхойлолтыг, хэрэв шийдвэрлэсэн бол уг шийдвэрлэлттэй холбоотой баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Үүний улмаас нэхэмжлэгч “Н п к” ХХК-ийн өргөдөл хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс тус татгалзсан хариу буюу захиргааны актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, маргааныг нэг мөр шийдвэрлүүлэх, зөрчигдөж буй эрхээ сэргээлгэх хууль зүйн боломжтой байтал анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний улмаас энэхүү эрх хязгаарлагдсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 967 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, маргааны үйл баримтад хамааралгүй зохицуулалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1477 дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/609 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... Налайх дүүргийн Элстэй нэртэй газарт 32.9 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн хүрээнд “олгох боломжгүй” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдлыг тогтоогоогүй, гэтэл ямар нэг хуулийн хязгаарлалт байгаагүй нь тогтоогдсон, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/609 дүгээр захирамжаар “М г” ХХК-ийн MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь хууль бус, “М г” ХХК нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс тогтоосон, Ажлын хэсгийн дүгнэлтийг ч шүүхээс хүчинтэй хэвээр үлдээсэн, эдгээрээс болж түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүсэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн” гэж тайлбарлана.
3.2. Харин хариуцагч нарын хувьд “... өргөдөлд шүүлт хийхэд “М г” ХХК өөрийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон барилгын элсний ордтой давхцалтай байсан тул нийслэлийн Засаг даргад боломжгүй гэсэн хариу өгсөн”, “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 559 дүгээр захирамжид 2025 оны 342 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “М г” ХХК-ийн MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхийг мэдэгдэж, гүйцэтгэх хуудас ирүүлсний дагуу Засаг даргын захирамж гарсан” гэж,
3.3. Гуравдагч этгээдийн зүгээс “... нийслэлийн Засаг даргын 2025 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/609 дүгээр захирамжид холбогдуулж шүүхээс маргаан үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтыг өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэсэн, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тодорхойлож маргасан.
4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Налайх дүүргийн Зуунмод нэртэй газарт 33 га талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1962Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “М г” ХХК-д олгосон бол түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 13882А дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оноос 30 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2007 оны 26-02 дугаар дүгнэлтээр “М г” ХХК-ийн 1962Х хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан Зуунмодны элсний ордод барилгын элсний (B) нөөцийг 348 486.0 м3-ээр тогтоосон.
4.2. Нийслэлийн Засаг даргаас 2017 оны А/609 дүгээр захирамж гаргаж, “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” хэмээн “М г” ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
“М г” ХХК-иас уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг албадан биелүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 8734 дүгээр шүүгчийн захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас олгосон бөгөөд энэхүү шүүгчийн захирамжид 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шүүгчийн захирамжаар өөрчлөлт оруулсан.
4.3. Харин “М г” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2019 оны А/640 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийн “М г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 570 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
“М г” ХХК нь “MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 766 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон, харин Улсын дээд шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байхад “М г” ХХК дээрх нэхэмжлэлээсээ татгалзсанаар Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШТ2025/0008 дугаар тогтоолыг гаргаж, 768 дугаар шийдвэр болон 766 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.4. Энэ хэсгийн 4.2-т заасан 342 дугаартай шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргаас “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх” үндэслэлээр маргаан бүхий 2025 оны А/609 дүгээр захирамжийг гаргаж, “М г” ХХК-ийн MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
4.5. Харин нөгөө талд, “Н п к” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22/016 бичгээр энэ хэсгийн 4.1-д заасан байршил /эргэлтийн цэг давхацсан/-д 32.9 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг, нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХА-11000245-001-NE дугаарт бүртгээд, энэ хэсгийн 3.2-т заасан үндэслэлээр “олгох боломжгүй” тухай дүгнэлт үйлджээ.
5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “...“Н п к” ХХК-ийн түгээмал тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан 32.9 га талбай өмнө нь “М г” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон MV-013882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай нь баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж “М г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээснийг хууль бус гэж үзэхгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв байна.
6. Хууль эрх зүйн зохицуулалтын тухайд;
6.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 10.1.3. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5. харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;”, 13 дугаар зүйлийн 13.1-д “… хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 14.1.4. энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж,
6.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
7. Хуулийн дээрх зохицуулалтыг нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал:
7.1. Хуулийн этгээдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай нь (а) тухайн зориулалтаар олгохоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байхаас гадна (б) бусдад хайгуулын болон ашиглалтын хэлбэрээр олгосон, эсхүл эзэмшиж байгаа газартай байршлын давхцалгүй байх урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байхыг шаардана.
7.2. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд Засаг даргаас өргөдөлд анхан шатны шүүлт хийгээд, тусгай зөвшөөрөл олгохгүй байх бусад үндэслэл бий эсэхийг тогтоолгохоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж, дүгнэлт гаргуулах зэргээр өргөдөл шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зохицуулалттай.
7.3. Төрийн захиргааны байгууллагын хувьд, өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, хориглох, хязгаарлахтай холбоотой хуулиар тогтоосон үндэслэл бий эсэхийг зохих байдлаар шүүн тогтоож, холбогдох дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Засаг дарга шийдвэрлэнэ.
8. Гэтэл нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан Налайх дүүргийн Зуунмод нэртэй газарт байрших талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч “өргөдөл гаргах буюу тусгай зөвшөөрөл авах”-тай холбоотой хуулийн дээрх урьдчилсан нөхцөлийг хангаагүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/1477 дугаар дүгнэлтийг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн тодорхойлсон уг эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
9. Учир нь тухайн байршилд “М г” ХХК-д 2008 онд олгосон MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгосныг шүүхээс тогтоож, хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
Ялангуяа “Н п к” ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан талбайд “М г” ХХК нь 2007 онд өөрийн хөрөнгөөр нөөц тогтоолгосон буюу хэдийнэ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн /эрх бүхий албан тушаалтны шийдвэрээс тусгай зөвшөөрлийг цуцалснаас үл хамааран/ байх тул нэхэмжлэгчийн “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах эрх зөрчигдсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
10. “М г” ХХК-иас гаргасан “нийслэлийн Засаг даргын 2019 оны А/640 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийн “М г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай энэ хэсгийн 4.3-д заасан шийдвэр, магадлалаас үл хамааран,
тус хуулийн этгээдийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжид холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг, эвлэрлийн гэрээний нөхцөлийн дагуу биелүүлэх үүргээ хэрэгжүүлж, нийслэлийн Засаг даргаас 2025 оны А/609 дүгээр захирамж гаргасан нь иргэн, хуулийн этгээдийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхээс сэргээх, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарцаагүй биелэх зарчимд нийцжээ.
11. “М г” ХХК-ийн гаргасан “MV-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 766 дугаар магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 001/ШТ2025/0008 дугаар тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас хүчингүй болсон эдгээр шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ агуулгаараа анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.
12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь 1/ Засаг дарга өргөдлийг хүлээн авч бүртгэн, 2/ анхан шатны шүүлт хийх, 3/ хориглолт ба давхцал байгаа эсэхийг тогтоолгох цахим өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дүгнэлт авах, 4/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах, 5/ тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах; гэсэн бие даасан атлаа дараалсан дамжлага бүхий үе шатуудаас бүрдэнэ.
13. Нэхэмжлэгчээс зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлттэй маргаж байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргаас өргөдлийг хэрхэн шийдвэрлэх эсэхтэй холбоотой буюу цаг хугацааны хувьд түүнээс хойших үйл баримтыг тогтоох нь нотолгооны ач холбогдолгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан “нотлох баримт гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг процессын зөрчил гэж үзэхгүй.
14. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг нотлох баримтаар зөв тодорхойлсон боловч түүнд хамаарах Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0967 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн” гэсний дараа “...13 дугаар зүйлийн 13.1,” гэж нэмж, “...14.1.3” гэснийг “14.1.4” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ