| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00481/И |
| Дугаар | 139/ШШ2020/00471 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2020/00471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Ү.С-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 2 жил ажилласан. 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэл, "II таван жил" ХК-д мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийг бичилт дутуу, мөн овог зөрүүтэй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэс, архивын лавлагааг үндэслэн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал "II таван жил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "II таван жил" ХК-д мал маллаж байсныг, мөн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Үржинжав овогтой Сугир болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.С миний бие нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд мал маллаж байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс нь 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн тул өргөдөл гаргасан боловч 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мал маллаж байгаа нь үнэн тул миний ажилласан жилийг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоож өгнө үү. Миний бие нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл малчин хийж байгаа. Иймд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал "II таван жил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "II таван жил" ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.С нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ү.С-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овгийг “Үржинжав” гэж дурьдсан байна.
Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Дамбадаржаа” гэсэн овог нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Ү.С- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Ү.С-” мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Ү.Ст 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр II таван жил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь овог нэрийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.03.11-ний өдрийн 197 тоот “Өлзийт сумын 2 дугаар багийн иргэн Үржинжав овогтой Сугирын 1991 оны хөдөлмөрийн дэвтэр овог нэрийн зөрчилтэй тул 1991.01.01-1993.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.27-ны өдрийн 08/606 тоот “Өлзийт сумын "II таван жил" нэгдэл нь 1956 оны 2 дугаар сарын 13-нд байгуулагдсан. 1992 оны 2 дугаар сарын 17-нд "II таван жил" ХК, 1994 оны 5 дугаар сарын 10-нд “Мөнхрөх” ББХКомпани, 1996 оны 2 дугаар сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлт /хх-6 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.05.27-ны өдрийн 371 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд 1991 оны 1 сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Үржинжав овогтой Сугиртай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх архивын лавлагаа /хх-7 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс Ү.Ст 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон 1991, 1992 оны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж, хөдөлмөрийн хөлс олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.08-ны өдрийн 02/135 тоот “Тус сумын 2 дугаар багийн иргэн Ү.С- нь тус сумын "II таван жил" нэгдлийн Буянт бригадад 1991 оны 2, 11 дүгээр сар, 1992 оны 1, 6, 7, 8, 9 дүгээр саруудын мал маллаж байсан цалин хөлсний баримт тооцооны хүснэгт 8 хуудас баримтыг Засаг даргын Тамгын газрын Архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг, хавсралт /хх-9-19 дүгээр хуудас/
- Гэрч Д.Наранцэцэгийн “...Би 1991 оны 10 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аравдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан. Ү.С 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ү.С нь 1992 оныг дуустал нэгдэл болон компанийн мал малллаж байгаад 1993 оноос хувийн аж ахуйгаар мал малладаг болсон. Ү.Сын эх Лосолын Үржинжав, эцэг нь Дамбадаржаа гэдэг хүмүүс байсан. Ү.Сын эцэг, эх нь Сугирыг 8 дугаар ангид сурдаг байхад нь тусдаа амьдардаг болоод Сугир эхийнхээ хамт амьдардаг болсон...” гэх мэдүүлэг /хх-26 дугаар хуудас/, гэрч О.Цэцэгсүрэнгийн “...Би 1988-2006 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан хүн. Ү.С бид хоёр 1988 оны 6 сард хамт дунд сургуулиа төгсөөд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ү.С нь одоог хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумандаа мал маллаж амьдардаг. Ү.С нь нэгдэл тараад компани болсны дараа компанийн мал маллаж байгаад 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "II таван жил" ХК-д ажилласан. Ү.С нь Тоодог товрууд, Шилүүстэй гэх газруудаар нутагладаг, таван хошуу мал малладаг байсан. Ү.С нь эхээс арван гурвуулаа. Эх нь Үржинжав гэдэг хүн байсан. Эцэг нь Дамбадаржаа гэдэг хүн байсан. Ү.С нь айлын дунд хүүхэд, дээрээ 4 ах, 3 эгчтэй...” гэх мэдүүлэг /хх-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ү.С нь 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын "II таван жил" ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс "II таван жил" нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газраас олгосон цалин хөлсний баримт тооцооны хүснэгт болон Ү.Ст Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрээр нэхэмжлэгч нь 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс "II таван жил" нэгдэлд малчнаар ажилласан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдлээс Дамбадаржаагийн С-т 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ү.С- мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ү.С-ыг 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны Дундговь аймгийн Өлзийт сумын "II таван жил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын "II таван жил" ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ