| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0889/З |
| Дугаар | 221/МА2026/0301 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0301
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалыг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Д.Аыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин, 13 сарын урамшуулалт цалин /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14,688,960 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарыг хүртэл 30,997,820 төгрөг/, 2024, 2025 оны ээлжийн амралтын олговор 1,990,230 төгрөг, нийт 47,677,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0149 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2024/0821/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалыг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Д.Аыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин, 13 сарын урамшуулалт цалин /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14,688,960 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарыг хүртэл 30,997,820 төгрөг/, 2024, 2025 оны ээлжийн амралтын олговор 1,990,230 төгрөг, нийт 47,677,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0149 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаарз үйлийн 107.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.Аыг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулаагүй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Д.Аыг Эрүүл мэндийн хяналтын хэлстийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг тооцож, нэхэмжлэгчид нөхөн олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас гомдол гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга н.Э нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б/128 дугаартай актыг зөрчөөгүй гэж үзсэн. Ингээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай магадлалаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны акт дахин гаргах шаардлагатай гэж үзсэн. Нэхэмжлэгч зөрчил гаргасан бөгөөд үүнийг шүүх үгүйсгээгүй. Гагцхүү процесс ажиллагааны нөхцөлийг тодруулж, дахин акт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед н.Э захирал солигдоод н.Бямбадорж захирал болж дахин шинэ акт гаргахгүй байх эс үйлдэхүй гаргасны улмаас энэ хэрэг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар 107.6.6-д заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх дахин шинэ акт гаргах боломж олгосон байхад анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гэтэл тухайн ажилтан удаа дараа сахилгын шийтгэл гаргаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. Хөдөлмөрийн харилцаа бодит байдал дээр дуусгавар болсон бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй. Нэхэмжлэгч тодорхой хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, байгууллагын үйл ажиллагаанд оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Байгууллага, ажилтан хоёрын харилцан итгэл алдагдсан нөхцөл байдал бий болчхоод байхад албан тушаалд нь эргүүлэн томилох боломжгүй. Нэхэмжлэгч ажил үүргээ өөрөө сайн дураараа гүйцэтгээгүй байхад ажилгүй байсан хугацааны цалин 47,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д.А нь ажилдаа ирдэггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй. Энэ талаар манай байгууллагын бүх ажилтан мэдэж байгаа. Хэрэв шүүхийн шийдвэр Д.Аыг ажилд нь эргүүлэн томил гэж гарах юм бол манай байгууллагын албан хаагчдын дунд ажлаа тасалж болдог юм байна, Хөдөлмөрийн хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлахгүй байж болох юм байна гэх нөхцөл байдал үүснэ. Д.А нь үнэхээр ажилдаа ирдэггүй, ажилчдад хортой үлгэр дуурайлал үзүүлдэг учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Ааас “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалыг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Д.Аыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин, 13 сарын урамшуулалт цалин /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14,688,960 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарыг хүртэл 30,997,820 төгрөг/, 2024, 2025 оны ээлжийн амралтын олговор 1,990,230 төгрөг, нийт 47,677,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг баримтлан төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёс, байгууллагын соёл, дэг журмыг сахих, хөдөлмөрийн дотоод журмын хэм хэмжээг дагаж мөрдөн ажлын цаг баримтлах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Аыг үүрэгт ажлаас нь халжээ.
3.2. Нэхэмжлэгч Д.Ааас “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
3.3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулсан. Хэргийн оролцогчдоос хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.4. Гэтэл хариуцагч шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул нэхэмжлэгч Д.Аыг ажлаас халсан тушаал хүчингүй болж, хариуцагч түүнийг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилох нөхцөл байдал бий болсон боловч томилоогүйн улмаас энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагад өөрт нь нөхцөл байдлыг дахин нягтлах хугацаа буюу гаргасан алдаагаа засах, эсхүл хууль журамд заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэж, шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлтэй байдлыг нотлох боломж олгосноор хариуцагч дахин шинээр акт гаргах үүрэгтэй байхад энэ тохиолдолд хариуцагч тогтоосон хугацаанд шинээр тушаал гаргаагүйн улмаас маргаан бүхий ажлаас халагдсан тушаал хүчингүй болсон үр дагаварт хүрсэн байна.
4.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаар магадлалд “... Д.Аын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, дээрх журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй, сахилгын зөрчил гарсан эсэх талаар дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй ... хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй” гэж дүгнэж, дээрх боломжийг олгосон байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсан” заалт нэмжээ.
4.4. Дээрхээс үзвэл, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, мөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/128 дугаар тушаал хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
5. Давж заалдах гомдлын тухайд:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч Д.Аын хүсэлтийг шийдвэрлэх гэхээр тушаалын үндэслэл болох давж заалдах шатны шүүхийн магадлал нь өөрөө алдаатай учраас магадлалыг үндэслэн тушаал гаргах боломжгүй нөхцөл үүссэн. Тодруулбал, магадлал гаргахдаа 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэж маргаан бүхий актын огноог буруу бичсэн ... дахин акт гаргаагүй бөгөөд гаргаагүй шалтгаан нь газрын дарга нар солигдсон” гэжээ.
5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “Магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан боловч ийнхүү гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
5.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нь шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан ажиллахаар хуульчилсан тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга солигдсон нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
5.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ