Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/01802

 

 

  

 

 

 

 

 

 

2020 оныс07 срын   07 өдөр

                               181/ШШ2020/01802

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: С Г  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.У

 

Хариуцагч: Х К  ХХК -д тус тус холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 113,597,025 төгрөг  гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагч Х К  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Г  ХХК болон Х К  ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах 19-1483 тоот гэрээ, барьцааны гэрээний хамт байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүтээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж Х К  ХХК-д 142,731,350 төгрөгийн шатахууныг бөөний үнээр cap бүр нийлүүлж ирсэн.

Гэтэл Х К  ХХК нь гэрээгээр хүлзэсэн үүргээ эс биелүүлж авсан шатахууны төлбөрийг хугацаандаа төлехгүй удааж байсан. Манай компанийн зүгээс Х К  ХХК-ийг авсан шатахууны төлбөр болон төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч алдангийн төлбөрөө төлөхгүй байсаар байна.

Талуудын хооронд байгуулсан Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг С Г  ХХК-д төлөхоөр заасан. Тус заалтын дагуу Х К  ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 66,521,444 төгрөг болсон.

Иймд Х К  ХХК-аас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 75,731,350 төгрөг, гэрээний дагуу шатахууны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 50% хувиар бодож 37,865,675 төгрөгөөр бодож нийт 113,597,025 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Мөн түүний барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө болох УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр  хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, 1 байр, 704 тоот хаягт байрлах, 000171167 гэрчилгээний дугаартай, Ү-2203023566 улсын бүртгэлийн дугаартай, 125.53 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Х К  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид өмнө нь санал болгож байсан бараа материал, авто машин энэ тэр нь солигдож байгаа, зах зээлийн үнийг мэтгэлцээний шатанд ярилцаж болох байх, өндөр үнэтэй гэсэн зүйл байхгүй, тавилгыг Мишээл тавилгын дэлгүүрийн зарагдаж байгаа үнээр санал болгосон. Тийм учраас үнийн хувьд бидний зүгээс шударга хандсан гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй асуудал байгаа. Нэхэмжлэгч талыг 2 шаардлага гаргасан гэж ойлгож байгаа.  Хайпир хаус констракшн ХХК-ийн зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 75,731,324 төгрөг, гэрээний дагуу шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги Иргэний хуульд заасны дагуу 50 хувиар бодоход 37,865,675 төгрөгөөр бодож, нийт 113,597,025 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт, мөн үүргийн гүйцэтгэл хангуулах тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг хамт бүгдийн гаргуулж тус компаний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн шаардлага мөн тэр барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо 13 дугаар хороолол, олимп гудамж, 01 дүгээр байр, 704 тоот хаягт байрлах 000171167 гэрчилгээний дугаартай Ү2203023566 Улсын бүртгэлийн дугаартай 125.53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн 2 шаардлага гаргасан гэж үзэж байгаа.

Энэ нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу байгуулсан, зээлээр авсан шатахууны үндсэн төлбөр 75,731,350 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар бодож алданги тооцохоор 37,865,675 төгрөгийг нэхэмжилсэн байж байгаа, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс оронд учирсан нөхцөл байдалтай холбогдуулаад энэ алдангиас чөлөөлж өгнө үү, Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг болохоор зэрэг үндсэн төлбөрийг хэмжээнд Улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

Үүргийн гүйцэтгэлд хангуулж байгаа байрны тухайд болохоор С Г  ХХК, Х К  ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ болохоор зэрэг Иргэн хүний амьдарч байгаа орон сууцыг энэ гэрээний барьцаалбар болгож, барьцааны гэрээ хийсэн. Энэ нь хуульд нийцэхгүй, тийм болохоор барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, иргэн хүний хөрөнгөд халдах боломжгүй гэж үзэж байгаа. Тухайн хүний хууль мэдэхгүй байдлыг ашиглаж, хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа, тийм учраас энэ гэрээг хүчингүй болгож өгнө үү, үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулна. Бусад асуудлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С Г  ХХК нь хариуцагч Х К  ХХК, М.У  нарт холбогдуулан 113,597,025 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.У гаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь худалдах, худалдах авах гэрээний үндсэн төлбөр 75,731,350 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, харин алданги багасгаж өгнө үү, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

 1. Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу нийт 110,000,000 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг С Г  ХХК-ийн Өмнөговь аймаг Цогт цэций суманд байрлах ШТС-48, ШТС-50, ШТС-51, ШТС-62-д мөрдөгдөж буй дараа төлбөрт нөхцөлийн батлагдсан үнээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Талууд 2019 онд гэрээ байгуулсан үйл баримт болон үлдэгдэл төлбөрийн тооцоололд маргадаггүй бөгөөд гэрээний огноо нь техник шинжтэй алдаа тул хөөн хэлэлцэх хугацаа дүгнээгүй болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь хариуцагч Х К  ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Х К  ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,731,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д “Хэрвээ худалдан авагч энэхүү гэрээний 3.2-д заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алданги төлнө” гэж тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 75,731,350 төгрөгийн тал хувиар тооцож, 37,865,675 төгрөгийн алданги шаардсан ба хариуцагч нь “Улс орны нөхцөл байдал, Ковид 19-тэй холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул алдангийг багасгаж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс хил хаасантай холбоотойгоор зөвхөн хариуцагч төдийгүй, бусад тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт тул энэхүү давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагч Х К  ХХК-аас 18,972,837 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С Г  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д “Талуудын урьдчилан таамаглаж, боломжийн аргаар урьдчилан сэргийлэх аргагүй онцгой үйл явдал гэрээ байгуулсны дараа болсноос үүссэн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал (форс мажор)-ын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн биелүүлэх буюу бүхэлд нь биелүүлээгүй тохиолдолд талууд хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан ба анз нь гэрээний хариуцлагыг илэрхийлсэн тохиролцоо, мөн Ковид-19-ийн нөхцөл байдал нь урьдчилан таамаглаж, боломжийн аргаар урьдчилан сэргийлэх аргагүй онцгой үйл явдал гэрээ байгуулсны дараа болсноос үүссэн давагдашгүй хүчин зүйлд хамаарах болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Х К  ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,731,350 төгрөг, алданги 18,972,837 төгрөг, 94,704,187 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С Г  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,972,837 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Дээрх худалдах худалдан авах гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж,  Режи рекипент 16 дугаар байр, 704 тоотод байрлах, 125,53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023566 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 12, 20-27 дахь тал/.

 

Хариуцагч нь Х К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг орон сууцыг барьцаалан дизель түлшний үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авах тухай хүсэл зоригийг илэрхийлсэн ба барьцааны зүйлийн өмчлөгч М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нар нь мөн өдөр итгэмжлэл үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Энэ гэрээнд Х К  ХХК нь М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарыг төлөөлж оролцоогүй, харин Х К  ХХК нь өөрийн нэрээр барьцааны гэрээг байгуулсан байна. М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нар нь барьцааны гэрээг төлөөлөн байгуулах эрхийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны итгэмжлэлээр Х К  ХХК-д олгосон байх тул итгэмжлэлийн үндсэн дээр хийж байгаа хэлцлээс үүсэх эрх, үүрэг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гагцхүү төлөөлүүлэгчид бий болох хууль зүйн үр дагавартай.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргасан итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-д заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн Барьцааны гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг хоногийн дараа олгосон болохыг дурьдах нь зүйтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан барьцааны гэрээнд заавал тусгах “барьцааны гэрээний талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар” гэх шаардлагад Х К  ХХК бус харин М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарыг тодорхойлсон байхыг ойлгох бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд Х К  ХХК-д барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэл болно.

 

Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т дахь зохицуулалт нь барьцаалуулагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч бус гуравдагч этгээд байж болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан зохицуулалтад хамаарах ойлголт тул бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд барьцааны гэрээнд өмчлөгчийг барьцаалуулагчийн хувиар заавал оролцуулсан байх хуулийн зохицуулалттай.

 

Энэ үүднээсээ С Г  ХХК-д М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарын өмчлөлийн хөрөнгөнд барьцааны эрх үүссэн гэж шууд үзэхэд эргэлзээтэй байна.

 

Нөгөөтэйгүүр С Г  ХХК нь дээрх шаардлагыг хариуцагч Х К  ХХК-д холбогдуулан гаргасан байх ба өмчлөгч М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй. Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай. Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

 

Маргаан бүхий тохиолдолд анхдагч буюу үндсэн шаардлага зээлийн гэрээнээс үүсэх бол хоёрдогч шаардлага нь барьцааны гэрээнээс үүсэх барьцааны шаардлага байна. Үндсэн шаардлагаас салшгүй орших барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай тул өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр С Г  ХХК-ийн гаргасан шаардлагаар М.У , АНУ-ын иргэн Вэйд II Малколм Александр нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

 

Энэ үндэслэлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж,  Режи рекипент 16 дугаар байр, 704 тоотод байрлах, 125,53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023566 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай С Г  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 зааснаар хариуцагч Х К  ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,731,350 төгрөг, алданги 18,972,837 төгрөг, 94,704,187 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С Г  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,972,837 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж,  Режи рекипент 16 дугаар байр, 704 тоотод байрлах, 125,53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023566 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.У гаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х К  ХХК-аас 631,471 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С Г  ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР