| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0082/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/93 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/93
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.М*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2031001300091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Ерөө төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум Буурагчин 2 дугаар баг 7-54 тоотод оршин суух, “******* ******* ******* *******” ХХК-нд операторчин ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Э******* овогт Б******* М******* РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Ерөө сумын төвд иргэн Ж.Э******* “манай дүүг урьд нь хүчиндэж байсан” гэх шалтгаанаар боож унаган бөгсөн тус газар нь бургас модоор ороолгож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М******* нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Ерөө сумын төвд иргэн Ж.Э******* “манай дүүг урьд нь хүчиндэж байсан” гэх шалтгаанаар боож унаган бөгсөн тус газар нь бургас модоор ороолгож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Б.М*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр сумын төв орох гэж явахдаа Ж.Энх-Оршихтой гүүрний тэр хавьд таарч машиндаа суулгаад явж байхад шорон орон яриад байраар нь маргалдаж цохиж зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Э 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний бие Ерөө сумын 2-р багийн нутагт гэртээ байж байгаад 18 цагийн үед хүнтэй утсаар ярих санаатай гэрийн ойролцоо байдаг Ерөө *******ын гүүрэн дээр явж байтал нэг үл таних жижиг машинтай залуучууд ирээд “...машинд суучих, гэр лүү чинь хүргээд өгье...” гэж суулгасан. Тэгээд намайг тухайн үед жолоо барьж явсан зүс үл таних залуу “...намайг таньж байна уу..” гэж хэлээд намайг *******ын урд байдаг бургас руу авч явсан юм. Тэгээд машинаас буулгаад тухайн 3 залуугийн нэг нь болох жолоо барьж байсан нь намайг хоолой хэсгээс боож намайг газар унагаасан. Тэгээд намайг боож унагасан залуу нь намайг “өмдөө тайл” гэхээр нь би өөрийн өмсөж явсан ажлын өмдөө доош нь шувталсан юм. Тэгтэл тухайн намайг боосон гэх залуу нь бургас барьж ирээд миний бөгс хэсэг рүү 15 удаа тоолж байгаад цохисон юм. Тэгээд би тухайн үед “одоо больё” гэж хэлэхэд намайг “...чи мэддэг юм уу...” гэж хэлээд намайг бургасаар ороолгоод байсан юм. Тэгээд би тухайн үед нь өвдөөд байхаар нь би тухайн залуугаас зугтаасан юм. Тэгтэл нөгөө залуу миний араас ирээд “...чи яасан их зугтаадаг юм бэ” гэж хэлээд намайг дахиад бөгс хэсэг рүү ороолгож, миний бөгс хэсэг рүү бас нэг бүдүүн бургас бариад чихэх гэж оролдсон юм. Тэгээд машиндаа суулгаад намайг гэрийн гадна авч ирсэн юм. Тухайн үед намайг цохисон гэх залуу нь “цагдаа дуудвал чамайг ална шүү” гэж сүрдүүлсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод миний үеэл дүү Отгоо нь гэрт байсан ба надаас юу болсон талаар асуугаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед хамт ирсэн 2 залуу нь миний гуя хэсэг рүү нэг нэг удаа өшиглөж, цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиогүй. Намайг “ямар их шорон орон ярьдаг нөхөр вэ” гэж хэлээд тухайн 2 залуу нь миний гуя хэсэг рүү нэг нэг удаа өшиглөсөн. Би намайг зодсон гэх 1 залууг нь танина. Нөгөө 2 залууг сайн танихгүй, зүс харж байсан залуучууд байсан. Би урьд нь намайг зодсон гэх залуугийн дүү охиныг хүчиндсэн хэргээр 2006 онд Эрүүгийн хэрэг үүсэж шалгагдан, ял авч 2018 онд шоронгоос гарсан юм. Тухайн залуу нь энэ асуудлаас надад өс санаж ийм үйлдэл хийсэн гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн эмчилгээний зардалд нийт 190000 төгрөг бэлнээр өгч эмчилгээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч Э.Б 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз Б.М*******гийн гэрт найз Э.Оргил нартай цуг байж байгаад 18 цагийн үед сумын төв рүү дэлгүүр орох гээд Б.М*******тэй цуг өөрийнх нь “Премо” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3-лаа явж байтал Б.М******* нь Ерөө *******ын гүүр хэсэгт явж байтал гүүрэн дээр Б.М******* нь манай сумын иргэн Ж.Энх-Орших гэх хүнийг машиндаа суулгаж яваад ойр зуурын юм ярьж, “сонин юу байна” гэх зэргээр яриа хийж, дүү охиныхоо талаар ярьсан юм гэтэл нөгөө хүн нь шорон оронгоор явсан талаараа ярихад Б.М******* нь сумын төв рүү явж байснаа эргэж Ерөө сумын жижиг гүүрний ойролцоо очиж зогсоод нөгөө суулгасан хүнийг машинаас гаргаж ирээд заамдаж, газар унагасан юм. Тэгэхээр нь би “чи муу яасан их шорон орон ярьдаг нөхөр вэ” гэж хэлээд уурандаа нэг удаа баруун талын гуя хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн юм. Тухайн үед Э.Оргил ч бас “яасан их шорон орон ярьдаг нөхөр вэ” гэж хэлээд бас баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл Б.М******* нь тухайн хүнтэй маргалдахад нөгөө хүн нь “чи надад юм бодож явдаг бол сайхан цохичих” гэж хэлэхэд Б.М******* нь өмдөө шувтал гэж хэлээд өмдийг нь шувтлуулж байгаад нэг бургасаар нөгөө хүний бөгс хэсэг рүү нь 15 удаа өөрөө тоолж байгаад ороолгосон юм. Тэгтэл нөгөө хүн нь зугтааж, араас нь Б.М******* нь хөөж нөгөө бургасаараа ороолгосон юм. Тэгээд нэг бүдүүн бургас гартаа барьж харагдсан ба “энийг бөгс рүү чинь хийнэ шүү” гэж хэлээд бөгс хэсэг рүү нь хийх гэж айлгаж /бөгс рүү нь хүргэсэн, хийгээгүй/ байгаад нөгөө модоо хаяж, нөгөө хүнийг машиндаа суулгаж гэрийнхэн гадна буулгаад явсан юм. Э.Оргил бид 2 тухайн хүнийг Б.М******* нь бургасаар ороолгож цохих үед хамтран оролцоогүй. Харин шорон орон яриад байхаар нь дургүй хүрсэндээ нэг, нэг удаа баруун гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Миний дуулснаар Б.М*******гийн дүүг тухайн хүн хүчиндсэн гэмт хэрэг үйлдэж байсан юм байна лээ. Тэрнээс үүдэж уг 2 хүний дунд ийм асуудал болсон гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Э.О 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз Б.М*******гийн гэрт найз Э.Баярдэлгэртэй цуг байж байгаад 18 цагийн үед сумын төв рүү дэлгүүр орох гээд Б.М*******тэй цуг өөрийнх нь “Премо” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3-лаа явж байтал Б.М******* нь Ерөө *******ын гүүр хэсэг явж байтал гүүрэн дээр Б.М*******гийн танил хүн бололтой нэг хүн байсныг Б.М******* нь машиндаа суулгаж яваад ойр зуурын юм ярьж, “сонин юу байна” гэх зэргээр яриа хийхэд нөгөө хүн нь “шорон оронгоор явсан” талаараа ярихад Б.М******* нь сумын төв рүү явж байснаа эргэж Ерөө сумын жижиг гүүрний ойролцоо очиж зогсоод нөгөө суулгасан хүнийг машинаас гаргаж ирээд заамдаж, газар унагасан юм. Тэгэхээр нь би “чи муу яасан их шорон орон ярьдаг нөхөр вэ” гэж хэлээд уурандаа нэг удаа баруун талын гуя хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тухайн үед Э.Баярдэлгэр бас “яасан их шорон орон ярьдаг нөхөр вэ” гэж хэлээд бас баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл Б.М******* нь тухайн хүнтэй маргалдахад нөгөө хүн нь намайг “чи цохиж болно” гэж хэлэхэд Б.М******* нь “өмдөө тайл” гэж хэлээд өмдийг нь шувтлуулж байгаад нэг бургасаар нөгөө хүний бөгс хэсэг рүү нь тоолж байгаад 15 удаа ороолгосон юм. Тэгтэл нөгөө хүн нь зугтааж, араас нь Б.М******* нь хөөж нөгөө бургасаараа ороолгосон юм. Тэгээд нэг бүдүүн бургас гартаа барьж харагдсан ба “энийг бөгс рүү чинь хийнэ шүү” гэж хэлээд бөгс хэсэг рүү нь хийх гэж айлгаж /бөгсрүү нь хүргэсэн, хийгээгүй/ байгаад нөгөө модоо хаяж, нөгөө хүнийг машиндаа суулгаж гэрийнхэн гадна буулгаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
Гэрч Ц.О 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.М******* нь хувийн байдлын хувьд өөрийн эхнэр хүүхдийн хамт Ерөө суманд амьдардаг юм. “******* ******* Ерөө *******” ХХК-д жолооч ажилтай ба уг хүний хувьд амьдрал ахуй тогтсон. Эхнэр нь бас “******* ******* Ерөө *******” ХХК-д эдийн засагч ажилтай, аж амьдарлаа зөв аваад явж байгаа залуу юм. Зан байдлын хувьд миний найз Б.М******* нь их даруухан, хүнтэй зөв боловсон харьц;аг, биеэ зөв авч явдаг, ажилсаг, аливаа зүйлд шударга, ажил хөдөлмөрч залуу санагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...1.Ж.Э биед духанд хавантай, хэвлийд зулгаралт, баруун шуу гуяны арын дээд хэсэг, хонгоны баруун, зүүн хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 37-38 дугаар тал/
Б.М*******гийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-58 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.М******* нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Ерөө сумын төвд иргэн Ж.Э******* “манай дүүг урьд нь хүчиндэж байсан” гэх шалтгаанаар боож унаган бөгсөн тус газар нь бургас модоор ороолгож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.М*******гийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Э биед духанд хавантай, хэвлийд зулгаралт, баруун шуу гуяны арын дээд хэсэг, хонгоны баруун, зүүн хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Э эмчилгээний зардалд шүүгдэгч Б.М*******гээс 190.000 төгрөгийг гаргаж зарцуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35 см урттай бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Э******* овогт Б******* М*******г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э******* овогт Б******* М*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.М*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35 см урттай бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Б.М*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ