Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/01826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х Х  ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М К  ХХК -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд болох М К  ХХК нь Х Х  ХХК -иас 2019 оны 06 дугаар сарын 08-наас 2019 оны 07 дугаар сарын 17- ны өдрийн хооронд өөрийн хэрэгжүүлж буй төсөл болох Поларис апартмент 1 хотхоныхоо барилгын ажилд зориулан 1 ширхэг тоосгыг 350 төгрөгөөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасны дагуу тооцож, худалдан авч байсан.

 

М К  ХХК нь худалдан авалтынхаа төлбөрийг эхэндээ цаг тухайд нь төлж байсан боловч 2019 оны 07 дугаар сараас эхлэн төлбөрөө хугацаанаас нь хожимдуулж, улмаар нийт 19,500 ширхэг тоосгоны төлбөр болох 6,825,000Т төгрөгийг төлөхгүй байсан бөгөөд уг төлбөрөөс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 8,071 ширхэг тоосгоны үнэ болох 2,825,000 төгрөгийг төлсөн.

Иймээс үлдэгдэл 11,429 ширхэг тоосгоны төлбөр болох 4,000,000 төгрөгийг М К  ХХК-иас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х Х  ХХК нь хариуцагч М К  ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5,500 ширхэг тоосго, 2019 оны 07 дугаар сарын 4-ний өдөр 4,000 ширхэг тоосго, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4,000 ширхэг тоосго, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,000 тоосго, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2,000 тоосго, нийт 19,500 ширхэг тоосгыг нэг бүрийг нь 350 төгрөгөөр тооцон нийт 6,825,000 төгрөгийн үнэ бүхий тоосго худалдан авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь худалдан авагчид нийлүүлсэн тоосгоны үнийг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,825,000 төгрөгийг төлсөн, мөн нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг шаардаж, албан шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

М К  ХХК нь худалдан авсан тоосгоны үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул хариуцагч М К  ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Х  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч М К  ХХК-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан хуралдааны товыг хариуцагч М К  ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын өвөг эцэг нас барсан хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх харгалзан үзэж, хойшлуулсан, улмаар шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 9.00 цаг хүртэл хойшлогдож, уг хурлын товыг мөн мэдэгдэж, гарын үсэг зуруулах гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч Г.Гэлэгдулам нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн байранд хүрэлцэн ирсэн атлаа гарын үсэг зарахаас татгалзсан. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ХУДЭМТ-ийн ерөнхий эмч Цолмон гэх гарын үсэгтэй 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа болон 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 004/28 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн.

 

М К  ХХК-ийн хүний нөөцийн албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт Тус компанид хуульч албан тушаалтай Ганболдын Гэлэгдулам /ЛЮ 91040160/ нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд эмчийн магадлагаатай байгаа тул дээрхи хурагцаанд цалинтай чөлөө олгосон нь үнэн болно гэж дурьдаж, хариуцагчийн төлөөлөгчийг эмнэлэгт үзүүлэхээс нэг хоногийн өмнө олгосон албан бичигт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт үзүүлж авсан гэх магадлагааны хугацааг тодорхой дурьдсан нь үндэслэл бүхий эргэлзээг төрүүлэхээс гадна, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаал, түүний хавсралтуудыг хүчингүй болгожээ. Шүүх нэгэнт хүчингүй болсон эмнэлгийн магадлагаанд үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм.

 

            Түүнчлэн, тус эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч гарын үсэг зурж, тэмдэг дараагүй, засвартай зэрэг нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 199 оны А/243 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам-ын 4.5-д заасантай нийцэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М К  ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Х  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М К  ХХК-аас 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Х  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР