Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00034/И |
Дугаар | 00339 |
Огноо | 2020-05-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00339
2020 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00339 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Б багт оршин суух, Ш овогт Э ы Н / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Б багт оршин суух, У овогт Х-ын Б / /-д холбогдох
эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00034/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Э.Н , хариуцагч Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Б той 2017 онд танилцаад 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. Хуримаа хийснээс хойш 1 жил хамт амьдарсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би жирэмсэн болсон. 2019 оны 11 дүгээр сард би төрсөн гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад би буцаад Баян-Өлгий аймаг явсан. Намайг гэртээ очиход Х.Б уурлаад байдаг байсан. Манай ээж над руу залгаад гэр орон чинь дулаахан байна уу гэж надаас асуухаар нь би Х.Б маландаа явсан юм шиг байна. Гэртээ байхгүй байна. Хүү бид хоёр гэртээ байна гэж хэлсэн. Бэргэн болох Нарантуяа нь намайг ээжтэй утсаар ярьж байхыг сонсчхоод Х.Б т очиж хэлсэн байсан. Х.Б гаднаас орж ирээд намайг зодсон….2019 оны 1 дүгээр сард би өөрийн ээж рүүгээ ярьсан. Манай ээж намайг 7 хоногийн дараа ирж авсан. Түүнээс хойш холбоо бариагүй….Би 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б гэдэг охинтой болсон. Охин надаар овоглодог. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Би төрснийхөө дараа хүүхдээ бүртгүүлэх гэтэл хугацаа нь хэтэрсэн гэж 130,000 төгрөгөөр торгуулж байсан. Би Х.Б ын бэр эгч рүү нь залгаад хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй байна гэсэн чинь би эргээд холбоо баръя гэж хэлчихээд дахин холбоо бариагүй. Х.Б ын ах Гантулга руу нь залгаад хүүхдээ бүртгүүлмээр байна. Хэрэв бүртгүүлэхгүй бол хугацаа нь хэтрэх гээд байна. Дахин 130,000 төгрөгөөр торгуулах гээд байна гэхэд Х.Б гэрээ хураачхаад Хэнтий аймаг явсан гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ Х.Б ын нэр дээр бүртгүүлж чадаагүй. Өөрийнхөө нэр дээрээ бүртгүүлсэн. Тухайн үед Хэнтий явчихлаа гэж хэлээгүй байсан бол хүүхдээ Х.Б ын нэр дээр бүртгүүлчих байсан. Өнөөдөр гэртээ оччихсон байх байсан. Одоо шүүхээс Б ын эцэг нь Х.Б мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн хүүхдээ өөрийн асрамжиддаа үлдээж, Х.Б оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна....Охин маань миний асрамжид эрүүл бойжиж байгаа....гэв.
Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би Э.Н тэй 2017 онд танилцсан. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. Миний хувьд морь уядаг учир зуны улиралд морио уяад явчихдаг. Зуны улиралд хааяа нэг гэртээ ирдэг. Э.Н өөрийн буруугаа одоо болтол ойлгохгүй байгаа юм шиг байна. Би Э.Н т хааяа нэг уурладаг. Э.Н яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хувцасаа шүүрч аваад гараад явчихдаг. Миний ээж 2017 онд нас барсан. Би авга ахынхаа хажууд амьдардаг. Э.Н бэргэн эгчийг минь хамаагүй буруутгаад байх юм. Бэргэн эгч намайг өмөөрч үг хэлсэн. Миний хувьд хүүхдийг нь зодож, цохисон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийг Э.Н ийн асрамжиддаа үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна....Гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа. Тухайн үед би жоохон ажилтай байсан....Б миний охин мөн....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н нь Х.Б т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Н , хариуцагч Х.Б нарын дундаас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин Н.Б төрсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оным 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2269 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б ын төрсөн эцгээр Х.Б ыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Б нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Х.Б оос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.Б ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б ын нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Э.Н ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Н ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Х.Б оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгохоор, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б нь 1 нас 1 сартай байгаа тул Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Х.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөгийг хариуцагч Х.Б оос гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Э.Н т, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Х.Б т тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б ын төрсөн эцэг У овогт Х ын Б / / мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б ыг эх Э.Н ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Б ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Б оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Э.Н т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Х.Б т тус тус мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 /далан хоёр мянга/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,800 /нэг мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Б оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.Н т олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Б оос хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 /гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ