Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1455

 

“Н.Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Н.Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ф.Л” ХХК-д холбогдох

Үйлчилгээний барилгын 2 дугаар давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэгцээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистралын шугам хоолойг подвал В1 давхарт буулган, чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгуулах, хана, таазны засварын ажлын зардалд шаардагдах 22 800 000 төгрөг, үнэлгээний хөлс 440 000 төгрөг, нийт 23 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Н.Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Р” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах" NtT/41/010 дугаар, “Н.Р” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах гэрээний нэмэлт NR/13/273 дугаартай гэрээнүүдийг “Ф.Л” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Ф.Л” ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 1 дүгээр гудамж гэсэн хаягт үйлчилгээний төвтэй 195 айлын орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын 2375 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг барилгын стандарт норм дүрмийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцсон. Уг барилгыг 2013 онд улсын комисс ашиглалтад оруулсан бөгөөд барилгын 1, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 2375 м.кв талбайн өмчлөгч нь манай компани юм. Барилга ашиглалтад орсон цагаасаа эхлэн их бага хэмжээгээр нийт 40-өөд удаа худалдааны заалны таазны шугам хоолой цоорч ус алдсан. Энэ талаар ““Ф.Л” ХХК” ХХК-д удаа дараа шаардсан боловч ус алдаж буй хэсэгт тосгуур хийн түр торгоох байдлаар хандаж ямар ч арга хэмжээ аваагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-187/877 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр уг үйлчилгээтэй орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын дэлгүүрийн заалны таазаар угсрагдсан шугамнаас ус алдсан, 2016 оны 05 дугаар сарын 17, 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шалгалт хийсэн тэмдэглэлүүдэд сантехникийн цэвэр бохир дулааны труба удаа дараа цоорч ус алдсан, таазны хуурай шавардлагад эвдрэл гарсан болохыг тогтоосон. Барилгын ажлын явцад ““Ф.Л” ХХК” ХХК нь барилгын ажлын зарим зургуудыг танилцуулаагүй. Тухайн үед шугам хоолойгоор ус, даралт хэвийн өгч эхлэх үеэс буюу 2015 оноос хойш байнга ус алдаж эхэлсэн. Ингээд “Н.Р” ХХК болон барилгын түрээслэгч гуравдагч этгээд болох Н Т Т ХХК, тэдгээрийн эд хөрөнгө хохирсоор байна. Хамгийн сүүлд 2017 оны 02 сарын 26-ны өдөр дэлгүүрийн 2 давхарын шугамнаас ус алдаж, гипсэн таазыг буулгаж холболтоор ус алдсан ба ус алдах болгонд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 1-р төв болон ““Ф.Л” ХХК” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудад мэдэгдэж хана таазыг буулгах, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийсэн байсан. Бид засвар үйлчилгээний зардлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д хандан эд хөрөнгө хохирлын албан ёсны үнэлгээг гаргуулахад нийт 22.800.000 төгрөг гарсан. Гүйцэтгэгч нь бидний гаргасан шаардлагыг биелүүлээгүй тул үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулган, чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 3-1/103 дугаар албан бичгээр хүргүүлсэн ба даалгаж, ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22.800.000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440.000 төгрөгийн хамт, нийт 23.240.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ““Ф.Л” ХХК” ХХК-ийн захирал А.Төгөлдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид “Н Т Т” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулан, гэрээний 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт захиалагчийн гаргаж өгсөн технологийн дагуу гүйцэтгэнэ гэж зааснаар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай инженер захиалагчийн менежер болон инженерүүдэд барилга архитектурын, барилгын дотор цахилгаан, цэвэр бохир усны системийн, халаалт салхивчийн, холбоо дохиоллын ажлын зураг гэх мэт бүхий л зургийг өгч хянуулсны дараа, өөрсдийн чанарын сертификаттай бараа материалаар хийж, тухай бүр нь шалгуулж байсан. Бид Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу барилгыг барьж, байнгын ашиглалтад оруулан, орон сууц нийтийн аж ахуйн Улаанхуаран контор буюу ХҮТ-1-д хүлээлгэн өгсөн тул ашиглалттай хамааралтай ажлыг ашиглалт хариуцсан байгууллага нь хийх ёстой. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 1, 2 дугаар давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай 2,375 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн угсралтын системийг ГОСТ 3262:75 стандартад нийцсэн цайрдсан ган хоолойгоор шинээр гүйцэтгэхийг хариуцагч “Ф.Л” ХХК ХХК-д даалгаж, хариуцагч “Ф.Л” ХХК ХХК-аас 23,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н.Р” ХХК ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Н.Р” ХХК ХХК нь хариуцагч “Ф.Л” ХХК ХХК-д холбогдуулан гаргасан Үйлчилгээний барилгын 2 давхарын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулгах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 3 сарын 21-ний өдөр төлсөн 1,985 төгрөг, 2017 оны 3 сарын 20-ны өдөр төлсөн 272,170 төгрөг, 2017 оны 3 сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 484,755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф.Л” ХХК ХХК-аас 344,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н.Р” ХХК ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулсан байдаг. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14-956/2017 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан ба дээрх дүгнэлтийн хүрээнд маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тодруулбал: Шүүгч шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай  захирамжиндаа шинжээчээс асуух асуултын талаар хариуцагчийн санал хүсэлтийг авалгүй шийдвэрлэсэн. Захирамжинд ганцхан асуулт асууж шинжээч тус асуултын хүрээнд хариулт өгөхдөө дүгнэлтээ өөр хооронд нь үгүйсгэсэн эргэлзээтэй хариулт өгсөн. Шинжээч дүгнэлт гаргаснаас хойш даруй 3 сарын дараа тодруулга гэх зүйлийг хэрэгт гаргаж өгсөн. Барилгын ажлын гэрээгээр гүйцэтгэх харилцаа явагдаж дууссанаас хойш нэхэмжлэгч "“Н.Р” ХХК" ХХК нь компаний хувьцаа эзэмших эрхээ "Н Т" ХХК-д шилжүүлсэн талаархи бичиг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд "“Н.Р” ХХК" ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Шүүх маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан шаарлагатай ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчийн санал хүсэлтийг бүрэн гүйцэт хүлээн авч шийдвэрлээгүй. Барилга, ашиглалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг тогтоохдоо тухайн барилгыг хариуцан ажилласан инженер, техникийн ажилтнуудыг хэрэгт гэрчээр оролцуулаагүй ба барилгын ажлын явцад талуудын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлүүдийг талуудаас нотлох баримтаар гаргуулах зайлшгүй шаардлагыг анхаараагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Н.Р” ХХК нь хариуцагч ““Ф.Л” ХХК” ХХК-д холбогдуулан Үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулгах шаардлагаасаа татгалзаж, хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгаж, удаа дараа ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22 800 000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440 000 төгрөгийн хамт, нийт              23 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 4 сарын 16-ны өдөр NtT/41/010 дугаартай Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр гудамж гэсэн хаягт баригдахаар төлөвлөж буй үйлчилгээний төвтэй 211 айлын орон сууцны барилгын 1 болон 2 дугаар давхарт нийт 2375 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг барих, “Н Т Т” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

“Н Т Т” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай шийдвэр /хэргийн 1 хавтас 110 тал/-ээр компанийг тусгаарлах замаар “Н.Р” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Н Т Т” ХХК-ийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2014 оны 9 сарын 27-ны өдөр “Н.Р” ХХК болон ““Ф.Л” ХХК” ХХК-ийн хооронд NtT/41/010 Үйлчилгээний төвийг захиалгаар барих бариулах гэрээний нэмэлт гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 11 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр NtT/41/010 дугаартай Үйлчилгээний төвийг захиалгаар барих бариулах гэрээ нэртэй гэрээний захиалагч нь “Н.Р” ХХК, гүйцэтгэгч нь ““Ф.Л” ХХК” ХХК байхаар, гэрээгээр гүйцэтгэх ажилд зургийн өөрчлөлт оруулсан, орц, гарц, ачаа оруулах хэсгийн пандусын ажил, шугам сүлжээний өөрчлөлтийн ажил, салхивчны нэмэлт сэнс байрлуулах ажилтай холбогдуулан гэрээт ажлын төлбөрийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалтад Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ гэж заасан бөгөөд “Н Т Т” ХХК нь хуулийн этгээдийг тусгаарлах замаар өөрийн зарим эрх үүргийг шинээр байгуулагдсан “Н.Р” ХХК-д шилжүүлсэн, шинээр байгуулагдсан “Н.Р” ХХК-тай ““Ф.Л” ХХК” ХХК нь өмнө байгуулагдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний харилцаанд орсон байна.

Үйлчилгээний төвтэй хамт баригдсан орон сууцны барилгыг 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 2013/383 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан байх  бөгөөд үйлчилгээний төвийг нь ““Ф.Л” ХХК” ХХК нь 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Барилга байгууламжийг хүлээлцэх комиссын актаар “Н.Р” ХХК-д хүлээлгэн өгсөн, улмаар 2015 оны 11 сарын 25-ны өдөр “Н.Р” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 1, 2 дугаар давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай 2,375 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. /хх-ийн 12 /

Үйлчилгээний төвийн халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн труба цоорсон болон холболтоос шалтгаалан удаа дараа ус алдаж байсан, ус алдсаны улмаас үйлчилгээний төвийн хана, тааз норж шарласан, эмульс будаг ховхорсон үйл баримтыг нотолсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын дэвтрийн хуулбар, ус алдах үеийг харуулсан гэрэл зураг   зэрэг баримтууд хэрэгт авагдсан. /хх-ийн 15, 16, 34, 61-65, 140-199/

Нэхэмжлэгч нь дээрх баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байхаас гадна шүүхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж, шүүхээс томилогдсон шиинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой буюу Үйлчилгээний төвийн халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн бат бэх байдал, холболтын битүүмжлэл, угсралтын ажлын чанар, шугам сүлжээний найдвартай ажиллагааг шалгадаг барилгын доторх цэвэр, бохир ус, халаалтын системийн сорилт, туршилтын ажлыг чанаргүй хийснээс удаа дараа ус алдаж, ашиглалтын хэвийн ажиллагаа доголдож байгаа болохыг  тогтоосон.                     /хх-ийн 225-227 /

Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргасан тайлбар болон дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

Хариуцагч нь “...ус алдаж буй шалтгаан ашиглалтаас үүдэлтэй тул ашиглалтын улмаас үүссэн асуудлыг ашиглалт хариуцсан газар нь хийх ёстой, сантехникийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхдээ чанарын сертификаттай материалаар хийж гүйцэтгэсэн...” гэж тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхаас гадна хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад нийцсэн байна.

Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил бүхэлдээ бус түүний зарим хэсэг буюу хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн ажил доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээс гадна бусад нотлох баримтуудаар  тогтоогдсон  гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн ба Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн ажлыг шинээр гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин барилгын дотор талын цэвэр ба бохир усны шугамын хоолойг ГОСТ 3262:75 стандартад нийцсэн цайрдсан ган хоолойгоор шинээр гүйцэтгэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлээ өөрчлөөгүй, ийм шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүлээн авсан барилгад ус алдсаны улмаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22 800 000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440 000 төгрөгийн хамт, нийт 23 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт  нийцсэн. Харин гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирол арилгуулах талаар зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримталсан нь буруу.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.