Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2018/0022

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, нэхэмжпэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч Г.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарт холбогдох Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1, 4.3 дахь хэсэг, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар акт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, хууль бус актуудын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Баянхонгор аймгийн ******* ахлах сургуулийн захирлаар 2014 оны 10 сараас эхлэн Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалтанд тэнцсэний үр дүнд ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа тус сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, сургалтыг үр дүнтэй болгох, сургуулийн материаллаг баазыг дээшлүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр гол анхаарлаа хандуулан тодорхой ажил, арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн. Намайг ажил авснаас хойш тус сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз бэхжсэн, ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаарч тодорхой амжилтанд хүрсэн, элсэлтийн ерөнхий шалгалт, анги дэвших, төгсөх шалгалтын амжилт чанар тодорхой хувиар ахисан, олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд багш сурагчдын медальт байрын тоо нэмэгдсэн зэрэг амжилтуудыг гаргаж хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаж байсан.

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот дүгнэлт илт хууль бус гэж үзсэн үндэслэл хийгээд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 34 тоот тогтоол илт хууль бус болох талаар:

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын Албаны санхүүгийн хяналт шалгалтын байгууллагаас Аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилох тухай А/715 тоот захирамжийн дагуу хийсэн шалгалт нь нэг талыг барьсан, надаас тодорхой өөг зориудаар хайсан төрийн хяналт шалгалт хийх зарчим зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Миний бие шалгалт явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцээгүй ч гэсэн тухайн шалгалтыг явуулж байгаа албан хаагч нарын шууд над руу чиглэсэн шинжтэй, зөвлөн туслах биш аль болох алдаа хайх гэсэн шинж, үйл хөдлөлтэй, зориудаар намайг санхүүгийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан нь намайг ажлаас чөлөөлүүлэх гэсэн зориудын үйл ажиллагаа байсан гэж үзэж байна.

Учир нь тус ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч нь шалгалтын явцад манай ажилчдаас гаргасан хоёр утга бүхий өргөдөлд дурьдсан үйл баримтыг тэнцвэртэй авч үзээгүй.

Тодруулбал манай ажилчдаас миний ажлыг авах гэсэн зорилго бүхий хүний намайг буруутгасан утга бүхий нэг өргөдөл, нөгөөдөх нь намайг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсч байгаа, дээрх хүмүүсийн үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн хэсэг ажилчдын өргөдөлд дурьдсан үйл баримтыг харьцуулан үзээгүй.

Санхүүгийн дүгнэлтэнд ...1-д ур чадварын нэмэгдлийг тэнцвэртэй олгоогүй гэж, 2-т ур чадварын нэмэгдэл олгохдоо сард олгосон ур чадварын нэмэгдлийн дээд хязгаарыг хэтрүүлсэн, 3-т нэг тушаалаар хоёроос гурван удаа ур чадварын нэмэгдлийг олгосон, ур чадварын нэмэгдлийг цалин нэмэх хэрэгсэл болгон хавтгайруулан олгосон, сахилгын шийтгэл ногдуулсан багшид ур чадварын нэмэгдэл олгосон зэрэг багш, ажилчдыг ялгаварлах, тодорхой бусаар урамшуулах зэрэг зөрчлүүд гаргасан ... тул санхүүгийн үйл ажиллагааны хувьд ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой биш байна.

Би сургуулийн хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэж тухайн багш, ажилчдын ур чадварын байдал, амжилт гаргасан байдал зэргийг харгалзан үйл ажиллагаа явуулж байсан.

Дүгнэлтэнд дурьдагдаж байгаа зүйлс нь хэт ерөнхий, хэрэглэсэн хууль нь Иргэний хуулийн гэрээний зохицуулалтыг барьсан, ойлгомжгүй байна.

Мөн ямар үйл баримтаар, ямар алдааг гаргасан, Төрийн албаны стандартын ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой биш байгаа нь миний хардах эрхийг, энэ шалгалтыг далимдуулж намайг ажлаас чөлөөлөх гэсэн зорилго, чиглэл агуулж байгаа гэж үзэх, үндэслэл баримт болж байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нь "иргэнийг ажилдаа тэнцэхгүй" гэж дүгнэлт гаргах эрхгүй, харин санхүүгийн хувьд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргах байтал эрх хэмжээнээсээ хэтрүүлэн дүгнэлт гаргасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга, түүний харьяа хяналт шалгалтын албууд нь нь зөвхөн намайг ажлаас чөлөөлөхийн тулд ажлын хэсэг гаргаж, намайг ажлаас чөлөөлөхийн тулд төрөөс зардал мөнгө гарган, бүхэл бүтэн ажлын хэсэг, баг очиж ажиллаж байж намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн. Мөн тус хорооны тогтоолыг гаргахдаа ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Урьдчилж мэдэгдээгүй.

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот дүгнэлт нь миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, тухайн байгууллага өөрийн эрх хэмжээний биш асуудлыг шийдвэрлэсэн илтэд хууль бус акт гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Дээрх илт хууль бус дүгнэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын алба, хороо нь тогтоол гаргахдаа бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, зөвхөн намайг ажлаас чөлөөлөх чиглэл хандлагатайгаар хуралдаж зөвхөн намайг буруутгах гэж гарсан тогтоол гэж үзэж байна.

Энэхүү шалгалт явуулсан шалтгаан нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга төрсөн дүү нь гомдол гаргаж, нь шалгалтыг ахалж, тайлангиин хурал хийхдээ энэ талаараа манай хамт олны хурал дээр хэлсэн, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч ******* эхнэр нь манайд багшилдаг байхад тухайн асуудлыг биечлэн шалгаж, миний эсрэг дүгнэлт гаргасан зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй байж шууд хүч түрэн хяналт шалгалт хийсэн.

Энэ байдлууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн.

Өорөөр хэлбэл зөрчил гарсан гэж үзэн түүнийгээ нотлох зорилгоор шалгалт хийсэн гэж үзэж байна.

Энэ шалгалтын дүнг үндэслэн Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо хуралдаж тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх "сахилгын шийтгэл ногдуулах тухай", "Төсвийн тухай хуулийн 70.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан заалтуудыг тус тус үндэслэсэн нь өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлыг шийдвэрлэж илтэд хууль бус тогтоол гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 тоот захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох үндэслэлийн талаар: Би 2018 оны 1 сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ******* утсаар дуудсан. Очоод уулзахад тэдний өрөөнд хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн *******, хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга ******* нар байсан.

Тэгээд "Таны ажлыг чинь авах гэж байгаа, Засаг дарга таныг дуудаж хэлээрэй гэсэн, сонсох ажиллагаа явуулна" гэж хэлээд аудитын хорооны тогтоолыг танилцуулсан.

Тэгэхэд нь би 2017 оны 12 сарын 27-ны өдөр хуралдсан хурлын тогтоол уу гэж асуухад тийм ээ энэ бичгээр гарсан байна гэж үзүүлсэн. Тэгэхэд нь би "намайг ажлаас чөлөөлөх талаар яригдаагүй, ямар үндэслэлээр чөлөөлөх гэж байгаа юм бэ, тэр үндэслэлийг сонсьё" гэсэн чинь огт юм хэлээгүй. Харин ******* дарга та нар энэ хүнд акт тавьсан гэсэн, тэр чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь акт нь бичгээр гараагүй байсан. Тэгээд би гараад явсан.

Надад ямар нэгэн захирамжийн төсөл болоод үндэслэл нь энэ юм гэж огт танилцуулаагүй. 2018 оны 1 сарын 03-ны өдөр намайг нягтлангаар дамжуулж дууудахад нь очиход надад "3 130 593 төгрөгний акт тавьж байгаа шүү" гэдгийг амаар хэлээд бичгээр үзүүлээгүй. Тэгээд надад акт танилцуулав гэсэн бичиг үзүүлсэн. Тэр нь 2017 оны 12 сарын 28-ны өдрийн зөрчилтэй олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай актын хавсралтыг танилцуулсан. Бичгээр өгөөгүй. Албан ёсоор гардаж аваагүй.

Хэд хоногийн дараа буюу 2018 оны 1 сарын 08-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга утсаар яриад "Ажлыг чинь хүлээж авна, байж байгаарай гэж хэлсэн. Би сургууль дээрээ байж байтал Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга хамт ирээд намайг ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамж өгсөн. Тэгээд миний ажлыг хүлээж авсан.

Ажлаас чөлөөлөх захирамжийг уншиж үзэхэд Захирамжийн үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.17, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 34 тоот тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлжээ. Энэ захирамжийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Энэ захирамж илт хууль бус, хууль бус актыг үндэслэн гарсан, төрийн жинхэнэ албан хаагчийн баримтлах заалтыг удирдлагаа болгосон, надад сонсох ажиллагаа хийж урьдчилан мэдэгдээгүй, улс төрийн зорилгоор зориудаар намайг ажлаас чөлөөлөх гэж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан, хөдөлмөрийн хуулийн аль нэг зүйл заалтыг бариагүй хууль бус захирамж болсон.

Боловсролын газартай яаж зөвшилцсөн, миний хөдөлмөрийн гаргасан үр дүнг, хөдөлмөрийн гэрзэг ямар үндэслэлээр зөрчсөн гэж чөлөөлсөн нь тодорхойгүй учраас дээрхи захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулсны хувьд хөдөлмөрийн тухай хуулинд заасан ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа талаар захирамжинд байхгүй байгаа тул энэ захирамж хууль бус болсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Мөн захирамж гарсан өдөр буюу 2017 оны 1 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга ******* Баянхонгор аймагт байгаагүй, энэ өдөр Баян-Өндөр, Баянцагаан гэх мэтийн сумдад ажиллаж байсан нь холбогдох баримтуудаар нотлогддог юм. Засаг дарга нь байхгүй байхад ажлаас чөлөөлсөн, захирлын ажилд ******* томилсон захирамж гарсан нь хууль бус юм.

Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн******* дугаар Зөрчилтэй олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай актыг эс зөвшөөрөх тухай

Манай сургуулийн 2016 оны санхүүгийн материалд аймгийн дотоод аудитын шалгалт хийгдэж нэр бүхий 21 хүнд 3 130 592 төгрөгний акт тавигдсан. Сургуулийн хамтын гэрээг хөдөлмөрийн хуулийн 18.1.1-д зааснаар тус хуулийн 18.2 дугаар зүйлийн дагуу хийж ажил олгогчтой багшийн мэргэжлийн ажлын онцлогийг харгалзан байгуулсан.

Хамтын гэрээ нь байгуулагдаад Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар баталгаажуулж албан ёсоор одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хамтын гэрээ нь талууд харилцан тохиролцож байгуулсан тул хуулийн адил үйлчлэх ёстой гэж үзэж байгаа тул энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би хамтын гэрээний 2.25, 26, 27, 28 дугаар заалтын дагуу ур чадварын нэмэгдэл олгосон. Гэтэл санхүүгийн дотоод аудитын шалгалтаар ур чадварын нэмэгдлийг хэтрүүлэн олгосон, нэр бүхий 21 багшаар нь буцаан төлүүлэхээр акт тавигдсаныг болиулах шаардлагатай. Энэ актыг гаргасанаар намайг санхүүгийн зөрчилтэй гэж дүгнэж намайг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгосон. Ингэснээр миний хөдөлмөрлөх эрх энэ актаар давхар зөрчигдөх нэг үндэслэл болсон.

2018 оны 1 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ******* "Зөрчилтэй олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай" акт нь хөдөлмөрийн хууль болон манай сургуулийн хамтын гэрээг зөрчиж гарсан, ажилчдад олгосон ур чадварын мөнгийг буцаан төлүүлэх шинжтэй гаргасан нь багш нарын үндсэн ажил дээрээ тодорхой хэмжээний нэмэгдэл авах, цалин хөлсөө баталгаатай авах зэрэг хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрхийг зөрчсөн акт болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.12-д заасан хамтын гэрээгээр зохицуулах харилцааны нэг болох нэмэгдэл олгох гэсэн заалт, Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тусгаж болно гэсэн хуулийн дагуу бид хамтын гэрээгээ байгуулж баталгаажуулан тус гэрээний дагуу заримт багш нарт ур чадварын нэмэгдэл олгосон байхад буруу байна гэж дүгнэн буцаан гаргуулах гэж байгаад гомдолтой байна.

Иймд Хөдөлмөрийн хууль, Хамтын гэрээ болон бусад хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрч олгосон ур чадварын мөнгийг буцаан гаргуулах тухай Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ******* "Зөрчилтэй олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Энэ талаар би Сангийн сайдад дүрмийн дагуу гомдол гаргасан байгаа. Хариу нь ирээгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 34 тоот тогтоол нь илт хууль бус тул хүчингүй болгох, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 сарын 05-ны өдрийн Б/21 тоот захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, хууль бус актуудын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор сумын ******* 3 дугаар сургуулийн багш, ажилтны нэр бүхий төлөөллөөс аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг томилох тухай А/715 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан Баянхонгор сумын ******* 3 дугаар сургуулийн багш, ажилтны нэр бүхий төлөөллөөс аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж-ийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна гэсэн заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-д заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Баянхонгор аймгийн ******* ахлах сургуулийн багш, ажилчдын ирүүлсэн өргөдөл, гомдолд бичигдсэн санхүүгийн зөрчилтэй гэж үзэж байгаа хэсгийг салган тодруулан шалгасан. Хяналт шалгалтыг ******* ахлах сургуулийн 2016, 2017 онуудын санхүүгийн баримт, санхүүгийн холбогдол бүхий бусад баримтуудад тулгуурлан хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн. Санхүүгийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ хяналт шалгалтын зарчмуудыг баримтлан нотлох баримтанд тулгуурлан хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар хэн нэгнээс өө гаргах, буруутгах, хэт нэг талыг баримтлах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй бөгөөд тэнцвэртэй байдлаар үйлдлийг баримтанд тулгуурлан нотлох, хууль тогтоомж, эрхзүйн актуудад нийцэж байгаад дүгнэлт хийхэд чиглүүлсэн.

Хоёр. Ирүүлсэн өргөдөл, гомдолд хоёр утга бүхий мэдээлэл, хэт хардсан мэт мэдээллүүд байсан ч бүх санхүүгийн холбогдолтой мэдээллүүдийг нотлох баримтад тулгуурлан санхүүгийн дүгнэлт шийдвэрийг гаргасан. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон хяналт шалгалт хийх комисс нь хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гаргасан бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлагч байцаагч миний бие дангаараа ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаагүй гэдгийг мэдэгдэж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу санхүүгийн үйл ажиллагааны хувьд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлтийг гаргасан. Ер нь буруутай үйл ажиллагаа нь нотлох баримтаар нотлогдож байгаа бол буруутай дүгнэлтийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Нотлогдох баримтгүйгээр буруутгах, гүтгэх үйл ажиллагааг явуулаагүй болно.

Гурав. Хяналт шалгалтыг ажлаас халах, чөлөөлөх, гаргах зорилгоор бус ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг нотлох, үнэн зөвийг тодруулах, гарсан үр дүнд нь үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэн явуулсан болно. Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот танилцуулга нь ирүүлсэн өргөдөл, гомдолд бичигдсэн санхүүгийн холбогдол бүхий мэдээллүүдийг нотлох баримтын үндсэн дээр бичигдсэн Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-д заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд бичигдсэн болохыг баталж байна.

Дөрөв. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч миний бие хяналт шалгалтыг хийхдээ Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг гаргаж дараа сарын 8-н буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны дотор шилэн дансны сайтад байршуулсан.

Миний эхнэр нь Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн багш ажлыг хашдаг нь үнэн болно. Гэвч нийтийн эрх ашиг хөндөгдсөн зайлшгүй шалтгааны улмаас Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно гэж заасны 8.5.1-д тухайн байгууллагын нэгж эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй гэсэн заалтыг дагуу ажил үүргээ эрх хэмжээний дагуу хийж гүйцэтгэсэн ба ашиг сонирхлын зөрчилгүйгээр
гүйцэтгэснийг батлаж байна.

Тав. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ гэж заасны дагуу Санхүүгийн хяналт аудитын албаны шалгасан бүх материалуудыг Дотоод Аудитын хороонд танилцуулж хэлэлцүүлэн Дотоод аудитыг хорооны дэг-ийн и-д Хурлаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана гэсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 тоот тогтоолыг гаргасан.

Хяналт шалгалтын үр дүнг хэлэлцэж Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад эрх зүйн актуудыг зөрчсөн тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. гэсэн заалтуудыг үндэс болгон тогтоол гаргаж хяналт шалгалтын үр дүнтэй холбоотой албан тушаалтнуудад сахилга, хариуцлага, үүргийг сайжруулах зөвлөмж үүрэг чиглэлийг өгсөн. Хорооны 34 дүгээр тогтоол нь хууль тогтоомж, бусад эрх зүйн актын хүрээнд гарсан болно. /Төрийн албаны хууль. 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, нэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, 41.1-д Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ/, /Хөдөлмөрийн хууль. 141.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./

Зургаа. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн Ур чадварын нэмэгдэл нөхөн төлүүлэх тухай ******* тоот актыг үндэслэлгүй гэж үзээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ******* актыг хүчингүй болгохоор Монгол Улсын Сангийн Сайд буюу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хандаж гомдол гаргасан байна. Гомдлыг хянаж үзээд 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Гомдол хянасан тухай 13-1/701 албан бичгээр актыг баталгаажуулж биелүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлээд ******* ахлах сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороонд хариуг хүргүүлсэн байна. /шийдвэрийг хавсаргав/

Сургуулийн захирал асан акт гаргах талаар танилцуулж сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсанд гарын үсгийн зуруулж танилцуулсан ба төлбөрийн актад тайлбартайгаар гарын үсгийг зурна гэж амаар мэдэгдээд актад гарын үсэг зурахгүй болно. 2 удаа зуруулахаар сургууль дээр очсон боловч хүлээн аваагүй, тайлбартай гарын үсэг зурахаас татгалзсан. Ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг гаргахдаа сард олгох ур чадварын хэмжээний дээд хязгаарыг хэтрүүлсэн, 1 тушаалаар 1 хүнд 2-3 удаа ур чадварын нэмэгдлийг олгодог, 2 тушаалаар 1 сар 2-3 удаа олгодог, ур чадварын нэмэгдлийг цалин нэмэгдүүлэх хэрэгсэл болгон хэт хавтгайруулан олгосон, ажлын хариуцлага алдаж хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулсан багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон зэргээр багш, ажилчдыг ялгаварлах, тодорхой бусаар урамшуулах зэрэг алдаа зөрчлүүд нь баримтуудаар бүрэн нотлогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн баримтуудаар баталгаажуулсан ба баримтгүй, үндэслэлгүй, хуурамчаар хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр хяналт шалгалтыг явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ийн нэхэмжлэхтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие томилогдсон. Иймд миний бие ийн гаргасан 5 шаардлага бүхий нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

******* ахлах сургуулийн нэр бүхий 78 багш нараас 2 удаагийн хүсэлт, гомдол, өргөдөл ирүүлсэний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/715 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалт хийж илтгэх хуудсыг хамт олны хурал дээр 2017 оны 12 дугаар сарын 11 өдөр танилцуулж хурлын тэмдэглэлээр баталгаажуулан ажилласан.

Шалгалтаар Сургуулийн удирдлага, менежер, багш нарын гаргасан алдаа, дутагдлуудаас дүгнэхэд Нийт суралцагсдын тоо 2013-2018 оны хичээлийн жилд буурсан үзүүлэлттэй.

Аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан. Хүүхдийн сургалт хүмүүжлийн талаар анхаарал муу хандуулдаг. Багш, ажилчдын ур чадвар, үр дүнгийн нэмэгдлийг хэт хавтгайруулан олгодог нь төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа. Сургуулийн удирдлагын тухайд багш ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хаадаг байдал тогтоогдсон:

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, Монгол Улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6.4.1-д Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод зорилго зорилтыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэн тухай танилцуулж шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар мэдэгдсэн.

Захирамжийг гаргахдаа 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр миний бие, хууль эрх зүйн хэлтсийн дарга *******, хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.******* нар байлцан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудсаар сонсох ажиллагааг явуулсныг сонсох ажиллагааны хуудсаар нотлогдох боловч тухайн үед нэхэмжлэгч гарын үсэг зураагүй аймгийн Засаг даргатай уулзана гэж хэлээд гарсан.

Аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн ******* ахлах сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг албан тушаал учраас хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх шаардлагагүй. Мөн аймгийн Засаг дарга шинээр томилогдсон захирал ажлын байраар хангах талаар үүрэг чиглэл өгсөн болно.

Аймгийн Засаг дарга Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай албан тушаалаас чөлөөлөх тухай зөвшилцсөнийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас ирүүлсэн албан бичгээр нотолж байгаа.

Нэхэмжлэлд Аймгийн засаг дарга 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өндөр суманд албан томилолттой байсан тухай дурдсан байна. Энэ нь аймгийн Засаг дарга тухайн өдрийн өглөө албан ажилдаа ирээд бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Иймд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн Аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд хандан Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1, 4.3 дахь хэсэг, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар акт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, хууль бус актуудын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4.3 дахь хэсэг, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудаас татгалзсан тул үлдэх Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1 дэх хэсэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Баянхонгор сумын ******* ахлах сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, хууль бус актуудын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар танилцуулгыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд хандсаныг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж үзэхээргүй, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар актын үндэслэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтын 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана. гэж заасны дагуу захиргааны дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхэд цаг хугацаа, бусад хүчин зүйлийн хувьд боломжтой нөхцөл бүрдэхээргүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. гэж заасан. Нэхэмжлэгч  Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ******* сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай Б/22 дугаар захирамжаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэргийгхянан шийдвэрлэсэн болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж,  төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор сумын ******* 3 дугаар сургуулийн багш, ажилтны нэр бүхий төлөөллөөс аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг томилох тухай А/715 дугаар захирамжаар шалгалтын ажлын хэсэг байгуулан, удирдамжийг баталж, хяналт шалгалтыг явуулжээ.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална. гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтаар дотоод аудитын дүрмийг баталжээ. Уг дүрмийн 4.12-т Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална., 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ. гэж тус тус заасан. Үүнээс өөрөөр Санхүүгийн хяналт, аудитын хорооны эрх хэмжээ, гарах шийдвэрийн төрөл зэргийг журамласан эрх зүйн баримт бичиг байхгүй атал хуралдаанаар нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хяналт шалгалтын дүнгийн тухай 34 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 3.1-д Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, санхүүгийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй сургуулийн захирал д хариуцлага тооцох-оор шийдвэрлэснийг хууль бус гэж дүгнэлээ.

Маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131 дүгээр зүйлийн 131.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.7 дахь хэсгийг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ., Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ. гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг нь эрх бүхий албан тушаалтан буюу ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг олгосон, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг нь төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулах ерөнхий, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.7 дахь хэсэг нь хяналт шалгалтын тайланг дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэх зохицуулалтууд атал эдгээр заалтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Тухайн тохиолдолд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч ******* ахлах сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд төлбөр тогтоож, уг актуудаа баталгаажуулахаар Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцсэн хэдий ч хуралдааны тэмдэглэлээс харахад дотоод аудитын нэгжийн дарга хариуцлага тооцуулахаар санал оруулсан нь тогтоогдохгүй, гаргасан гэх зөрчил нь ийн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон эсэхийг харгалзалгүй, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж тус тус заасан.

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын тогтоох хэсгүүд захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтай байх боловч 3.1-д Ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, санхүүгийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй ******* ахлах сургуулийн захирал д хариуцлага тооцох гэж заасан, үүний дагуу хариуцлага тооцож, маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлсөн болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад мэдүүлж байна. Тиймээс Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 3.1 дэх хэсэг нь гадагш чиглэж, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн  захирлын ажлаас чөлөөлөх тухай Б/21дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажилд томилох тухай 589 дүгээр захирамжаар 3 дугаар буюу ******* ахлах сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилон ажиллуулж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын ажлаас чөлөөлөх тухай Б/21 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, багш ажилчдаа ялгаварлан харьцдаг, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.17, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр хурлын тогтоолыг үндэслэн, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг шүүх хууль бус гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, 30.1.17-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулж болохоор, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх-өөр тус тус заасан.

Төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах ажилтныг томилсон эрх бүхий этгээд ажлаас чөлөөлөх эрхтэй боловч чөлөөлөхдөө дараахь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиуд, бусад хэм хэмжээний актыг баримтлах шаардлагатай.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ., Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тогтоолын 1 дүгээр Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам хавсралтын 1.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч төрийн жинхэнэ албан хаагч-төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална., 6.4-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө., 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно., 7-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болох-оор тус тус заасан.

Тухайн тохиолдолд 2017 онд Баянхонгор аймгийн засаг дарга *******, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга болон сургуулийн захирал нар Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ-г тус тус байгуулан ажиллаж байжээ. Нэхэмжлэгч тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэрхэхийг шийдвэрлэх, Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаагийн хувьд гэрээг дүгнэх, үнэлгээ өгөх ажиллагаануудыг хийсний эцэст албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа албан тушаалаас нь чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална., 4.2.5- д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэлгүй, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/09 дүгээр албан бичгээр ******* ахлах сургуулийн захирал ажлаас чөлөөлөхтэй холбогдуулан санал авахаар Боловсрол, соёл, урлагийн газарт хандсаныг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх нэхэмжлэгч ийн ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, багш ажилчдаа ялгаварлан харьцдаг, санхүүгийн зөрчил гаргасан, ёс зүй болон харилцааны доголдолтой эсэхэд дүгнэлт өгөөгүй, гаргасан гэх зөрчлийг үгүйсгээгүй, харин дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэн, ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Аймгийн Засаг даргын 2018 оны Б/21 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан болно.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын ажлаас чөлөөлөх тухай Б/21 дүгээр захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална. гэж заасныг тус тус зөрчсөн байна. Гурав. Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал ахлахсургуулийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 9.385.861 /Есөн сая гурван зуун наян таван мянга найман зуун жаран нэгэн/төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл гэж заасны дагуу нэхэмжлэгч ийн үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1

дэх хэсэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэ мандал ахлах сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарт холбогдох Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4.3 дахь хэсэг, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 9.385.861 /Есөн сая гурван зуун наян таван мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН