Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ш.Т-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид, нэхэмжлэгч Ш.Т нар  оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн, 60 настай, улсад 22 жил ажилласан. Үүнээс 1981.07.08-ны өдрөөс 1983.06.25-ны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ТТБТ-д сантехникч, 1984.11.15-1995.01.01-ний хооронд Дундговь аймгийн БТС-ын хороонд зааварлагч дасгалжуулагчаар ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй, тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг үндэслэн 1981.07.08-1983.06.25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ТТБТ-д сантехникчээр, 1984.11.15-1995.01.01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн БТС-ын хороонд зааварлагч дасгалжуулагчаар ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ш.Т-ы БТМС-ийн захирлаас 1974.09.19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.28-ны өдрийн 359 тоот “Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Шарав овоготй Ты хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1981-1983, 1984-1995 оны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/, Архивын тасгийн 2020.05.24-ны өдрийн 357 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ТТБ-ын 6 дугаар трестэд 1977 оны 7 сараас 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчин, Мандалговь хотын 2 дугаар 8 жилийн сургуульд 1983 оны 6 дугаар сарын 25-аас 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сантехникчээр, Биеийн тамир спротын хороонд 1984 оны 11 дүгээр сарын 15-аас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зааварлагч, дасгалжуулагчаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Шарав овогтой Ттай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Мандалговь хотын 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны ажилд томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.05.28-ны өдрийн 08/616 тоот “Дундговь аймгийн Барилга угсралтын 6 дугаар трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 дүгээр сарын 29-нд барилгын нэгтгэл болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан байна” гэх, 2020.05.25-ны өдрийн 08/592 тоот “Дундговь аймгийн Спорт хороо нь 1942 онд үүсгэн байгуулагдсан болно” гэх албан бичиг /хх-6, 7 дугаар хуудас/

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019.12.16-ны өдрийн 05/4799 тоот албан бичиг /хх-8 дугаар хуудас/

- Ш.Т-д БТМС-ын захирлаас 1974 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олгосон у1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Дундговь Техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд сантехникчээр авч ажиллуулав, 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Барилгын VI трестийн сантехникийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Дундговь аймгийн Биеийн тамир спортын хороонд зааварлагч, арга зүйчээр авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өвчний учир өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий тушаалуудыг бичиж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-12 дугаар хуудас/,

- Ш.Т-д 1990.04.09-ний өдөр олгосон “1990 оны аймгийн аварга шалгаруулах тэцээний чөлөөт бөх төрөлд -100 кг-ийн жинд 2 дугаар байр эзэлсэн тул диплом, үнэ бүхий зүйлээр шагнав” гэх диплом /хх-13 дугаар хуудас/

- Ш.Т-д 1990.11.11-ний өдөр олгосон “1990 оны үндэсний бөхий аймгийн аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй ажиллаж хөдөлмөрчдийн талархлыг хүлээсэн тул шилдэг шүүгчээр шалгаруулж баярын бичиг, дурсгалын зүйлээр шагнав” гэх баярын бичиг /хх-14 дүгээр хуудас/,

- Ш.Т-д 1993.2.15-ны өдөр олгосон “1993 оны аймгийн аварга шалгаруулах самбо тэмцээний 100 кг жинд амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэнд талархаж диплом мөнгөн шагналаар шагнаж дурсгав” гэх диплом /хх-15 дугаар хуудас/,

- Ш.Т-д 1993.02.15-ны өдөр олгосон “1993 оны аймгийн аварга шалгаруулах Самбо Жу-До тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж багаараа 1 дүгээр байр эзэлсэнд талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэх баярын бичиг /хх-16 дугаар хуудас/,

- Т дасгалжуулагчтай Шандас багт 1995.12.11-ний өдөр олгосон баярын бичиг, Т дасгалжуулагчтай Шандас багт 1994.12.10-ны өдөр олгосон баярын бичиг, Т дасгалжуулагчтай Шандас багт 1995.05.15-ны өдөр олгосон баярын бичиг,Ш.Тд 1994.12.18-ны өдөр олгосон диплом, Ш.Тд 1987.5.15-ны өдөр олгосон талархал, Ш.Тд 1987.08.30-ны өдөр олгосон талархал, Ш.Тд Дундговь аймгийн Ардын хурлын тэргүүлэгчдээс 1991.07.11-ний өдөр олгосон урилга /хх-17-23 дугаар хуудас/

-Гэрч Ч.Б-н “...Би 1984-2004 он хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газар, Ус сувагт, 2004-2009 онд Сайнцагаан сумын Тамгын газарт 7 дугаар багийн Засаг даргаар  ажилласан. Ш.Т нь намайг 1984 онд ирэхэд спорт хороонд бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Би улсын аврагын хөл бөмбөгийн бүсийн тэмцээнд 1986 билүү 1987 онд явсан. Тэгэхэд Ш.Т манай багийн дасгалжуулагчаар явж байсан. Би Ш.Тыг хэдэн он хүртэл дасгалжуулагчаар ажилласан талаар нь сайн мэдэхгүй. Нүд нь гэмтээд дасгалжуулагчаар ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-28 дугаар хуудас/, гэрч Ё.Пэрэнлэйн “...Ш.Т бид хоёр 1981 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестэд ажиллаж эхэлсэн. Ш.Т сантехникийн бригадад, би мужаан цехэд нь ажилласан. Би 1996 он хүртэл Барилгын 6 дугаар трестэд ажилласан. Ш.Т сангийн бригадад 1984 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад спорт зааланд дасгалжуулагчаар ажилладаг болсон. Ш.Т хэдэн он хүртэл дасгалжуулагчаар ажилласан талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-29 дүгээр хуудас/, гэрч И.Г-ын “...Би 1979-1991 он хүртэл Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестэд бетон арматурчнаар, 1991-2018 он хүртэл Дундговь аймгийн Спорт зааланд жижүүр, сантехникчээр ажилласан. Ш.Т 1981 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Барилгын 6 дугаар трестийн сангийн бригадад ажиллаж эхэлсэн. Ш.Т нь 1994 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад спорт заалны дасгалжуулагчаар ажилладаг болсон. Ш.Т нь 1995 онд нүд нь гэмтэх хүртэл спорт зааланд дасгалжуулагчаар ажилласан...” гэх мэдүүлэг /хх-30 дугаар хуудас/, гэрч Л.Мөнхбаатарын “...Би 1983-1994 оны 5 сар хүртэл Дундговь аймгийн 17 дугаар автобаазын жолоочоор ажилласан. Ш.Т 1984-1995 он хүртэл Дундговь аймгийн Спорт зааланд дасгалжуулагчаар ажилласан. Спорт заал тэмцээн уралдаанд ийш тийш явахдаа манайхаас машин авдаг байсан учраас би Ш.Т-ыг спорт зааланд дасгалжуулагчаар ажиллаж байсан талаар нь мэднэ...” гэх мэдүүлэг /хх-31 дүгээр хуудас/, зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд сантехникчээр, мөн 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Биеийн тамир спортын хороонд зааварлагч дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Т-ийг 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд сантехникчээр, мөн 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Биеийн тамир спортын хороонд зааварлагч дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ