| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00405/И |
| Дугаар | 139/ШШ2020/00469 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2020/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Н-д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.350.0043 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40728511 тоот гэрээ байгуулан 99204104 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан iрhоnе ХS /64gb, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 1.824.892 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 349,200 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 175,951 төгрөг буюу нийт 2.350.043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй гэв.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Торгуулийн үлдэгдэл 349.200 төгрөгийг хасаж өгнө үү. Үлдэгдэл төлбөрийг нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М" ХХК нь хариуцагч Б.Нгаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.350.0043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь Б.Нтай байгуулсан 40028193 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээний гар утасны үлдэгдэл төлбөрт 1.824.892 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 349,200 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 175,951 төгрөг, нийт 2.350.043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Н нь “М” ХХК бидний хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болон гар утасны үлдэгдэл төлбөр, хүүгийн төлбөрийн талаар маргахгүй, харин торгуулийн үлдэгдэл 349.200 төгрөгийг хасаж өгнө үү гэж маргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40028193 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь iPhone XS GOLD маркийн гар утсыг 24 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож, зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйл болох iPhone XS маркийн гар утсыг хариуцагч хүлээн авсан болох нь зээлээр худалдах худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Б.Н нь талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр iPhone SX маркийн гар утсыг хүлээн авсан талаар маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч нь 1.876.900 төгрөг төлсөн, гар утасны үлдэгдэл төлбөрт 1.824.892 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 349,200 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 175,951 төгрөг, нийт 2.350.043 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн харилцагчийн гүйлгээний баримт, 40028193 тоот гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч “М” ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлдэгч Б.Нгаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Нгаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.350.043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52.551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Нгаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.350.043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 52.551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ