Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2022/0010

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Аадай Л.Бы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай”

2.Хэргийн нөхцөл байдал:

Л.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдсөн.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/428 тоот албан бичгээр “... Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Жаргалант сум нь “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо”-гоо байгуулаагүй, тус эрүүл мэндийн төвд “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс” байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-д заасны дагуу таныг шүүхэд хандахыг зөвлөж байна” гэсэн хариу өгчээ.

 Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.Миний бие Лхаасүрэнгийн Байрсайхан нь анх 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт дадлагажигч эмчээр ажиллаж эхэлсэн.

5.2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар эрүүл мэндийн төвийн даргаар түр томилогдон ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад тэнцэж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар ажилд жинхлэн томилогдож ажиллаж ирсэн.

6.Гэтэл намайг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөмж, зөвшилцлийн хүрээнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн шалтгаанаар намайг ажлаас минь чөлөөллөө.

7.Миний тухайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сумын Засаг даргын зүгээс ирсэн маш их дарамт, шахалтын улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Миний хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ буцаан авахаар хүсэлтээ өгсөн. Гэтэл намайг ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлтээ өгсөн мэтээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөшөөрөхгүй. 

8.Иймд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

9. ... Би амаржаад 5 сартай хүүхэдтэй 2021 оны 3 сард ажилдаа орсон байсан. 2021 оны 04 сарын 30-нд эх эндсэн. Аудитаас намайг 28 хоног шалгасан. Энэ бүхэн надад маш их дарамттай байсан.

10.Эхийн эндэгдэл гарсан тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. 8 сард өргөдлөө эргүүлж авъя гэсэн. 8 сарын 10-нд харьцангуй тайвширч өргөдлөө эгүүлэн татах өргөдлөө өгч ажлаа үргэлжлүүлж хийсэн. Энэ хугацаанд Засаг даргад өргөдлийн хариуд ямар нэгэн шийдэл өгөөгүй. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж гарсан. Гэнэт халсанд гомдолтой байна. Ажилдаа буцааж томилогдох хүсэлтэй.

11.Сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байсан. Эрүүл мэндтэй холбоотой ажил маш хүнд. Чи ажлаа хийж бай гэж хамт олон маань намайг тайвшруулж байсан. Засаг даргын зүгээс хурал болгон дээр эхийн эндэгдлийн талаар ярьж намайг дарамталж байсан. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар дээр Эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хурал болсон. Үүний дараа би хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдэж 6 сарын 28-ны нэг дэх өдөр нь өргөдлөө өгсөн.

12.Манай нөхөр өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан учраас улс төрийн үүднээс асуудалд хандаж байна. Төрийн албаны тухай хууль баримталж шийдвэр гаргасан нь буруу. Эмчлэгч эмчээр томилсныг мэдээгүй ...” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

13. Манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсэн эх дуудлага өгсөөр байтал багийн хүний эмч, эх баригч нараа зөв удирдаж чиглүүлж чадаагүй, өөрөө хариуцлагагүй хандаж, цаг хугацаанд нь хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлээгүй, эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдаж хүргэснээс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсэн эх, хүүхдийг эндүүлсэн.

14. Өөрийн буруутай үйлдэл, хариуцлагагүй байдлаас шалтгаалж эх, хүүхэд эндүүлснээ болон бусад алдаагаа ухамсарлаж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн.

15. Эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн цаг хугацаанд /2021.06.28/ суманд Ковид-19 /коронавирус/-ын халдвар эрчимтэй дэгдэж, хорио цээрийн дэглэмд шилжиж, хатуу хөл хорио тогтоосон байсан ба Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд шууд ажиллах чадвартай боловсон хүчин /их эмч/ тухайн үед тодорхойгүй байсан тул өргөдөлд нь тэмдэглэгээ хийж, ийм хүнд цаг үед таны өргөдлийг шууд шийдвэрлэх боломжгүй, өөрийн чинь оронд ажиллах хүнээ олсны дараа шийдвэрлэнэ, тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдээд явуулсан.

16. Мөн эмч хүнд байж боломгүй ёс зүйн зөрчил, ажлаас нь чөлөөлөх, хүртэл арга хэмжээ авахад хангалттай бодит мэдээлэл, нотлох баримтууд, санхүүгийн хяналт аудитын албаны тогтоосон зөрчлүүдийн баримт байсан ч өөрөө алдаа дутагдлаа ухамсарлаад сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаа өгөх өргөдлөө өгөөд байхад, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд давхар сахилгын шийтгэл ноогдуулж, хүндрүүлээд хэрэггүй болов уу гэж Засаг даргын зүгээс шийдсэн юм.

17. Иргэд, хамт ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүдээс ёс зүй, зан харьцаа болон санхүүгийн зөрчлийн талаар олон мэдээлэл ирүүлсэн, аймаг, сумын Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар олон зөрчил илэрч акт тавигдсан, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын болон Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эх хүүхдийн эрсдлийг хамгаалах багийн хурлын чиглэл, зөвлөмжөөр хариуцлага тооцож сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдэж байсан болно.

18. ... Цаг тухайд нь эмнэлгийн зохих тусламж үзүүлээгүйн улмаас жирэмсэн эх эндсэн харамсалтай явдал 2021 оны 04 сарын 30-ны өдөр гарсан бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаас энэ явдалд буруутай албан тушаалтан болох Жаргалант сумын Эрүүл мэндийг төвийн дарга Л.Бд хариуцлага тооцож ажлаас чөлөөл гэсэн шийдвэр гаргасан. Харин энэ хүн өөрөө ухамсараараа ажлаа өгье гэж байгаа бол халсугай гээд яахав, өргөдлийнх нь дагуу шийдье гэж би бодсон. Ковидын хуулиар цар тахлын үед хүнийг ажлаас халахгүй байхаар заасан

19. Л.Б нь төсвийн шууд захирагч байхад тохирохгүй хүн болох нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрсэн зөрчлөөр тогтоогдож байна. Цаашид төсвийн шууд захирагчаар ажиллуулж болохгүй хүн байна гэж үзсэн. Өвчтөний түүх худал бичсэн, шатахуун буруу зарцуулсан зэрэг баримт бий.

20. Л.Быг ажилгүй болгож орхиогүй, сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчээр томилсон боловч энэ хүн эмчийнхээ ажлыг хийгээгүй. Одоо ч ажлын байр нь хадгалагдаж байгаа, эмчлэгч эмчээрээ ажиллах боломжтой. Эмчээр томилсныг мэдээгүй гэдэг худлаа. 1 дүгээр сарын цалин орсон байгаа. Эмчлэгч эмчээрээ ажиллаж байгаад цаашид буцаад Эрүүл мэндийн төвийн даргын ажлаа хийх боломж бий. Залуу хүн алдаа дутагдлаа ойлгож засаж залруулах боломжтой. Нэг ч удаа энэ хүнтэй хэрүүл хийж, дарамталж үзээгүй. Зөвхөн ажил төрлөө ярьж байсан.

21. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ буцааж авъя гэсэн Л.Бы өргөдлийг намайг эзгүйд бичиг хэрэг хүлээж аваад Тамгын даргад өгсөн байсан учраас хугацаа алдаж надад 2021 оны 11 сарын 01-ний өдөр танилцуулагдсан. Тэгэхэд нь би өргөдлийг хүлээж авах боломжгүй гэж албан ёсоор цохолт хийгээд буцаасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

22. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Бы Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэгч Лхаасүрэн овогтой Баярсайхан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түр томилогдон ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргаар бүр томилогдсон.

24. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөмж, зөвшилцлийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Быг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.

25. Улмаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Л.Быг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн эмчлэгч их эмчээр түр томилжээ.

26.Нэхэмжлэгч Л.Б “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ буцаан авах өргөдөл өгсөн. Гэтэл намайг ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлтээ өгсөн мэтээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

27.Нэхэмжлэгч Л.Б Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ буцаан авах өргөдлөө тус тус өгсөн болох нь хэрэгт авагдсан Л.Бы 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл /хэргийн 27 дугаар хуудас/, Л.Бы 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

28.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг ойлгоно гэжээ.

29.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан.

30.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэжээ.

31.Гэтэл Л.Бы 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, нэхэмжлэгч ажлын байраа орхиогүй, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.

32.Түүнчлэн хариуцагч Жаргалант сумын Засаг дарга энэ шийдвэрийн 11 дэх хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Л.Бы ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлээгүй байсан талаараа тайлбарласан.

33. Нэхэмжлэгч Л.Б 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө буцаан авах хүсэлтээ өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөсөө татгалзах тухай түүний өргөдөлд хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Бичиг хэрэг С.Болоржаргалд: Хүлээн авах боломжгүй. Л.Б таны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өргөдлийн дагуу, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу ЭМТөвийн даргаас чөлөөлөх болно. Өргөдлийг буцаах” гэсэн цохолт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт[1], хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

34.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: ... 3/өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б нь урьд гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөсөө шийдвэрлэхээс нь өмнө татгалзаж буцааж авах эрхтэй.

35.Тодруулбал өргөдөл гаргагч өргөдлийг шийдвэрлэхээс өмнө буцааж авах хүсэлтээ бичгээр гаргасан тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өргөдөл гаргаагүй тооцно.

36.Гэтэл Л.Бы өргөдлөөсөө татгалзаж буцаан авах субьектив эрхийг зөрчиж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар түүнийг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн хууль бус байна.

37.Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “цаг тухайд нь эмнэлгийн зохих тусламж үзүүлээгүйн улмаас жирэмсэн эх эндсэн харамсалтай явдал 2021 оны 04 сарын 30-ны өдөр гарсан бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаас энэ явдалд буруутай албан тушаалтан болох Жаргалант сумын Эрүүл мэндийг төвийн дарга Л.Бд хариуцлага тооцож ажлаас чөлөөл гэсэн шийдвэр гаргасан. Харин энэ хүн өөрөө ухамсараараа ажлаа өгье гэж байгаа бол халсугай гээд яахав, өргөдлийнх нь дагуу шийдье гэж би бодсон. Ковидын хуулиар цар тахлын үед хүнийг ажлаас халахгүй байхаар заасан” гэсэнд дараах тайлбарыг өгье.

38.2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 02 цаг 05 минутад 29 настай, 2 дахь жирэмслэлтээ 29-30 долоо хоногтой тээж байсан эх Хөвсгөл аймгийн Жаргалант суманд нас барсан болох нь Жаргалант сумын Эрүүл мэндийн салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл[2], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

39.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1064 тоот албан бичгээр[3] жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээ болон яаралтай тусламжийг зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Бд эрх зүйн хүрээнд ажлын хариуцлага тооцох чиглэлийг сумын Засаг даргад хүргүүлжээ.

40.Гэсэн хэдий ч сумын Засаг даргын зүгээс Л.Бд эхийн эндэгдэл гаргасан гэх асуудлаар хөөн хэлэлцэх хугацаан дотор хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гаргаагүй, Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр захирамжид[4] энэ талаар дурдаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 41.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

42.Тус хуулиар цар тахлын үед зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг хориглоогүй байх тул хариуцагчийн “Ковидын хуулиар цар тахлын үед хүнийг ажлаас халахгүй байхаар заасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

43.Хариуцагч Жаргалант сумын Засаг даргын шүүх хуралдаанд гаргасан “Л.Б нь төсвийн шууд захирагч байхад тохирохгүй хүн болох нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрсэн зөрчлөөр тогтоогдож байна. Цаашид төсвийн шууд захирагчаар ажиллуулж болохгүй хүн байна гэж үзсэн” гэх тайлбарт шүүх дараах дүгнэлт хийлээ.

44.Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/106 тоот “Төлбөр төлүүлэх тухай”, 36-01/107 тоот “Орлогод авах тухай”, 36-01/104 тоот “Хөрөнгө төлүүлэх тухай” актуудаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

45.Гэсэн хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр захирамжид аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны актаар тогтоогдсон дээрх зөрчлийн талаар дурдаагүй, захирамжийн үндэслэл болгоогүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

46. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй тул Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ... 46.2.4.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэснийг баримталсан нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй байна.

47.Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн албыг 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба гэж ангилах бөгөөд 6.2-т зааснаар 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

48.Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг тогтоож, сумын эрүүл мэндийн төвийн дарга ТҮЭМ-6 зэрэглэлтэй байхаар тогтоожээ.

49.Хэргийн оролцогчдын маргаж байгаа “нөхөр маань өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан учраас улс төрийн үүднээс асуудалд хандаж байна” гэх зэрэг бусад асуудал хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Иргэдээс төрийн

 байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бы Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Л.Быг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дугаар зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

[1] Хэргийн 69-71 дүгээр хуудас

[2] Хэргийн 34-38 дугаар хуудас

[3] Хэргийн 32-33 дугаар хуудас

[4] Хэргийн 28-29 дүгээр хуудас