Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00064

 

“Б” ЗГБХ

нөхөрлөлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00121 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

“Б” ЗГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй,

Ч.Сд холбогдох,

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б” ЗГБХ нөхөрлөл нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг шаардсан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, алданги 500,000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00121 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сгаас 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БЗГБХ нөхөрлөлд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БЗГБХ нөхөрлөлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БЗГБХ нөхөрлөлд олгож шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ч.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Барьцаалан зээлдэх үйл явдал нь зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд энэ гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус байсан байхад нэг гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус, зарим хэсгийг хүчин төгөлдөр гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн намайг хүү төлсөн гэж байх боловч нотлоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Цэрэндолгор гуайн шүүхэд өгсөн баримтаас харахад 2016.09.23-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү төлсөн байгаа бөгөөд сар бүр 90,000 төгрөг өгсөн гэж бодоход 450,000 төгрөг өгсөн нь нотлогдож байна. Иймээс 2016.4.11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож үлдсэн мөнгө болох 1,000,000 төгрөгөөс хүүнд тушаасан 450,000 төгрөгийг хасч, үлдэх 550,000 төгрөгийг төлөхөөр тогтоож өгнө үү. Мөн би дан ганц хариуцагч биш байгааг шүүх анхаараагүй. Оюунхишиг 170,000 төгрөгийн хүү төлсөн  байдаг. Үлдсэн мөнгөнөөс хасагдах ёстой гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.   

6. “Б ЗГБХ нөхөрлөл нь хариуцагч Ч.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж, алданги нэхэмжилснээс татгалзаж, үндсэн зээл 1,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлд 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 1,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, ...зээлийн хүүд 720,000 төгрөг төлсөн, ...500,000 төгрөгийн үлдэгдэлтэй... гэж маргасан байна.  

7. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

8. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг хуульчилсан байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ч.С нь “Б ЗГБХ нөхөрлөлтэй 2016.04.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээ барьцаалсан байх бөгөөд талууд тохиролцон зээлийн гэрээний хугацааг 2016.05.11, 2016.06.10, 2016.09.23ы өдрүүдэд сунган, зээлдэгч зээлийн хүүд 353,000 төгрөг төлсөн, улмаар 2019.04.22-ны өдөр үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг 2019.07.10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогджээ. 

10. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхтэй боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлд 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг үндэслэж, шүүх нэхэмжилсэн төлбөрт хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна. Харин хариуцагч ...зээлийн хүүд 720,000 төгрөг төлсөн, ...одоо 500,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй... гэсэн тайлбар гарган маргах боловч энэхүү тайлбарын үндэслэлийг нотлоогүй байна.

11. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой хэсэг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан шаардлагыг хангаагүй, гэвч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний үлдэх хэсэг буюу зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн “...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. ...нэхэмжилсэн зээлийн төлбөрт 550,000 төгрөг төлөхөөр тогтоож өгнө үү...” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00121 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.01-ний өдөр төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД