Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0276

 

 

 

 

Бмт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар 

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нт

Нэхэмжлэгч: “Бмт” ХХК,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Убтз нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороо,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нт, М.Бэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цз, Ж.Мт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0102/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Бмт” ХХК нь анх Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Убтз нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 14.6.3, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан “Бмт” ХХК-иас Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Манай байгууллага нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Убтз"-аас зарласан тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой маргааны хүрээнд тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2026 оны худалдан авалтын төлөвлөгөөнд уг тендер тусгагдаагүй тул дахин тендер зарлах боломжгүй болсон талаар тайлбар, мэдэгдэл гаргасан.

Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлага бий болсон. Тодруулбал, хариуцагчийн тайлбарласнаар тухайн тендерийг 2026 оны худалдан авалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул дахин зарлах боломжгүй болсон нь бодит нөхцөл байдал болж, анх гаргасан шаардлагын зорилго хэрэгжих боломжгүй болсон.

Иймд нэхэмжлэгч нь тендерийг дахин зарлуулах тухай шаардлагаасаа татгалзаж, маргааны гол агуулгад нийцүүлэн шаардлагаа өөрчилж, тендерийн үнэлгээний хорооны гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох улсын орлогод хураагдсан тендерийн баталгааны 2,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан болно.

Гэвч анхан шатны шүүхээс уг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, мөн холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

3.1. Анхан шатны шүүх захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тодруулбал, тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэгчийг тендерийн шаардлага хангаагүй шаардлага бодит байдалд хангагдсан эсэхийг гэж үзэхдээ ямар хууль, журам, тендерийн баримт бичгийн аль заалтыг үндэслэсэн, уг шүүх бодитойгоор шалгаж дүгнээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тухайн маргаантай шийдвэрийн агуулга, үр дагавартай уялдуулан дүгнэх шаардлагатай байсан боловч ийм үнэлгээ хийгдээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэхэд иж баталгаажуулсан шинжтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Бүрэн хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зөвхөн хариуцагчийн дүгнэлтийг баталгаажуулсан шинжтэй шийдвэр гаргасан байна гэж үзэхээр байна.

3.2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс тендерт санал болгосон тоног төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч болохыг нотолсон баримтыг ирүүлсэн. Тодруулбал, SMBE Co., Ltd (M) үйлдвэрлэгчээс олгосон албан ёсны борлуулагчийн итгэмжлэл болон түүний баталгаат орчуулгыг тендерийн баримт бичгийн "SA LOT-2" хэсэгт хавсаргасан бөгөөд уг баримтад нэхэмжлэгч компанид Монгол Улсад тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тендерт оролцох эрх олгогдсон нь тодорхой тусгагдсан байна.

Ийм байхад тендерийн үнэлгээний хороо уг баримтыг үл харгалзан "албан ёсны борлуулагчийн эрх нотлогдоогүй, баримт ирүүлээгүй" гэж дүгнэж нэхэмжлэгчийг тендерийн шаардлага хангаагүй гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг бодитойгоор шалгалгүйгээр хэвээр зөвшөөрсөн байна.

Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг иж бүрнээр нь судалж, харьцуулан үнэлэх, тэдгээрийн хоорондын зөрчлийг арилган бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байтал нэхэмжлэгчийн ирүүлсэн итгэмжлэл болон түүний орчуулгын агуулга, хүчин төгөлдөр байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, мөн уг баримт тендерийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд эрх зүйн үнэлгээ өгөөгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн тендерийн материалд нэхэмжлэгчийг үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч болохыг нотолсон баримт байсаар байхад уг баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар хариуцагч талаас тодорхой тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны явцад ч энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж, үнэлээгүй шалтгааныг тогтоохын оронд хариуцагчийн "баримт ирүүлээгүй" гэсэн дүгнэлтийг шууд хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримтыг үнэлэх ажиллагааг формаль байдлаар явуулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн, бодитой, харьцуулан үнэлээгүй, мөн үнэлээгүй шалтгаан, үндэслэлийг тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийг тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.3. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах талаар шүүх шийдвэр гаргах боломжтой гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тендерийн үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн ирүүлсэн шаардлага хангасан баримтыг үнэлэлгүй орхиж, үндэслэлгүйгээр тендерээс хассан нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдож байна. Уг хууль бус шийдвэрийн шууд үр дагаварт нэхэмжлэгч тендерээс хасагдаж, улмаар тендерийн баталгаа болоx 2,500,000 төгрөгийг улсын орлогод хураалгасан нь нэхэмжлэгчид бодит, шууд хохирол учруулсан байна.

Түүнчлэн, энэхүү хохирол нь хариуцагчийн хууль бус шийдвэртэй шууд шалтгаант холбоотой болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлсэн бол нэхэмжлэгчийг тендерээс хасах үндэслэл үүсэхгүй, улмаар тендерийн баталгаа хураагдахгүй байх байсан. Иймд хохирол үүссэн шалтгаан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа бус, харин хариуцагчийн хууль бус шийдвэрээс шууд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан, хохирлын бодит байдал, түүний шалтгаант холбоог тогтоохгүйгээр нэхэмжлэлийн уг шаардлага болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:
 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Бмт” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Убтз нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

1.1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн Убтз нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

1.2.Нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах.

1.3 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нэхэмжлэгчийн албан ёсны борлуулагч болох эрхийг нотолсон баримт байсаар байтал түүнийг "ирүүлээгүй” гэж дүгнэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд энэхүү хууль бус үнэлгээний үр дагаварт нэхэмжлэгч тендерээс үндэслэлгүйгээр хасагдаж, улмаар 2,500,000 төгрөгийн тендерийн баталгаа улсын орлогод шилжсэн нь шууд хохирол учруулсан болно” гэж маргажээ.

1.4.Хариуцагчаас “...Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендерт шаардлага хангаагүй тендерүүдээс нэгэн зэрэг бүгдээс татгалзаж, тендер шалгаруулалт дахин зарлахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Багц №1 тендерийн төсөв хэмнэгдэж дахин зарлаагүй.” гэх хариу тайлбар гаргажээ.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/670 дугаар тушаалаар “Убтз” ХНН-ийн харьяа Төв эмнэлэгт  “Урологи, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хороог[1] байгуулж, улмаар тус үнэлгээний хорооноос зарласан “Урологи, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах” тухай УБТЗ/2025/НТШ/Б/199 тендер шалгаруулалтын дугаар бүхий нээлттэй сонгон шалгаруулалтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

2.2.Урологи, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар[2] нэхэмжлэгчийг “...нийлүүлэхээр санал болгож буй барааны техникийн тодорхойлолт нь Захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно гэснийг хангаагүй буюу техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулан үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй” гэж дүгнэж, Багц №2-Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендерүүдээс нэгэн зэрэг татгалзаж, тендер шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэжээ.

2.3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзын  2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3859 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3]Бмт” ХХК-д “...танай тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тус тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

2.4.Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “Бмт” ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/022 дугаартай албан бичгээр[4] гаргасан гомдлыг хянаад Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 албан бичгээр[5] “...“Бмт” ХХК техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт ирүүлсэн байх боловч үйлдвэрлэгчээр эсхүл, албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй” гэх хариу хүргүүлжээ.  

2.5.Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/10865 “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг[6] Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзд хүргүүлж, улмаар дээрх албан бичгийн дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/4280 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг[7] “ХХБ”-нд хүргүүлснээр нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 2,500,000 төгрөг улсын орлогод шилжсэн байна.

3.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэхээр, 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байхыг тус тус шаардсан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл, захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн баримтыг “ерөнхийдөө хангалттай” гэж үзэх бус, харин тендерийн баримт бичигт тусгайлан заасан нотлох баримт бүрдсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

3.2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигт Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратын Техникийн харьцуулсан үзүүлэлтийг хүснэгтээр[8] гарган ирүүлэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард улсын ШМБЭ ХХК-иас олгосон 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэлийн[9] хүрээнд өөрийн компанийн тамга тэмдгийг дарж ирүүлсэн байна.

3.3.Нэхэмжлэгчийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл нь тодорхой бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх, борлуулах, тендерт оролцох эрх олгосон эсэх асуудалд хамаарах боловч энэ нь ТШЗ 17.3-т заасан “техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг үйлдвэрлэгчээр эсхүл, албан ёсны гэрээт борлуулагчаар баталгаажуулах” шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлд хамаарахааргүй  байна.

3.4.Энэхүү тендрийн баримт бичигт тавигдсан шаардлага нь хоёр тусдаа бүрдлийг агуулж байна. Нэгдүгээрт, үйлдвэрлэгч, гарал үүслийг нотлох баримт ирүүлэх; хоёрдугаарт, санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулсан хүснэгтийг үйлдвэрлэгч эсхүл, албан ёсны гэрээт борлуулагчаар баталгаажуулах.

3.5.Тодруулбал, эмнэлгийн зориулалттай, хүний эрүүл мэндтэй шууд холбоотой дурангийн мэс заслын иж бүрдэл аппаратын хувьд техникийн үзүүлэлтийн тохирол, гарал үүсэл, үйлдвэрлэгчийн баталгаат мэдээлэл нь зөвхөн оролцогчийн өөрийн мэдэгдэл, өөрийн тамга бүхий хүснэгтээр бус, тендерийн баримт бичигт шаардсан эрх бүхий этгээдийн баталгаажуулсан харьцуулсан хүснэгтэд үндэслэн үнэлэхээр тендерийн баримт бичгийн шаардлагад заасан.

3.6.Түүнчлэн нийлүүлэхээр санал болгож буй барааны техникийн тодорхойлолт захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болох нөхцөлийг заасан бөгөөд уг шаардлага нь тендер нээсний дараа шинээр бий болгосон, эсхүл, зөвхөн нэхэмжлэгчид хамааруулан хэрэглэсэн шаардлага биш, харин тендерт оролцогч бүрт адил үйлчлэхээр тендерийн баримт бичигт урьдчилан, ил тод тусгасан шаардлага байна.

3.7.Нэхэмжлэгчийн хувьд үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлсэн гэж маргадаг ч энэ нь тендерийн баримт бичгийн шаардлагын зөвхөн эхний бүрдэлтэй хамааралтай харин хоёр дахь бүрдэл буюу харьцуулсан хүснэгтийн баталгаажуулалт хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

3.8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ирүүлсэн итгэмжлэлээр техникийн үзүүлэлт бүр захиалагчийн шаардлагад нийцэж буйг үйлдвэрлэгч баталгаажуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч компани уг тендерт оролцсоноор энэхүү баримт бичгийн нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд тендерийн үнэлгээний шатанд уг шаардлагыг өөрөөр тайлбарлах, эсхүл өөр баримтаар орлуулснаар тухайн тендерийн баримт бичгийн шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

3.9.Иймд маргаан бүхий шийдвэр нь хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн “итгэмжлэл байсаар байхад шүүх үнэлээгүй, маргаан бүхий шийдвэр хууль бус, анхан шатны шүүх хариуцагчийн дүгнэлтийг шууд баталгаажуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

4.Нэхэмжлэгчийн “...учирсан хохирол 2,500,000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” шаардлагын тухайд:

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэжээ.

4.2.Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ”, 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж тус тус заасан.

4.3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “Бмт” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр[10] хариу хүргүүлж, улмаар Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/10865 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг[11] Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Убтзд,  Убтзаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/4280 дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг[12] “ХХБ”-нд хүргүүлснээр нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 2,500,000 төгрөг улсын орлогод шилжсэн байна.

4.4.Нэхэмжлэгч тендерийн баталгаа болох 2,500,000 төгрөг улсын орлогод шилжсэн нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн шууд үр дагавар гэж маргажээ.

4.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан хохирол гаргуулах шаардлагыг хангахын тулд дараах нөхцөлүүд хамтдаа тогтоогдох шаардлагатай. Үүнд: захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байх, бодит хохирол учирсан байх, уг хууль бус үйл ажиллагаа ба хохирлын хооронд шууд шалтгаант холбоо байх.

4.6.Энэхүү тохиолдлын хувьд эхний нөхцөлд зааснаар хариуцагчийн маргаан бүхий шийдвэр хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн тендер нь ТШЗ 17.3-т заасан техникийн харьцуулсан хүснэгтийн баталгаажуулалтын шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4.7.Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгохоор, 14.6.3-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдлыг тусгайлан заасан байна.

4.8.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаад захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, үүний дараа тендерийн баталгааг улсын орлого болгожээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

            Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Бмт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 67 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 68-73 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 74 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 7-8 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 84 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 85 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 230-233 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 235 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 84 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 85 дахь тал