Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0306

 

 

 

 

 

 

 

 

 

 

Парламентын судалгаа,*******гийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Гомдол гаргагч: Парламентын судалгаа,*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Э

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0232 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.О, Б.Н, хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0354/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Парламентын судалгаа,******* нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0232 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д тус тус заасныг баримтлан Парламентын судалгаа,*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан үйлдэл нь санаатай үйлдэгддэг. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон, акт гаргуулсан этгээдийн актын хугацаа 5 сард дууссан. Ингээд 6 сараас эхлээд актыг сунгуулж байгаа гэдэг үйл баримт байсан. Актыг 6 сарын дотор сунгаж болох журмын зохицуулалттай. 6 сардаа багтаад сунгана гэж тооцоолсон боловч 10 сард сунгасан. 6, 7, 8, 9 сард сунгалт хийгээгүй учраас үүнийгээ залруулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан. Үүнээс үзэхэд нийгмийн даатгалын санд хохирол учруулах бодолгүй байсан. Сунгуулах процесс 3 сар үргэлжилсэн, сунгах хүсэлтээ 6 сард өгсөн боловч 10 сард сунгагдсан. Иймд сунгагдаагүй 4 сарыг сунгагдаагүй гэдгээр нь тайлагнах нь зөв юм байна гэж үзсэн. Мөн хоорондын зөрүү гарчихаар нь үүнийгээ залруулаад төлөх ёстой төлбөрийг төлье гэх хүсэлтийг гаргасан. Гэтэл зөрчлөө өөрсдөө илчилсэн гэх агуулгаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй. Д.О тайлбарлахдаа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан тооцооны алдаа гарсан, тооцооны алдаа гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн мөр хоорондын буюу кодын алдааг хэлж байгаа юм. Тооцооны алдаа залруулах хүсэлтээ гаргаж болно. Залруулах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллага нь хүлээж аваад, улсын байцаагч үүнд нь акт гаргаж алдангийн хэмжээг тодорхойлж нийгмийн даатгалын санд нөхөн төлөх ёстой төлбөрийн хэмжээ, алдангийг төлүүлснээр тооцооны алдаа залрах эрх зүйн боломж байгаа. Гэтэл заавал шийтгэлийн хуудас ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам, журмын 7 дугаар зүйлд тайлан, залруулга хийх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх тухай заасан байгаа. Үүнд заавал шийтгэл ногдуулах шаардлага байхгүй байсан. Шийтгэлийн хуудаснаас өмнө улсын байцаагчийн акт гарсан. Улсын байцаагч актаараа тооцооны алдааны зөрүү, алдангийг тодорхойлсон, үүнийг нь нэхэмжлэгч байгууллага төлсөн. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан тооцооны алдаа манай тохиолдолд хамаарна. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдэхгүй гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь хэсэгт зааснаар тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гаргаснаас хойш хоног тутам 0,1 хувийн алданги тооцно гэж заасны дагуу энэ үйл ажиллагаа явагдсан. Тооцооны алдаа гэдэгт шимтгэл төлөлтийн баталгаажсан тайланд залруулга хийх, даатгуулагчийн төрлийг өөрчлөн засах хамаарна. Манай алдаа бол төрөл өөрчлөн засахад хамаарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч Парламентын судалгаа,******* нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг улсын байцаагч Д.Эд холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Гомдол гаргагч Парламентын судалгаа,*******гийн Сургалт олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Ц.Мг Е11 буюу инсулинаас үл хамаарах чихрийн шижин өвчний улмаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон бөгөөд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 70001 кодоор төлдөг байжээ.

3.2. Ц.Мгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусаж, түүний хүсэлтийг Эрүүл мэндийн магадлалын зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, мөн өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан байх бөгөөд Парламентын судалгаа,*******гээс Ц.Мгийн 2025 оны 06, 07, 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх ижил кодоор тайлагнаснаар зөрүү үүсчээ.

3.3. Улмаар Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Э Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсаар Парламентын судалгаа,*******г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын ерөнхий хууль зөрчих” гээд 8 дахь хэсэгт “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,                   Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ”, 44.1.3-д “тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, аливаа ажил олгогч нь даатгуулагч ажилтны цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлж, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцох үүрэгтэй.

4.3. Гэтэл Парламентын судалгаа,******* нь Сургалт олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Ц.Мг хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусаж, эрх бүхий байгууллагаас дахин сунгаагүй хугацаа болох 2025 оны 06, 07, 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуучин кодоор төлсөн нь хуульд заасан зөрчлийн шинжийг агуулж байхаас гадна даатгуулагчийн ангилал буюу өөр кодоор тайлагнаж төлснийг тооцооллын алдаанаас болж нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн гэж үзэхээргүй байна.

4.4. Гомдол гаргагчаас “... Ц.Мгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актын хугацааг сунгуулахтай холбоотой үүссэн зөрүүг залруулах, залруулсан хэмжээгээр алдангийн хамт төлөх хүсэлт гаргасан байхад шууд хохирол учруулсан хэмжээн үзэж шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

4.5. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмыг зөрчсөнөөр зөрчил гаргасанд тооцогдож, хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хууль тогтоогчоос хуульчилсан байна.

   4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                                                  М.ЦЭЦЭГМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                               З.ГАНЗОРИГ

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ