| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00472/И |
| Дугаар | 139/ШШ2020/00468 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2020/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие 1965 онд төрсөн, 55 настай, эрэгтэй. Улсад 20 жил ажилласан. Үүнээс 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Хөдөлмөр” нэгдлийн Наран бригадад малчин, 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Хөдөлмөр” нэгдлийн Наран бригад, “Шинэ хөдөлмөр” хоршоонд хоньчин, худгийн моторчин давхар хийж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тамга тэмдэг бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй болсон тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, тушаалын хуулбар, цалин хөлс авч байсан цэс зэрэг баримтыг үндэслэн 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Хөдөлмөр” нэгдлийн Наран бригадад хоньчин, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Хөдөлмөр” нэгдлийн Наран, Зүлэгтийн бригад болон “Шинэ хөдөлмөр” хоршоонд бог мал маллаж байсан жилүүдийг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...миний бие 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг нөхөн тооцуулсан болно” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Н.Бт 1989.08.16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.20-ны өдрийн 337 тоот “Луус смуын 3 дугаар багийн иргэн Н.Б-ын 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1982.01.01-1990.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.20-ны өдрийн 08/573 тоот “Луус сумын “Хөдөлмөр” нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 дугаар сарын 09-нд “Шинэ хөдөлмөр” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлт /хх-6 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.05.20-ны өдрийн 346 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 1 сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Н.Б-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны ажилд томилсон тушаалыг холбогдох баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллэ” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.15-ны өдрийн 02/101 тоот “Луус сумын Буянт багийн иргэн Н.Б- 1981 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1984 оы 6 сары, 1989 оны 6 сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн тулсах үйлдвэрт худгийн моторчин, туслах ажилчин, малчнаар ажиллаж байсан ба 1982, 1983, 1984,0 1988, 1989, 1990 онуудын цалингийн материалыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт /хх-10 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 1982 оны 8, 9 сар, 1983 оны 8, 11 сар, 1984 оны 3, 4 сар, 1988 оны 6, 9 сар, 1989 оны 7, 9, 11 сар, 1991 оны 7, 11-12 саруудын цалингийн цэс /хх-11-23 дугаар хуудас/
- Гэрч Ж.Цэцэгмаагийн “...Би 1977 оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад малчнаар ажилласан. Би одоог хүртэл Дундговь аймгийн Луус суманд малтай. Н.Б- 1982 оноос 1984 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн алба хааж ирээд Хөдөлмөр нэгдэлдээ 1987 оноос малчин, худгийн моторчноор ажилласан. Н.Б- нь нэгдэл тараад хоршооны мал бас малласан. Малчнаар ажиллаж байхдаа давхар худгийн моторчноор ажилладаг байсан. Н.Б- нь одоог хүртэл Луус сумандаа мал маллан амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-29 дүгээр хуудас/, гэрч Х.Бүдширийн “...Би 1957 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж эхлээд 1965-1968 он хүртэл цэргийн алба хааж ирээд нэгдэл тартал Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон. Н.Б- нь 1982 оноос 1984 онд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллажбйагаад 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлээд Хөдөлмөр нэгдэлдээ малчнаар ажилласан. Н.Б- нь хоршооны мал бас малласан, мөн хоршооны худгийн моторчноор давхар ажилладаг байсан. Н.Б- нь одоог хүртэл мал маллан амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-30 дугаар хуудас/, гэрч С.Сүхбаатарын “...Би 1981 онд наймдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлээд Хөдөлмөр нэгдэлдээ малчнаар ажилласан. Би нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад 2004 он хүртэл хувиараа мал малласан. Н.Б- нь 1982 оноос Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Н.Б- нь 1984-1987 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлээд нэгдэлд малчнаар ажилласан. Н.Б- нь нэгдэл тараад хоршоо болсны дараа бас хоршооны мал малласан. Н.Б- нь одоог хүртэл Луус сумандаа мал маллан амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.Б- нь 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
- Н.Б-т 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-33-34 дүгээр хуудас/,
- Н.Б-т 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олгосон “1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар тушаалаар худгийн моторчноор ажиллуулав” гэх бичилт бүхий тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35 дугаар хуудас/,
- Н.Б-т 1991 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 1989.01.01-ний өдрөөс 1993.12.31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-36-38 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.Б нь 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Б-ыг 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ