| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.О******* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Энхтуяа
шүүгдэгч Л.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л******* О*******т холбогдох эрүүгийн 213 100 000 0144 дугаартай хэргийг 2021 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр С******* аймгийн Ц******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч, мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт С******* аймгийн Ц******* сумын Оргих 1-р баг, Задгай тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Л******* О*******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Шүүгдэгч Л.О******* нь согтуугаар 2021 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр С******* аймгийн Ц******* сумын 6-р бригад гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Лхагвадуламыг “Чи согтчихсон юм уу” гэж асуухад нь уурлан эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, баруун нүдний алимны салст, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.О******* шүүхийн хэлэлцүүлэгт “... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар ярьсан, эхнэрээ өмнө нь хардах бодол төрж байснаас болоод согтуудаа тэрийгээ гаргасан юм шиг байна лээ. Согтуу байсан болохоор болсон зүйлийг санахгүй байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, оногдуулах ялыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ
Шүүгдэгч Л.О*******ийн 2021 оны 08 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07-р сарын 31-ний өдөр Би Лхагвадуламтай хамт 2018 оноос эхлэн амьдраад 4 жилийн хугацааг өнгөрөөж байна. бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд маань одоо 3 настай. Урьд өмнө гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэгэн буруу муу зүйл тохиолдож байгаагүй. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эгч болох О******* гэр бүлийнхэн болон манай гэрийнхэн салхинд гарангаа хавар эвдрээд хаячихсан байсан машинаа янзлахаар Ц******* сумын 6 дугаар бригад гэх газар луу 12 цагийн алдад гараад замаараа хүнс цуглуулахаар дэлгүүр орсон. Тухайн үед би нууцаар 2 пиво Б******* хамт хашааны буланд уучхаад Лхагвадулам, Оюунбилэг нарын дэлгүүрээс гарч ирэхээр нь буцаж очоод хөдөлсөн. Хэсэг явж байгаад Лхагвадулам, Оюунбилэг нараас гуйж байгаад ахин 3 пиво Б******* хамт уучхаад ахин замдаа гарсан. Таван том пиво хоёулаа уусан учир цааш нь юу болсон талаар санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь Б******* гэрт өөрийн хүүхэдтэйгээ хамт сэрсэн. Сэрсэн даруйдаа хүүхдээ аваад Оюунбат ахын гэрт очтол танай эхнэр Лхагвадулам эмнэлэгт байгаа гэж надад хэлсэн юу болсон талаар асуухад Салхинд гарах гэж явахдаа эхнэртээ гар хүрсэн байна гэж надад хэлсэн. Тухайн явдлыг сонссон даруйдаа эмнэлэг орохоор гарах гэж байтал манай эхнэр болох Лхагвадулам нь Оюунбат ахын гэрт хүрч ирсэн. Тухайн үед миний хажууд эхнэр Лхагвадулам, эгч Оюунбилэг, найз Батболд, дүү Оюунтөгс тэгээд жоохон хүүхдүүд байсан. Тухайн явдлын талаар би юу ч санахгүй байна. Эхнэрийн биеийн байдал ямар байсныг би сайн харж чадаагүй учир нь малгай өмсөөд нүдний шил зүүчихсэн байсан болохоор ил харагдах шарх харагдахгүй байсан. Ямартай ч нүд нь хөхөрчихсөн байсан....” гэх мэдүүлэг,
Г.Л******* 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... Манай нөхөр О******* нь замдаа зогсож байгаад 2 том пивоо Батболд гэх найзтайгаа хувааж уугаад цааш машин дээрээ очоод газар хэвтээд байхаар нь би “Чи согтсон юм уу” гэж асуутал, О******* “Чи миний согтохыг хүлээж байсан юм уу гэж хэлээд миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь зугтаатал араас гүйж ирээд дахин миний толгой руу цохиж, хацар руу алгадсан тэр үед нь би газарт унатал миний ам болон нүүр лүү 3 удаа өшиглөж шүд хугалсан, нуруу, хөл гар руу бас өшиглөсөн. Тэр үед О*******ийн төрсөн эгч нь машинаас гүйж ирээд ямар аймар болгосон юм бэ гэж хэлсэн. Би О*******ийг эгч, дүү нараар нь бариулж байгаад хүүгээ аваад замын унаанд сууж төв рүү орсон... О******* бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёр 2014 онд танилцаж 2020 онд хамт амьдарч дундаасаа нэг хүүтэй, манай хүү одоо хоёр настай. ...О******* нь миний эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч Л.О******* 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О******* газар хэвтээд байхаар нь Лхагвадулам надад хандаад О******* тасарчихсан байх шив дээ гэж хэлэхэд намайг таслаад яах нуу гэж хэлээд босож ирээд толгойных нь ар дагз хэсэг гараараа түлхтэл Лхагвадулам нь урд байсан ширээг мөргөсөн. Тэгтэл Лхагвадулам удалгүй гараад явчихсан би удалгүй араас нь гартал Лхагвадулам нь машинаа унаад яваад өгсөн. О******* нь Л******* араас явган явсан. Бид нар болиулах гэсэн боловч дийлээгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч О.Б******* 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн алдад найз О******* гэр бүлийн хамт, Оюунбилэг гэр бүлийн хамт, Оюунтөгс бид нар салхинд гарах зорилгоор шүрэн гэх газар луу явахаар болсон. Лхагвадулам Оюунбилэг нар дэлгүүр орж идэж уух зүйл авахаар орсон. О******* бид 2 дэлгүүрээс нууцаар 2.5 литр хэмжээтэй 2 ш Сэнгүр нэртэй пиво аваад 2-лаа уусан. Тэгээд буцаж хамт байсан хүмүүстэйгээ нийлээд замдаа гарсан ойролцоогоор 15-20 км явсны дараа О******* Лхагвадуламаас ахин 2.5 литртэй 2 ш пиво гуйж бид 2 машин дотроо уусан. Ууж дуусаад цааш явж байхдаа ахин 1 ш 2.5 литрийн пиво гуйж аваад уусан. О******* бид 2 нийтдээ 5ш 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан учир биеэ авч явах чадваргүй байсан учир би машинд унтаад өгчихсөн тэгээд нэг сэрэхэд сумын төвд эмээгийнхээ гэрт сэрсэн. О******* нь архи дарс нээх их уугаад байдаггүй. Тухайн үед салхинд гарч байсан учраас уусан. Дээрээс нь бид 2 ойрын хугацаанд уулзахгүй байгаа. Лхагвадулам О******* нар үерхэж нөхөрлөөд 7 жил болж байгаа 2018 оноос нэг гэрт орсон 1 хүүхэдтэй. Урьд өмнө тийм асуудал болж байгаагүй. Би тухайн хүмүүсийг сайн таньж мэднэ. Гэр орноор нь орж гардаг хүний хувьд хэлэхэд халуун дулаан уур амьсгалтай эерэг сэтгэгдэл төрүүлдэг юм шиг санагддаг ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-22 дүгээр хуудас/,
Гэрч Л.О******* 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сарын 31-ний 12 цагийн алдад эгч Оюунбилэг түүний гэр бүлийнхэн ах О******* түүний гэр бүлийн гишүүдийн хамт явахаар болоод хөдөлсөн. Замд явж байхдаа О******* ах машиныхаа дугуйгаа хагалчхаад үлдээчихсэн байсан тээврийн хэрэгслээ засаж янзлахаар ярилцаад тохиролцоод цааш явсан. С******* аймаг Ц******* сумын 6-р бригадад очсон. Очоод дугуйгаа хийлэх насос байгаагүй учраас би дугуйгаа аваад бригад руу явсан дугуйгаа хийлүүлчхээд буцаад иртэл О******* ахын эхнэр Лхагвадулам нь Ц******* сумын төв рүү явчихлаа гэж хэлээд тэнд байсан хүмүүс намайг орхиод яваад өгсөн. Би машины дугуй солихоор үлдсэн. Ямар асуудал болсон талаар тухайн үед мэдээгүй. Тэр оройдоо Ц******* сумын төв ороод болсон явдлын талаар сонссон. Архи согтууруулах ууж идсэн талаар би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ц 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би О******* гэх хүнийг танина Ц******* сумын Шүрэн гэх газарт эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг гэдгийг нь мэднэ. Надтай садан төрлийн холбоо байхгүй. Найзалдаг нэг хүнийг нь мэднэ, хүмүүсийн ярианаас сонсоход Ц******* суманд атаман байрын юм сонсогдож байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг үгүйг би мэдэхгүй байна, ямартай ч надтай 2 удаа таарч байсан. Тэгэхдээ тэр бүгдэд согтуу байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Г.Л******* биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, баруун нүдний алимны салст баруун бугалга цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Г.Л******* зүүн хөлийн шагайн үений хэсэгт гэмтэл тогтоогдсонгүй.
4. уг гэмтлүүд нь өөрөө унах үед үүсэх боломжгүй.
5. хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, баруун нүдний алимны салст баруун бугалга цээжинд цус хуралт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт гэмтлийн үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.
7.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
8. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, баруун нүдний алимны салст баруун бугалга цээжинд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. /хх-ийн 32-34 дугаар хуудас/,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1463 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-15 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 112-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.О******* нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С******* аймгийн Ц******* сумын 6 дугаар бригадын орчим гэр бүлийн гишүүдтэйгээ явж байхдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсон үедээ ялимгүй зүйлээр шалтаглаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Лхагвадуламыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Г.Лхагвадулмын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... О*******ийг согтчихсон юм уу гэж хэлсний төлөө намайг гараараа толгой руу цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон, ...бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй, 2020 оноос хойш хамт амьдарч байгаа, ...хохиролд 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Л.О******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Лхагвадулам надад хандаад О******* тасарчихсан байх шив дээ гэж хэлэхэд намайг таслаад яах нуу гэж хэлээд босож ирээд толгойных нь ар дагз хэсэг гараараа түлхтэл Лхагвадулам нь урд байсан ширээг мөргөсөн ...” гэх мэдүүлэг, С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд “... 1.Г.Л******* биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, баруун нүдний алимны салст баруун бугалга цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт Л.О*******ийн өгсөн “... эхнэрээ өмнө нь хардах бодол төрж байснаас болоод согтуудаа тэрийгээ гаргасан юм шиг байна лээ. Согтуу байсан болохоор болсон зүйлийг санахгүй байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, оногдуулах ялыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгүүд зэрэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна.
Шүүгдэгч Л.О*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Лхагвадулам нь Л.О*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн талаар хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдагдсан байх тул шүүгдэгч Л.О*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.О******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.О******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.О*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Л******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О*******ийг 650 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.О*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.О*******т мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.О******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ