| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00457/И |
| Дугаар | 139/ШШ2020/00466 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2020/00466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Л.Б-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, эрэгтэй, 54 нас хүрч байгаа. Улсад 19 жил ажилласан. Үүнээс 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 05 дуустал Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд хоньчноор, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл Хулд сумын "Талын цэцэг" нэгдэл болон "Талын цэцэг" ХК-д бог мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн 1990-1994 он дуусталх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, 1983-1990 он дуусталх хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дутуу, шаардлага хангахгүй байгаа тул 3 хүний гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, тушаал зэргийг үндэслэн 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 15 дуустал, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл өдрүүдэд "Талын цэцэг" нэгдэлд бог мал маллаж байсан үеийн ажиллаасан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Л.Б-д 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Талын цэцэг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2019.07.17-ны өдрийн 324 тоот “Хулд сумын 2 дугаар багийн иргэн Л.Б-ы хөдөлмөрийн дэвтэр нь бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1983.09.01-1991.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2019.07.17-ны өдрийн 08/436 тоот “Хулд сумын "Талын цэцэг" нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 дугаар сарын 10-нд "Талын цэцэг" ББХК, 1996 оны 4 дүгээр сарын 30-нд "Талын цэцэг" хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/, Архивын тасгийн 2020.05.21-ний өдрийн 353 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 15-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Лампран овогтой Баярсайхантай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1983, 1985, 1988 оын малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ” гэх архивын лавлагаа /хх-5 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Хулд сумын "Талын цэцэг" нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21 тоот Илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6 дугаар хуудас/,
- Хулд сумын "Талын цэцэг" нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7 дугаар хуудас/,
- Хулд сумын "Талын цэцэг" нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдлээс Л.Бд 1983.6.25-ны өдөр олгосон “"Талын цэцэг" нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Булаг бригадад хоньчноор томилов, "Талын цэцэг" нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот тушаалаар 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс цэрэгт явах болсон тул хоньчноос чөлөөлөв, "Талын цэцэг" нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот тушаалаар 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Булаг бригадад хоньчноор томилов” гэх бичилт бүхий 1983 оны 9 сараас 1985 оны 6 сар хүртэл ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан, 1986 оны 1 сараас 1988 оны 12 сар хүртэл хугацааны ажилласан хоног бичсэн, 1989 оны 1 сараас 12 сар хүртэл хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичсэн, 1990 оны 1 сараас 12 сар хүртэл хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-11 дүгээр хуудас/,
- Гэрч С.С-ын “...Би 1972-1975 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1975 оноос Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мужаан, нэгдлийн аж ахуйн нярав, Баянбулаг болон Бүлээн бригадын дарга зэрэг ажлууд хийж байгаад 1987 оноос хөдөө гарч мал маллаж эхэлсэн. Би 1992 онд Талын цэцэг нэгдэл тартал мал маллаж байгаад хувиараа мал маллаж байгаад 2000-2002 онд Шувуутай багийн Засаг даргаар ажилласан. Л.Б нь намайг Талын цэцэг нэгдлийн Баянбулаг бригадын даргаар ажиллаж байхад 1983 оноос Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд нэгдэл тартал малчнаар ажилласан. Л.Б нь нэгдэл тараад компани болсны дараа бас мал малласан. Л.Б нь одоог хүртэл мал малладаг, 1988 оноос хойш тасралтгүй мал малласан хүн...” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/, гэрч С.Ц-ийн “...Би 1980-аад оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн бичээчээр ажилласан. Нэгдэл тарснаас хойш хувиараа мал малласан хүн. Л.Б 1983 оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувинй аж ахуйгаар мал малласан. Л.Быг нэгдэл тараад компани болсны дараа мал малласан эсэх талаар нь сайн санахгүй байна. Л.Б нь 1985-1988 онд цэргийн алба хаасан. Л.Б нь 1988 онд цэргээс халагдаж ирснээсээ хойш тасралтгүй мал маллаж байгаа, одоог хүртэл Хулд сумандаа мал малладаг хүн...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/, гэрч Р.Э-ийн “...Би 1977 оны 7 сараас 1985 оны 4 сар хүртэл хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бригадад аж ахуйн нярав, 1985 оны 4 сараас нэгдэл тараад компани болох хүртэл Талын цэцэг нэгдлийн манаачаар, “Талын цэцэг” ББХК-д болон Талын цэцэг хоршоонд манаач, сахиулаар ажилладаг байсан. Би Талын цэцэг нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтүүдэд ороход тасралтгүйгээр ажилласаар байсан ба хамгийн сүүлийн ажилтан нь би байсан. Л.Б нь 1983 онд илгээлтээр гарч Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Л.Б нь 1985-1988 оны хооронд цэргийн алба хааж ирээд мөн Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Л.Б нь цэрэгт явж ирснээсээ хойш хоршоо тарах хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Л.Б нь Талын цэцэг хоршооны гишүүн байсан. Л.Б нь одоо хувийн аж ахуйгаар мал маллан амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/,
- Л.Бд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-21-23 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд болон 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд малчнаар, 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Талын цэцэг" ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Б-ыг 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд болон 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд малчнаар, 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Талын цэцэг" ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ