| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0141/Э/208/2021/0051 |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан
шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Г.Бат-Эрдэнэд холбогдох 2131002400192 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр, С******* аймгийн Е******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, С******* аймгийн Е******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт С******* аймгийн Е******* сумын 1 дүгээр баг 4-49 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А******* овогт Г******* Бат-Эрдэнэ /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь С******* аймгийн Е******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Г.Бат-Эрдэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С******* аймгийн Е******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Арбулаг” гэх газраас 193.725 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай 28 ширхэг буюу 0,6814 мкуб нойтон хус мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 581,175.45 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 24-нд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруутай үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа. Миний хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87-р хуудас/,
Хохирогч Л.Б******* 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өгсөн: “...Н.Бат-Эрдэнэ гэх хүнийг Е******* сумын 2-р багийн иргэн гэдгээр нь танина. Е******* сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг. ...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.С******* “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байхад Г.Батзаяа ирээд намайг модонд яваад өгөөч гэж гуйхад нь би өөрийн 81-12 СЭА улсын дугаартай Хьюндай Портер маркийг тээврийн хэрэгслээр бид хоёр хамт явсан юм. Е******* сумын 1 дүгээр баг “Арбулаг' гэх газарт очоод Г.Батаагийн бэлдсэн нойтон модноос 28 ширхэг ачаад байж байтал удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-44-р хуудас/,
Гэрч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Г.Бат-Эрдэнэ нь зан байдлын хувьд даруу төлөв, архи дарс хэрэглээд байдаггүй хүн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Д.А 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичиг байгаль орчны байгаль хамгаалагч бичиж байгаа. Тухайн газраас мод бэлтгэж болохгүй... Бат-Эрдэнэ гэх хүн тухайн өдөр “Ар булаг” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Е******* сумын 1-р баг “Ар булаг” гэх газарт түлээний модонд эрхийн бичиг олгохгүй. ...” гэх мэдүүлэг , /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч П.Т 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Г.Бат-Эрдэнэ гэх хүн тухайн өдөр “Ар булаг” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Е******* сумын 1-р баг “Ар булаг” гэх газарт түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч Г.Н 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Г.Бат-Эрдэнэ нь мод бэлтгэж сумын иргэдэд зарж борлуулдаггүй. Мод бэлтгэж байгаа үйлдэл нь давтагдах шинжтэй үйлдэл биш. Байнга модонд яваад хүмүүст зараад байдаггүй. Модонд явах машин байхгүйдээ амралтын өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй явчихсан чинь тэрнээсээ эс юм болж бөөн өр төлбөрт уналаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч П.Н 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Г.Бат-Эрдэнэ багшийг мод зараад яваад байна гэж сонсож байгаагүй. Сургуулийн багш бид нарын ёс зүйд нийцэхгүй байлгүй дээ. Бид нар чинь сургуулийн хүүхдүүдтэй харьцана. Цалин мөнгөнөөс шалтгаалаад гадуур зарагдаж байгаа мод авахаасаа илүү өөрсдөө модонд явна. Г.Бат-Эрдэнэ ах модонд явахдаа мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй явсан нь буруу болсон байна. Уул нь багш бид нар чинь хүүхдүүдийн үлгэр дуурайл болдог хүмүүс болохоор аль болох хууль бус үйлдэл хийх, ёс зүйгүй аашлах, цэвэр цэмцгэр байх, биеэ авч яваа байдалдаа анхаарах гээд хичээж явдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Н.Г 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би экологийн хариуцсан байцаагч А.Амартүвшиний хамт С******* аймгийн Е******* сумын 1-р баг “Ар булаг” нэртэй газар хяналт шалгалтын үүргийг 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэж явахад “Ар булаг” нэртэй газрын доор хэсэг ойн цоорхой гэмээр газрын захад портер маркийн машин зогсоод цаад талд нь 2 хүн зогсож байсан. Бид хоёр очоод шалгахад Е******* сумын иргэн Г.Бат-Эрдэнэ, Сонинбаяр нар нь хус модыг тайрч бэлдээд байж байсан. Тэвшин дээр нь 1-2 ширхэг хус модыг тайрч бэлдээд байж байсан. Ер нь бэлдсэн модоо ачиж эхэлж байсан учраас бэлдсэн модыг нь ачуулаад Е******* сумын цагдаагийн хэсгийн байрны хашаанд модыг нь буулгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/,
Ойн аж ахуйн инженер Э.Энхтулгын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 1 шоо метр хус модны экологи эдийн засгийн үнэлгээ 157,947 төгрөг байдаг. Тус бэлтгэсэн гэх 1,5 метрийн урттай 28 ширхэг 0,6814 шоо метр мод нь хэрэглээний бөөрөнхий мод тул 1.8 дахин нэмэгдүүлсэн дүнгээр экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 193.725.15 төгрөг болж байна Тухайн бэлтгэсэн модод нь хус төрлийн модонд хамаарна. Бэлтгэсэн хожуулыг харахад үртэс нь шаргал өнгө нь харлаагүй тул 2021 оны 7, 8 сард бэлтгэсэн байх боломжтой. Тухайн мод бэлтгэсэн газрын кординатыг шалгаж үзэхэд тухайн газар нь Е******* сумын ойн сангийн ашиглалтын бүсийн 39-р хэсэглэлийн 23-р ялгаралд хамаарах ба дунд насны хусан ой юм. С******* аймгийн ойн сан нь 3 дугаар мужлалд хамаардаг...” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-63-64-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн СЭА:1000874 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Д.Хү эзэмшлийн 81-12 СЭА улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-09-17-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.500.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх /хх-ийн 71-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ621/1948 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хө*******ний бодит үнэ 70.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэх /хх-ийн 73-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 03-04-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-21-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 72,83-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 153-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С******* аймгийн Е******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С******* аймгийн Е******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Арбулаг” гэх газраас 193.725 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай 28 ширхэг буюу 0,6814 мкуб нойтон хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хө******* ашиглаж бэлтгэсний улмаас ойн санд 581,175.45 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Х.С******* “...2021 оны 08 дугаар сарын 22-ний өдөр өөрийн гэртээ байж байхад Г.Бат-Эрдэнэ ирээд намайг модонд яваад өгөөч гэж гуйхад нь би өөрийн 81-12 СЭА улсын дугаартай Хьюндай Портер маркийг тээврийн хамт явсан юм. Е******* сумын 1 дүгээр баг “Арбулаг' гэх газарт очоод Г.Батаагийн бэлдсэн нойтон модноос 28 ширхэг ачаад байж байтал удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Гантулгын “...Би экологийн хариуцсан байцаагч А.Амартүвшиний хамт С******* аймгийн Е******* сумын 1-р баг “Ар булаг” нэртэй газар хяналт шалгалтын үүргийг 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэж явахад “Ар булаг” нэртэй газрын доор хэсэг ойн цоорхой гэмээр газрын захад портер маркийн машин зогсоод цаад талд нь 2 хүн зогсож байсан. Бид хоёр очоод шалгахад Е******* сумын иргэн Г.Бат-Эрдэнэ, Сонинбаяр нар нь хус модыг тайрч бэлдээд байж байсан. Тэвш дээр нь 1-2 ширхэг хус модыг тайрч бэлдээд байж байсан. Ер нь бэлдсэн модоо ачиж эхэлж байсан учраас бэлдсэн модыг нь ачуулаад Е******* сумын цагдаагийн хэсгийн байрны хашаанд модыг нь буулгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Т “...Г.Бат-Эрдэнэ гэх хүн тухайн өдөр “Ар булаг” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Е******* сумын 1-р баг “Ар булаг” гэх газарт түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй...” гэх мэдүүлэг,
Ойн аж ахуйн инженер Э.Энхтулгын “... 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 1 шүү метр хус модны экологи эдийн засгийн үнэлгээ 157,947 төгрөг байдаг. Тус бэлтгэсэн гэх 1,5 метрийн урттай 28 ширхэг 0,6814 шоо метр мод нь хэрэглээний бөөрөнхий мод тул 1.8 дахин нэмэгдүүлсэн дүнгээр экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 193.725.15 төгрөг болж байна Тухайн бэлтгэсэн модод нь хус төрлийн модонд хамаарна. Бэлтгэсэн хожуулыг харахад үртэс нь шаргал өнгө нь харлаагүй тул 2021 оны 7, 8 сард бэлтгэсэн байх боломжтой. Тухайн мод бэлтгэсэн газрын кординатыг шалгаж үзэхэд тухайн газар нь Е******* сумын ойн сангийн ашиглалтын бүсийн 39-р хэсэглэлийн 23-р ялгаралд хамаарах ба дунд насны хусан ой юм. С******* аймгийн ойн сан нь 3 дугаар мужлалд хамаардаг...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь “Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 193.725 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 581.175 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлөхөө илэрхийлсэн, прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг “төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч, ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Г.Бат-Эрдэнээр 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 581.175 төгрөгийг төлүүлж, үлдэгдэл 918.825 төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 28 ширхэг хус мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хө******* зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хө*******, 28 ширхэг хус мод, 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А******* овогт Г******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хө*******, 0.6814 шоо метр нойтон хус мод зэргийг хураан авч, тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 581.175 /таван зуун наян нэгэн мянга нэг зуун далан таван/ төгрөгийг төлүүлж, үлдэгдэл 918.825 /есөн зуун арван найман мянга найман зуун хорин таван/ төгрөгийг болон хэрэгт битүүмжилсэн 28 ширхэг хус мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хө******* зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгосугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ