| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 112/2025/0032/З |
| Дугаар | 221/МА2026/0318 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0318
“А” ТББ-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “А” ТББ
Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0006 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 112/2025/0032/З
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ТББ-ын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 13- ны өдрийн тогтоолоор “БНХАУ-ын Гансу муж, Говь-Алтай аймгийг холбосон "Н" хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн нээхийг 7 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэнийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.” гэсэн агуулгаар гарч эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт гэж үзэхээр байна.
Тус тогтоолд дурдагдсан "Н" хилийн боомт нь Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны Улаан ном, Зэрлэг амьтадын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцийн 1, 2-р хавсралт зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийг багтаасан Монгол орон төдийгүй дэлхий дахинд ач холбогдолтой бүс нутаг юм.
Тус орон нутагт хилийн боомтыг нээсэн, улмаар хилийн боомтын дагуу зам тавихад сөрөг нөлөө үзүүлэх, говийн нэн ховор, ховор ургамал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй, говийн эмзэг эко системд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэхээр байна.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь хилийн боомттой холбоотой асуудлаас бусад нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хилийн боомттой холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Тус тогтоол гарснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Нн боомтыг сэргээн нээх" гэсэн агуулгаар туссан, улмаар энэ асуудлаар үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд "орон нутаг дэмжсэн" гэх агуулгыг гаргахдаа тухайн ИТХ-н тогтоолыг үндэслэхээр байгаа нь тогтоол гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон Захиргааны акт гэж үзэх үндэслэл юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэх хэсгийн 10-т Илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрхзүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх үүрэггүй байдаг гэж дүгнэсэн. Маргаан бүхий тогтоол нь дээрх шижүүдийг бүрэн хангаж байгаа.
Шүүхээс нутгийн өөрөө удирдах байгууллага нь "нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх" зарчмын хүрээнд "Н-Манзушинь" хилийн боомтыг сэргээн нээхийг дэмжсэн тогтоол байна гэж дүгнэсэн.
Харин Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн асуудлыг шийдвэрлэхдээ "нутаг дэвсгэрийн хэмжээний" асуудлыг л шийдвэрлэх байтал эрх хэмжээгээ хэтрүүлж "хилийн боомтыг нээхийг дэмжих" тогтоол гаргасан.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргахдаа өөрт олгогдоогүй эрх хэмжээ буюу "хилийн боомтыг нээх" агуулгаар гарсан нь хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн илт хууль бус акт гаргасан гэж үзэх үндэслэл юм.
Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн тогтоол гарсны дараах үр дагаварт хандсан дүгнэлт хийсэн. Тухайлбал Нн боомтыг сэргээж, нээх шийдвэр гаргаагүй байна гэсэн атлаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байна гэж дүгнэсэн нь утгын хувьд зөрүүтэй дүгнэлт болсон.
Иймд “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 10-ны өрийн 112/ШШ2026/0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “А” ТББ нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан " Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох"-оор маргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Хилийн боомт нээх асуудал нь дан ганц нэг улсын хүсэл зоригоор шийдвэрлэх асуудал бус, Улсын Их Хурал, Засгийн газар ч дангаараа шийдвэрлэх боломжгүй, заавал хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал юм. Иймд аймгийн иргэдийн Төлөөгчдийн Хурлыг хилийн боомт нээх асуудлыг шийдвэрлэсэн мэтээр дүгнэх боломжгүй.
4. Бодит байдал дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, үүсгэх боломжгүй, өөрөөр хэлбэл энэхүү тогтоолын дагуу ямар ч хилийн боомт нээгдээгүй. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/3340 дүгээр албан бичгээр Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Улсын Их Хурлаас Нн боомтыг сэргээж, нээх шийдвэр гараагүй байна гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
5. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бодитоор хуралдсан, хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч биечлэн ирсэн, 3 төлөөлөгч цахимаар оролцсон болох нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Тухайн хуралдааны хэлэлцэх асуудалд энэхүү маргаж буй асуудал багтсан, төлөөлөгчид хэлэлцэн олонхын саналаар шийдвэр гарсан байна.
6. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Хилийн боомт нээхийг дэмжих тухай тогтоолоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гансу муж Говь-Алтай аймгийг холбосон Н М хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн нээхийг 7 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэнийг уламжлахаар тогтжээ. Өөрөөр хэлбэл хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн хилийн боомт нээхийг дэмжсэн хүсэл зориг, дотоод итгэл үнэмшлээрээ өгсөн санал хэвээр байна.
Ингэж дэмжсэн тогтоол гаргаснаар Монгол Улсын Их Хурлын хуулиар олгосон бүрэн эрхийн асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн акт утга агуулгын илэрхий алдаатай, хуулиар хориглосон, олгогдоогүй эрх мэдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлсэн гэж үзэхгүй юм.
7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлсон бөгөөд үүнд, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжийг хадгалж байвал илт хууль бус захиргааны акт гэж үздэг.
8. Анхан шатны шүүх илт хууль бус захиргааны актад байх үндсэн шинжүүд болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд энэ /илт хууль бус захиргааны акт ямар шинж агуулдаг гэх зэрэг/ талаар давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
9. Давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 13-ны өдрийн тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай, өөрт олгогдоогүй эрх хэмжээ буюу Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс тухайн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх боломжгүй, шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР