| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00335/И |
| Дугаар | 00340 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00340
| 2020 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00340 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн .... тоотод оршин суух, С овогт Шийн С / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 153/2020/00335/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ш.С нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хүсэлт гаргасан. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сар хүртэл, мөн 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандан хүсэлт гаргасан. Л.Эрдэнэцэцэг миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан Ш.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа. Ш.С нь 1963 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Ш.С нь 16 настайдаа буюу 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1982 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд мал маллаж байгаад, 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс цэргийн албанд татагдсан нь лавлагаагаар тогтоогддог. 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
Ажилласан жилээ 1990-2000 онуудад нөхөн тооцуулсан. Хүсэлт гаргагч Ш.С нь малчин мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн хэрэгт гэрч нарыг асуулгасан.
Ш.С нь 1979 онд хөдөлмөрийн насанд хүрээд буюу 16 насанд хүрээд нэгдлийн гишүүн болсон. 1986 онд Буянхишгтэй гэр бүл болоод мал маллаж амьдарч эхэлсэн. Ш.Сийн нэрийг Баарай гэсэн нэрээр 70 дугаар дансны хуулбар дээр бичигдсэн байсан. Гэрчээр Ганцогын хувьд Ш.Сийг Баарай гэдэг нэрээр дууддаг бөгөөд би өөрөө 2 дууддаг нэрээр нь мэддэг гэсэн мэдүүлгийг өгсөн. Ш.С нь ТМС-д суралцах болон малчнаас өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй.
Иймд Ш.Сийг Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ш.Сийг Баарай гэж дууддаг юм билээ….гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Сийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.С нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 270 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын 1979-1982, 1985-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Ш.Сийн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Р.Наадгайн “....Ш.С нь хөдөлмөрийн насанд хүрч, манай Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт маллах болсон. Ш.С нь 1982 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж, 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Ш.С нь цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус бригадад мал маллаж байгаад 1986 онд Түвшиний Буянхишигтэй гэр бүл болсон. Ингээд Ш.С нь эхнэрийнхээ хамт нэгдлийн эцэг мал, сувай, төлөг мал маллаж байсан....Ш.Сийг гэрийнх нь Баарай гэж дууддаг. Жинхэнэ нэр нь Ш.С юм....” гэх мэдүүлэг, Г.Ганцогын “....Ш.С нь 1979 онд хөдөлмөрийн насанд хүрээд нэгдлийн гишүүн болсон гэж бодож байна. Ш.С нь эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байгаад, 1982-1985 оны хооронд цэргийн алба хаасан. Ш.С нь цэргээс халагдаж ирээд 1986 онд Т.Буянхишигтэй гэр бүл болсон. Ш.С нь эхнэрийнхээ хамт нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан. Ш.С нь нэгдэл тарсны дараа Алтайн оргил ХК-нд түрээсийн мал малласан юм....Баарай гэдэг нь Ш.С өөрөө юм....Би Ш.С, Баарай гэдэг 2 нэрээр нь хоёулангаар нь мэднэ. Гэхдээ би өнөөдрийг хүртэл Баарай гэж дууддаг....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-16, 35-36, 37-38, 43 дугаар тал/
Харин нэхэмжлэгч нь 1979 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн насанд 16 насанд хүрсэн байх бөгөөд гэрч Р.Наадгайн “....Ш.С нь хөдөлмөрийн насанд хүрч, манай Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт маллах болсон....” гэх мэдүүлэг, Г.Ганцогын “....Ш.С нь 1979 онд хөдөлмөрийн насанд хүрээд нэгдлийн гишүүн болсон гэж бодож байна...” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь 16 насанд хүрснээс эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ
Ш.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1612000968 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дүгээр тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4850 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 16, 45 дугаар тал/
Хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан иргэн Р.Наадгай, Г.Ганцог нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ш.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сандаг овогт Шийн С / /-ийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ