Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч О.Эрхэмбаяр

хохирогч М.Наранзул

шүүгдэгч  Х.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Х******* Б*******д холбогдох эрүүгийн 2131002000143 дугаартай хэргийг 2021 оны  10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр С******* аймгийн А******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, С******* аймгийн С******* сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 134 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Х******* Б*******/РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Х.Б******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар С******* сумын 4-р баг, 5-р хэсэг, 145 тоотод Ц.Авирмэндийн хашаанд хамтран амьдрагч М.Наранзулыг бусадтай хардан зодож зүүн гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч М.Наранзултай хамт архи ууж байхдаа дахин архи худалдан авахаас шалтгаалан маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэжээ

Шүүгдэгч Х.Б*******гийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр би Наранзул бид 2 оройн хоолоо шингээх зорилгоор гадуур алхаж байсан юм. Тэгээд би Авираа гэдэг айлд халаалтын шугамын нүх ухсан юм тэр нүхийг харахаар Авиргаа гэдэг айлд Н******* хамт очсон. Тэгтэл Авираа гэдэг хүн нэг танихгүй хүнтэй архи ууж байсан нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь би тэр 2-той нийлээд архинаас нь уусан юм. Би тэр архинаас нь 4-өөс 5 удаа уусан. Тэгтэл архи ууж байхад тэр танихгүй залуу явсан. Тэгээд байж байтал Авираа ах Наранзулыг наадах чинь нөхрөө алаад шоронд явсан хүн, чи хөгшин авгайтай суулаа, наад хүүхнийг чинь би мэднэ ш дээ гэх зэргээр хэлээд Авираа ах бид 2 маргалдсан юм. Тэгэхээр нь би Наранзулаас “Авираа чамайг яагаад мэддэг юм” гэж хэлээд өшиглөсөн чинь гар луу өшиглөсөн. Гэтэл Наранзул гар эвгүй болчихлоо гэж хэлэхээр нь би харахад зүүн гар нь далийгаад мурийсан байсан. Тэгэхээр нь такси аваад эмнэлэг ороод гарны зургийг авхуулаад эмч хадуулах шаардлагатай байна хэгарсан байна гэсэн. Тэгээд Н******* гарыг нь би хугалсанаас хойш бид 2 тусдаа амьдарч байсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой Наранзул надруу залгаад гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход 0.5 литрийн архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан юм. Архи дуусахад Наранзул надад карт өгөөд ахиад архи аваад ир гэсэн юм. Тэгэхээр нь би одоо архи уугаад яахын бэ болно гэж хэлтэл чиний мөнгөөр архи уух гэж байгаа юм уу, би өөрийнхөө мөнгөөр уух гэж байна гэж хэлээд бид 2 маргалдсан юм. Тэгээд архинд яваад ир гээд бүүр шалаад байхаар нь би явахгүй гэж хэлээд түлхсэн юм. Тэгтэл ширээний ирмэгийг зүүн нүдний доод хэсгээр мөргөөд унасан юм. Тэгэхээр нь би Наранзулыг яав зүгээр үү гээд босгосон чинь зүүн доод хэсгээр улаасан байсан юм. Тэгээд би явлаа архи уухгүй гээд гэрлүүгээ яваад өгсөн. Тэр өдрөөс 3 өдрийн дараа очиход ширээ мөргөсөн хэсгээр хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед би архи уусан байсан. Авираа ах би наад эмэгтэйг чинь мэднэ энэ тэр гээд байхаар нь гэнэт уур хүрээд Н******* гар луу өшиглөсөн юм. Би Наранзултай 4 сар гаран хамт амьдарсан одоо бол хамт амьдардаггүй. Н******* эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн төрсөн дүү Х.Өлзийцэцэгийн хамт Наранзул дээр очиж уулзсан үйл явдал огт болоогүй. ...” гэжээ

Хохирогч М.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Х.Б******* бид 2 хорин насны зөрүүтэй, нийтийн байранд зэрэгцээ хаалганд амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сараас эхлэн хамт амьдардаг болсон, нэг нэгнийхээрээ орж гарч байгаад 2 байрны түрээс төлж байхаар нэг байрны түрээс төлье гэж ярилцаад хамт амьдарч эхэлсэн. Гар хугалдаг өдөр бид 2 хоолоо идчихээд шингээх зорилгоор алхаж байгаад замаараа айлд ороод тэнд байсан хүн нь миний тухай юм яриад түүнээс болоод уурлаад гар луу өшиглөсөн чинь миний гар хугарсан, дараа нь хөнгөн  гэмтэл учруулсан тухайд би архи нэмж уух гээд согтуу жаахан муухай ааш гаргаад миний буруугаас болж маргалдаад намайг түлхсэн би унахдаа гэмтсэн юм. Х.Б******* болсон явдлынг талаар үнэн зөв ярьсан, миний эмчилгээний зардалд туслаж байгаа бид 2 тусдаа амьдарч байгаа, тал талаасаа мөнгө гаргаж байгаад миний гарыг хадуулахаар ярилцаж тохиролцсон байгаа, надад гомдол санал байхгүй,  ...” гэжээ

Хохирогч М.Н******* 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамтран амьдрагч Б*******гийн хамт  Авираа гэж дууддаг хүний гэрт очсон юм. Тэгээд тэр айлд Б*******, Авираа бас нэг эрэгтэй хүн нийлээд гэрийнхэн гадаа архи уусан юм. Тэгээд Авираа, Б******* 2 үлдээд нэг залуу нь яваад өгсөн. Тэгээд Авираа Бат-Өлзий 2 маргалдаж байсан би тэгэхэд жаахан зайтай сууж байсан юм. Сүүлдээ дуу нь чангараад зодолдох гэхээр нь би явж очоод хажууд суусан юм. Тэгтэл Авираа Б*******д хандаж “Чи хөгшин авгайтай суусан, авгай чинь шоронд явж байсан, би танай авгайг мэднэ” энэ тэр гэж хэлэхэд Б******* энэ яагаад чамайг мэддэг юм гээд өшиглөхөөр би би зүүн гараараа хаагаад газарт унасан юм. Тэгээд босоод ирхэд гар халуу дүүгээд байхаар нь цамцаа тайлаад харахад гар хугарсан байдалтай мушгирсан байсан. Тэгэхээр нь Б******* бид 2 эмнэлэг явж зураг авхуулахад хугарсан байсан тул эмчилгээ хийлгэсэн. Өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй. 2021 оны 07 сарын 21-ний өдөр бид 2 гэртээ байхдаа 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа маргалдсан. Архи дуусахаар нь би Б*******г дахиад архи аваад ирээч гэхэд намайг элдвээр хэлээд байхаар нь чам шиг гуйлагчингийн мөнгөөр уухгүй би өөрийнхөө мөнгөөр ууна гэхэд Б******* миний зүүн дал хэсэгт гараараа цохиход би шургаж унаад ширээ мөргөсөн. 2021 оны 03 сараас 07 сар хүртэл хамт амьдарч байсан одоо тусдаа амьдарч байгаа..” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч М.Нарангэрэлийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сарын 24-ний орой манай дүү Явуухулан утсаар ярихдаа Зулаа эгчийг хамт амьдардаг хүн нь зодоод байх шиг байна гараа хугалсан гээд байна гэхээр нь маргааш нь 16 цагийн орчим очиж уулзахад Зулаагийн бага охин ээжтэйгээ байсан. Зулаа орондоо чичрээд хэвтэж байсан.. би юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. хамт амьдарч байгаа залуудаа зодуулсан 06 сард гар хугалсан мөн саяхан хэд хоногийн өмнө намайг зодсон гэж хэлсэн. Би өглөө хувцсыг нь солихдоо биеийг нь харахад энд тэндгүй хөхөрч няцарсан байсан.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/,

Гэрч Ц.А******* 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “.....Б*******гийн эхнэр Наранзул бид хоёрыг салгаж байсан нэг мэдсэн Наранзул яа яа гэж орилж байсан. Тэгэхэд би Б*******д чи болиоч гэж хэлж байсан би босох ч тэнхэлгүй согтуу байсан. Бас маргааш нь Шарка надтай таараад эхнэрийнхээ гарыг хугалсан байна гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Н 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...намайг унтаж байхад нэг эмэгтэй хүн гараа хугалчихлаа гээд Шаркатай хамт орж ирэхээр нь сэрсэн...тэр хүн Шарка гар луу өшиглөчихсөн чинь гар хугарчих шиг боллоо танд боох юм байна уу гэж хэлж байсан .....” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дугаар хуудас/,

Гэрч Б.Б 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 сард Б******* манай ээжийн гарыг хугалсан байсныг би мэдээд тухайн үед цагдаад юм хэлээгүй юм өөртөө нь уулзаад хэлж яриад салсан. Тэгтэл миний дүү Баянзул над руу залгаад Б******* ээжтэй архи ууж байгаад дахиад зодсон байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

  1. М.Н******* биед зүүн шуу ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн дал, зүүн хөх, баруун зүүн гуя, зүүн өвдөгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. М.Н******* биед учирсан шуу ясны хугарал гэмтэл нь 2021.06.04-нд учирсан. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. М.Н******* биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн дал, зүүн хөх, баруун зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл нь 2021.07.24-нд учирсан. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэх /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48 дугаар  хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 67, 68 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 76-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр С******* аймгийн С******* сумын 4 дүгээр багийн 5 дугаар хэсгийн 145 тоотод иргэн А******* хашаанд 2021 оны 03 дугаар сараас хамт хамт амьдарч байсан хохирогч М.Н******* гар луу нь өшиглөж гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С******* аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нийтийн байрны 02 тоотод М.Наранзултай хамт архи ууж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар М.Наранзулыг түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.Б*******н шүүхийн хэлэлцүүлэгт  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, болсон үйл явдлын талаар бодитой ярьж “  ...2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ... Наранзулаас “Авираа чамайг яагаад мэддэг юм” гэж хэлээд өшиглөсөн чинь гар луу өшиглөсөн. Гэтэл Наранзул гар эвгүй болчихлоо гэж хэлэхээр нь би харахад зүүн гар нь далийгаад мурийсан байсан. ... Н******* гарыг нь би хугалсанаас хойш бид 2 тусдаа амьдарч байсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой Наранзул надруу залгаад гэрт хүрээд ир гэсэн.  Яваад очиход 0.5 литрийн архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан юм. Архи дуусахад Наранзул надад карт өгөөд ахиад архи аваад ир гэсэн юм. Тэгэхээр нь би одоо архи уугаад яахын бэ болно гэж хэлтэл чиний мөнгөөр архи уух гэж байгаа юм уу, би өөрийнхөө мөнгөөр уух гэж байна гэж хэлээд бид 2 маргалдсан юм. Тэгээд архинд яваад ир гээд бүүр шалаад байхаар нь би явахгүй гэж хэлээд түлхсэн юм. Тэгтэл ширээний ирмэгийг зүүн нүдний доод хэсгээр мөргөөд унасан юм. ... Би Наранзултай 4 сар гаран хамт амьдарсан одоо бол хамт амьдардаггүй. Н******* эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэж мэдүүлснээр,

Хохирогч М.Наранзул нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн болсон байдлыг    “... Х.Б******* бид 2 хорин насны зөрүүтэй, нийтийн байранд зэрэгцээ хаалганд амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сараас эхлэн хамт амьдардаг болсон, нэг нэгнийхээрээ орж гарч байгаад 2 байрны түрээс төлж байхаар нэг байрны түрээс төлье гэж ярилцаад хамт амьдарч эхэлсэн. Гар хугалдаг өдөр бид 2 хоолоо идчихээд шингээх зорилгоор алхаж байгаад замаараа айлд ороод тэнд байсан хүн нь миний тухай юм яриад түүнээс болоод уурлаад гар луу өшиглөсөн чинь миний гар хугарсан, дараа нь хөнгөн  гэмтэл учруулсан тухайд би архи нэмж уух гээд согтуу жаахан муухай ааш гаргаад миний буруугаас болж маргалдаад намайг түлхсэн би унахдаа гэмтсэн юм. Х.Б******* болсон явдлынг талаар үнэн зөв ярьсан, миний эмчилгээний зардалд туслаж байгаа бид 2 тусдаа амьдарч байгаа, тал талаасаа мөнгө гаргаж байгаад миний гарыг хадуулахаар ярилцаж тохиролцсон байгаа, надад гомдол санал байхгүй ...”  гэж мэдүүлснээр,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үзсэн, харсан, мэдэх зүйлээ үнэн зөв ярьж мэдүүлсэн гэрч М.Нарангэрэл, Ц.Авирмэд, Б.Нарантуяа, Б.Баянмөнх нарын мэдүүлгүүд,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн  

  1. М.Н******* биед зүүн шуу ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн дал, зүүн хөх, баруун зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. М.Н******* биед учирсан шуу ясны хугарал гэмтэл нь 2021.06.04-нд учирсан. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. М.Н******* биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн дал, зүүн хөх, баруун зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл нь 2021.07.24-нд учирсан. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэх дүгнэлт зэрэг болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

  “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Х.Б*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б*******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Б*******н хохирогч М.Н******* гарыг хугалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг зүйлчлэхдээ “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” байхыг шаардаж, ойлгохоор  зүйлчилсэн.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар хамааруулж ойлгохоор хуульчилсан. 

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл хүндрүүлж зүйлчлэхээр тус тус хуульчилсан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл”  гэсэн ойлголт нь  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрээр илэрсэн байхыг шаардаж ойлгох бөгөөд Эрүүгийн хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” гэснийг дээрх байдлаар ойлгоно.   

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд хуульчилсан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрээр илэрч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар “Байнгын” шинжтэй байхыг шаардаж гэмт хэргийн үндсэн, хүндрүүлэх шинжид хамааруулж ойлгож зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгч Х.Б*******, М.Наранзул нар нь 2021 оны 3 дугаар сараас хойш 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд буюу 3 сар орчмын хугацаанд хамт амьдарсан, хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн гишүүний, гэр бүлийн хамаарал бүхий харилцааны үүднээс хандаж харилцсан болохыг бүрэн тогтоогдоогүй, богинохон хугацаанд хамтран амьдрахдаа тохиолдлын шинжтэй үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогчийн гарыг нь өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсныг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Б*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж дүгнэж, өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Х.Ба******* нь М.Наранзулыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь  тохирсон байна гэж дүгнэж, мөн зүйл хэсгээр гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч М.Наранзул нь Х.Б*******гөөс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Х.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч Х.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд хандсан шүүгдэгчийн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Х.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл ийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Х.Б******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт: ... 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ... 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 –т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэтрүүлнэ гэж,

 Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Ба******* нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэстэй байна.

Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт: Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл Үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Б******* нь урьд Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй байна. 

Иймд 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Х.Б*******н үйлдсэн хохирогч М.Н******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлдэлд хамаарахгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Наранзул нь цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Х******* Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Х.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4.шүүгдэгч Х.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Наранзул нь цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ