Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                          Прокурор Г.Цолмонгэрэл

                                                          Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                                          Шүүгдэгч Д.О

                                                          Шүүгдэгч Ц.Т

                                                          Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/32 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.О, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1826004670180 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өлзий овгийн Ц. Т

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хурган овгийн Д.О

Д.О нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Д.Д-н гэрийн гадна Ш.Д-н зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээр доош нуруу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.Т нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Д.Д-н гэрт Ш.Д-н хэвлийн тус газар өшиглөж арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хурган овгийн Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Өлзий овгийн Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Т, Д.О нарт холбогдох 1826004670180 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, Ц.Т, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цолмонгэрэл гаргасан эсэргүүцэлдээ: ... Д.О нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Д.Д-н гэрийн гадна Ш.Д-н зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээр доош нуруу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ц.Т нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Д.Д-н гэрт Ш.Д-н хэвлийн тус газар өшиглөж арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаартай 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэр, 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж дүгнэсэн нөхцөл байдалд дараах тайлбарыг хийж байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5/ нь хүнийг алах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл/ гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж  гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж хүссэн хохирлоо учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчид хүнд хохирол учруулсны улмаас нас барсан буюу амь хохирсон байдаг.

Шүүхийн тогтоолд гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэл муутай шийдвэр болсон. Уг гэмт хэргийг гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон гэж үзэж байна. Мөн дээрх гэмт хэрэгт сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл/ субьектив талын шинж болох гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдал буюу эмоциороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн этгээд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаагүй, сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнээрээ ялгаатай.

Шүүгч шинжээч эмчийн магадлан шинжилгээний дүгнэлтэнд хэтэрхий их холбогдол өгснөөс хэргийн газрын үзлэг, анхдагч эх сурвалжийг хөтөлбөргүй заасан гэрч нарын мэдүүлэг болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 72 дугаартай өвчний түүхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2 удаагийн дүгнэлт зэргийг үнэлэхгүйгээр хөнгөн хийсвэр дүгнэлт гаргаж буйг анхаарч үзнэ үү.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх бөгөөд яллагдагч Д.О-н үйлдлийн улмаас хохирогч Ш.Д-н эрүүл мэндэд хөнгөн, Ц.Т-н үйлдлийн улмаас талийгаач Ш.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас барсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчөөс гэм хорын хохиролд 7 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 6.494.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувийн сэтгэл хөдлөл, субьектив санаа давамгайлсан асуудалд хэтэрхий их ач холбогдол өгч гэм хорын хохиролд гаргаж өгсөн баримтыг нягтлаагүй үйлдэл болсныг цохин тэмдэглэмээр байна.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Ц.Т-г Ц.Т-р гэж зөрүүтэй бичсэн техникийн шинжтэй алдааг яллагдагчийн биеийн байцаалт болон тогтоох хэсэг дэх бичиглэлтэй тулган иргэний баримт бичгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эх хувиар нь шинжлэн судалж зөвтгөх боломжийг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хууль бус шийдвэртэй санал нэгдэх боломжгүй байна. Иймд яллагдагч Д.О, Ц.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Д.О-г хохирогч Ш.Д-д хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчилж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд 1 буюу түүнээс дээш удаагийн цохилт, зодолтоос үүссэн гэмтэл, мөн Ц.Т-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Д.О нь Д.Д-н гэрийн гадна дээр нь мордчихсон нүүр лүү нь цохиод байж байсан гэх, мөн хохирогчид учирсан гэмтэл нь хүний хоёулангийнх нь өшиглөх, цохих, зодоход үүссэн байх боломжтой байхад улсын яллагч хэтэрхий хөнгөн хийсвэр дүгнэлт гаргаж яллаж байгаа нь үндэслэлгүй. Гэм хорын хохиролд 7.240.000 төгрөгийн баримт өгөхдөө 2 удаа хувааж өгсөн. Сүүлийн баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хамт мөрдөгчид өгсөн. Шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлуулах үед сүүлийн гэм хорын хохирол болох 3.340.000 төгрөгийн баримт огт байхгүй байсныг шүүхэд хандаж хэлсэн. Энэ нь сэтгэл хөдлөлийн ямар ч асуудал биш. Мөн шүүх эмчийн гаргасан дүгнэлт хавтаст хэргийн 102 дугаар хуудаст гараар бичсэн дотор эрхтний болон гарын хугарал, хавирганы хугарлуудыг орхигдуулсан. Улсын яллагч энэ талаар хэтэрхий хөнгөн хуумгай хандаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна гэж үзсэн. Ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах зэрэг гэмт хэргүүдээс тухайн гэмт хэрэг болох 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг нь ямар шинжээрээ ялгаатай гэдгийг эсэргүүцлийнхээ үндэслэх хэсэгт тодорхой бичсэн. Энэ нь обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч нэмэгдэл шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээс 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг нь ялгаатай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь сэтгэл хөдлөл буюу эмоцоороо ялгаатай. Энэ нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд тийм гэмтэл учирсан, энэ нь хөнгөн, энэ нь хүндэвтэр гэх ганцхан баримтад хэтэрхий их ач холбогдол өгөөд байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл гэх мэт баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирж эмчлүүлээд 17 цагийн дараа нас барсан байдаг. Эдгээр нотлох баримтуудыг дүгнэж үзэхгүйгээр зөвхөн гараар бичсэн баримтад маш их ач холбогдол өгдөг. Задлан шинжилгээ хийхдээ шинжээч эмч нь ямар ямар гэмтэл хаана хаана нь учирсан байгааг  тодорхой бичсэн. Хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд техникийн шинжтэй алдаатай баримт хавсаргагдсан байсныг сүүлд олж мэдсэн. Ганц шинжээчийн дүгнэлтээс гадна шинжээч эмч дүгнэлтээ гаргахдаа задлан шинжилгээний дүгнэлт, цогцост хийсэн гадна болон дотор үзлэг, бусад баримтуудыг үндэслэж байж шинжээчийн дүгнэлтээ гаргаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээнээс илүү хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн задлан шинжилгээний гадна дотно үзлэгээр ямар нөхцөл байдал тогтоогдсон зэргийг огт анхаарч ач холбогдол өгч үзээгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарын хувьд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яригдаж байсан. Хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлах нотлох баримтаа хэлж байхдаа гэнэт 101 дүгээр хуудсанд авагдсан баримтад ач холбогдол өгч байсан. Хохирол хор уршгийг тогтоогоогүй гэдэг асуудлын талаар хэлэхэд Д.О-н үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Ц.Т-н үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан. Ц.Т-н үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан. Мөн энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд 6494000 төгрөг өгсөн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчөөс би 7000000 төгрөг нэхэмжилсэн гэж хэлээд байдаг. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн яагаад тэр үед нь хэрэгт хавсаргагдсан бүх баримтуудыг нэг бүрчлэн хооронд нь нэмж хасч үзээгүй гэдэг нь сонин байна. Мөрдөгчид өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан байдаг.  Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгож тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд техникийн шинжтэй алдаа гаргасан. Гараар бичсэн юман дээр ач холбогдол өгөөд байна гэж прокурор тайлбарлаж байна. Тэр хэрэгт хэн хяналт тавьж байгаа вэ гэхээр прокурор өөрөө хяналт тавиад яллах дүгнэлт үйлддэг. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан хуудас дээр алдаатай зүйл байсан бол шүүхэд хэргээ өгөхөөсөө өмнө хяналтаа тавиад тухайн хохирогчтой холбоотой баримт мөн эсэхийг нь тогтоох ёстой байсан. Гэтэл тэр хяналтаа тавьж чадаагүй байж тэр баримтад хэтэрхий ач холбогдол өгч байна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв прокурорын шүүхэд шилжүүлсэн хэрэгт тэр баримт байхгүй байсан бол өнөөдөр энэ тухай яригдахгүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд хэтэрхий ач холбогдол өгч байна гэж хэлж байна. Тэр дүгнэлтэд ач холбогдол өгөхөөс өөр арга байхгүй. Шүүгдэгч Д.О, Ц.Т нарын үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж үздэг. Энэ хэргийн улмаас хүний алтан амь хохирсон байхад прокурор яагаад санаа зовохгүй байгааг би гайхаж байна. Талийгаач зодуулсныхаа дараа Өвөрхангай аймгийн Уянга сумын эмнэлэгт үзүүлсэн байдаг. Гэтэл сумын эмч үзээд шууд гэр лүү нь явуулсан. Тийм үйлдэл гаргасан эмчид хариуцлага тооцох тухай асуудал яригдах ёстой. Яагаад гэхээр тухайн эмч үзээд энэ хүн хүнд зодуулсан, хэвлий орчимд нь өшиглөсөн асуудал яригдаж байхад  тухайн хүний биеийн байдлыг харж байгаад шаардлагатай бол Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү яаралтай явуулах боломжтой  байсан. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй. Хүний амь нас хохирсон энэ үйлдэлд буруутай хүмүүс нь тодорхой юм байна гэж үзэж байсан боловч хэрэг дотор дутуу шалгасан зүйлүүд их байсан. Гэм хорын хохирлын баримтад хүн сэтгэл хөдлөлөөрөө хандана гэсэн ойлголт байхгүй. Бүрдүүлээд өгсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад би байхгүй болчихсон байна гэж хэлэхээс өөр яах ёстой вэ? 7240000 төгрөгийн баримтыг би хоёр хувааж хүлээлгэж өгсөн. Түүнээс хавтаст хэрэгт 3900000 төгрөгийн баримт нь байгаа. Үлдсэн 3340000 төгрөгийн баримт нь байхгүй болсон байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хоёр хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад тэр баримтууд байхгүй болсон байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарын хугарал болон хавирганы арваад хугарлууд байсан. Шүүгдэгч Д.Оын үйлдлийг прокурор хажууд нь хараад зогсож байсан юм шиг ярьдаг. Д.О хохирогчид хөнгөн хохирол учруулсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна гэж хэлж байна. Д.О, Ц.Т нар талийгаачийг хэрхэн зодож байхыг хараагүй хэдий ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр нэг буюу нэгээс дээш удаагийн цохилтоор тухайн хүний амь нас хохирсон байна гэж дүгнэсэн. Шүүгдэгч Ц.Тийн мэдүүлэгт би нэг удаа цохисон гэсэн байдаг. Шүүгдэгч өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэггүй. Гэхдээ талийгаачийн амь нас хохироход Д.Оын үүрэг оролцоо байна гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдоод байхад түүнийг хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилээд байна. Энэ хэрэгт хөнгөн хохирол учруулснаараа биш нэг буюу нэгээс дээш удаагийн цохилтоор энэ хоёр хүний хоёулангийнх нь оролцоогоор гэмтэл учраад талийгаачийн амь нас хохирсон гэж үзэхээр байдаг. Прокурорын яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан тогтоол үндэслэлтэй тул шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулж хэлэхэд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтууд нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судлахад дутуу байсан гэсэн утгатай зүйл хэлж байна. Өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын бүх шатанд оролцож байгаа. Прокурорын хяналтын шатанд болон шүүхийн шатанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж байгаа. Хэргийн материалтай танилцах явцад нотлох баримт байхгүй байсан талаар хөндөж яриагүй. Тэгэхээр нотлох баримт гаргаж өгсөн эсэх нь эргэлзээтэй байна... гэв.

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн тайлбарыг дэмжиж байна. Прокуророос шүүгдэгч Ц.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан, шүүгдэгч Д.Оыг хөнгөн хохирол учруулсан гэж яллаж яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед гэрт байсан гэрчүүд яагаад хэргийн бодит байдлыг ярихгүй байгаа вэ? Үүнийг заавал дахин асуулгах ёстой. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ шинжээчийн дүгнэлт болон өөрийнх нь утсаар ярьсан яриа зэргээс харахад шүүгдэгч Д.О нь хохирогчийг хоёр удаа гэрээс чирж гаргаад түүний дээр сууж байсныг шүүгдэгч Ц.Т хэлдэг. Хоёр удаа чирсэн гэдгээ өөрөө мэдүүлсэн байдаг. Талийгаачийг чирж гаргасан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд зүүн далны урагдалт бусад зүйлүүд хөнгөн гэмтлээр тогтоогдсон байдаг. Мөн шинжээчээс авсан мэдүүлэгт нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хүнд гэмтэл үүссэн байх боломжтой гэсэн тул шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хамт зүйлчлэх ёстой байсан. Хэргийн нөхцөл байдлыг үнэлэхэд зайлшгүй дахин шалгах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Талийгаачийг гэрээс нь хоёр удаа чирж гарч байхад гэрчүүд яагаад энэ талаар нэг ч зүйл яриагүй талаар дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.О, Ц.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн Д.О, Ц.Т нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, ...1 дүгээр хавтас хэргийн 101 дүгээр хуудсанд “зүүн 2 дугаар хавирга 3, 6, 7, 8 дугаар хавирга, 2, 3, 4, 5 дугаар хавирган эгэмийн дотор шугамаар 7, 8, 9 дүгээр хавирга эгэмийн дунд шугамаар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга зүүн далны дотор шугамаар хугарсан. Зүүн гарын бугалга дээд гуравны 1 хэсгээр хугарсан” гэсэн шинжээч Э.Хүрэлсүхийн гарын үсэг, тамга бүхий баримт авагдсан боловч уг гэмтэл нь хэний биед учирсан гэмтэл болох, мөн уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоогоогүй тул шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн,талийгаач Ш.Д-д учирсан гэх хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл бааст үрэвсэл нь үхэлд хүргэх гэмтэл мөн эсэх, амь насыг аврах боломжтой байсан эсэх талаар дүгнэлт хийгдээгүй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш,

Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Ц.Т-н нэрийг Ц.Т гэж зөрүүтэй бичсэн зэрэг нотловол зохих байдлыг нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаарх тогтоол үндэслэлтэй,  мөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч эмч Б.Шүрэнцэцэгийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/32 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цолмонгэрэлийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/32 дугаартай тогтооолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цолмонгэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.