Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 9

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

              Нарийн бичгийн дарга Б.Урангоо

              Улсын яллагч А.Энхтуяа

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

            Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гандуулга, А.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 201618000284 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд  1997 оны 03 сарын 27-нд төрсөн, хүйс эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 065 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  гэх Тангууд овогт Чулуун-Эрдэнийн Гандуулга, РДМЮ-97032711

 

          Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1988 оны 05 сарын 28-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р баг 5-р хэсэг 119 тоотод түр оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  гэх Босоо овогт Алтантулгын Мөнхбат, РДМЬ-88052819

 

Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Р.Мөнхтөрийн гэрт хууль бусаар нэвтэрч шунахайн сэдэлтээр нөтбүүк, цэнэглэгч, маус цүнхний хамт, мөнгөн аяга, хөөрөг, алтангадас одон 2 ширхэг, тэмдэг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

Шүүгдэгч Ч.Гандуулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Мөнхбат манайд ирсэн. Тэгээд би  айл руу орсон. Мөнхбат гадаа хүн харж зогссон. Би айл руу ороод нэг зөөврийн компьютер, мөнгөн аяга, алтан гадас одон зэргийг нь авсан. Тэгээд бид 2 Дархан руу яваад хөөргөө Нөр их ломбарданд тавьсан. Ихэр могой худалдааны төвд зөөврийн компьютерийг зарсан. Тэгээд алтан гадас одонгоо Сэлэнгэ аймагтаа ирж Гэрэлт-Од гэдэг ахад зарсан.…. гэх мэдүүлэг

          Шүүгдэгч А.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .........2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Гандуулгынд очсон. манайд ирсэн. Тэгээд би хашааны гадаа хүн харж Гандуулга айл руу орсон. Тэгээд Гандуулга айлаас эд зүйл авч гарч ирсний дараа 14 цагийн үед бид 2 Дархан руу яваад хөөргөө Нөх их ломбарданд тавьж, зөөврийн комьпютерийг зарсан. Тэгээд алтан гадас одонгоо Сэлэнгэ аймагтаа ирж Гэрэлт-Од гэдэг ахад зарсан.... гэх мэдүүлэг

         Хохирогч А.Сэлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би өөрийн нөхөр Мөнхтөрийн хамт 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 50 минутанд гэрээсээ гарч 12 цагийн орчимд Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймгаас 18 цагийн орчимд ирээд дүүгийндээ очиж байж байгаад 21 цаг 50 минутын орчимд нөхөртэйгөө хамт хашааныхаа гадна ирж би хашааныхаа тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий хаалгыг онгойлгож машинаа хашаандаа оруулчихаад байшингийхаа гадна талын хаалгыг онгойлгож ортол манай таамбарын хаалганы баруун талын цонхны хөшиг салхинд хийсч хөдлөхөөр нь хартал хаалга талын нэг цонх нь хагарчихсан байсан. Тэгээд би дотор талын хаалганыхааа цоожоо үзэх үед цүүцнийх нь нэг талын хадаас мултарчихсан байхаар нь сэжиг төрөөд гадагшаа гарч нөхөртөө гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлэхэд манай нөхөр өөрийнхөө дүүг дуудсан. Нөхрийн дүү удалгүй ирээд бид нар хаалгаа онгойлгоод гэртээ орж гал тогооны болон бусад өрөөний эд зүйлсээ бүртгэж шалгахад манай том өрөөний стенкний хойд талын шилэн хаалгатай шүүгээн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяганы жижиг нь байхгүй болсон байсан. Харин хүргэн Мөнхтөрдөө аз жаргал хүсье гэсэн утгатай зүйл бичсэн том мөнгөн аяга нь алдагдаагүй байсан. Мөн манай том өрөөний ширээн дээр тавиатай байсан Acer маркийн нөтбүүк алга болсон байсан. Нөхөр бид хоёр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж байхад том өрөөний стенкний урд талын шилэн хаалгатай шүүгээний доод талын тавцан дээр юманд боож тавьсан байсан миний аавын алтангадас одон алдагдсан байсан. Нөхөр бид хоёр цагдаа орж болсон хэргийн талаар мэдүүлэг өгсний дараа гэртээ ирж эд зүйлээ дахин бүртгэтэл миний нөхрийн манан хөөрөг, ялалтын тэмдэг алдагдсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

Гэрч Ш.Галдангийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед нэг өндөр залуу болон арай намхан залуу гээд хоёр залуу орж ирээд саарал өнгийн Acer маркийн нөтбүүк засуулах гэж орж ирсэн. тухайн нөтбүүкийг би засах гэж хэсэг оролдоод засаж чадаагүй. Тэр хоёр залуу энэ нөтбүүкний эзэн нь уг нь хэзээ ч эвдрэхээргүй сайн гэж хэлсэндээ гэж хоорондоо яриад байсан. Нөтбүүк засагдахгүй байтал тэр хоёр залуу нөтбүүкээ надад зарахаар санал тавихаар нь би сэлбэгэнд 50.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хоёр залуугийн нэг нь өндөр, нөгөө нь арай намхан хоёулаа улаан өнгийн гадуур хувцастай байсан. Өндөр залуу нь шар, намхан залуу нь бор царайтай, сахалтай байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/

Гэрч Н.Бат-Очирын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Нөр их барьцаалан зээлдүүлэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг Шинэ Нөр Их ХХК-ний салбар мөн. Манай байгууллагаас эд зүйл барьцаанд авсан 50.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрч Ц.Гэрэлт-Одын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд Алтанбулаг сумаас ирж байх үед миний утас руу нэг дугаараас залгаад Та хаана байгаа юм, нэг зүйл үзүүлэх гэсэн юм, бид хоёрын Шарын 2 дугаар байрны урд талд байна гэхээр нь би одоо очиж байна, шарын 3 дугаар байрны урд уулзъя гэж хэлээд нэг таньдаг болон нэг танихгүй хоёр залуутай уулзсан. Тэр хоёр 2 ширхэг Алтангадас одон надад харуулаад хэдээр авах юм гэхээр нь нэг одонг нь 20.000 төгрөгөөр, нөгөө одонг нь 40.000 төгрөгөөр худалдан авна гэж хэлэхэд тэр хоёр надад худалдахаар болсон. Тэгээд би арай шинэ цагийн Алтангадас одонгийн мөнгийг буюу 20.000 төгрөг өгөөд үлдсэн 40.000 төгрөгийг маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгнө гэж хэлээд 2 алтангадас одонг нь авсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр тал/

          Гэрч Б.Батболдын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд манай ломбарданд нэг залуу мөнгөн аяга барьцаанд тавих гэж ирсэн. Тэр мөнгөн аягыг би хэмжээд 50.000 төгрөгөөр барьцаанд авах юм байна гэж хэлэхэд тэр хоёр залуу тэр хоёр залуу ямар нэг зүйл ярилгүй гадагшаа гараад явсан. Удалгүй тэр залуу хоёулаа болж ирээд мөн нэг нөтбүүк үзүүлсэн. Тэр нөтбүүк ажиллахгүй байхаар нь авахгүй гэж хэлтэл тэр хоёр энэ нөтбүүкний цэнэглэгч нь эвдэрчихсэн, тэрнээс биш ажиллана гэж хэлэхээр нь би нөтбүүкийг нь аваагүй. Тэр хоёр залуу хэсэг зогсож байгаад мөнгөн аягаа 50.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад гадагш гараад явсан. Тэр хоёр залуугийн нэг нь өндөр, нөгөө нь арай намхан, өндөр нь улаан өнгийн гадуур хувцас өмссөн байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/

Гэрч Г.Гантуяагийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байхад 14 цагийн орчимд 2 залуу манай түргэн үйлчилгээний цэгт орж ирээд Алтангадас одон 2 ширхэг, 1 ширхэг ялалтын медаль болон шинэ цагийн манан хөөрөг 1 ширхэгийг зарахаар үзүүлэхээр нь би манан хөөргийг нь 20.000 төгрөгөөр худалдан авсан. Харин Алтангадас одон болон ялалтын одонг худалдан авахаас татгалзсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/

Гэрч Э.Анхзаяагийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Гандуулга бид хоёр үерхдэг, үерхээд 2 сарын хугацааг өнгөрөөж байна. Гандуулга нь цайлган сэтгэлтэй, даруухан зантай, надад хайр халамж сайтай, ямар нэг хорт муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Ийм гэмт хэрэг хийсэнд нь одоо хүртэл итгэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/

Гэрч Р.Мөнхтөрийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Дархан-Уул аймгаас 18 цагийн орчимд ирээд Сүхбаатар суманд ирээд өөрийн дүүгийндээ очиж хоол унд идчихээд 21 цаг 50 минутын орчимд эхнэртэйгээ хамт гэртээ ирж машинаа хашаандаа оруулчихаад машиндаа сууж байхад эхнэр маань цонх хагарчихсан манай гэрт хулгай орчихсон юм шиг байна гэхээр нь таамбар руугаа ортол манай байшингийн таамбарын хаалганы хажуу талын цонх хагарчихсан байсан. Эхнэр бид хоёр гэртээ оролгүй би өөрийн дүүгээ дуудаж гэрт хулгай орсон талаар хэлсэн. Миний дүү удалгүй ирээд бид нар дотор хаалгаа онгойлгоод гэртээ орж гал тогооны өрөө болон бусад өрөөний эд зүйлсээ бүртгэж шалгахад манай том өрөөний стенкний хойд талын шилэн хаалгатай шүүгээн дотор байсан  2 ширхэг мөнгөн аяганы жижиг нь байхгүй болсон байсан. Харин надад манай хадам талаас дурсгасан том мөнгөн аяга нь алдагдаагүй хэвээр стенкний хажуу талын шүүгээн дотор байсан, мөн манай том өрөөний ширээн дээр байсан Acer маркийн нөтбүүк алга болсон байсан. Эхнэр бид хоёр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж байхад том өрөөний стенкний урд талын шилэн хаалгатай шүүгээний доод талын тавцан дээр юманд боож тавьсан байсан миний хадам аавын 2 ширхэг Алтангадас одон алдагдсан байсан. Цагдаад мэдэгдэж хэрэг явдлын талаар мэдүүлэг өгөөд гэртээ хариад дахин эд зүйлийг бүртгэж үзэхэд миний бор саарал өнгийн улаан өнгийн толгойтой хөөрөг, хадам аавын уйгаржин Монгол бичгээр бичсэн төмөр тэмдэг алга болсон байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/

Гэрч А.Болорцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би хэргийн талаар ямар нэг зүйл мэдээгүй өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдаа дээр ирж мэдсэн тухайн өдрийн 08 цаг өнгөрөөд хүүхдийн цэцэрлэг рүү хүүхдээ хүргэж өгөөд өөрийн ажил болох Чука /Чулуун-Эрдэнэ/-ний гэр рүү ороод би тэндээсээ гэртээ харьсан өдөр 12 цаг өнгөрч байх үед нөхөр рүүгээ утсаар холбогдож ярих үед хороололд ажил хийж байна гэж хэлсэн. А.Мөнхбат өмнө орой нь 18 цагийн орчимд гэртээ ирчихдэг байсан. Харин тэр орой 23 цагийн үед гэртээ ирэхээр нь би ямар учраас оройтсон талаар нь асуухад ажил ихтэй байж байгаад ирлээ гэж хэлсэн. Миний нөхөр бүрэн дунд боловсролтой. Надад болон 4 хүүхэддээ хайр халамж сайтай архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглдэггүй, миний хувьд сайн хань байгаа юм. Миний нөхөр өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/

Гэрч Э.Болортуяагийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Миний хүү Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуульд 1-3 дугаар анги хүртлээ сурсан. Дараа нь Их Засаг их сургуулийн лицей сургуульд 4-6 дугаар анги хүртлээ, 7-9 дүгээр анги хүртлээ Дархан-Уул аймгийн хятад хэлний сургуульд суралцаж төгссөн. Миний хүү ерөнхий боловсролын сургуульд сурч байх үедээ онц суралцдаг, тэргүүний хүүхэд байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Соёл урлагийн их сургуульд орох эрх авсан боловч сургуульдаа суралцахаа түр азнаж тэр жилдээ цэргийн алба хаахаар явсан. Миний хүү өрөвч, цайлган зантай, тусч, янз бүрийн хорт муу зуршилгүй, гадуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Хүүхдээ ямар шалтгааны улмаас хулгай хийснийг ойлгохгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/

          Гэрч Л.Тулгасүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би тухайн өдрийн  өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажлаасааа буугаад гэртээ ирж цай, хоол идчихээд гэрээсээ 51-37 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ гарч Шарын 1-р байрны ар талаас эхнэрээ аваад өөрийн аавынхаа гэрт очиж хэсэг хугацаанд байж байгаад 16 цагийн орчимд өөрийн гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Манай гэрт хүйтэн байхаар нь хажуу айл болох Гэрэлзаяагийн гэрт орж дулааны шугам яагаад муу ирээд байгаа талаар ярилцаад дулааны шугам үзэхээр Гэрэлзаяагийн хамт гарч манай хойд талын айл болох Мөнхтөрийн хашаанд орж Мөнхтөрийн байшингийн баруун талд байх төв шугамыг барьж үзтэл тухайн шугам бүлээн байхаар нь тэдний хашаанаас гараад манай хажуу айлын хашаа руу орж Болд гэх хүнтэй хамт шугам хоолойг нь үзээд тэр талаар жаахан ярилцаад гэр гэртээ орцгоосон. Тэгээд гэрээс гаралгүй оройн 21 цаг өнгөрч байхад манай гэрийнхэн унтаж амарсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/

          Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухнай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-23 дугаар тал/

Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-33 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж, шинжилгээ хийлгэхээр түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-40 дүгээр тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ний №СЭА-16/60 дугаартай үнэлгээний хуудас /хх-ийн 78-79 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ний №СЭА-16/66 дугаартай үнэлгээний хуудас /хх-ийн 84 дүгээр тал/

Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №63 дугаартай дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх 1, 2 дугаартай 2ш гарын мөр, хохирогч А.Сэлэнгэ, Р.Мөнхтөр нарын гарын хээний дардас харьцуулахшинжилгээнд тэнцэнэ. 3 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гэх 1 дугаартай гарын мөр нь А.Сэлэнгийн зүүн гарын доллвор хуруугаар, 2 дугаартай гарын мөр нь Р.Мөнхтөрийн баруун гарын долоовор хуруугаар тус тус үүсгэгдсэн байна.... гэх дүгнэлт /хх-ийн 91-95 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №67 дугаартай дүгнэлтэнд

1.Хэргийн газраас хашааны гадна болон дотор талаас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөрнүүд, яллагдагч Ч.Гандуулга, А.Мөнхбат гэрч Л.Тулгасүх нарын гутлын ул зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа гутлын мөрнүүд нь шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гутлын улны мөртэй тохирч байна.... гэх дүгнэлт /хх-ийн 101-103 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Гандуулгын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар тал/

Шүүгдэгч А.Мөнхбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр тал/

Шүүгдэгч Ч.Гандуулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар тал/

Шүүгдэгч А.Мөнхбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-127 дугаар тал/

Одон медалийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 128-129 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 135 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Гандуулгын Хаан банкин дахь депозит дансны хуулга /хх-ийн 141-142 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Гандуулгын Хас банкин дахь дансны хуулга /хх-ийн 144-145 дугаар тал/

Шүүгдэгч нарын Төрийн банкин дахь дансны хуулга /хх-ийн 148-150 дугаар тал/ зэрэг болно.

 Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон

  оногдуулах ял шийтгэлийн талаар

         Шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Р.Мөнхтөрийн гэрт хууль бусаар нэвтэрч шунахайн сэдэлтээр нөтбүүк, цэнэглэгч, маус цүнхний хамт, мөнгөн аяга, хөөрөг, алтангадас одон 2 ширхэг, тэмдэг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

         Үүнд; Хохирогч А.Сэлэнгийн /хх-ийн 43-45/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Галдангийн /хх-ийн 54/, Н.Бат-Очирын /хх-ийн 55/, Ц.Гэрэлт-Одын /хх-ийн 56-59/, Б.Батболдын /хх-ийн 61/, Г.Гантуяагийн /хх-ийн 62/, Р.Мөнхтөрийн /хх-ийн 64-65/ хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-23/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-37 тал/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 78, 84 тал/, хохирол нөхөн төлсөн баримтууд болон шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

           Хохирогч А.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

           Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа болно.

           Иймд шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан  ...бусдын эд хөрөнгийг бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч хулгайлах... гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэдний эд хөрөнгийн хураахгүйгээр хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх ишгүй жоотууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 064 тоотод оршин суух Харчин овогт Аюурзанын Сэлэнгэд /МЮ72091400/  буцаан олгохоор тогтов.     

          Хохирогч А.Сэлэнгэ нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.

        Мөн шүүгдэгч нарын зүгээс иргэний нэхэмжлэгч Ш.Галдан, Н.Бат-Очир нарт тус бүр 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод 20.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдав.

         Иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од уг хулгайд алдагдсан 2 ширхэг алтан гадас одонг эрж хайж олоход 160.000 төгрөгний зардал гаргасан гэж нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй болно. Иргэний нэхэмжлэгч нь дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь  учруулсан хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлж үзэв.

         Дээрх байдлууд болон шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж хянан харгалзахаар тогтов.

        Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Тангуд овогт Чулуун-Эрдэнийн Гандуулга, Босоо овогт Алтантулгын Мөнхбат нарыг  мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан ...бусдын эд хөрөнгийг бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Тангуд овогт Чулуун-Эрдэнийн Гандуулга, Босоо овогт Алтантулгын Мөнхбат нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ч.Гандуулгад 02 жилийн хорих ял, шүүгдэгч А.Мөнхбатад 02 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Гандуулга, А.мөнхбат нарт тус бүрт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ишгүй жоотууг хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 064 тоотод оршин суух Харчин овогт Аюурзанын Сэлэнгэд /МЮ72091400/  буцаан олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од 160.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарт тус бүрт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтангууд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

11.Шүүгдэгч Ч.Гандуулга, А.Мөнхбат нарт  урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ