Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Т

 

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/212 дугаар албан тоот /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг 90 хувиар тооцож олгохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т миний шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш 1 жилийн 9 сарын хугацаа өнгөрчээ.

 

П.Т  миний бие Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандан 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгох-оор тус тус заасныг үндэслэн 2021 оны 03 дугаар сараас эхлэн цалинг дээрх хувиар тооцож олгох хүсэлтийг гаргасан.

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/212 дугаар албан тоотоор Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна 39.5-д Энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно гэж тус тус заасан.

 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан таны гаргасан хүсэлтийн дагуу цалин хөлсийг шууд тооцож олгох боломжгүй байна гэсэн албан тоотыг надад ирүүлсэн. П.Т  миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 20Щ оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Ерөнхий зөвлөлд танилцуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт хамаарагдаж байгаа тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/212 дугаар албан тоот /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг 90 хувиар тооцож олгохыг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, 17.1.8-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар шүүгч П.Т ын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т сахилгын хороо шүүгчд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна 39 дүгээр зүйлийн 39.5-д энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацааг цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсаны дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгох тухай хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаарх хариу албан бичгийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг 90 хувиар тооцож бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд олгохоор зааж, шүүгчийн хараат бус байдлын нийгэм, эдийн засгийн баталгааг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн, түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5, 17.1.8-д заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ гэж заан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.8-д заасан үндэслэлийг адилтган авч үзсэн боловч дээрх тохиолдолд уг зохицуулалтыг шууд хэрэгжүүлэн олгох боломж хязгаарлагдмал байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүх, шүүгчээс шүүн таслах ажиллагааг, хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй захиргааны байгууллага.

 

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг хүндэтгэн биелүүлэх болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Маргааны үйл баримтаас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлигаар[1] Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пагам овогтой Туяатын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

 

Харин хариуцагч байгууллагаас /2012 оны/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[2] 17 дугаар зүйлийн 17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан-аар нэхэмжлэгч П.Т ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш түүний хараат бус байдлын нэг баталгаа болох цалин хөлсийг олгоогүй байна.

 

Нэг талаараа хариуцагчийн энэхүү үйлдлийг буруутгах боломжгүй юм.

 

Учир нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан /2012 оны/ Шүүгчийн эрх зүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зөвхөн энэ хуулийн 17.1.2 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон; 17.1.3 зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон; заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд түүний халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасахгүй байхаар зохицуулсан байжээ.

 

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлиг хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 9 сарын хугацаанд нэхэмжлэгч П.Т  нь шүүгч болохын хувьд аливаа нэг хэлбэрээр цалин хөлс, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг эдлээгүй гэж үзэхээр байна.

 

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Шүүхийн тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Энэхүү хуульд шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаатай холбоотой асуудлыг илүү боловсронгуй болгожээ.

 

Улмаар өмнө шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндсөн, хууль зүйн хувьд маргаан дагуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан-аар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан зохицуулалтыг тус хуульд байлгах боломжгүй гэж үзэн хассан.

 

Товчхондоо энэхүү заалт нь шинэчлэн найруулагдсан Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлалд огт нийцэхгүй байсан болно.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана, дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан.

 

Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм.

 

Үндсэн хуулийн энэ зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх, шүүгчийн эдийн засгийн хараат бус байх баталгаа хангуулахаар Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 ...бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно... гэж тусгажээ.

 

Энэ зохицуулалт бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн эрх түдгэлзүүлсэн хугацаанд цалин хөлсийг олгосноор тухайн цаг мөчид болон цаашид бусдын нөлөөнд автахгүй байх зорилготой аж.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Т ын шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй тохиолдолд түүний халдашгүй байдал, цалин хөлс, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасах үндэслэл болохгүй.

 

Нөгөөтээгүүр Монгол хэлний их тайлбар толь бичигт түдгэлзүүлсэн гэх үгийг ажил үйлээ хийхийг нь түр азнуулах гэж тайлбарласан байна.

 

Тиймээс энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ, 11.5 ...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ... гэж заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдлыг Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасантай адилтган үзэж, энэ хуулийн 39.5-д заасантай нийцүүлэн түүний цалин хөлсийг 90 хувиар-р тооцон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/212 дугаар албан тоот цалин олгохоос татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчиж байх тул уг актыг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Т ын цалин хөлсийг 90 хувиар тооцож олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/212 дугаар албан тоот хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Т ын цалин хөлсийг 90 хувиар -р тооцон 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Төрийн мэдээлэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №30/1083/

 

[2] Энэ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.