| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт С*******ын А*******д холбогдох эрүүгийн 2002000210036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай Тонхил суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 2 хороо 2 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 30 байр 05 тоот оршин суух хяагтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, О******* С******* А******* /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А******* нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Дашхүүгийн А******* ******* тоот үндэсний энгийн гадаад паспорт ашиглан Монгол улсад орох, гарах эрхийн хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.А******* нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Дашхүүгийн А******* ******* тоот үндэсний энгийн гадаад паспорт ашиглан Монгол улсад орох, гарах эрхийн хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.А******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч С.А*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн гэм бурууг ойлгож байгаа тул дахин ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Гэрч Э.Бодбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 58 минутын орчим үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нэг машинаас 4 хүн бууж, миний үүрэг гүйцэтгэж байсан пост дээр ирж баримт бичиг шалгуулсан. Тухайн үед 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан. Ингээд эхлээд нэг эрэгтэй, дараа нь нэг эрэгтэй, дараа нь эмэгтэй хүн шалгуулсан. Ингээд тухайн хүмүүсийн 3 дахь хүн надад өөрийн Д.Амаржаргал нэртэй гадаад паспорт шалгуулсан. Тэр үед би Д.А******* гадаад паспортын эзэмшигч нь баримт бичиг шалгуулж буй этгээд биш болохыг олж харсан учир нь шал өөр хүмүүсийн зураг байсан. Тэгээд би тухайн үед Д.А******* шалгуулж буй паспортыг ажлын паспорт унших төхөөрөмжид уншуулахад тухайн хүний мэдээлэл гарч ирсэн. Ингээд би паспорт эзэмшигчээс түүний регистрийн дугаарыг асуухад сүүлийн 4 оронтой тоог сольж хэлсэн. Тэр үед төрсөн он сар өдрийг асуухад он сараа зөв хэлээд өдрөө, регистрийн дугаарын сүүлийн 2 тоотой андуурч байрыг нь сольж хэлээд байсан. Тэгээд тэр үед би түүнийг “та намайг дагаад яв” гээд ээлжийн даргын өрөө рүү хил зөрчигчийн хамт явсан. Ээлжийн даргын өрөө рүү явах явах замдаа би тэр хүнд “та ажилд битгий хүндрэл учруулаад бай, энэ паспортын эзэмшигч та биш байна, та энэ зургийг хар өөр хүн байгаа биз дээ” гэж асуухад “би өөрөө мөн” гэж хэлж байсан. Ингээд ээлжийн дарга руу ороод тухайн зорчигчийн талаар танилцуулж, үлдээгээд явсан. Ингээд хэсэг хугацааны дараа ээлжийн дарга хошууч Р.Одмөнх намайг станцаар “өрөөнд ороод ир” гэж дуудсан. Ороход ээлжийн дарга “энэ хүн болон паспортын эзэмшигчийн талаарх мэдээллийг гаргаад ир” гэж хэлэхэд албаны компьютер дээр сууж тухайн паспорт эзэмшигчийн мэдээллийг гаргаж ирэхдээ “та битгий ажил хүндрүүлээд бай, та үнэнээ хэлээч ээ” гэж хэлэхэд тухайн хүн “уучлаарай даргаа” гэж хэлээд, өөрийн мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлэхэд тэр үед тэр мэдээллийг шалгаж үзэхэд С.А******* нь Д.А******* гадаад паспортаар хил нэвтрэх гэж байсныг илрүүлээд хилийн зөрчлийн материал бүрдүүлж хилийн тагнуулын тасагт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47-49 дүгээр хуудас/
Гэрч Д.А******* 2020 оны 01 сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Миний найз С.А******* над руу өөрийн 96507868 дугаараас залгаад “гадаад паспорт чинь байгаа юу” гэж асуусан. Би байгаа яах гэж байгаа юм бэ гэж асуухад “би чиний гадаад паспортоор хойшоо ОХУ-руу гарчихвал яах бол” гэж асуусан. Би “болохгүй, би чамд өгөхгүй” гэж хэлсэн. Маргааш нь С.А******* манайд ирээд “гадаад паспортоо өгчих, би хүнд үзүүлээд аваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөөд явуулсан. Шинэ жил өнгөрөөд над руу С.А******* залгаад “найз нь баригдсан, чи ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р хуудас/
Гэрч Г.Д******* 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хуучны танил Ашка гэж залуутай тааралдсан. Тэгээд Ашкатай уулзахад “Улаан-Үүд итгэлт хамба руу аялж байгаад ирье, чи нэг найз эмэгтэйгээ авчих, та хоёрын зардал мөнгийг даагаад явна” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн найз С.А*******д хэлсэн. Тэгээд хил дээр очоод хилээр гарч байх үед саатуулагдсан. Юу болсон талаар
асуухад хүний бичиг баримтаар хил гарахыг завдсан. Тэгэхээр нь би явахаа больсон. Тухайн үед хилийн ажилтан “Д.Амаржаргал гэж хэн юм бэ” гэж асуусан. Тэр үед Д.А******* паспортыг аваад явж байсан юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар хуудас/
Гэрч Ц.Н******* 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Д.Амаржаргал өөрийн найздаа гадаад паспортоо өгсөн. Тэрнээс болоод шалгагдаж байгаа. Манай найз “миний гадаад паспортыг ашиглаад хилээр гараад явчих байх гэж бодоогүй, би зөвшөөрөөгүй” гэж хэлж байсан. Би хэргийн талаар сонирхоогүй. Өөр зүйл мэдэхгүй. Энэ талаар огт мэдээгүй. Би Д.А******* гэж хүнийг танихгүй. Манай найз бол хүнд тусархуу даруу төлөв зантай хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байгаагаа өгчихдөг. Хэрэг төвөгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Гэрч А.Ж******* 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Амаржаргал нь нийтэч тусархуу, их хүлээцтэй, ааш зан зөөлөнтэй. Хан-Уул дүүргийн 86 билүү 87 дугаар цэцэрлэгт багшилдаг. Д.Амаржаргал нь өөрийн нөхөр охин нарын хамт амьдардаг. Өчигдөр орой л намайг “гэрчийн мэдүүлэг өгөөдхөөч өөрийнхөө найзын гадаад паспортоо өгөөд явуулсан чинь тэр найз нь хил гарах гэж байгаад баригдсан, надаас миний бичиг баримтыг хүнд үзүүлчихээд аваад ирье, гээд авсан чинь хилээр гарах гэж байгаад баригдсан байна” гэж ярьсан. Би Д.Амаржаргал эгчийн гадаад паспортыг нь авсан найзыг нь танихгүй, хэзээ ийм хэрэг болсныг нь мэдэхгүй байна. 11 билүү 12 сард ийм асуудал болсон гэж байх шиг байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Гэрч Г.Б 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дүү С.А******* нь 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхрөөсөө салсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Зан ааш сайтай, сурлага сайтай, хүнд тусархуу, архи дарс уугаад байдаггүй их сайн хүн байгаа юм. Яагаад хэрэгт холбогдсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 03-04,06-07 дугаар тал/
Хилийн зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 09-26 дугаар тал/
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар тал/
С.А*******ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.А*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон, дээрх зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч С.А*******ийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д.А******* гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэж Прокуророос зүйлчилж ирүүлснийг шүүх завдалт гэж үзэх үндэслэлгүй төгссөн гэмт үйлдэл гэж үзэж шүүгдэгч С.А*******ийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэв.
Учир нь: Монгол улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил гэнэ” гэж, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл улсын хил гэдэг нь зөвхөн хилийн зурвас төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд гаалийн баталгаат бүс, агуулах, гаалийн хяналт шалгалтын талбай, хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын бүс гэх зэргийг бүгдийг агуулсан ойлголт юм.
Иймд шүүгдэгч С.А*******ийн үйлдэл нь Монгол улсын хилийн зурваст нэвтэрч шалгалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа үйлдэл нь төгс үйлдэгдсэн гэмт үйлдэл гэж шүүхээс дүгнэн үзсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч С.А*******ийн гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.А******* гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй, өрх толгойлон амьдардаг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэн Д.А******* ******* дугаартай гадаад паспортыг устгуулахаар улсын бүртгэлийн ерөнхий газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэхээр заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч О******* овогт С*******ын А*******ийг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч О******* овогт С*******ын А*******д мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.А*******ийг 01 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.А******* уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч С.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.А******* ******* дугаартай гадаад паспортыг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
8.Шүүгдэгч С.А*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ