Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Н.С-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                    

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар  оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1967 онд төрсөн, энэ жил 53 настай. Бага наснаасаа мал малласан, одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа, сургуульд суугаагүй, боловсрол багатай. 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл, "Хөгжил" ХХК-д мал маллаж байсан. Тухайн үед 1980 онд хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн. 1991 оны хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул хамт ажиллаж амьдарч байсан гэрчийн мэдүүлэг, архивын хуулбар, цалингийн цэсүүдийг үндэслэн 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 31 дуустал "Хөгжил" нэгдэлд бог мал, 1992 оны 2 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Хөгжил" ХХК-д бог мал маллаж байсан болно. Үнэн болохыг сэргээж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Н.С-д 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тушаал, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.20-ны өдрийн 336 тоот “Эрдэнэдалай сумын 1 дүгээр багийн иргэн Н.С-гийн 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тушаал, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1983.10.10-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.21-ний өдрийн 08/577 тоот “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1955 оны 8 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлт /хх-5 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.05.21-ний өдрийн 351 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Н.С-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх архивын лавлагаа /хх-7 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Н.С-д 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 1989 оны 1 сараас 1994 оны 12 сар хүртэл хугацааны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж хөдөлмөрийн хөлс олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-10 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газраас 2018.08.03-ны өдрийн 107 тоот архивын “Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан, 1 дүгээр багийн иргэн Натар овогто Сэндэрмаа 1981-1994 онд "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны 1984, 1988, 1989, 1990, 1991, 1992 онуудыг цалингийн картыг хуулбарлан олгов. Хавсралт 13 хуудас” гэх лавлагаа, хавсралт /хх-11-29 дүгээр хуудас/

- Гэрч О.Пагамдоржийн “...Би 1987 оны 9 сараас нэгдэл тартал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд мал малласан. Би 1992 онд нэгдэл тарснаас хойш 2010 он хүртэл хувиараа Эрдэнэдалай суманд тасралтгүй мал малласан. Н.С- нь намайг анх малчнаар ажиллаж эхлэхэд "Хөгжил" нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Н.С- нь 2016 он хүртэл Эрдэнэдалай сумандаа тасралтгүй мал малласан хүн. Н.С- нэгдэл тарснаас хойш "Хөгжил" хувьцаат компанид  малчнаар ажилласан. Манайх Эрдэнэдалай сумын Цавчир бригадын Хөх овоон сүүж гэх газар, Н.С-гийнх Цавчир бригадын Говийн гашуун гэх газар нутагладаг, бог мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-37 дугаар хуудас/, гэрч Ө.Гүнсэнсүрэнгийн “...Би 1988 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би 2007 он хүртэл Эрдэнэдалай суманд тасралтгүй мал маллаж байгаад 2007 оноос хойш одоог хүртэл Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуульд тогоочоор ажилласан. Н.С- нь намайг 1988 онд малчнаар ажиллаж эхлэхэд "Хөгжил" нэгдэлд нөхөр Жаргалсайханы хамт малчнаар ажилладаг байсан. Яг хэзээнээс малчнаар ажиллаж эхэлсэн талаар нь сайн мэдэхгүй. Би Н.С-г 1984 оноос хойш малчнаар ажиллаж эхэлсэн байх гэж бодож байна. Н.С- нь бараг сургуульд сугаагүй байх. Н.С- нь нэгдэл тартал малчнаар ажилласан, нэгдэл тарсны дараа мөн компанийн мал малласан...” гэх мэдүүлэг /хх-38 дугаар хуудас/, гэрч Д.Дэлгэрнасангийн “...Би 1973 оноос хойш Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1989 оны 8 сард Хулд сум руу шилжээд дунд сургуульд нь тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 7 сард буцаж Эрдэнэдалай суманд очиж мал маллаж эхэлсэн. Би 1991 оны 8 сард тэтгэвэртээ гарснаасаа хойш 2012 он хүртэл тасралтгүй Эрдэнэдалай сумандаа мал малласан. Н.С- нь 1984 онд насанд хүрээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Н.С- нь намайг 2012 онд аймгийн төв рүү шилжиж ирэхэд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумандаа малчнаар ажилладаг байсан. Н.С- нь нэгдэл тарснаас хойш компанийн мал малласан эсэх талаар сайн мэдэхгүй. Гэхдээ Н.С- нь 1984 оноос хойш тасралтгүй мал малласан...” гэх мэдүүлэг /хх-39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.С- нь 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс "Хөгжил" нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нь 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс "Хөгжил" нэгдэлд малчнаар ажилласан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.С-г 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны ажилласан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ