| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175//2018/0143/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/141 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/141
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
*********** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ч.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000580112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 13-нд *********** хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1,*******, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 1991 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байсан, 2004 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *********** овогт ***********гийн А /РД:ВЮ-*********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь *********** оны 02 дугаар сарын 27-ны өдөр *********** аймгийн *********** сумын 7 дугаар багийн иргэн Б.***********ийг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...*********** оны 02 дугаар сарын 27-нд өөрийн төрсөн эгч, хүргэн ахындаа золгохоор гэрт нь очиход манай хүргэн ах, төгрсөн эгч хоёр архи уучихсан байсан. Хүргэн ахтайгаа би нэг шил архи уугаад талдаа орж байхад нь би “та ингэхэд өөрөө архи уухгүй яагаад эгчтэй хамт архи уусан юм бэ” гэж хэлэхэд хүргэн ах хариуд нь “чамд ямар хамаатай юм бэ битгий амьдралд оролцоод бай” гэж хэлээд бид хоёр барьцалдаж аваад ширээн дээр махны хажууд байсан хутгаар биеийг нь зүсч эрүүл мэндэд нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.***********ийн *********** оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... *********** оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш 15 цагийн орчим манай эхнэрийн дүү Ч.А манайд ирсэн юм. Тэгээд эхнэр бид хоёртой золгоод эхнэр хоол цай унд хийж өгсөн. Би 0,75 литрийн савлагаатай “Ерөөл” архи задалж Ч.А манай эхнэр Ч.*********** бид 3 хоол цай идэж уунгаа архиа уусан. Манай эхнэр нэг их уугаагүй ганц 2 л хундага архи уусан байх. Тэгээд Ч.А бид 2 архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд Ч.Аын авч орж ирсэн 0,5 литрийн савлагаатай “Сархад” нэртэй архийг нь Ч.А бид 2 хувааж уусан юм. Тэгээд юм ярьж сууж байгаад би Ч.Аод ахын хувьд чи жаахан тогтвор суурьшилтай амьдар гэр орон ч үгүй айл хэсч байхаар гэх мэтийн ярьж байсан юм. Би уусан архиндаа нилээн согтож ухаангүй болсон байсан нэг ухаан орсон чинь би Ч.Аыг чи одоо манайхаас гар гээд хаалгаар түлхэж гаргаж байсан юм. Би уусан архиндаа согтож нилээд ухаангүй болсон байсан, дахиад ухаан ороод сэрэхэд шөнө болчихсон байсан. Тэгээд хүзүү дагаад бүлээн юм урсаад байх шиг байхаар нь үзсэн чинь миний хүзүүний зүүн хэсгээс цус нэлээн гарсан байдалтай зүүн талын хавирга хөндүүр өвчтэй болсон байсан. Тэгээд би цусаа даавуугаар тогтоогоод босоод иртэл манай эхнэр Ч.*********** орны урд ухаан алдаад уначихсан бололтой байсан тэгээд эхнэрээ сэргээж сэрээсэн тэгсэн чинь босч ирж байснаа намайг хараад дахиад ухаан алдаад уначихсан юм. Би ч хүзүүгээ боочихоод эхнэрийгээ сэргээгээд цай буцалгаж өгөөд байж байсан чинь хаалга тогшсон тэгэхээр нь би очоод хаалга онгойлготол Ч.А орж ирсэн би дуугаралгүй орон дээрээ очоод суусан тэгсэн чинь миний хүзүүний шархыг хараад одоо яаанаа ахаа би юу хийчихвээ гээд байсан. Тэгэхээр нь би энэ шархыг цэвэрлэж өг энэ гэр орны цус нөжийг цэвэрлэ гэж хэлсэн тэгэхэд манай эхнэр Ч.Аыг загинаад уйлаад л байсан би дургүйлхээд яваагүй юм. Тэгээд цусаа тогтоочихсон болохоор эмийн сангаас ариутгалын эм, тариа, бодис авч шархаа цэвэрлэж эхнэрээрээ тариа хийлгэж, Ч.Аоор эм тариа зөөлгөж гэр орноо цэвэрлүүлж байгаад манай хүү амралтаараа Эрдэнэт руу явсан байж байгаад ирэх гэнэ гэхээр нь Ч.Аыг 03 дугаар сарын 07-ны өдөр чи яв, яв манай хүү ирээд намайг өмөөрөөд чамайг зодож магадгүй гэж бодоод бас хүүгээ хэрэгт орчих юм болов уу гэж бодсондоо гэрээсээ явуулчихсан. Тэгээд 03 дугаар сарын 08-ны өдөр манай хүү утсаар яриад та хүнд зодуулчихсан юм уу яагаад надад хэлээгүй юм гээд л байсан энэ талаар хүнээс сонссон юм шиг байсан. хот руу миний ах над руу ярьж хотоос манай дүү гэх эмэгтэй утсаар цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Би нэлээн согтсон байсан болохоор би ахын хувьд хэдэн үг хэлсэн байх тэгээд л үг даалгүй надад уурлаад намайг гэмтээсэн байх би өөрөө юунаас болж, намайг яаж гэмтээсэн эсэхийг нь санахгүй байна, би уусан архиндаа их согтсон байсан. Тухайн үед миний цус тогтчихсон байсан болохоор эхнэрийнхээ төрсөн дүүг хэрэгт орчихвий гэж санаа зовсондоо л хэргийг нуучихсан юм. Ч.А өөрөө ч гэсэн эмнэлэгт очиж үзүүлье гээд байсан эмнэлэг дээр иймэрхүү юмын шууд цагдаад мэдэгддэг гэхээр нь би бас эмнэлэг руу яваагүй. Ч.А намайг гэрт асарч байхдаа намайг дарамталсан сүрдүүлсэн асуудал байхгүй харин асарч тойгдоод хоол унд хийж эм тариа авч өгсөн байсан. Тухайн үед манай ширээн дээр байсан махан дээр тавьсан хүрэн иштэй үзүүр нь л мохоо хутга хэрэг явдалаас хойш харагдахгүй болчихоод байгаа юм. Тэр хутгаар л миний хүзүүг зүсчихсэн байх. Мөн миний баруун гарын эрхий хуруу дотор талдаа зүсэгдсэн байсан. Би хутганаас нь барьж аваад л хуруугаа зүсүүлсэн юм болов уу гэж бодоод байгаа юм. Өс хонзонгийн асуудал бол байхгүй, өмнө нь маргалдаж байгаагүй гэх мэдүүлэг...” /хх 21,22 дугаар тал/
Гэрч Ч. ***********ийн *********** оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрт пижигнээд явчихаар нь юу болов яав гээд ороод ирсэн чинь Ч.А Б.***********ийг доороо хийчихсэн шалан дээр ноцолдоод байсан. Тэгээд би Ч.Аыг араас нь татаж салгаад юу болоод та 2 чинь зодолдоод байгаа юм гээд салгасан юм. Тэгэхэд өрөөнөөс гараад дахиад коридорт зууралдаж аваад ноцолдоод эхэлсэн. Тэгэхэд нь би нэг мэдсэн чинь ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд нэг сэрээд өрөөндөө ортол Б.***********ийн хүзүүнээс нь цус гарчихсан шалаар нэг цус нөж болчихсон байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Төөгөө гээд нөхөрөө дуудсан чинь сэрэхгүй хөдлөхгүй байгаад байсан. Тэгээд дахиад дэргэд нь очоод ухаан балартаад уначихсан юм. Нэг мэдсэн чинь Б.*********** миний нүүр аман дээр хүйтэн алчуур тавиад усаар шавьшаад сэргээж байсан. Сэрээд харахад Б.***********ийн хүзүү зүсэгдээд ярагдчихсан цус нь нөжрөөд тогтчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх 24 дугаар тал/
Гэрч Т.***********гийн *********** оны 04 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай гэр нэг дэвхарт байдаг болохоор би мэдэхгүй. Гэхдээ тэр үеэр нэг өглөө 4 давхарын шатнаас 5 давхарт ***********ийн үүд хүртэл орцонд шалаар цус гойжсон байсан...” гэх мэдүүлэг /хх 26-р хуудас/
Гэрч Д.***********ын *********** оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр талаар надад мэдсэн зүйл байхгүй ямар нэгэн зүйл сонсоогүй юм. Он сарыг нь хэзээ гэдгийг нь санахгүй байна. 27-р тоотны үүдээс 4 давхараас манай давхар хүртэл орцонд цус дусаж шатаар цус болсон байсныг л харсан...” гэх мэдүүлэг /хх 28-р хуудас/
Гэрч Б.***********ийн *********** оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр би ажлаасаа тараад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай орцонд 4-5 давхарын шатан дээр дуссан цуснууд байсан.Тэгээд би гэртээ ороод байж байхад бараг цаг болсны дараа манай давхарын хаалгыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд сүүлдээ бүр чанга нүдээд амгалан тайван байдлыг алдагдуулж 1 цаг орчим нүдсэн байх. Тэгээд би хаалгаа онгойлоод хартал манай 5 давхарын Б.*********** гэх ахын хаалгыг нэг согтуу хүн нүдээд зогсож байсан. Тэгэхээр нь би наад айлд чинь хүн байхгүй байгаа битгий нүдээд бай гэсэн чинь хүн байгааг мэдэж байна чи дуугүй бай гээд загинаад байсан. Тэгээд би хаалгаа хаасан тэр хэсэг нүдэж байгаад нүдэхээ больсон...” гэх мэдүүлэг /хх 30 дугаар тал/
Гэрч Ч.***********ийн *********** оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Ч.А гэх миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү Ч.А хувь хүний хувьд энгийн амьдралтай мөрөөрөө л хүн байгаа юм, хүнд тусархуу, хүнд гай болоод байдаггүй гавъяа ч байгуулаад байдаггүй хүн байгаа юм. Ч.А хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ажилсаг хүн. Ч.А миний хажууд дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм. Тэр хоёрын хоорондох харилцааны талаар мэдэхгүй. Б.*********** ах байнга согтуу байдаг гэж ах дүү нараас нь сонсож байсан. Сүүлийн үед Ч.*********** эгч нөхрөө дагаж уудаг болсон гэж сонссон тэр 2 архины хамааралтай болсон шиг санагдсан гэх мэдүүлэг ...” /хх 32 дугаар тал /
Гэрч *********** оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... *********** оны 03 дугаар сарын үүрээр Ч.*********** эгч над руу утасдаад намайг Б.*********** ахтайгаа ярь гээд утсаа өгсөн. Би ярихад Ч.А намайг хутгалчихаад яваад өглөө, би Ч.Аод муу юм санадаггүй байсан юм шүү гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33 дугаар тал/
Гэрч *********** оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Хэзээ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна зодоон болсноос хойш 7,8 хонгийн дараа байхаа Ч.*********** эгч над руу утасдаад чи яаралтай ирэх хэрэгтэй байна гээд гэж хэлээд би яасан талаар асууж чадаагүй тэгээд байж байтал Эрдэнэтэд байдаг дүү маань бас утасдаад Ч.А Б.*********** ах хоёрын хооронд нэг зодоон цохион болсон сурагтай байна та наанаасаа гараад очооч, би Эрдэнэтээс гарлаа гэж хэлсэн тэгээд намайг ***********д ирэхэд Б.*********** ахын хүүгийн хамт ирчихсэн байсан \тухайн үед Эрдэнэтэд байсан юм\ мөн Б.*********** ахын дүү эмэгтэй нь нөхөртэйгээ Эрдэнэтээс ирсэн байсан. Тэгээд болсон явдлын талаар ярьцгаахад Ч.А Б.*********** хоёр архи ууж, хоорондоо зодолсон талаар л би ойлголт авсан. ...” гэх мэдүүлэг \хх-ийн 34 дугаар тал\
Шинжээчийн *********** оны 03 дугаар сарын 09-ны өдөр №3552 дугаартай
“1.***********ийн биед цээжний зүүн талын 4,5,6,7,8,9,10-р хавирга ясны хугарал, зүүн эгэм, хүзүүний зүсэгдсэн шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/
1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай таслан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Ч.А нь *********** оны 02 дугаар сарын 27-ны өдөр *********** аймгийн *********** сумын 7 дугаар багийн 2 дугаар хэсэг Гаалийн 38 дугаар байрны 27 тоотод оршин суугч иргэн Б.***********ийг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 21-23/, гэрч Ч.***********ийн /хх-ийн 24-25/, Т.***********гийн /хх-ийн 26-27/, Д.***********ын /хх-ийн 28-29/, Б.***********ийн /хх-ийн 30-31/, /хх-ийн 33/, /хх-ийн 34/ мэдүүлгүүд болон шинжээчийн 3552 тоот дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.***********ийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Аод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэв.
Хохирогч Б.***********оос мөрдөн шалгах ажиллагааны шатанд шатанд шүүгдэгч Ч.Аоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *********** овогт ***********гийн Аыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *********** овогт ***********гийн Аод 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Аод оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөг төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ч.Аод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *********** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ