| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/01928/И |
| Дугаар | 181/ШШ2020/01874 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2020/01874
| 2020 оныс07 срын 21 өдөр | 181/ШШ2020/01874 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж К ХХК -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,920,274 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, засварын зардал 685,909 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн төлөөлөгч М.Билэгт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю ХХК нь нийт 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эхнийх нь 8 ширхэг халаагуурын төлбөр болох НӨАТ ороогүй 34,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хоёр дахь нь гэрээнд заасан буюу хуульд заасан алданги болох 17,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гурав дахь шаардлага нь засвар үйлчилгээний зардал болох 1,948,456 төгрөгийг шаардаж байгаа. Ю ХХК нь Ж К ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, энэхүү гэрээгээр нийт 16 ширхэг халаагуурыг худалдахаар тохиролцсон. Гэрээний төлбөрийг Ж К ХХК нь 10 дугаар сарын 31-ний өдөр 25,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг гэж нийт 32,000,000 төгрөгийг хуваагаад үлдэгдэл төлбөрийг 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлээд энэ гэрээний асуудал дууссан байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмж авах худалдан авах үндсэн гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад шинээр нэмэлт гэрээ байгуулсан. Тэр гэрээний үндсэн агуулга шинээр 15 тоног төхөөрөмж худалдан авсан. Гэрээний дагуу гэрээ хүчин төгөлдөр болоход 8 ширхэг халаагуурыг эзэмшилдээ авч ашиглаад түүний төлбөрийг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөөд үүнийг төлсний дараа үлдэгдэл 7 ширхэг халаагуур аваад 32,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөхөөр тохиролцсон.
Гэвч Ж К ХХК нь 11 дүгээр сарын сарын 14-ний өдөр 8 ширхэг халаагуураа шилжүүлж аваад ашигласан байгаа. Хүлээлгэж өгсөн баримтууд хэргийн материалд байгаа. Үүний урьдчилгаа төлбөр болох 34,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. 8 ширхэг халаагуурын төлбөр болох 34,400,000 төгрөгийг шаардаж байгаа. Бид нар нэхэмжлэл дээрээ НӨАТ-тэй дүнгээ шаардаж байгаа. Яагаад НӨАТ-тэй дүнгээ шаардаж байгаа вэ гэхээр Ю ХХК нь 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Чингэлтэй дүүрэг НӨАТ төлөгчөөр бүртгүүлээд гэрчилгээгээ авсан байгаа. НӨАТ төлөгч нь татвар, татвараас хөнгөлөлт чөлөөлөгдөхөө бусад тохиолдолд НӨАТ шаардах эрхтэй. НӨАТ төлөх үүрэгтэй. НӨАТ-гүй үнэ гэж тохирсон боловч НӨАТ дүн болох 3,400,000 төгрөгийг шаардаж байгаа. Алдангийн хувьд нэмэлт гэрээний 2.5.1, үндсэн гэрээний 7.1-т худалдан авагч нь гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцно гэж заасан байгаа. Тэгэхээр Ж К ХХК 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 527 хоног төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байгаа. Тэгэхээр бид нар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар алданги 17,200,000 төгрөгийг шаардаж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 төрлийн засвар үйлчилгээний төлбөр байгаа. Нийт 2,630,764 төгрөг болсон.
Үүнээс 685,900 төгрөгийг суутгаад үлдэгдэл 1,603,360 төгрөгийг шаардаж байгаа. Ж К ХХК нь өмнө нь хэд хэдэн засвар үйлчилгээ хийлгэж байсан. Түүнийг тухай бүрд нь төлж байсан. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 02, 03, 05-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийлгэж байсан. Тэдгээрийн зарим төлбөрийг төлөөд, зарим төлбөрүүдийг төлөөгүй. Талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Ингэхдээ халаагуурын төлбөр болох НӨАТ ороогүй дүн 34,400,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 1,948,456 төгрөг, нийт 36,348,456 төгрөгт тооцоо нийлсэн байна. Үүнээс харахад үндсэн 8 ширхэг халаагуурын мөнгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн засварын мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Тийм учраас хариуцагчаас эдгээр төлбөрүүдийг гаргуулахыг шаардаж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Нийт 2,630,764 төгрөг болсон. Үүнээс 685,900 төгрөгийг суутгаад үлдэгдэл 1,603,360 төгрөгийг шаардаж байгаа. Ж К ХХК нь өмнө нь хэд хэдэн засвар үйлчилгээ хийлгэж байсан. Түүнийг тухай бүрд нь төлж байсан. Үүнээс хойш 2019 оны 03 сарын 02, 03, 05-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийлгэж байсан. Тэдгээрийн зарим төлбөрийг төлөөд, зарим төлбөрүүдийг төлөөгүй. Тийм учраас засварын мөнгөнөөс хасаад тооцсон байгаа. Энэ мөнгөн дүн дээр тооцоо нийлсэн байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа хооронд нь холиод байна. Энэ 2 гэрээний эхний гэрээгээр 16, нэмэлт гэрээгээр 8 гээд нийт 24 ширхэг тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байгаа. Эхний гэрээ 20 хоногийн хугацаа хэтэрснийг эс тооцвол төлсөн. Сүүлийн нэмэлт гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулаад үүний мөнгийг төлөөгүй асуудал яригдаж байгаа. Энэ 2 байгууллага одоо л өр төлбөрийн асуудал яриад байгаа болохоос өмнө нь байнгын харилцаатай байсан. Манайх тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирээд Монголын компаниудад нийлүүлдэг. Нийлүүлдгээс өөр брендийн тоног төхөөрөмжийг засаж өгдөг үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр хариуцагч манайхаас авсан тоног төхөөрөмжөө засуулсан уу эсвэл өөр тоног төхөөрөмж засуулсан уу гэдгээ нотолж чадахгүй байна. Хуульд заасан үндэслэл бүхий хүлээлцсэн баримт тооцоо нийлсэн актаар харагдаж байгаа. Үүнд маргаад байх шаардлага байхгүй. Маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс баримт гаргаж өгөх ёстой. Ямар нэгэн баримт гаргаж өгөхгүй байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар үүрэг үүсэж байгаа. Шууд утгаараа төлбөртэй гэдэг нь хариу тайлбараас нь харагдаж байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 32,000,000 төгрөгийг төлсөн баримт гаргаж өгсөн. Ю ХХК-ийн 8150000030 дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 32,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Тухайн гэрээ байгуулахдаа НӨАТ ороогүй гэж заасан байж одоо НӨАТ орсон үнэ авмаар байна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Үлдсэн 7 ширхэг тоног төхөөрөмжөө аваагүй. Мөнгөө төлсөн тоног төхөөрөмжөө авсан учраас харилцаа дууссан. Тухай гэрээний 6.1-т 3 сарын баталгаат хугацаатай гэж заасан. 3 сарын баталгаат дуусаагүй байсан учраас баталгаат хугацаанд төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манайх мөнгөө төлсөн. Баталгаат засварын хугацаа дуусаагүй байгаа учраас мөнгийг төлөх шаардлага байхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа засварын төлбөр болох 1,948,456.10 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн. Гэрээнд заасан баталгаат хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс энэ мөнгийг төлөх үндэслэлгүй байна. Засварын төлбөрийн мөнгө гэж нэхэмжилсэн 685,909 төгрөг суутгасан. Энэхүү суутгасан мөнгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна. ” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ж К ХХК-д холбогдуулан 54,920,274 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгч Ю ХХК-д холбогдуулан засварын зардал 685,909 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тоног төхөөрөмжийн үнэ 37,840,000 төгрөг, алданги 17,200,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 1,948,456 төгрөг, нийт 56,988,456 төгрөгийн шаардлага шүүхэд гаргасан ба дээрхи шаардлагын хүрээнд бүрэн мэтгэлцсэн болно.
Хариуцагч нь тоног төхөөрөмжийн үнийг төлсөн, баталгаат хугацаанд хийсэн засварын төлбөрийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 685,909 төгрөгийг хасч тооцож нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 64,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцсон байна.
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” байгуулагдаж, нийт 15 ширхэг Шууд шаталттай халаагуур нийлүүлэхээр тохиролцсон боловч нийт 8 ширхэг шууд шаталттай халаагуур нийлүүлсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь худалдан авагчид нийлүүлсэн тоосгоны үнийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргаагүй, уг гэрээний төлбөр тооцоо бүрэн дууссан. Харин нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн 8 шууд шаталттай халаагуурын үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын хамт 37,840,000 төгрөг, алданги 17,200,000 төгрөг, засварын зардал 1,948,456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.”, хариуцагч нь “нэмэлт гэрээний дагуу 8 халаагуур авсан. Үнийг бүрэн төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 32,000,000 төгрөг төлсөн тул одоо төлөх төлбөргүй. Үндсэн төлбөр төлөгдсөн тул алданги төлөхгүй, мөн баталгаат хугацаанд засвар үйлчилгээ хийх үүрэгтэй” гэж тус тус тайлбарласан.
Дээрхи тайлбараас үзэхэд талууд үндсэн гэрээний маргаангүй, мөн нэмэлт гэрээний дагуу 8 ширхэг халаагуур авсан үйл баримтад маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үнэ 64,000,000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарласан ба хавтаст хэрэгт нийт 64,000,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан.
Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ болон 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлах атлаа 64,000,000 төгрөг төлсөн баримтаар өөр баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэв.
Мөн талууд 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 36,348,456 төгрөгийн төлбөртэй гэж тооцоо нийлж баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018 дугаартай “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт хариуцагч Ж К ХХК-аас 34,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5.1-д “... хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцогдоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь алданги 17,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж К ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээгээр алданги шаардаж байгаа нь хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагч Ж К ХХК-аас алдангид 17,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ю ХХК-ийн НӨАТ-т 3,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба талууд гэрээний 2.5.1-д НӨАТ ороогүй дүн гэж тохиролцож, бараа худалдсан атлаа уг дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай гэж үзэв.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” Гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д баталгаат хугацаат хугацаа 3 сар байна, 6.5-д баталгаат хугацааны дотор эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засварлана гэж тус тус тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн засварын зардал нь баталгаат хугацаанд гарсан эсэх, мөн худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан эсэхийг баримтаар нотлоогүй тул баталтгаат засварын хугацаанд эвдрэл үүссэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Талууд Ж К ХХК-аас 685,909 төгрөг шилжиж орсон үйл баримтад маргаагүй, мөн нэхэмжлэгч нь “хариуцагчаас шилжиж орсон засварын зардал 685,909 төгрөгийг хасаж шаардаж байгаа” гэж тайлбарласан.
Иймд, нэхэмжлэгч нь баталгаат хугацаа дууссан хугацаанд засвар хийсэн эсэхийг нотолж, тайлбарлаж чадаагүй тохиолдолд уг сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Ю ХХК-аас 685,909 төгрөг гаргуулан, хариуцагч Ж К ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 155.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ж К ХХК-аас 51,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,388,456 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-аас 685,909 төгрөг гаргуулан, хариуцагч Ж К ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,551 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,011 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж К ХХК-аас 415,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д, нэхэмжлэгч Ю ХХК-аас 21,011 төгрөг гаргуулж, хариуцагч Ж К ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР