Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 27

 

                                                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Д.Т-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: ОАСХ-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: “ОАСХ-ны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ардчилсан намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 05 тоот тогтоол, Монгол ардын Хувьсгалт намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 07 тоот тогтоол, Хөдөлмөрийн үндэсний намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 08 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Сонгуулийн хороог хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.

Орон нутгийн сонгуулийн ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор, мөн цаашид уг захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх  хэсэг “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, тус зүйл хэсгийн 20.1.1 дэх заалтад “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан ба хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Т нь ОАСХ-д холбогдуулан “ОАСХ-ны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ардчилсан намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 05 тоот тогтоол, Монгол ардын Хувьсгалт намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 07 тоот тогтоол, Хөдөлмөрийн үндэсний намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай 08 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Д.Т нь нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр болон амаар илэрхийлсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т ОАСХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  119/2020/0020/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Т-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

   5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА