Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 4

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

                    Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Л.Энхтайван

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулав.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 215-р  зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Пүрэвжавт холбогдох эрүүгийн 201618000278 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг, 5 дугаар хэсэг 143 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгт жижүүр ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Гуранз овогт Нямдарийн Пүрэвжав, РД/ИА-68052517/

   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Пүрэвжав нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 18-20 СЭҮ улсын дугаартай HYUNDAY PORTER маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан 4 настай Д.Мишээлийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч Н.Пүрэвжавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би төмөр замын гүүрнээс урагшаа машин жолоодоод явж байсан чинь замын хажуугаар 1 хүүхдээ тэвэрч, нөгөө хүүхдээ хөтөлсөн эмэгтэй явж байсан. Тэгээд би хурдаа хасаад өнгөрөх гэтэл хөтлүүлсэн хүүхэд нь гэнэт машины урдуур ороод ирсэн. Би тормоз гишгэж машинаа зогсоод, хүүхэд мөргүүлж унасан.... гэх мэдүүлэг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мягмарын  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...би 4 настай охин Мишээл, төрөөд удаагүй байгаа 10 сартай охин Маралжин 2-г аваад явсан юм бага охиноо зүүн гартаа тэврээд, зүүн гартаа тортой охиныхоо хувцасыг барьсан, баруун гартаа 4 настай Мишээл охиноо хөтөлж явсан юм. Алхаж яваад хар замын дэргэд ирэх үед машин яваад зам хөдөлгөөнтэй байсан учир машин явж дуусахыг хараад зогсож байхад дээрээс доош уруудаад цэнхэр өнгийн ачааны Портер машин явж байсан уг машиныг хараад өнгөрөхөөр нь гаръя гэж бодоод замын ирмэг хэсэгт ирсэн зогсож байгаад ...бага Маралжин охин маань гарнаас мултарч унах гээд байхаар нь би Мишээлийг хөтлөхөө больж баруун гараараа Маралжинг дээш татах үед хажууд зогсож байсан охин Мишээл маань замруу гүйгээд орчихсон юм. Хөөе гэж хэлэхийн завдалгүй замруу орсон ба машин дээрээс ирж таараад тэр дороо зогсолгүй шууд охиныг маань мөргөж 1 метр орчим газар зам дээр шидсэн. Би тухайн үед шоконд ороод зогсож байхад нэг ах миний хойноос гүйж ирээд охиныг маань тэвэрч аваад...машины жолоочийн хажууд сууж явсан ахад охиныг маань тэврүүлээд би хажууд нь суугаад эмнэлэг орхоор явсан. Машин охиноос ойролцоогоор 5-6 метр зайтай байсан байх, яг бол машин тулж ирсэн байхад нь охин замруу ороогүй, зайтай байхад нь алхаж орсон боловч тэр дороо машин зогсолгүй охиныг маань мөргөөд тэгээд зогссон. Би машиныг охиныг маань мөргөхөөс өмнө зогсож болох байсан гэж бодож байна. Хэрэв охиныг замруу орохыг хараад тэр дороо зогсоох арга хэмжээ авсан бол одоо ийм зүйл болохгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/

            Иргэний нэхэмжлэгч С.Батболдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Би өөрийн эзэмшлийн 18-20 СЭҮ улсын дугаартай Портер маркийн машиныг Н.Пүрэвжавд зөрж борлуулсан зүйл байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Н.Пүрэвжав ах автомашинаа түр өгч байгаач юм зөөгөөд өгье гэж хэлэхээр нь автомашинаа өгөөд явуулсан юм. Н.Пүрэвжав миний хуурай ах байгаа юм. Ингэж надаас автомашиныг маань авч яваад осол гаргасан байна.....журмын хашаанаас автомашинаа авмаар байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/

Гэрч Б.Насанцогтын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...Пүрэвжав Портер маркийн тээврийн хэрэгсэл унаад ирэхээр нь ... машинд суугаад төврүү явсан. Тэгээд 0243 дугаар ангийн урдуур хар замаар яваад Төмөр замын клубын урдуур вокзал чиглэлийн хар зам руу салж уруудаж явах үед замын хажуу хэсэгт хүүхэд тэвэрсэн, гартаа хүүхэд хөтөлсөн эмэгтэй хүн харагдсан. ...Машин зам дээр явж байхад машинаас урагшаа 5-6 метрийн зайд хар зам руу хүүхэд орж ирж таараад Н.Пүрэвжав машиныхаа тоормосыг гишгэсэн боловч охиныг мөргөчихсөн юм. Зам руу гүйж орж ирж байгааг хараад тэр дор нь тормос гишгэсэн эсэхийг нь мэдэхгүй. Тэрхэн зуур пүд гэж юм цохигдох чимээ гарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 дугаар тал/

Гэрч Д.Отгонбаярын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11-12 цагийн хооронд би дэлгүүр дээрээ сууж байхад манай хөрш зэргэлдээ айлын Гантөгс гэх залуу танай зээг чинь машин мөргөөд сая эмнэлэг рүү аваад явчихлаа. Танай гэрийн хажуухан хар зам дээр мөргөсөн гэж хэлсэн зээ охиныг маань мөргөсөн гэх газар манай гэрээс нэг их холгүйхэн байсан. Би зээ дээрх яриаг сонсоод эмнэлэг дээр очиход зээ охин Мишээл уйлсан байдалтай тариа хийлгэсэн эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан. Манай охин О.Мягмар бага хүүхдээ тэвэрсэн уйлсан зогсож байсан. Ингээд эмчээс биеийн байдлыг нь асуутал одоо яаралтай Дархан-Уул аймаг руу авч явж толгойн зураг авахуулах шаардлагатай, биед нь ил харагдах шарх гэмтэл байхгүй байна толгойдоо битүү гэмтэлтэй байж магадгүй гэж хэлсэн. Ингээд эмнэлэгт тайвшруулах өвчин намдаах тариа хийж өгөөд охиныг аваад шууд Дархан-Уул аймаг руу явсан ба Дархан-Уул аймагт очоод толгойн зургийг нь авахуулахад толгойдоо хүнд гэмтэлтэй, цусан хураа үүссэн, толгойн яс нь цөмөрсөн байна яаралтай хот руу яв гэж хэлэхээр нь шууд охиноо аваад хот руу явсан. Тухайн өдөртөө оройн 23 цагийн үед Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгийн хүүхдийн тархины тасагт хэвтүүлсэн одоогоор зээ охин маань эмчилгээ дуусаад эмнэлэгээс гарсан боловч биеийн байдал нь сайжраагүй, гадуур эмчилгээтэй байгаа толгойдоо хүнд гэмтэл авсан учир сэтгэцийн байдалд нь нөлөөлж магадгүй гэж эмч хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахиж үзэж эмчилгээ бичиж өгнө гэсэн. Тухайн үед ийм л зүйл болсон..... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар тал/

          Гэрч С.Сүхбаатарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд замын байцаагчаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд өдрийн 12 цаг өнгөрч байх үед жижүүрээс надад эмнэлэгээс автомашинд мөргүүлсэн хүүхэд хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага өгч байна очиж материалжуулах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд эмнэлэг орсон хүмүүс, жолооч нартай уулзаад ослын газарт хүүхэд мөргүүлсэн гэх газрыг жолооч болон хүүхдийн ээж нараар заалгаж автомашиныг байрлуулж байгаад хэргийн газрын үзлэгийг хийсэн. Тухайн үед осол болсны дараагаар автомашин хөдөлж эмнэлэг рүү явсан учир өөрсдөөр нь заалгаж автомашиныг байрлуулж байгаад үзлэг хийсэн юм. Үзлэгийн явцад асфальтан зам дээр автомашины тоормосны ул мөр байгаагүй. Үзлэгийг хааш хаашаа 50 метр газарт хийсэн ямар ч тоормосны ул мөр асфальтан зам дээр байгаагүй үүнийг хэргийн газрын үзлэг болон схем зураглал дээр тусгасан байгаа гэрэл зураг дээр хүртэл тоормосны мөр байхгүй байсан нь авагдсан байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/

Гэрч Н.Цэрэнлхамын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манайх эхээс зургуулаа Н.Пүрэвжав ах  дээрээсээ 4 дэх хүүхэд нь юм. Ах маань бүрэн дунд боловсролтой цэргийн алба 2 жилээр хаасан. Цэргийн албанаас ирээд мал дээр гарсан. Машин трактор барьдаг хөдөө аж ахуйн ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоогоор цэцэрлэгт жижүүр хийж байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй том охин нь хотод оюутан харин бага хүү нь 10 жилийн 3-р сургуульд суралцдаг. Миний ах уг нь их дөлгөөхөн томоотой, дуу цөөтэй хүн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар тал/

Гэрч Н.Цэрэнбадамын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Миний төрсөн ах Н.Пүрэвжав нь 1968 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд айлын 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Манайх эхээс зургуулаа Н.Пүрэвжав ах 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой цэргийн алба 2 жилээр хаасан. 10-р ангиа төгсөөд цэргийн албанд явж ирээд мал дээр гарсан. Машин трактор барьдаг, хөдөө аж ахуйн ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоогоор 3 дугаар цэцэрлэгт жижүүр хийж байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй том охин нь хотод оюутан харин бага хүү нь 10 жилийн 3 дугаар сургуульд суралцдаг. Ял шийтгэл хүлээж, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Миний ах их дөлгөөхөн томоотой, дуу цөөнтэй, даруухан архи тамхи хэрэглээд байдаггүй хүн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/

            Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №97 дугаартай ....1.Зам тээврийн осол мөн /Зам тээврийн осол гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал.

2. Портер маркийн 18-20 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гуранз овогт Нямдарийн Пүрэвжав нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Явган зорчигч /4 настай/ Дагвасүрэнгийн Мишээлийн ээж Отгонбаярын Мягмар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.3 сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна гэсэн заалт, 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гару ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт. Мөн ЗХАБТХуулийн 13.2.7 Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн.

4. Явган зорчигч /4 настай/ Дагвасүрэнгийн Мишээлийн ээж Отгонбаярын Мягмар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.3 сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна гэсэн заалт, 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гару ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт. Мөн ЗХАБТХуулийн 13.2.7 Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг зөрчснөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэв... гэх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №101 дугаартай ...1.Хариулт Цагдаагийн дэслэгч Л.Наранбаатарын гаргасан 97 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Хариулт Портер маркийн 18-20 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гуранз овогтой Нямдарийн Пүрэвжав нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Хариулт Явган зорчигч /4 настай/ Дагвасүрэнгийн Мишээлийн ээж Отгонбаярын Мягмар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.3 сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна гэсэн заалт, 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гару ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

4.Хариулт Жолооч Н.Пүрэвжав нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтыг зөрчсөн, явган зорчигч /4 настай/ Д.Мишээлийн ээж О.Мягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.3, 3.4 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв.... гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №13024 дугаартай .....1.Мишээлийн биед дагз ясны цөмөрсөн салаалсан хугарал, тархины дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураанууд, тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Дээрх дагз ясны цөмөрсөн салаалсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гавал тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр тал/

Шинжээчийн 2016 оны 10 дугаар 21-ний өдрийн №06/16 дугаартай дүгнэлтэнд

1.Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн гэрчилгээ АЯ №01205185, арал№ KMFXKS7BPVU087229 дугаартай хөх өнгөтэй, Сэлэнгэ Сүхбаатар 02 Ганзам баг 1-37 27-д оршин суугч Сэлэнгэ овогтой Батболдын эзэмшлийнх байна.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлохоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар авахад 2017 оны 09-р сарын 08-нд дахин орохоор техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн санд бүртгэгдсэн нь хуульд заагдсан хугацаандаа техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

Иймд зам тээврийн осолд холбогдсон 18-20 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зохих хуулийн дагуу хугацаандаа техникийн хяналтын үзлэгт 2016 оны 09 дүгээр сарын 08-нд хамрагдан техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Тухайн зам тээврийн осолд холбогдсон автомашины тоормос болон явах эд ангийн ажиллагааг тодорхойлох зорилгоор Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын оношлогоонд 2016 оны 10 дугаар сарын 18-ны 12 цагт оруулж 15980 тоот Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт-ийн хуудсыг авч тоормосны хүчний хэмжээний зөрүүг судлан үзэхэд урд тэнхлэг 9.38%, хойд тэнхлэг 20.69%-ийн зөрүүтэй байгаа нь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага MNS 50112003 стандартын 5 дугаар зүйлийн 5.1.3.5 заалтыг бүрэн хангаж байна. Тоормосны шингэний хэмжээ савандаа хэвийн хэмжээнд байв.

Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн тоормос болон явах эд анги нь бүрэн ажиллагаатай, техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

5.Автомашиныг тээвэрлэлтийн үйлчилгээнд гаргахын өмнө тоормосыг шалгаж гэмтэлтэй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй, ашиглахыг хориглодог.

Үүнийг МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад тоормосны замыг тодорхойлохдоо тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км хурдтай яваа үед жолооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэхэд бүх жин нь 3,5 тонн хүртэлх ачааны автомашин /3.5 тонн орно/ 15.1 метрээс ихгүй байхаар заасны дагуу зогсоолын тоормосыг шалгасны дараа тээвэрлэлтийн үйлчилгээнд ашигладаг.

Автомашины жолооч зам дээрх аюул саадыг харангуут тоормослон хөдөлгөөнөө зогсох хүртлээ тодорхой зам туулж өнгөрүүлсний дараа бүрэн зогсдог.

Онолын хувьд тоормосны зам нь тоормосны удирдлага ажиллах хугацаанд явсан зам, тоормос барьж эхэлснээс тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэл хугацаанд явсан зам хоёрын нийлбэрээс бүрдэнэ.

Иймд автомашин замын хөдөлгөөнд оролцон явах үедээ ямар нэг аюул тохиолдон тоормослоход тэр дороо /тодорхой зам туулна/ зогсох боломжгүй болно.

6.Тухайн автомашины тоормос, явах эд ангийн ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа учраас осолд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар тал/

Согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /хх-ийн 11 дүгээр тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/

Хохирогч Д.Мишээлийн эмчилгээнд гарсан зардлын баримтууд /хх-ийн 24-50 дугаар тал

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 53 дугаар тал/

Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 дугаар тал/

Бичиг баримтанд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 57 дугаар тал/

Хохирогч Д.Мишээлийн Өвчний түүх-ийн /хх-ийн 95-102 дугаар тал/

Н.Пүрэвжавыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 120-121 дүгээр тал/

Н.Пүрэвжавыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 126 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 128 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 дугаар тал/

Гэрч Б.Баянбаатарын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би ажил дээрээ байхад өдрийн 12 цагийн үед хүлээн авах дээр машинд мөргүүлсэн хүүхэд хүргэгдэж ирсэн гэж хүлээн авахаас надад мэдэгдэж дуудсан юм. Ингээд хүлээн авах яаралтай тусламжийн байранд очиход 4 настай Д.Мишээл гэх охин хүүхэд толгойдоо гэмтэлтэй биеийн жижиг хэсгүүдээр зулгарсан шархтай байсан. Ингээд биед нь үзлэг хийж яаралтай шинжилгээнд оруулж эмийн эмчилгээ хийсэн ба шинжилгээний хариуг харахад дагзны орчимд гавалын яс нь хугарсан байдалтай байсан учир яаралтай дүгнэлт хийж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан тул ар гэрийнх нь хяналтан дор Дархан-Уул аймаг руу толгойн нарийвчилсан зураг авахуулах шаардлагатай гэсэн бичиг хийж өгч явуулсан юм. Тухайн үед ийм л зүйл болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 161 дүгээр тал/

Гэрч Н.Дашмаагийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 25 минутанд хүлээн авах яаралтай тусламжийн тасагт миний бие сувилагчаар жижүүрт гарч байхад машинд мөргүүлсэн гэсэн 4 настай Д.Мишээл гэх охиныг нэг ах тэвэрсэн хажууд нь ээж нь гэсэн эмэгтэй цуг орж ирсэн юм. Ингээд охиныг орон дээр хэвтүүлээд энэ талаар цагдаад мэдэгдсэн юм уу гэж хэлэхэд 2-лаа мэдэгдээгүй саяхан ийм асуудал болоод шууд наашаа хүрээд ирлээ гэж хэлсэн. Ингээд би мэс заслын эмч Баянбаатарт мэдэгдээд энэ талаар цагдаад дуудлага өгсөн. Ингээд эмч хүрч ирээд биед нь үзлэг хийгээд рентген зураг авахуулаад дусал залгасан ба 30 орчим минутын дараагаар зураг гарч ирээд үзэхэд дагзандаа хугаралтай байна гэсэн онош эмч тавиад одоо яаралтай Дархан-Уул аймаг руу очиж нарийн шинжилгээ зураг авахуулах шаардлагатай гэж хэлээд ээжид нь охиныг нь хүлээлгэн өгөөд 13 цаг 50 минутанд манайхаас гарч явсан. Тухайн үед хамт орж ирсэн ах хэсэг харж зогсож байгаад гараад явчихсан. Харин ээж нь хараад үлдсэн удаач үгүй өвөө нь гэсэн нэг ах орж ирсэн ингээд удаач үгүй явцгаасан юм.Тухайн үед ийм л зүйл болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 162 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164-171 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 173-179 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Н.Пүрэвжав нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 18-20 СЭҮ улсын дугаартай HYUNDAY PORTER маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан 4 настай Д.Мишээлийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогчийн төлөөлөгч О.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 62-63 тал/, Иргэний нэхэмжлэгч С.Батболдын /хх-ийн 75-75/, гэрч Б.Насанцогтын /хх-ийн 64-65/, Д.Отгонбаярын /хх-ийн 70/, Б.Баянбаатарын /хх-ийн 161/, Н.Дашмаагийн /хх-ийн162/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 13024 тоот дүгнэлт /хх-ийн 91/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 101 тоот дүгнэлт /хх-ийн 86/, Авто техникийн шинжээчийн гаргасан 06/16 тоот дүгнэлт /хх-ийн 105-106 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164-171 дүгээр тал/, мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 173-179 дүгээр тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Н.Пүрэвжав нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.... гэсэн  заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 18-20 СЭҮ Хюандай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Мишээлийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Н.Пүрэвжавт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч Н.Пүрэвжавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй  байна.

           Шүүгдэгч Н.Пүрэвжавт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Хохирогчийн төлөөлөгч О.Мягмарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нөхөн төлүүлсөн, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, тайлбарт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.  

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Пүрэвжавын 256472 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.

     Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Н.Пүрэвжав нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчөөгүй, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авсан төдийгүй, хэрвээ зогсоох арга хэмжээ аваагүй бол хохирогч Д.Мишээл машинд мөргүүлж 01 метр орчим газарт унах боломжгүй юм. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь хатуу хучилттай зам мөргөж газар унасны улмаас үүссэн гэмтэл гэж үзэж байна. Хэрвээ жолооч машиныг зогсоох арга хэмжээг аваагүй бол хохирогч машинд мөргөгдсний улмаас олон метр хол шидэгдэх боломжтой байсан юм. Иймд шүүгдэгч Н.Пүрэвжав Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь Шүүгдэгч Н.Пүрэвжав нь хохирогч Д.Мишээлийг зам руу орж ирэхийг харсан үеэс машиныг зогсоох арга хэмжээг авсан бол түүнийг мөргөхгүйгээр зогсоох боломжтой байсан болох нь гэрч Б.Насанцогтын мэдүүлэг, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтын туршилтийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Хохирогчийн төлөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1.312.750 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Пүрэвжав 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба үлдсэн 312.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн төлөөлөгч татгалзсан байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн төлөөлөгч О.Мягмарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдлыг шүүх харгалзан үзэж гарсан бодит хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах боломжтой гэсэн дүгнэлтийг хийж байна.

Шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан хохирлын талаар маргаангүй байгааг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Гуранз овогт Нямдарийн Пүрэвжавыг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Гуранз овогт Нямдарийн Пүрэвжавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвжавт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.Шүүгдэгч Н.Пүрэвжав энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Пүрэвжавын 256472 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Гуранз овогт Нямдарийн Пүрэвжавт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвжавын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Н.Пүрэвжавт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ