| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0093/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/160 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 27.3.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/160
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А*, даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*,
улсын яллагч А.Б*,
шүүгдэгч И.А*******, Б.Л*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.А*, М.Ү* /цахим/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*,
хохирогчийн өмгөөлөгч Д.О*,
иргэний хариуцагч Б.Т*,
иргэний хариуцагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овгийн Б******* Л*******, ******* овгийн И******* А******* нарт холбогдох эрүүгийн 2203000250146 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурьдснаар/
1.Монгол улсын иргэн, 19* оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, *мэргэжилтэй, * хүүхдийн нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ******* овогт Б******* Л*******, /РД:*******/;
2.Монгол улсын иргэн, 19* оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, и* мэргэжилтэй, *хүүхдийн нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт И******* А*******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн ... дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.В “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7 ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М******* дайрч түүний амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр * дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.В “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7 ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М******* дайрч, түүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л******* өгсөн: “...Талийгаачийн ар гэр, ээж, аав, эхнэр, хүүхдээс нь уучлалт гуйж байна” гэжээ.[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А******* өгсөн: “...Золгүй явдал болсонд үнэхээр харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна” гэжээ.[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн: “...И.А*******, Б.Л******* маш өндөр хариуцлагатай ажил хийж байж урагшаа замаа огт хараагүй, хайхрамжгүй, сонор сэрэмжгүй, ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж миний хань 270 тонны хүнд даацын том оврын төмөр вагоны доор 25-хан санциметрийн зайтай, маш их бяцлагдаж хамгийн их дээд зэргийн өвдөлтийг мэдэрч зовж нас барсан. Би насан туршийн гомдолтой байна. Осол гаргасан сэлгээний вагон бол 17км цагийн хурдтай маш удаан явж байсан хэзээ ч зогсох бүрэн боломжтой вагон байсан. Өнөөдөр би хань ижлээ оршуулсан ахиж хэзээ ч босож ирэхгүй болсон. Хүний амь гэдэг бол юугаар ч нөхөгдөхгүй, төлөгдөхгүй юутай ч зүйрлэшгүй зүйл. Ийм удаан явдаг вагоныг барьж явж байж замаа харахгүй 130кг жинтэй, том биетэй хүнийг харахгүйгээр хүний аминд хүрнэ гэдэг бол энэ хоёр хүний хариуцлагагүй байдалтай шууд хамааралтай, нэмж хэлэх гомдол санал гэвэл талийгаачийг вагоны толгойн урд байсан гэж байна. Гэрэл их гялбасны улмаас талийгаач харагдаагүй гэж хэлж байна. Би тэр талбайг мэднэ хавтаст хэрэгт ч зураг нь байна. Муруй зам байхгүй тэгш замтай гялбаад байх гэрэл байдаггүй. Вагон бол хоёр машинистын ур чадварын дагуу хөдөлдөг. Тэрнээс биш жолоочгүй хөдөлдөг вагон биш. Б.Л******* чигээрээ харж явсан үгүйг бичлэгээр шалгаж үзүүлэхийг хүсэж байна. Доошоо дугуйгаа харсан уу? урагшаа харсан уу? гэдгийг камерын бичлэгнээс харах хэрэгтэй. Талийгаачийг харчихаад дараа нь амь насанд нь хүрсэн гэж байна. Энэ бол худал мэдүүлэг. Худал гэдгийг хавтаст хэрэгт байгаа материалууд нотлоно. Талийгаачийг харсны дараа 25 санциметрийн зайтай давсан учраас вагон донсолсон. Вагон донслоход энэ хоёр хүн мэдэрч нэг нэгэн рүүгээ харж яаралтай зогсох арга хэмжээг авсан. Нэг ёсондоо амь насанд нь хүрсэн хойно гэсэн үг. Төмөр замын хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс урд талд нь саад, жижиг чулуу байсан ч хараад зогсох ёстой, энэ хоёр хүний хариуцлагатай шууд холбоотой, бүхэл бүтэн хүн хэвтэж байхад дайрсан байгаад насан туршийн гомдолтой байна. Согтуу хүнийг дайрч болно гэсэн хууль хаана ч байхгүй. Хохирол дээр оршуулгын зардал 30-аад сая төгрөг гарсан. Зарим зардлууд нь баримтгүй байсан учраас оруулж чадаагүй, 27 сая төгрөгийн баримт хэрэгт авагдсан байгаа, 2.000.000 төгрөг нь өмгөөлөгчийн зардал байгаа, бусад зардлуудаа огт оруулаагүй, зөвхөн оршуулгын зардал гэдэг утгаар нэхэмжилж байна. Өмнөх шүүх хурлын өдрийн өмнө 25.000.000 төгрөгийг энэ хоёр хүн хувааж 10,10 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 5 саяыг шүүх хурлын өмнөх өдөр өгсөн. Энэ бол зөвхөн оршуулгын зардал байгаа юм. Депогийн албан байгууллагуудаас сэтгэлийн хандив гэж зээл төлснийг ялгаж салгаж үзнэ үү” гэжээ.[3],
4.Гэрч М.П 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би М******* танина. Хамгийн анх би Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 7 дугаар ангиас хамт сурч байсан. Тэгээд төгсөөд Их дээд сургуулиа өөр өөр сургуульд сурч төгсөөд 2010 оны 09 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод хамтран ажиллах болсон. Бид хоёр өөр цех буюу М болохоор ашиглалтын цехэд би болохоор засварын цехэд ажилладаг болохоор таарах нь бага байсан. Гэхдээ багаасаа найзалж байсан болохоор сайн мэднэ. Өөрөөр төрөл садангийн холбоо байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депо дахь ажил дээрээ өглөөний 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажилтай байсан. Тухайн үед 16 цагийн орчимд байхаа сайн санахгүй байна. М манай өрөөний хаалгыг онгойлгоод дуудсан. Би тухайн үед ажил ихтэй утсаар ярьж байсан болохоор уулзаагүй. Тэгээд би 18 цагийн орчимд ажилчдаасаа М хаачсан талаар асуухад явчихсан байсан. Тэгээд би ажлаа 20 цагт тараад бичиг баримтаа цэгцлээд 21 цагийн орчимд ажлаасаа гарсан. Гэртээ харихаар ажлаасаа гараад “Алтан тариа" ХХК-ийн урдуур гараад “Дельфин”, “Хүлэг” зочид буудлын дундуур гардаг нарийн гудмаар гарч байхад нарийн гудамжны төгсгөл хэсэгт М байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн таниагүй. Харин М намайг таньчихсан намайг “Д” хэмээн дуудсан. Тухайн үед М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би Мод хандаж “хаачих гээд байгаа юм бэ? гэртээ хариач" гэсэн. Гэтэл М “Би депо явлаа” гэсэн. Тэгээд л зөрөөд өнгөрсөн. Миний хувьд бол их найрсаг дотно, найзархаг, ажилсаг, их мундаг машинч байсан. Толгой сайтай хүн байгаа юм. Хүнтэй төдийлөн маргаан үүсгээд байдаггүй байсан. Би Мын гэр бүлийн талаар сайн мэдэхгүй. Эхнэр хүүхэд, гэр бүлийнхэнтэй нь мэндийн зөрүүтэй л байдаг. Эхнэртэйгээ маргаж муудалцсан асуудал гаргасан гэж сонсогдож байгаагүй. Ойрын үед сэтгэл санаагаар унасан зүйл харагдаагүй. Ер нь бол “ядарлаа” гэж л ярьдаг болохоос сэтгэл санаагаар унаад байдаггүй байсан. Амиа егүүтгэх талаар огт ярьж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч сүүлийн 2-3 сарын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй байсан. Гэтэл өнөөдөр хэрэглэчихсэн байсан” гэх мэдүүлэг[4],
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач П.Мын эхнэр нь байгаа юм. Бид хоёр 2010 онд танилцаад хамт амьдарч байгаад 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү маань төрсөн. Хүү маань ааваараа овоглодог. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Нийт 11 жил хамт амьдарсан. Миний хань 1986 оны 08 дугаар 19-ний өдөр П 7 хүүхдийн 6 дахь хүү нь болж мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, 1994 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р сургуульд 1-р ангидаа элсэн орж 2004 онд 10-р ангиа төгссөн. Дунд сургуулиа дүүргээд ахтайгаа хамт хувиараа бизнес эрхэлж байгаад 2005 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар депод ачигчаар ажилд орж туслах машинч, зүтгүүрийн машинч хүртэл албан тушаал дэвшин ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Төмөр замын политехникийн коллежийг туслах машинчаар, 2014 онд “Төмөр замын дээд сургуулийг техникч, механикч мэргэжлээр тус тус төгссөн. 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичиг, 2009 онд Монголын Залуучуудын холбооны Алтан- медалиар шагнагдаж, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч байсан. Миний хань нь зан аашны хувьд хүнийг ялгалгүй сайхан харьцдаг, харилцаа сайтай, найрсаг, нийтэч, олон найзтай, төлөв даруу, дөлгөөхөн, гүндүүгүй, хөгжөөнч, нүдээрээ инээгээд инээмсэглээд явж байдаг, ер нь хүнтэй муухай харьцаж байгааг нь би хараагүй. Зан харьцааных нь хувьд олон нийтэч найз нөхөд олонтой зан төлөвийг нь тодорхойлоход хамт олон нь гэрчилнэ дээ. Сайн хань, сайн аав, аав ээж болон хадам ээжийнхээ хувьд сайн хүү нь байсан. Миний нөхөр өвчин хэлээд байдаггүй байсан. 190 см өндөртэй, 130 кг жинтэй байсан учраас бага зэрэг даралт нь ихэсдэг байсан, дээд даралт нь 160-тай байдаг байсан, ажилд гарахад даралт 140-тэй байх ёстой гээд депогийн эмч нь даралтны эм зөвлөсөн болохоор ажилд гарахаасаа хэдэн цагийн өмнө даралтны эмээ уудаг байсан. Өөр архаг хууч өвчин байхгүй. Баяр ёслолын үеэр болон энгийн үед хааяа уудаг байсан сүүлийн 4-5 сар огт архи уугаагүй ажлын газрынх нь хүмүүс гэрчилнэ дээ. Манай нөхөр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан, ажлаа хэнээр ч заалгуулахгүй хийдэг байсан, ажлаа маш сайн мэддэг байсан сайн машинчийн үлгэр дууриалал болсон хүн байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ирэхэд хань маань “хань нь шинэ жилдээ явлаа “Номт” руу явна гэсэн, цуваагаараа 50-аад хүн автобусаар явна гэсэн. Автобус 10 цагт хөдөлнө гэсэн” гэж хэлээд хоолоо идчихээд 09 цаг хагасын үед ажлынхаа нэг хүнтэй утсаар яриад байсан, тэр хүнтэйгээ “одоо гарлаа чи ирээд авчих уу? амралтын газар тэмдэглэх юм чинь та нар пиджак костюм өмсөхгүй биз дээ, энгийн хувцас өмсөх үү?” гэж яриад байсан. Тэгээд надад “хань нь ажлынхаа хувцсыг өмсөөд явлаа шүү, 10 цагаас автобус хөдөлнө хоцорчихно, хань нь уухгүй ээ, хонохгүй, наашаа ирэх машин байвал суугаад хүрээд ирнэ” гэж хэлээд гарсан. Шинэ жил тэмдэглэсэн газар нь утасны сүлжээ барьдаггүй, өдөр утас руу нь залгахад холбогдохгүй байгаад байсан. Орой нь бас залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би машин олдоогүй болоод л хонохоор болж дээ гэж бодсон. 2022 оны 12 дугаар сарын 18-ны 14 цагийн үед би ээжийнхээ барьдаг дугаараас талийгаачийн дугаар луу залгаад “хаана явж байна” гэж асуутал “ хамт явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед утас руу нь залгахад “ ахтай хамт архи уусан" гэж хэлснээ “хэний аав билээ’ гэж надад хэлснээ нөгөө ах руугаа хандаад “танай охин чинь хэн билээ" гэж цаашаагаа асууснаа өөрөө санаад “Б аав шүү дээ” гэж хэлсэн. Би хаана байгааг нь мэдэх гээд чагнасан чинь / гэж хочилдог/ ах “баарнаас гарч ирлээ” гэснээ манай нөхөрт нь хандаад “чи ямар том болчихсон юм бэ?” гээд загнаад байсан чинь манай нөхөр “хэн би юу? би яасан гэж” хэлж байсан. Цаанаас нь бас л загнаад агсам тавиад орилж байсан тэр үед утас нь тасарчихсан. Би нөхрөө ирэх нь гээд жижиг өрөөнийхөө цонхоор хараад байж байтал 8-с 10 минутын дараа ах согтуу чанга чанга хашгираад гэр лүүгээ орсон. Гэр нь манай байрны яг урд талд байдаг. Тэгэхээр нь би ахыг удалгүй гэртээ ирсэн болохоор нь ханийгаа ойрхон байгаа юм байна, одоохон хүрээд ирнэ гэж бодсон. ах гэр лүүгээ орсноос хойш төд удалгүй ойролцоогоор 5 минутын дараа хадам ээж манай ээж рүү залгаад “М вагонд дайруулчихлаа" гээд уйлаад бархирахаар нь ээж, хүү бид 3 хурдан очих гэж такси дуудаад депо руу явж байхад Алтан тариагийн хашааны хажууд хадам аав явж байхаар нь суулгаад явж байтал түргэний машин зөрөхөөр нь машинаасаа буугаад жолоочоос нь “хүн ачсан уу?” гэж асуутал “хүн аваагүй ээ” гээд хоосон машин явж байсан. Депогийн зам руу ордог хашааны үүдэнд очтол хадам ээж ухаан алдаад уначихсан байсан. Би хашаа руу нь орох гэж зөндөө оролдсон боловч цагдаа нь хэнийг ч оруулахгүй байсан. Тэнд намайг орилоод хашгирч байх хооронд хадам ээжийг түргэний машин аваад явсан байсан. Би хашаа руу орох гээд дахиад зүтгэж байхад тэр дотроос нэг хүн нь “эмнэлэг аваад явсан энд байхгүй” гэж хэлэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр очоод “вагонд дайруулсан хүн ирсэн үү” гээд орилоод л асуутал “одоогоор ирээгүй байна” гэж хэлэхээр нь буцаад депо руу очоод “эмнэлэг рүү авч явсан гэсэн чинь эмнэлэг авч яваагүй байна. Энд байгаа юм уу?” гээд гуйгаад асуутал “байгаа" гэж хэлэхээр нь “эмнэлэг авч явсан гэж яагаад худлаа хэлж байгаа юм бэ?" гэтэл “бид нар тэгж хэлээгүй” гэж хэлэхээр нь “би гэр бүлийнх нь хүн байна. би эхнэр нь байна, яагаад гэр бүлийнх нь хүмүүсийг оруулахгүй байгаа юм бэ? эмнэлэг дуудсан юм уу? хэрвээ амьд байгаа бол би эмнэлэг дуудаж үзүүлмээр байна. Амьд байхад нь та нар ингээд хэвтүүлээд байгаа бол хариуцлага тооцно шүү” гэж хашгирсан чинь "эмнэлэг үзсэн, та тайван бай. цаашаа бай" гээд намайг түлхээд байсан. Тэгээд бүүр дараа нь цогцсыг хэн болохыг нь тодорхойлоогүй байна гэж хэлэхээр нь би биш ч юм болов уу гэж бодсон. Дараа нь нэг цагдаагийн ажилтан ирснээ “нас барсан байна” гэж хэлсэн. Би дараах зүйлүүдийг шалгуулмаар байна. Тухайн осол гаргасан сэлгээний вагоны машинч, туслах машинч нарыг ажилд гарахаас нь өмнө согтолтын зэргийг шалгасан эсэхийг тодруулмаар байна. Тухайн өдөр депогийн эмчээр Б гэдэг хүн ажиллаж байсан. Вагон хэдэн километр цагийн хурдтай явж байсныг чухал баримт нь туузны орчуулга болчихоод байгаа тэгэхээр тэр тууз орчуулга нь тухайн осол гаргасан вагоны туузны орчуулга эх хувь мөн байна уу гэдгийг тодруулмаар байна, яагаад гэхээр нь машинч нь туузаа өөрсдөө аваад тууз орчуулагчдаа өгчихдөг. Тэгэхээр өөрсдөө гараараа аваад дамжуулдаг тул туузыг өөрчлөх, засварлах бүрэн боломжтой гэж манай хадам аав /төмөр замд маневарын машинч байсан/, хадам ээж /төмөр замд саляркны нярав хийж байсан/ хэлсэн. Яг хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг нарийн тогтоолгомоор байна. Вагон нь тод гэрэлтэй, депогийн талбай гэрэлтүүлэг ихтэй байхад зам дээр хэвтэж байсан 130кг жинтэй том биетэй хүнийг бүрэн харах боломжтой байхад ажлаа хийж байхдаа яагаад замаа харахгүй ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан, зөвшөөрсөн хурдаар явсан бол яаралтай тормос хийсэн тохиолдолд хурдан зогсох боломжтой вагон гэсэн, тэгтэл хурд хэтрүүлж замаа харахгүй хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөгөөд мал хамагчийн багахан зайгаар чихэгдэж ороод хэдэн дугуй дор ортол чирэгдэж байж дараа нь тормослосон гэж үзэж байна, мөн хурдтай явж байсан болохоор удаж зогссон байгаа энэ асуудлыг шалгуулмаар байна. Тухайн вагоны машинч болон туслах машинч нь вагон дотроо яаж ажлаа хийж явж байсныг бичсэн бичлэгт үзлэг хийлгэх зэрэг асуудлыг шалгуулмаар байна. Би маш их гомдолтой байгаа, вагон машинч, туслах машинч нар нь ажлаа хариуцлагатай хийгээд замаа хараад тормослож зогсоод миний ханийг замаас гаргаад тавьчихсан бол өнөөдөр миний нөхөр амьд байх байсан, тэгэхээр тэр 2 хүн 100 хувь ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна, мөн тэр өдрийн камер хянагч болон хамгаалалтын албаны ажилтнууд ажлын байран дээрээ ажлаа хийгээгүй, ажлаа тэд нар хийж байсан бол миний нөхрийг зам дээрээс холдуулаад амь насыг нь аврах боломжтой байсан. Оршуулгын зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[5],
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Талийгаачийн оршуулгын зардалд баримтаар нийт 21,627,100 төгрөгийн зардал гарсан, харин баримтаар бус 3,370,000 төгрөгийн зардал гарсан, нийт: 24,997,100 төгрөгийн зардал гарсан ба уг зардлыг нэхэмжилж байгаа Би уг зардлын тооцоог бичгээр гаргаж, хавсралтаар, баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Талийгаачийн буяны 21, 49 хоногийн буян хураасан баримтууд гарсан, баримтуудыг би шүүхийн шатанд гаргаж өгнө. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би сэлгээний ажил хийгээд депо руу тэрэг оруулж байх үед талийгаач депо дээр явж байсан. Талийгаач надтай таарах үедээ архи үнэртүүлчихсэн байсан, надаас жаахан эмээгээд “хэдэн сар архи уугаагүй өчигдөр шинэ жил тэмдэглээд жаахан уучихлаа” гэж хэлэхээр нь би “баярлаж барьчихсан бол одоо харихгүй юу?” гэж хэлтэл “одоо харинаа” гэж хэлээд байж байтал ахиад сэлгээний зүтгүүр орж ирсэн, намайг ажил хийж байх үед талийгаач М ахтай хамт депогоос гарч явж байгаа харагдсан. Тэрнээс хойш тааралдаагүй. Би тухайн өдөр 20 цаг хүртэл ажиллаад ажлаасаа буусан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч В.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагаас 20 цагийн хооронд графикийн дагуу ээлжийн бага эмчээр ээлжинд гарсан. Машинч И.А*******, 19:26 минутад, туслах машинч Б.Л******* 19:35 минутад ажилд гарахаар үзлэгт орсон. Эрүүл мэндийн үзлэг хийхдээ харилцан ярилцах, бодит үзлэг хийх, /халуун үзэх, даралтыг нь хэмжих, пульсыг нь үзэх, алкотестээр үлээлгэх/ зэрэг үзлэгүүдийг хийхэд машинч И.А*******гийн даралт 136/88, биеийн темпаратур 36,9, пульс 91-тэй байсан, даралт нь өндөр тул 10/5 гэсэн мг-тай экватор нэртэй эм тогтмол уудаг. Тухайн өдөр эмээ уусан байсан. Харин туслах машинч Б.Л*******гийн даралт 124/73, биеийн темпаратур 36,4, пульс 79-тэй байсан. И.А*******, Б.Л******* нарын биеийн эрүүл мэнд хэвийн мөн согтуурлын шинж тэмдэг илрээгүй тулд ажилд гаргасан” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Д.М 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би сэлгээний ажил хийгээд депо руу тэрэг оруулж байх үед талийгаач депо дээр явж байсан. Талийгаач надтай таарах үедээ архи үнэртүүлчихсэн байсан. Надаас жаахан эмээгээд “хэдэн сар архи уугаагүй, өчигдөр шинэ жил тэмдэглээд жаахан уучихлаа” гэж хэлэхээр нь би “баярлаж дууссан бол одоо харихгүй юу” гэтэл “одоо харинаа” гэж хэлээд дахиад сэлгээний зүтгүүр орж ирсэн. Намайг ажил хийж байх үед талийгаач М тэй хамт депогоос гарч явж байгаа харагдсан. Тэрнээс хойш тааралдаагүй.” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Г. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 06 цагийн үед ТЭМ18-3263 илчит тэргэн дээр ажилд гараад 17 цаг өнгөрөөгөөд ажил дуусаад М-13 дохионы ард ээлж хүлээлцэх гээд зогсож байгаад цонхоор харах үед талийгаач тортой юм барьчихсан депо руу ирж явсан. Би тэндээ хүлээж байгаад 17 цаг 50 минутын үед ээлжнээсээ буугаад депо руу орж эмчийнхээ үзлэгт орчихоод гараад ирсэн. Талийгаач торон дотроо 0,75 литрийн талаасаа бага зэрэг доошоо хэмжээтэй шар чингис архи, тал ундаа, нэг удаагийн аяга хийчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг дагуулаад депогоос хойш нь дагуулж гараад гудамжинд архинаас нь хийгээд өгтөл талийгаач бага зэрэг ёсолчихоод өгөхөөр нь би үлдсэн архийг нь аяганд хийгээд уусан. Талийгаач “би өнөөдөр гэртээ харихгүй өнөөдөр шоудана, надад 5 сая 800,000 төгрөг картанд байна та надтай явах уу, миний пянг даах уу?" гэж хэлэхээр нь би “чи миний хүүхэдтэй чацуу хүн байхад би чамтай юу гэж явах юм бэ?" гэж хэлтэл талийгаач "2-лаа дельфин оръё' гээд намайг дагуулж ороод баарнаас 0,75 литрийн шар чингис архи 1 шил, 0,5 литрийн жижиг ундаа аваад архинаасаа нэг нэг татсан, хажуу талын ширээн дээр сууж байсан хүүхнүүд дээр очоод юм яриад байсан. Тэд нар нь ширээнээсээ хөөгөөд байсан. Тэр үед баарны зөөгч болон хажуу талын ширээний хүмүүс “энэ хүнээ аваад гар” гээд хөөгөөд байсан. Бид 2 авсан архиа ч ууж чадалгүй би өөрийнхөө ажлын цүнхэнд хийгээд гарсан. Баарнаас гараад би Мод “одоо хойшоо явъя" гэтэл “би гэртээ харихгүй" гээд байхаар нь тэгвэл “би гэртээ харилаа” гэж хэлээд баарны буланд үлдээгээд гэртээ орсон. Талийгаач бид 2 хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Талийгаач картандаа 5 сая 800,000 төгрөгтэй гэж хэлж байсан боловч утаснаасаа нууц кодоо хийж чадахгүй байсан. Банкнаас лавлаж асуутал таны нууц дугаар блоклогдоогүй байна гэж хэлж байсан. Баарны тооцоог би хийсэн. Картнаас 80,000 төгрөг гарсан байсан. М биеэ хариуцах чадвартай байсан, согтуу байхын хувьд бол согтуу байсан, өмнө нь хамт архи ууж байгаагүй, хэр зэрэг уугаад согтдог талаар мэдэхгүй байна. Талийгаач баарны гадаа нэг хүнтэй утсаар яриад л үлдсэн хэнтэй ярьсан талаар мэдэхгүй байна, гэртээ харихгүй гээд байсан. Талийгаачийн гэр нь хуучин өнчин цэнхэрт л байдаг байсан, би нас барсаных нь дараа манай байрны өөдөөс харсан байранд амьдардаг гэдгийг нь мэдсэн. Би цуг явъя гэхээр “явахгүй” гээд үгэнд орохгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө манай машинч А залгаад “та хаана байна” гэхээр нь “гэртээ байна, унтаад сая сэрлээ” гэж хэлтэл "та сонсов уу?" гэхээр нь “яасан1 гэж асуутал “М сэлгээний тэргэнд дайрагдаад нас барчихсан байна" гэж хэлэхэд нь мэдсэн. Хариулт: Мэдлэг чадварын хувьд сайн машинч, шинэ тэрэг ирэхээр бусад машинч нар нь зөвлөгөө авдаг гэсэн, талийгаач архи маш их уудаг байсан, тэр өдөр л хоёулахнаа ууж таарсан. Архи уухаараа ямар зан ааш гаргадаг талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Н.О 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би талийгаач П.Мын төрсөн эх нь байгаа юм. Би 7 хүүхэд төрүүлсэн талийгаач хүү маань 6 дахь хүүхэд маань байсан. Талийгаач хүү маань 1*ний өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Бага насандаа төмөр замын ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гүнзгийрүүлсэн 4 дүгээр сургуульд 1* ангиа төгсөөд ажлын гараагаа Сүхбаатар депод ачигчаар эхэлсэн. Цааш нь ажиллаж байх хугацаандаа төмөр замын дээд сургуулийг техникч механик мэргэжлээр төгсөөд туслах машинч, машинчаар төмөр замын байгууллагад 17 жил ажилласан. Миний хүү зан харьцааны хувьд хүнлэг, оюуны потенцаль их сайтай хүүхэд байсан. Хүү нь “толгойгоороо хоолоо олж иднэ” гэж ярьдаг байсан. Миний 4 банди нараас надтай хамгийн ойр байсан. Миний хүү хууч өвчин байхгүй харин сүүлийн үед жин нэмэгдээд даралт нь 120-150 хооронд хэлбэлзээд байдаг болсон учраас даралтны эм тогтмол уудаг болсон гэж ярьж байсан. Архи согтууруулах ундааны зүйл байнга бол уухгүй, хааяа баяр ёслолоор болон найз нөхдийнхөө төрсөн өдрөөр хэрэглэдэг байсан. Сүүлийн 3-4 сар архи уугаагүй гэсэн. Архи уухгүй байгаа гээд царай нь тунгалагжаад хөөрхөн болчихсон байсан. Даралт ихсээд байгаа болохоор архи уухгүй байгаа гэж хэлж байсан. 2010 онд Б Бтай гэр бүл болоод 2010 оны 8 сард хүү нь төрсөн. Гэрлэлтийн баталгаагаа сүүлд авсан. Өөрийн гэсэн байр сууцтай байж байгаад сүүлийн жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны 21 цаг 47 минутад Сүхбаатар депогийн эмч И******* Ж дугаараас миний өөрийн дугаар луу залгаад “М вагонд дайруулчихлаа" гэж хэлээд шууд утсаа тасалчихсан, би “хаана байгаа юм бэ?" гэж асуухаар дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тухайн үед нөхөр бид 2 хүргэнийхээ 2 хүүхдийг харж байсан. Би гэрээсээ гарахаасаа өмнө худ Ц руу залгаад “М вагонд дайруулчихсан байна" гэж хэлээд шууд депо руу гүйгээд очтол сэлгээ зогсчихсон гарам дээр хамгаалалт авчихсан намайг депо руу оруулахгүй байсан. Би “төрсөн ээж нь байна, намайг оруулчих л даа, та нарт ээж байхгүй юу” гээд торон хашаа давах гэтэл оруулахгүй байсан. Тэр үед машинч А*******, туслах машинч Л*******, А*******гийн эхнэр У нар хашааны гадаа намайг тэврээд тайвшруулаад байсан. Тухайн үед А*******г ахлах нь болохоор надад сэтгэлийн дэм өгч байгаа юм байна, гэж бодсон чинь миний хүүгийн амийг егүүтгэчихээд над дэзр ирсэн юм байна лээ. Би орилж байгаад багтраад уначихсан түргэн тусламж аваад явсан юм байна лээ. Өглөө 03, 04 цагийн алдад гэртээ ирсэн. Маргааш нь “сэлгээний машинч хэн байсан юм бэ?” гэж асуусан чинь А******* байсан. А******* нь 12 сарын 22-ны өдрөөс хойш надтай уулзахгүй байгаа, ажил явдлаар нь ирээгүй. Би 2021 оны 11 сарын дундуур Хөвсгөл яваад 12 сарын 10-ны үеэр гэртээ ирээд 12 сарын 13-ны өдөр Замын-Үүдэд миний төрсөн дүүгийн нөхөр автын ослоор нас бараад ажил явдалд нь оролцоод 12 сарын 17-ны өглөө гэртээ ирсэн. Би хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан болон хэзээ уулзсанаа санахгүй байна.” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад би ачаа хамгаалагч, Б паркийн харуулын үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад би суудлын 271 дүгээр галт тэргийг өртөөний урд тал цэргийн ангийн харалдаа хүлээж авсан, Б буу зэвсэг, доторх бичиг баримт хөтлөлтөө хүлээж авах гээд үлдсэн. Тэр өдөр 20 цаг 57 минутад хот руу явах суудлын галт тэргийг гаргаж өгчихөөд 21 цаг 15 минутын үед ажлынхаа өрөөндөө орж ирсэн. Хот руу явсан галт тэрэгтэй ачааны галт тэрэг зөрж орж ирэх байсан тул өрөөнөөс гар чийдэн, бээлий зэргээ авах гэж байтал утас дуугарахаар нь автал 33 дугаар дохион дээр хүн дайруулсан тухай өртөөний жижүүр утсаар мэдэгдсэн. Би хамт гарч байсан паркийн харуул Бг “салаан дарга, албаны диспетчер, харуулын дарга нарт мэдэгдээрэй” гэж хэлчихээд 33 дугаар дохио руу яваад очтол маневар зогсчихсон, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг ар гэрийнхэн нь ирэх гэж байгаа тул гадны хүн битгий оруулаарай гэсэн үүрэг өгсний дараа хамгаалалтанд зогссон. Миний ажлын байрны тодорхойлолтоор хамгаалалтанд хүлээн авсан ачаа вагоныг гэмт халдлагаас хамгаалан хүрэн өртөөнд бүрэн бүтэн хүргэх гэсэн үндсэн тодорхойлолттой. Миний ажпын байрны тодорхойлолтонд хяналтын камерт хяналттавих талаар тусгаагүй боловч хяналтын камерыг ажил үүрэгтэй холбоотойгоор хамгаалалтгай вагоныг харах зорилгоор ашигладаг. Паркийн замыг камераар хяналт тавь гэсэн үүрэг байхгүй, камераа анзаарч байгаарай гэж хэлдэг болохоос камер хяна гэсэн үүрэг байхгүй. Харин биечилсэн хяналтыг тавь гэсэн үүргийг өгдөг.” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Т.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад ачаа хамгаалагч Б хамт үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад диспетчерт 20 цаг 05 минутын үед ээлжээ хэвийн хүлээж авлаа, постнуудад хэн хэн үүрэг гүйцэтгэж байгаа болон хамгаалалттай вагоны тооны мэдээг өгсөн. Тэгээд 20 цаг 25 минутын үед ачааны галт тэргийг үдэж гаргаж өгөөд 20 цаг 55 минутад суудал явах үед Б гаргаж өгсөн. Би 21 цагаас 21 цаг 25 минутын хооронд паркийн өрөө. ачаа хамгаалагчийн өрөөнд цэвэрлэгээ хийж дуусаад 21 цаг 30 минутын үед ачааны галт угтаж авах гээд бид 2 гарах гэж байтал өрөөний утас дуугараад Б автал өртөөний жижүүр залгаад ;:33 дугаар дохион дээр сэлгээний тэрэг хүн дайрсан байдалтай байна" гэж мэдэгдсэн, Б салаан дарга, харуулын даргад мэдэгдээрэй гэж хэлээд осол болсон газар луу явсан, би 2 даргадаа мэдэгдээд ардаас нь очиход төмөр замын цагдаа нар ирчихсэн байсан би хамгаалалтанд зогссон. Тухайн үед хамгаалалтанд зогсч байхад 23 цагийн үед Наушкаас ачааны галт тэрэг ирэх болоод үзлэг хийхээр явсан. Ажлын байрны тодорхойлолтоор төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцах, галын аюулгүй байдлыг сахиулах үүрэг гүйцэтгэх ёстой.” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч З.Б 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод нийт 26 жил ажиллаж байгаагаас сүүлийн 1 жилийн хугацаанд депогийн даргаар ажиллаж байна. Талийгаач 2005 онд депод ажилд орсон үеэс нь хойш хамтран ажиллаж байна. Би тухайн үед машинч хийж байсан. Талийгаач их зөөлөн зантай, хамт олонтойгоо харилцаа сайн, хүнтэй эвтэй хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй хүн байсан. Ажилд хичээнгүй, толгой сайтай. юм хүлээж авах тал дээр сайн, ажлын дадлага туршлага сайн, чадвартай машинч байсан. Эрүүл мэндийн асуудал дээр жин ихтэй болохоор даралтанд нөлөөлдөг байсан. Жин нь 100 кг-аас их жин тул жингээ хас гэж зөвлөдөг байсан. Талийгаачийн ээж, аавтай нь цуг ажилладаг байсан болохоор мэднэ. Харин эхнэрийг нь зүс мэддэг тэрнээс харьцаа байхгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг эр хүмүүсийн журмаар хааяа уудаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нь хагас сайн өдөр байсан тул би гэртээ амарч байсан. Тухайн өдөр 21 цаг өнгөрөөгөөд сэлгээний машинч И.А******* над руу залгаад "хүн дайрчихлаа хүрээд ирээч ээ" гэхээр нь би тухайн үед Шаамар суманд хувийн ажлаар зорчиж байсан тул “зааварлагч машинч Ганзоригт мэдэгд” гэж хэлээд утсаа салгасан. Би 22 цаг 30 минутын үед очиход төмөр замын цагдаагийн Зүүнхараа зангилааны цагдаа нар хамгаалалт авчихсан байхаар нь тухайн хэсэгт нэвтэрч орсон. Хэргийн газрын үзлэг хийж байгаа тул “зүтгүүр лүү ойртоод хэрэггүй” гэхээр нь 25 орчим метрийн зайнаас байж байсан. Намайг очиход талийгаач зүтгүүр дор байсан. Би депо руу ороод машинч И.А*******, туслах машинч Б.Л******* нарт архи уусан эсэхийг шалгах сорил тавихад эрүүл байсан тул журмын дагуу акт үйлдэж байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулаад хадгалсан байгаа. Тухайн үед би төмөр замын удирдах ажилтнуудад танилцуулж байгаад депогийн жижүүрээс “ямар шатанд байна зүтгүүр хөдөлгөөнд орсон уу?" гэж асуухад “шарилыг аваад явсан, зүтгүүр хөдөлгөөнд орсон” гэж хэлсэн. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн дарга Б.У, Улаанбаатар төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга А*******гаар удирдуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай өрөөнд хуралдсан. Уг осол юунаас болсон, талийгаач ажилтай байсан эсэхийг тодруулах, ар гэрийнхэнтэй уулзахаар ирсэн, уг хурлаар хурлын тэмдэглэл хөтлөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын хамтын сангаас 1.000,000 төгрөг, цуваанаас нь 1,000,000 төгрөг, Дархан татах хэсгээс буцалтгүй тусламж гэж 4,5 сая төгрөгийн мөнгөн тусламж хандивыг ар гэрт нь өгсөн байгаа. Харин Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн албаны нийт ажилтнуудаас сэтгэлийн хандив гэж мөнгө цуглуулсан байгаа, нийт 31 сая гаран төгрөг болж байгаагаас талийгаачийн үлдээсэн цалингийн зээлийг төлж барагдуулаад талийгаачийн төрсөн эцэг, эх болон эхнэрийг нь дуудаж уулзаад үлдсэн мөнгийг нь баримтын хамт өгөхөөр өнөөдөр төлөвлөсөн байгаа. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй, ажилчиддаа “шинэ жил тэмдэглэхгүй шүү” гэдгийг ойлгуулчихсан байсан.” гэх мэдүүлэг[13],
14.Гэрч Б.А 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод нийт 16 жил ажиллаж байгаагаас зааварлагч машинчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Зааварлагч машинч нь цувааныхаа хүмүүсийг хариуцаж ажилладаг. Нэг цуваанд 21 машинч, 21 туслах машинч байдаг. Би 2006 онд ажилд ороход талийгаач надаас өмнө ажиллаж байсан түүнээс хойш хамтран ажиллаж байсан. Талийгаач М нь хамт олонтойгоо нийтэч, тусархуу, машинчийн хувьд сайн машинч, машинчийн 3 дугаар зэрэгтэй машинч байсан. Талийгаачийн эцэг, эх, эхнэр, хүүхдийг нь танина. ажиллаж байх хугацаандаа гэр бүлийн зүгээс санал, гомдол гаргаж байгаагүй, урьд нь өөрийн байртай байсан сүүлд түрээсийн байранд амьдарч байгаа гэж хүмүүсээс сонссон. Согтууруулах ундааны зүйл ер нь л хэрэглэдэг байсан. Ажлын бус амралтын цагаараа, ээлжийн амралт авсан үедээ уучихсан явж байдаг байсан, нэг уухаараа давраад уугаад байдаг хандлагатай, тэгэхдээ ажилд гарахаас өмнө уугаад ажил таслаад байдаггүй байсан. Манай байгууллагын хэмжээнд нэгдсэн журмаар шинэ жилийн үйл ажиллагаа тэмдэглээгүй, 2021 оны 12 дугаар 15-ны өдөр 5-р цуваа, 2021 оны 12 дугаар 16-ны өдөр депогийн эмэгтэй ажилчид салхинд гарцгаасан. 2021 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн үеэр цувааны хурал хийсэн. Уг хурал дээр өнгөрсөн онд бүгдээрээ буудлаар ажиллацгаасан. Төмөр замаас шинэ жилийн үйл ажиллагааг хориглочихсон байгаа, бригадын санаачлагаар агаар салхинд гарч спорт өдөрлөг хийх талаар ярилцаж тохиролцсон юм. Энэ талаараа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр депогийн дарга З.Бд "маргааш манай цувааныхан цуваагаараа спорт өдөрлөг хийж агаар салхинд гарах гэж байна. ажлаас чөлөөтэй бригадуудаа аваад өдөрлөгт явж болох уу? Цувааны хурал хийгээд ийм шийдвэр гарсан" гэж танилцуулахад "тэг тэг" гэж зөвшөөрсөн. Цуваанд харъяалагддаг бригадуудаа заавал оролц гэж албадаагүй. Өөрсдөөс нь мөнгө төгрөг татаагүй, явах хүмүүс нь депо дээр цуглараарай гээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны 09 цагт депо дээр цуглаад 11 цагт "Номт” амралтын газар луу хөдөлсөн. Нийт 35 хүн явсан, амралтын газартаа очоод хоол ундаа идээд спортын уралдаан тэмцээн зохиож, манай цуваанаас гарсан өндөр настандаа мөнгөн аягаа гардуулсан. Бид нар 10 шил архи л авч явсан, ажилтай болон харих ёстой хүмүүс нь буцсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 8 хүн амралтанд үлдсэн байсан. Бид нар 11 цагт төв рүү орж ирсэн. Би тухайн үед өөрийнхөө машинтай амралтын газар луу явсан. Би урьд өдөр нь уучихсан болохоор машинч Б машинаа бариулсан, миний машинд талийгаач сууж ирсэн. Бид нар төв орж ирээд шууд талийгаачийн гэрийн гадаа ирж зогсоод би "за гэр лүүгээ ор" гэж хэлтэл "би зүгээр ээ эрүүл байна таныг хүргэж өгье, та гэртээ ороод амарчих, би Б хүргүүлчихье" гэж хэлэхээр нь би гэртээ хүргүүлсэн. Б манай машинч Га.О дуудаад хүргүүлчихье гэхээр нь би гэр лүүгээ орохоос өмнө Бд “ ахыгаа гэрт нь хүргэж өгөөрэй, архи битгий уулгаарай” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[14],
15.Гэрч Г.О 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод 2013 оноос хойш ажиллаж байна. Намайг 2013 онд Сүхбаатар депод ажилд ороход талийгаач П.М машинчаар ажилладаг байсан. Тэрнээс хойш 8-н жил хамт ажиллаж байна. Нас ойролцоо болохоор дотно найз нөхдийн харилцаатай байсан. Залуугаасаа Сүхбаатар депод ажилд орсон олон найз нөхөдтэй хүнд тусархуу инээгээд явж байдаг хэр баргийн уурлахгүй наргианч, ажил дээрээ хуурай олон дүүтэй тусч залуу байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд архи их уудаг болсон. Өнчин цэнхэр байранд 3 өрөө байртай байж байгаад тэрийгээ зараад 25-д хашаа байшин хөлсөлж байгаад сүүлд төмөр замын 32 айлд эхнэр хүүхэдтэйгээ хамт байр түрээсэлж амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай дотоод чатаар ажлаас чөлөөтэй хүмүүс 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт Сүхбаатар депод дээр цуглаад “Номт” гэх газарт байрлах амралтын газар луу явна гэсэн зарыг машинч Батжаргал тавьсан байсны дагуу 12 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн үед Сүхбаатар депогоос Номтод байрлах амралт руу жижиг оврын аатобусаар 30 гаран ажилчид явсан. Амралтын газарт очоод олс таталт, цасны сумо, бөхийн барилдаан зэрэг тэмцээн зохион байгуулагдаж алба хаагчид идэвхтэй оролцсон. Тэмцээнээ дуусгаад 8 хүн үлдээд нэг шил архи хувааж уугаад би эхнэрийг дуудаад гэртээ харьсан. Тухайн өдөр талийгаач П.М дунд зэргийн согтолтой байсан. Ямар хэмжээтэй архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд үлдсэн 6 хүн 1 шил архи хувааж уухад талийгаач хамт байсан. Тухайн өдөр төв руу буцна гэж ярьж байсныг би сонсоогүй надтай ойр байхдаа тийм юм яриагүй. 12 дугаар сарын 18-ны өглөө амралтын газар очиход талийгаач П.М архи нь гарсан шартсан байдалтай эрүүл өөрийгөө авч явах чадвартай байсан. Амралтын газар дахиж архи уугаагүй. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө би номтод байрлах амралтын газарт буцаж очоод машинч О.Д, О.А, туслах машинч Ч.Б, н.Т нарыг суулгаж Сүхбаатар сумын төв рүү оруулж ирээд бүгдийг нь гэрт нь хүргэж өгсөн. Машинч Б над руу залгаад “зааварлагчийнд байна, машингүй болчихлоо хүргээд өг” гэхээр би очиж авахад талийгаач П.М, машинч Г.Б нар зааварлагчийнхаас гарч ирсэн. Тэр хоёрыг машинд суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад Г.Б ажилд дуудагдаж гэрийн гадаа өнчин цэнхрийн урд талд буугаад явсан. Талийгаач бид хоёр үлдээд гэрт нь оруулж өгөх гэтэл “дотор муу байна, ганц юм уумаар байна” гээд өнчин цэнхрийн хажуу талын дэлгүүрээс 0,5-ын нэг шил архи аваад намайг “цуг ууя” гэхээр нь би “орой ажилтай болохгүй” гэж хэлээд гэрийнх нь гадаад аваачиж өгөөд явах гэтэл нөгөө юмаа задлаад нэг уугаад “Сүхбаатар депо хүргээд өгчих ажлаас бууж байгаа бригадын хүмүүстэй уулзмаар байна, хүргээд өг” гэхээр би “хэрэггүй” гэж хэлээд 1 цаг гаран зогсоод “гэртээ ор” гэсэн “такси дуудсан” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “чи хүргэж өгөхгүй бол би өөрөө такси бариад явна” гэхээр нь Сүхбаатар депо руу 16 цагийн үед хүргэж өгсөн. Алтан тариан гарцын харалдаа машинтайгаа очиж зогсоод талийгаач машинд байсан 1 шил архи, нэг ундаагаа аваад “баяртай” гээд депо руу явсан би гэртээ харьсан. Өнчин цэнхрийн хажуу талд байрлах дэлгүүрээс авсан 0,5-ын нэг шил архинаас 1 аягаар 50 гр орчим уусан надтай байхдаа дахиж нэмж архи уугаагүй. Шартсан байдалтай эрүүл байсан өөрийн биеийг хариуцах бүрэн чадвартай байсан.” гэх мэдүүлэг[15],
16.Гэрч Г.Б 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Талийгаач П.М******* би 2017 оноос хойш мэднэ Сүхбаатар татах хэсэгт хамт ажиллаж байсан миний багш байсан юм. Талийгаач хамт олондоо нэр хүндтэй тусч сайн ах байсан. Эхнэр хүүхэд хадам ээжтэйгээ хамт түрээсний байранд амьдардаг байсан. Ажиллаа маш сайн хийдэг байсан архи зарим тохиолдолд хэрэглэдэг байсан. Ганц нэг удаа ажил дээр согтуу байхыг нь харж байсан. 2021 оны 12 сарын 17-ны өдөр “Номт” амралтын газар манай цувааны спорт өдөрлөг болсон. Тухайн өдөрлөгийн удирдамж төлөвлөгөөг хараагүй ямар хүн баталсан талаар нь сайн мэдэхгүй байна. Өдөрлөг болохоос 10-н хонгийн өмнө цувааны хурал дээр өдөрлөг болох талаар ярьсан 12 дугаар сарын 16-ны өдөр 5 дугаар цувааны ажилчид тухай өдөрлөгийг зохион байгуулсан. 12 дугаар сарны 17-ны өдөр машинч А.Э, М.М, С.П бид дөрөв шинэ зах дээр уулзаад М.Мын машинтай “Номт” амралтын газар луу явж очсон. Номт амралтын газарт очиход манай цувааны 30-40 алба хаагч бөөнөөр цуглаж мах шөлөө буулгаад өдөрлөгийн нээлт болох гээд бэлтгэж байсан. Өдөрлөгөөр хөл бөмбөг, олс таталт гэх мэт тэмцээнүүд болсон. Тухайн өдөр талийгаач П.М нэлээн согтсон байдалтай архи уусан байсан. Орой гэр лүүгээ буцахгүй гэж ярьж байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө талийгаач П.М шатсан байлалтай байсан. Амралт дээр нэмж архи уугаагүй бид нар хоол хийж идээд амралтаас Сүхбаатар сум руу хөдөлсөн. Амралтын газраас 7 хүн 2 машинд сууж явсан. Зааварлагч Б.Аы машинд талийгаач П.М, би, зааварлагч машинч Б.А бид гурав сууж би машин барьж явсан. Бид гурав амралтаас Сүхбаатар суманд орж ирээд төмөр замын 2 дугаар 60 айлын гадаа ирж талийгаач бид хоёр буух байсан талийгаач П.М хэлэхдээ “Б эгч нь уурлана0 хоногоор явлаа гээд жаахан байж байгаад ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь бүгдээрээ хоол идээд гэртээ оръё гэж ярьсан. Б.А зааварлагч “би хоол идэхгүй гэрт хүргээд өг” гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Миний ойлгосноор амралтын газар луу хамт олонтойгоо явна гэдгээ эхнэртээ хэлээгүй байсан юм шиг санагдсан. Зааварлагчийг гэрт нь машинтай нь буулгаж орхиод амралтаас хамт хөдөлсөн нөгөө машинтай хүмүүс рүү залгаад ирж аваарай гэж хэлээд машинч Га.О, Э.Д, Ч.Б нар машинтай ирж талийгаач бид хоёрыг зааварлагчийн гэрийн гаднаас авсан. Тэндээсээ Ихо гэдэг хоолны газар очоод хоол идэх гэсэн боловч хүлээн авалтай байсан тул хэсэг хугацаанд хаачихаа ярьж байгаад машинч Дгийн гэрийн гадаа очоод би тэр хэдээс салаад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг[16],
17.Гэрч Э.Б 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Замын даргын А-278 дугаартай тушаалын дагуу тууз орчуулагч нар нь ажил үүргээ гүйцэтгэдэг. Тууз орчуулгаар машинчийн тухайн галт тэргийг хэрхэн жолоодсон тайлалийг гаргах ёстой. Хурдыг тодорхойлно, хэддүгээр километр хэдэн километр цагийн хурдтай явсан мөн тогтоосон хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох, хэдэн цаг хэдэн минутад тухайн хэсгүүдээр явж өнгөрсөн цаг хугацааг тодорхойлно. Мөн сонор сэрэмж шалгах төхөөрөмжийг машинч хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээллийг бүртгэнэ, галт тэрэгний тоормосын системийг хэрхэн ажиллуулсан, олгогдсон анхаарамж, зэрэг Замын даргын холбогдох тушаалууд зөрчсөн эсэхийг илрүүлэх тодруулах үүрэгтэй. Би уг Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акттай танилцлаа. цаасан туузаар технологиос хамаарч яаралтай тоормос хийгээд хэдэн метр зам туулж зогссоныг хамгийн бага даа 200 метр зайд хэмжих боломжтой түүнээс дотогш зайг техникийн нөхцөлөөр хэмжих боломж байхгүй. Илчит тэрэг хэдэн километрийн хурдтай явж байх үед яаралтай тоормос хийхэд хэдэн метр зам туулж зогсох талаар заасан тушаал, заавар гэж байхгүй, тухайн замын байдал, илчит тэрэгний хурд, жин, голоос хамаарч галт тэрэгний тоормосын зам харилцан адилгүй байдаг, үүний талаар гаргасан тушаал, шийдвэр байхгүй, шууд тэгж тогтоох боломжгүй. Илчит тэрэгнээс хариуцсан машинч ажлын төгсгөлд уг ажил үүргийг гүйцэтгэсэн машинист ажилласан цагийн туузаа өөрөө авч тууз орчуулагчид хүлээлгэн өгдөг. Машинчийн тууз засварлагдсан тохиолдолд хүлээн авч буй тууз орчуулагч хяналт тавьж илрүүлээд шууд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй, уг тууз нь шохойтой байдаг учир засварласан тохиолдолд илт мэдэгдэнэ.” гэх мэдүүлэг[17],
18.2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Б.Л******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Б.Л*******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[18],
19.2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.И.А******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. И.А*******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[19],
20.2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Талийгаачид биеийн ерөнхий доргилт, гавал тархины ил гэмтэл духны зүүн орой дээд хэсэгт гавлын хөндийд нэвтэрсэн, цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, баруун, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хэлбэр, бүтэц алдагдсан, суурин хэсэгт уртавтар тархи, нүүрэн хэсэгт бүхэлдээ няцарсан, дарагдлын ором, баруун зүүн чамархай, суурь яс, самалдаг ясны бяцарсан, хавсарсан хугарал, эрүүний баруун доод булангийн сэлтэрхийт хугарал, хүзүүний I, II нугалмын үеэр мултрал, сэртэнгийн хугарал, цээжний баруун хэсэгт суганы урд шугамаар III-р хавирга, суганы арын шугамаар II,II, IV,V, VI, VII VIII, Xl-р хавирганы толгойн хэсгийн мултрал, хөндлөн сэлтэрхийт хугарал, нуруу бүсэлхийн IV,V, VII,VII нугалмын мултрал, сэртэнгийн хугарал зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө үүсэх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 5,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь маш хүнд зэргийн согтолттой байжээ. 5.Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна. 6.Талийгаач нь төмөр замын ослын улмаас гавал тархины ил хүнд гэмтлийн хүндрэлээр нас баржээ. 7.П.М нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим нас барсан байх боломжтой. 8.Талийгаачид архаг зүрхний булчингийн эмгэгшил, зүрх өөхлөлт, элэгний архаг үрэвсэлт өвчин тогтоогдлоо” гэх дүгнэлт[20],
21.2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Осол гарсан 2021.12.18-ны өдөр ТЭМ2-1221 дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан байна. /1, 2-р асуултад хариулав/ 2.ТЭМ2-1221 дугаартай илчит тэрэгний машинч И.А******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,7.ё. "зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.” тус тус заалтыг зөрчсөн байна. 3. ТЭМ2-1221 дугаартай илчит тэрэгний туслах машинч Б.Л******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4.Хохирогч нь Төмөр замын газрын даргын 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3-д “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно”, 3.1.1 “Төмөр замын гарам, явган хүний гүүрэн гарцтай буюу нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах”, 3.2.10 “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх” гэсэн хэсэг, заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна. 5.Дүгнэлт гаргахад тогтоогдсон бусад нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт[21] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс: “...Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тэм1221 дугаартай илчит тэрэгний машинч болон туслах машинч зүтгүүрийн бригадын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа хөдөлгөөний чиглэлийн дагуу зам дээр байгаа П.Мөыг хараагүй буюу зам тээврийн хөгжлийн сайдын А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.в-д заасан зам дээр байгаа хүмүүс, суман байрлал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах сонор, сэрэмжтэй байх үүргээ биелүүлээгүйн улмаас хоцорч зогсоох арга хэмжээг авсны улмаас П.М******* дайрч амь насыг нь хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн илчит тэрэг, зүтгүүр нь хурд бага байх тусам богино хугацаанд зогсох боломжтой. Хурд бага байх тусам зүтгүүрийн бригад урдах замаа харах, урд байгаа аюул ослыг харах боломжтой байсан. Бага хурдаар явж байгаа зүтгүүрийн урд байх аюул ослыг харж чадаагүй зүтгүүрийн бригадын хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй энэ үйлдлийн улмаас талийгаач П.Мө нь зүтгүүрт дайрагдаж амь насаа алдсан болох нь тогтоогдож байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хамгаалах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй хэдий ч хавтаст хэрэгт 24,997,100 төгрөгийн баримт авагдсан. Шүүгдэгч нар 25,000,000 төгрөг нөхөн төлсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж байна. Үүнээс гадна өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилсэн. Ийм учраас өмгөөлөгчийн зардлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж, хохирогчид нөхөн төлүүлэх саналтай байна” гэсэн эхний саналыг;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримт гэж юу вэ? гэдгийг зааж өгсөн байдаг. Прокурорын аливаа шийдвэр, тогтоол гэдэг бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэр болохоос нотлох баримт биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримт юуг хэлдэг вэ? гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, маш тодорхойгоор заасан камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд бол энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд юм. Бид үүгээрээ л мэтгэлцэх ёстой. Өмнө нь ямар прокурор энэ хэргийг хянаад шийдвэр гаргасан нь тухайн прокурорын л асуудал. Хоёрдугаарт шүүхийн шинжилгээний албаны 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь гавал, тархины ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэсэн байна. Төмөр замын ослын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Энэ дүгнэлт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмын дагуу явагдсан байна. Мэтгэлцээний явцад тухайн шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч нарт танилцуулаагүй байна гэх асуудал яригдсан. Үүн дээр тайлбар өгөхөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх журмыг заасан байдаг. 27.2 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх үед оролцогч дараах эрхтэй гэсэн байна. Тухайн хэрэг явдал болох үед талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилоход өнөөдөр шүүгдэгч нараар оролцож байгаа И.А******* нар нь яллагдагчаар татагдаагүй байсан. Яллагдагчаар татагдаагүй байгаа тохиолдолд мөрдөгч шинжээч томилсон тогтоолоо хэргийн оролцогч нарт танилцуулна гэсэн хуулийн заалт байгаа учраас энэ хүмүүст танилцуулаагүй. Яллагдагчаар татагдсны дараа танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэгтэй этгээд гэж байна. Тэгвэл зам тээврийн хөгжлийн сайдын А/154 дугаар тушаалын 1-р хавсралт нь төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-д сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад дараах үүргийг гүйцэтгэнэ гэсэн байна. Сэлгээ хийх үеийн зүтгүүр гэдэг бол бидний харсан зүтгүүр мөн. И.А*******, Б.Л******* нар нь дараах үүргийг хүлээж байж. Үүнд: зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх өөрөөр хэлбэл энэ дүрмийн зорилго нь зам дээр аливаа осол аваар гарахаас урьдчилан сэргийлж харж байх, сонор сэрэмжтэй байх ёстой гэсэн үг. Гэтэл бид камерын бичлэгийг харахад талийгаач зам дээр хэвтээд зүтгүүрийн толгой хэдэн метр ойртсоны дараа зогсоох арга хэмжээг авсан бэ? Зүтгүүр хэдэн секундэд зогссон бэ? ямар ч тээврийн хэрэгслийг жолоодож байгаа этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, масс, тохируулга, явах замын хэмжээг харж аюулгүй байдлыг харж байх ёстой” гэсэн хоёрдахь саналыг;
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Хавтаст хэргт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь тогтоогдлоо гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нотлох баримт шинжлэн судаллаа. Гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүрэх хүртэл шүүгдэгч нарын хувьд маргаагүй. Өнөөдөр гэнэт бид буруугүй, зогсоох арга хэмжээг хангалттай авсан гэж хэлж байна. Нэг талаасаа ёс зүйн асуудал энд яригдах ёстой. ...Хэргийн бодит байдлыг өөрсдөө мэдэж байгаа, ухамсарлан ойлгож байгаа этгээдүүд мэлзэх гэх юм уу, үүн дээр бид гайхаж байна. Шүүх хуралдааны танхим дотор нэг нүүртэй, шүүхээс гадна нэг нүүртэй байгаад байна. Ийм байж болохгүй. Гэм буруу дээр өмгөөлөгч маргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хэдэн санал хэлье. Цагийн зөрүүг арилгах ёстой гэх байр суурийг О.Баясгалан өмгөөлөгч тавиад явж байсан. Зүтгүүрийн галт тэрэгний дотор болон гадна камерны цагийн зөрүү байхгүй болох нь тогтоогдлоо. Алсаас авч байгаа нэг камер, чиглэл аваад байгаа цагийн зөрүү хоёр хэрэгт ач холбогдол байхгүй гэдгийг хэлье. Дотор хяналтын камерны 21 цаг 34 минут 42 секундээс 49 секунд хүртэл Б.Л******* цонхоор харсан, хүзүү толгойгоо маажсан байдалтай, И.А******* гэдэг хүн ямар байдалтай явж байгаа нь харагдаж байна. Явж байсан чиглэлээ аль нэг нь харсан нөхцөл байдал харагдахгүй байна. Энэ хүмүүс замаа хараагүй байна. Гэнэт хараад зогсоох арга хэмжээ авсан. Хэргийн газрын үзлэгийн 7-р хуудас дээр тусгалын хэмжээг харахад илчит тэрэг хэр хол гэрлээ тусгахын 48.4 гэж байна. Хүний нүд хэд орчим метрийг харах боломжтой вэ? тэр хэмжээ нь байгаа. Тэр холоос хараад зогсоох арга хэмжээг авсан бол нэг өөр асуудал юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15.1, төмөр замын багц дүрэм, зам тээврийн хөгжлийн сайд баталсан. Энэ дүрэм өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байна. Нэгэнт үйлчилж байгаа хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд буюу зам тээврийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.в, 14.3.7 ё заалтыг туслах машинч нар зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Энэ дүгнэлттэй талууд танилцсан. Үүнтэй холбоотой гомдол санал аль нэг тал нь гаргаж яваагүй. Ялангуяа шүүгдэгч талаас гаргаагүй, хавтаст хэргийн 186-р хуудсанд байгаа дүгнэлт гаргасан Итгэлт гэх шинжээч /1хх-194/ хуудсанд мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгийг уншъя “Та энэ заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байна. Энэ талаараа тайлбарлаж өгнө үү” гэсэн байна. Машинчууд дагаж мөрдөх үүрэгтэй, ган замын байдлыг хангаж зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүйн улмаас зам тээврийн яамны сайдын 2020 оны А/154 тушаалын 1-р хавсралтаар батлагдсан төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7.в гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүй гэсэн байна. Мөн зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй, зам дээр саад байгааг хараагүйн улмаас яаралтай тооромзыг ойртуулж хийсэн гэх 2 заалт байна. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурласан. Төмөр замын камерын бичлэг, вагоны бичлэг, дотор, гадна бичлэгийг харж байгаад энэ хүрээнд дүгнэлтээ гаргасан. Захиргааны хэм хэмжээний акт буюу техник ашиглалтын дүрмийг зөрчсөн талаар мэргэжлийн хүний дүгнэлт байхад О.Баясгалан өмгөөлөгч үгүйсгэж чадахгүй би ч чадахгүй. Тэгэхээр гэм буруутай гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд үйлдсэн хоёр шүүгдэгчийн гэм бурууг хэргийн хүрээнд тогтоох боломжтой. Гэмт хэргийн зүйлчлэл бол тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн зардлыг гаргаж өгнө үү, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж энэ мөнгийг хохирогч надад төлсөн” гэсэн эхний саналыг;
-Өөрийн амь насаа хамгаалахаас гадна бусдын эрүүл мэндийг хамгаалах ёстой биз дээ. Төмөр зам дээр хүн хэвтэж байвал чи л үхэхгүй бол дайраад л гар гэж байгаа юм уу? энэ дүрэм таныхаар бол? Нөгөө талаасаа үнэхээр зайлшгүй тохиолдолд өөрийн амь насыг хамгаалах шаардлагатай ч бусад тохиолдолд төмөр замын зүтгүүрийн вагон, төмөр замд учрах хор уршиг, бусад этгээдийн эрүүл мэндэд учирч болох хор уршгаас хамгаалах үүрэгтэй гэж заасан байгаад байна. Үгүй бол тэр зүтгүүрт хоёр хүн байлгаад яах вэ? ямар ч шаардлагагүй шүү дээ. Дараагийн асуудал нь бид нар энэ хүмүүсийг хараагүй гэж хэлээгүй. Шөнө явж байгаа зүтгүүрийн гэрэл 50 метр дотроо явж байгаа чиглэлээ харж байсан бол аюулыг аль эрт харах байсан. 50 метртээ харсан бол энэ аюул болохгүй байсан. Албан үүргээ гүйцэтгэхдээ хайнга хандсан гэж үзэж байна. Нэг нь цонхоороо хараад нөгөөх нь урагшаа, хойшоо хараад явж байсан. Талийгаачийн амь насыг аврах боломжтой байсан. Талийгаачийн амь насанд хүрсэн гэдгийг мэргэжлийн шинжээч тогтоосон. Үүн дээр Р.Атарцэцэг өмгөөлөгч их сонин юм ярьж байсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулах талаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хавтаст хэргийн 104-р талд байх цагдаагаас ирсэн бичиг байна. Үүний дагуу ямар ажилтанд арга хэмжээ авсан нь өөрчдийнх нь асуудал. Эцэслээд хэлэхэд хохирогчийг согтуу байсан хохь нь шдээ гэж байна. Согтуу хүнийг зүтгүүрийн вагон дайраад гараад явж байгаа нь зөв үү? Өөрөөр хэлбэл талийгаач согтуу байсан байж болно. Согтуу байсан байлаа гээд шүүгдэгч нарын гэм бурууг зөвтгөх ямар ч үндэслэл болохгүй, яах ч аргагүй би амь насаа хорлоно гээд өөрөө үсэрсэн бол өөр асуудал. Энэ аюул 16 минутын өмнө зам дээр байсан. Шүүгдэгч нар төмөр замын техник ашиглалтын журам зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлт гарсан байж байна” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.А зүгээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 т заасан нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй байна гэж өмгөөлөгч үзэж байна. Учир нь гэмт хэрэг яаж үйлдэгдсэн, хэн үйлдээд байгаа дээр маргаан байна. Улсын яллагчийн хувьд хоёрхон зүйлийг бичдэг. Б.Л*******, И.А******* нар нь А/154 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан сэлгээ хийх үед баримтлах бригадын үүрэг дотроос хоёрхон зүйлийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл зам дээр байгаа хүмүүсийг харсангүй, тухайн газар тогтоосон тооромзны замаас илүүгүй цагт зогсоно гэсэн хоёр зүйлийг зөрчсөний улмаас гэж яллаад байна. Улсын яллагч хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс хавтаст хэргийн 184-р хуудсанд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлт дотроос хоёрхон зүйлийг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар бариад миний үйлчлүүлэгч нарыг буруутай гэж үзээд байна вэ? гэтэл 4-р заалтад хохирогч өөрөө төмөр замын аюултай бүсийн дэглэмийн 2.3, 3.1.1, 32.10 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөнөөс болоод буруудаад байна гэх дүгнэлт гарсан. Улсын яллагч үүнийг шинжлэн судлуулахад хариулт өгсөнгүй, буруутай гэдэг заалтыг яагаад ярихгүй байна вэ? юугаар үгүйсгээд байна вэ? мэргэжлийн хүн гээд яриад байна. Энэ талаар яагаад ярихгүй байна вэ? Хохирогчийн өөрийнх нь үйл ажиллагаа энэ осол гарахад буруутай байна гэж бичсэн байдаг. Мэтгэлцээний нөгөө тал төмөр замын аюултай бүсийн дэглэм гэдэг зүйлийг яагаад ярихгүй байна вэ? энэ дэглэм дээр маш тодорхой заасан байна. Сэлгээн хийгээд байгаа зам нь аюултай бүсэд орох уу? гэж асуухад орно гэсэн. Аюултай бүс гэдэг бол галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн хийх дэвсгэр газрыг хэлнэ гэж байна. Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж хориотой бүсэд орохыг хязгаарласан байна. Камерын бичлэг дээрээс нэг зүйл харсан мал явахаар жим гардаг тэрэнтэй адил явган зорчигч энэ замаар явдаг юм бол энүүгээр явна гээд тод зурагдсан байна. Гэтэл талийгаач өнөөдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5.1 хувийн согтолттой, өөрийгөө авч явах чадваргүй үедээ зам хөндлөн гараагүй, эгц дээшээгээ явж байгаад унаж байна. Энэ хугацаанд талийгаач эрүүл саруул, амь нас нь хохироогүй байсан бол босоод явчих боломж байсан. Энэ үедээ гэмтэл аваад амь насаа хохироосон байхад нь миний хоёр үйлчлүүлэгч очоод мөргөсөн байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн байцаах ажиллагааны явцад зүтгүүрийн толгойд дайруулахаас өмнө амьд байсан гэдгийг нотлох боломж байхгүй, чадаагүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан байна гэж харж байна. Хавтаст хэргийн 195-р хуудсанд хэд хэдэн асуудал байна. Машинист өнөөдөр ямар зайнд харах боломжтой юм бэ? тэнд хэвтэж байгаа талийгаачийг харах боломжтой байсан уу? гэдэг асуултад энэ бол миний мэдэхээс хальсан асуудал байна. Машинистын харах чадварыг би тодорхойлох боломжгүй гэсэн байхад бид энэ хүмүүсийг харах боломжтой байхад хараагүй гэж буруушаах үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаараа та яагаад энэ хүмүүсийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа юм бэ? гэхэд “Би оройтуулж авсан гэдэг байдлаар хэлсэн” гэсэн хэр нь нотолж чадаагүй. Шинжээчээс хууль сануулаад мэдүүлэг авахад тайлбарлаж чадаагүй. 17 км цагийн хурдтай явсан тохиолдолд хэдэн метр туулаад зогсох вэ? гэдэг асуултад тогтоох боломжгүй гэсэн байна. Тэгэхээр туслах машинч болон машинист нарыг чи зүтгүүрээ зогсоож чадаагүй гэх баримт хэргийн материалд авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг дээр мэргэжлийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Ийм хэмжээний км яваад зогсоно гэх хууль дүрэм, журам манайд байхгүй гэж мэдүүлсэн байсан. Үнэхээр байхгүй юм байна лээ судлаад үзэхэд байгаагүй. Улсын яллагчаас яллаад байгаа нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Прокурорын тогтоолыг дурдаад байгаа шалтгаан нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө судалж үзээд энэ хүмүүс үүргээ биелүүлээгүй гэдэг нь нотлогдохгүй байна тийм учраас хэрэг бүртгэлтэд буцаая, нэмэлт ажиллагаа хийлгэе гэхээр тодорхой хэмжээгээр дүгнэлт гаргасан юм болов уу? гээд өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгтэй танилцахаар юу ч байдаггүй. Ажлын байрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ гэх зэрэг зүйлүүдийг л нэмж хийсэн байдаг. Тэгэхээр эндээс юуг хэлэх гээд байна вэ гэхээр нотлогдохгүй байна гээд буцаагаад байхад улсын яллагч шинжээчийн дүгнэлт дотроос дээр дурдсан хоёр заалтыг аваад буруутай байна гээд шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хуульчид тэгш эрхтэй, тэр тусмаа хуулийг сахин биелүүлж, хэрэглэх эрх бидэнд олгогдсон байдаг. Миний үйлчлүүлэгч нар зохих үүргээ биелүүлсэн байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч явцад хүн хүсэлт гаргаж болно. Эрх зүйн мэдлэг нимгэн иргэдийн хувьд хуулийг үг бүрчлэн уншиж хэрэглэж чадахгүй. Юуны түрүүнд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж байгаа билээ. 27.3 дугаар зүйл дээр маш тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл И.А*******, Б.Л******* нар энэ гэмт хэргийн субъект мөн үү гэдэг асуудлыг харах ёстой. Энэ хоёр хүний ажлын байрны тодорхойлолтыг яагаад хэрэгт хавсаргаад байна вэ? гэхээр техник ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ биелүүлээгүй гэж байгааг л харах гээд байгаа юм. И.А******* нь ямар эрх эдэлж, үүрэг хүлээх юм, Б.Л******* ямар эрх эдэлж үүрэг хүлээхийн энийг л харах гээд байгаа юм. Энэ хоёр хүн төмөр замын холбогдолтой дүрэм, журмыг сахин биелүүлэх үүрэгтэй л хүмүүс болохоос хангуулах эрх бүхий албан тушаалтан биш юм. Энэ яллаад байгаа зүйл анги нь буруу байна...” гэсэн эхний;
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б зүгээс: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хоёр шүүгдэгч болон нэг хуулийн этгээдийг өмгөөлж оролцож байна. Прокурорын яллах дүгнэлт дээр “зам дээр хэвтэж байгаа П.Мөнх-одыг дайрсан” гэсэн байна. Тухайн гэмт хэргийн шалтгаан нь гүн согтолттой талийгаач төмөр зам дээр хэвтэж байсан. Өөрөөр хэлбэл төмөр замын аюултай бүсэд согтуурсан этгээд нэвтэрч ороод гүн согтолттойгоор тасарсан байдалтай хэвтэж байсан байна. Яагаад энэ хүн төмөр замын аюултай бүсэд орчихвоо? Цасан дээр тод үлдсэн жимээр төмөр замыг хөндлөн гарах гарц байсан. Энэ хоёр залуу бусдын амь насыг хөнөөгөөгүй, архи нэг сайхан залууг хөнөөсөн. Гэм буруугаа яг тэр прокурорын “хэвтэж байгаа” гэдэг үгнээс олсон. Хэргийн зангилаа энд л байна. Буруу сонсоогүй бол талийгаач хоёр минутын өмнө гэр бүлийн хүнтэйгээ ярьсан гэж байна. Цуг явсан хүмүүсийг нь эхнэр нь мэдэж байсан байна. Төмөр замын аюултай бүс рүү 5.1 хувийн согтолттой хүн нэвтрэх гэж байхад орхиж явсан хүн эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар итгэлцлийн хүрээнд тусалж дэмжих, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд зориуд биелүүлээгүй гэмт хэрэг нуугдаж байж магадгүй. Найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ энэ намайг хүргээд өгчих болов уу? гэж итгэж уусан байхад галт тэрэгний аюултай бүсэд орхиж явсан хүн гэмт хэрэгтэн ч байж магадгүй, хуульчийн хувьд тэгж л харлаа. Энэ явдал бол цаанаа өөр гэмт хэрэг байна л гэж харж байна. Аливаа нэгэн хэргийн зүйлчлэл болон хуулийн өөрчлөлтийн талаар бид нэг зүйлийг харах хэрэгтэй. Хуучин төмөр замын тээврийн тухай хуулийн 217-д төмөр зам, усан зам, агаарын хэрэгслийн аюулгүй байдлын техник ашиглалтын журам зөрчих гэх зүйл анги байсан. Энэ дээр төмөр зам, усан зам, агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчсөний улмаас гэж байсан. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам, нисэх дээр гарч байгаа хэргүүдийг судлаад 2008 оны эрүүгийн хууль маань амьдралд нийцэхгүй юм байна. Төмөр замын тээврийн аюулгүйн бүс, агаарын зам, усан зам дээр саад байгаа тохиолдолд энэ хүмүүс тооромзлох арга хэмжээ авсан байхад хангалттай бусад нь хүний биш техникийн хүчин зүйлийн улмаас үйлчилдэг учраас энийг бид нар өөрчилсөн. Өөрчлөхдөө 27.3 дугаар зүйлийн 1-т төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөлгийн ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах гэсэн. Машинистуудыг хүн дайрлаа, үхэр дайрлаа гэж буруутгаад байгаа нь эрх зүйн хувьд буруу юм байна. Физикийн хууль, Байгалийн хуулийн эсрэг хүний хууль байх ёсгүй гэдэг зарчмаар өөрчилсөн. Аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл аюултай бүсэд оруулахгүй байх үүргийг хэн хүлээж байна вэ? энэ дэглэмийг орон нутгийн цагдаагийн байгууллага хүлээнэ гээд заасан байдаг. Тийм ч учраас бүх вокзалууд дээр цагдаагийн байгууллагын ажилтнууд хяналт тавьдаг. Аюулгүйн байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн гэсэн байна. Зүйлчлэлээ 217-оор сэтгэн зүйлчилж хүн яллахаар оруулж ирсэн байна. 2017 оны эрүүгийн хуульд ийм өөрчлөлт хийгдсэн байхад яллах дүгнэлт дээр хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Шинжээч дүгнэлт гээд яриад байна энэ бол хууль биш, үйл баримтыг эцэслэн тогтоосон акт юм уу? зүгээр хавтаст хэрэгт авагдсан нэг нотлох баримт юм. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг гол нотлох баримт гэж тайлбарлаж, яллах дүгнэлт үйлдсэн бол монгол улсын үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийг хараарай. Шүүн таслах ажиллагаа бол мэтгэлцээний зарчим дээр явагдана. 217-оор яллаж байвал энэ нь хүн хэлмэгдүүлж байна гэж хуулийн концепц өөрчлөгдсөн байхад энийг ерөөсөө та нар хуультайгаа нийцүүлж уншиж судлаагүй байна. Тооромз барих нийт уртыг 28.708 байна гэж шинжээч тогтоожээ. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаа шинжээчийн дүгнэлт дээр 14.3.7 Ё дээр ганц л шаардлага тавьж байгаа, тухайн газарт тогтоосон тооромзны замаас илүүгүй зайд зогсоно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл зогсоох арга хэмжээ авсан бол физикийн хуулиар энэ хүмүүс цаашаа орилоод ч нэмэргүй. Энэ арга хэмжээгээ авсан байна уу гэдгийг бид зүтгүүрийн дотоод камерын бичлэгнээс шалгасан. Яг энэ техник ашиглалтын дүрмийг биелүүлсэн эсэхийг шалгаж байгаа юм. Харлаа тооромзоо дарлаа үйлдлээ нэг секунд хүрэхгүй хугацаанд хийсэн учраас гэм буруу ярихгүй. Ердийн жолооч шиг самбаачлаад руль мушгиад байх шаардлага байхгүй. Тийм ч учраас замын хөдөлгөөний дүрэмд саад гарч ирсэн бол зайлах гэдэг заалтыг хасаад шууд зогсоох арга хэмжээг ав, зам дээр хүн мөргүүлвэл зорчигч өөрөө хориглосон газраар явсан гэдгийг нэгдсэн зарчмаар ярьж байгаа юм. Тэгэхээр тооромзны замаас хэтэрсэн гэх ямар ч баримт хавтаст хэрэгт аваагүй байж техникийн ашиглалтын дүрмийг зөрчсөн гэх шинжээчийн үгийг авч яллаж байгаа нь буруу байна. Сонор сэрэмжтэй байх ёстой гэсэн байдаг. Энэ нь өөрийгөө хамгаалах сонор сэрэмжийг яриад байна уу? зам дээр юм гарч ирэхийг хараад зогсохыг үүрэг гэж ойлгоод байна уу? энэ хүн хөдөлгөөн эхлүүлж байгаагийн хувьд өөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, аюултай нөхцөл байдалд орвол энэ хүмүүс зогсоох арга хэмжээг аваад өөрсдөө зүтгүүрээс үсэрч бууна. Энэ хүн эхлээд эрүүл байж, дараа нь өөрийн аюулгүй байдлыг хангаж байж дараа нь бусдын буюу техникийн аюулгүй байдлыг хангана. Сонор сэрэмжтэй бай гэдэг үгийн утга бол ердөө энэ юм. Өөрийн аюулгүй байдлыг хангах гэдэг заалтын эсрэгээр хүн яллахаар оруулж ирсэн байна. Сонор сэрэмжтэй байсан харсан, хийх ёстой үйлдлээ хийсэн байна. Нөгөө суман шилжүүлгээс зүтгүүр ороод ирвэл өөрийгөө авар гэсэн л заалт шүү дээ. Энэ хүмүүс тушаалаар хөдөлж тушаалаар зогсож байгаа хүмүүс юм. Яллах дүгнэлтийн үндэслэл маш буруу байна. Ийм үндэслэлээр хүн яллаж байгаа тохиолдол анх удаа харлаа. Шинжээчийн дүгнэлтэд хэн буруутай вэ? гэдэг дээр талийгаачийг буруутай гэж ойлгомжтой дүгнэсэн байсан. Тийм учраас 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Гэм буруу, эс үйлдэхүй байхгүй байна. Эрүүгийн дагаж мөрдөж байгаа хуулиар энийг гэмт хэрэгт тооцохоо больсон. Анх удаа зүтгүүрийн машинистуудыг шүүх дээр авчирлаа. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн эхний;
-Прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 гэсэн заалтыг яриад байна. Нотлох баримт гэдэг бол зүгээр мэдээлэл юм. Энэ нотлох баримтыг үнэлж дүгнэх нь эрх зүйн нийтлэг эрх бүхий хуульч, шүүх, прокурорын үүрэг. Гэхдээ хууль дүрмийн гэхээс илүү прокурор дээр санал яриад байгаа юм байна. Шинжээч 5.1 хувийн гүн согтолттой гэдгийг тогтоосон. Согтуу байсан гэдгийг хавтаст хэргийн 73, 82 дээр байгаа мэдүүлэг, гэр бүлийн нөхцөл байдал ямар байсныг нотолсон байгаа учир ярих шаардлагагүй гэж үзэж байна. Камерын бичлэг гэдэг бол 16.1 дүгээр зүйлд байгаа нотлох баримт шинжлэн судлах тухайн нөхцөл байдлыг аливаа нэгэн мөрдөгчийн болон прокурорын хэн нэгэн хүний субъектив хүсэл зорилгоор үйлдэгдээгүй бодит байдлыг дуу дүрсээр бэхжүүлсэн үл няцаах нотлох баримт гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ камерын бичлэг дээр бид нар дүгнэлт хийхгүй гэсэн үг. 16.1-ийг тайлбарлаж байгаа бол үл няцаах нотлох баримтыг шүүх хурал дээр байгаа бүх хүн үзсэн. Камерын бичлэгийг дөхөөд харвал төмөр зам дээр толгойгоороо дэрлээд прокурорын хэлснээр хэвтэж байгаа тасраад унасан хүн байна. Энэ бол үл няцаах нотлох баримт юм. Улсын яллагч мэтгэлцээний явцад шинжлэн судлаагүй нэг баримт байна. Төмөр замын тээвэр дээр осол гарсан бол яадаг вэ? гэхээр 2020 оны 06 дугаар сарын 17-ны А/154 тушаалаар баталсан дүрэм байна. Энэ дүрмийн дагуу улсын байцаагч эрх бүхий байцаагч гэм бурууг нь тогтоож, энэ хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байна гэвэл энэ журмын дагуу шийдэгдэнэ. Мэргэжлийн байгууллага нь дүгнэлтээ гаргаад одоо бол цагдаагийн байгууллага хуулийн байгууллага, шийдвэрлэх маргаан байна, ердийн маргаан гэж дүгнэдэг. Өнөөдрийг хүртэл төмөр замд осол боллоо гэх нэг ч хэрэг хавтаст хэрэгт байхгүй. Яагаад ослын судлан бүртгэх дүрмийн дагуу судлан бүртгэхгүй байгаа вэ гэхээр машинистуудад камерын дотоод бичлэгээр хийх ёстой үйлдлүүдээ хийж байгаа нь нотлогдож байна. Цаад талд нь аюултай бүсийн дэглэмийг зөрчөөд гүн согтолттой хүн байгаа гэдгийг эрх бүхий байгууллага баталчихаж байгаа учраас судлан бүртгэх дүрмийн дагуу дүгнэлт гаргахгүй. Ийм дүгнэлт гараагүй байхад төмөр замын ямар ч ажилтныг яллах гэж байгаа нь эрх зүйн төөрөгдөл гэж үзэж байна. Энэ хүмүүс харах байсан, харах боломжтой байсан гэдгийг эмч тогтооно. Эмчийн ямар нэгэн тодорхойлолтгүйгээр чи харах чадвартай байсан гэж гүтгэж болохгүй. 14.3.7 дараах үүргийг гүйцэтгэнэ гэсэн байна. Сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, хөдөлгөөний тухай дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх, сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах, сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хянах, сэлгээний ажлын үед дан зүтгүүрээр хөдөлгөөн хийх тохиолдолд явах чиглэлд зүтгүүрийн удирдлагыг шилжүүлж, бүхээгийг заавал сольж байх, зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно гэсэн байна. ...Энэ ослын шалтгаан нь аюултай бүсийн дэглэмийг зөрчиж согтуу хүн орж ирснээс үүдсэн. Хүнийхээ хувьд самбаачлах арга хэмжээгээ авсан. Техникийн энерциэрээ хийгдэж байгаа зүйлээс болж хүнийг яллаж болохгүй энд ямар ч санаатай хүсэж үйлдсэн, хайхрамжгүй хандсан үйлдэл байхгүй. Жолооч тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг бол замын хөдөлгөөний дүрмийг өөрөө биелүүлж, өөрөө хариуцлага хүлээх асуудал яригдана. Машинист гэдэг бол энэ дэвсгэрээс гарахгүй байгаа учраас хангуулах үүрэг бүхий өөр этгээд хариуцлага хүлээнэ. Мэтгэлцээний явцад яллах болон цагаатгах бүхий л нотлох баримтуудыг хэлэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нар гэм буруугүй байх тул цагаатгасан тогтоол гаргаж өгөхийг хүсч байна” гэсэн хоёдахь өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Ү зүгээс: И.А*******, Б.Л******* нарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахдаа төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7в гэх заалтыг зөрчсөн гэж байна. Мөн дүрмийн Ё хэсэгт зааснаар саад гэнэт тохиолдсон үед яаралтай тооромзолж зогсоох арга хэмжээг авах ёстой гэсэн хоёр заалтыг зөрчсөн учраас энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байдаг. Гэтэл И.А*******, Б.Л******* нар нь сонор сэрэмжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Дотор камерт бичигдсэнээр бол И.А******* нь хянан самбарыг хараад хурдыг хянаж мөн Б.Л******* нь явах эд ангийг шалгаж байгаа үйл явц бичигдсэн байна. Энэ үйл явцыг сонор сэрэмжгүй байсан гэж үзэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлт байна гэж үзэж байна. Мөн И.А*******, Б.Л******* нар нь талийгаачийг харсан даруйдаа яаралтай зогсоох бүхий л арга хэмжээг авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримт, камерын бичлэгүүдээр нотлогдон тогтоогдсон байгаа учир И.А*******, Б.Л******* нарыг буруутгаж байгаа төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7 дугаар зүйлийн В, Ё заалтууд нь тухайн шүүгдэгч нарт нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн эхний
-Миний хувьд И.А*******, Л******* нарын үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх өмнөх байр сууриа дэмжиж байна” хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг тус тус хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ харилцан нөхсөн, хоорондоо шалтгаант холбоотой, харилцан уялдсан байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, тэдгээрт үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэргийн оролцогч талууд дуу-дүрс бичлэгийг нээлттэй үзэж, өөр өөрсдийн байр суурь, эрх зүйн дүгнэлтээ хийсэн.
Бичлэгээс харахад: Зүтгүүр дээр хоёр төрлийн камерын бичлэг байсан. Нэг дэх камер нь: гадагш чиглэсэн, хоёр дахь камер нь: Зүтгүүрийн доторхи камер юм. Энэ хоёр камерын бичлэгний цаг, минут, секундад зөрүү байхгүй байв.
-Зүтгүүрийн бригад 21 цаг, 34 минут, 49 секундэд зам дээр хүн байгааг хараад тооромз авч, өөрсдийн зүгээс техникийг зогсоох бүхий л арга хэмжээг авсан байна. Гэхдээ илчит тэрэгний машинист, туслах машинист хоёр зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх үүргээ хангалттай биелүүлээгүй ...саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно гэсэн дүрэм, журмыг зөрчжээ.
Бичлэгийг хэргийн оролцогч талууд шүүх хуралдааны танхимд бүгд үзэж, зогсоох, ухраах, дахин үзэж нягтлах замаар дахин дахин үзэхэд 21 цаг, 34 минут, 47 секундын 49 секундэд тооромз татсаныг бүгд харсан.
2 секундын өмнө тооромз авагдаагүй байна л гэсэн үг. 49 секундэд тооромзлох арга хэмжээ авсныг харсан, тэгвэл 34 минут, 51 секундэд зүтгүүр амь хохирогчийн дээгүүр гарч байгаа бичлэг байна. Ердөө л 3-хан секунд. Амь хохирогчийн дээгүүр гарахаасаа 3 секундын өмнө л арга хэмжээ авсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...16 минут 57 секундэд талийгаач унаж байна. Бичлэгнээс бид юуг харсан бэ? гэхээр хөл нь хавчуулагдсаныг гаргах гэж байгаад чадаагүй унаад босч ирээгүй” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Суман шилжүүлгийн нарийн хэсэг байдаг тэр лүү нь гутал нь ороод уначихаж байна. Босох гэж хэд хэд оролдсон гэсэн тэрийг нь би үзээгүй...” гэсэн хөл хавчуулагдсан, гутал нь ороод уначихсан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд дуу-дүрс бичлэгээр няцаагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримт болох дуу-дүрсний бичлэг нь хэрэг учрал болсон тухайн бодит нөхцөл байдлыг хэн нэгэн мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорын субъектив хүсэл зоригоор үйлдэгдээгүй бөгөөд бодит байдлыг дуу-дүрсээр бэхжүүлсэн үл няцаах нотлох баримт гэж шүүх үзсэн.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зйүлчлэл дээр маргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 байх байсан гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
“Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр м долоон зуун нэгжээс таван м дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан[22].
Талийгаачтай хамт архи уусан, хамт явсан гэх болон талийгаач хоёр хэрэг учрал болдог өдөр хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, эрүүл ухаанаар аливаа зүйлд хандах боломжгүй байсан нь дээрх хуулийн заалтад заасан ... Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний ....тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас..., гэсэн гэмт хэргийн шинжийг аль ч талаараа хангахгүй байна.
Шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүгдэгч нараас оршуулгын зардалд 24,997,100 төгрөг/баримттай/, өмгөөллийн зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Учир нь:
Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь иргэд, хуулийн этгээд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг иргэний эрх зүйн хэлцэл юм. Сайн дурын үндсэн дээр хийгддэг тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй. Үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж байгаа асуудал бөгөөд үйлчлүүлэгчийн чөлөөт сонголт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд энэхүү хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Бгийн өмгөөлөгчийн хөлс хамаарахгүй. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт: “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульчилсан.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Иймд дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын журамд заагдсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлс хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Б.Л*******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч И.А*******г 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэсэн эхний саналыг;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байдаг. Шүүх гэм буруугийн шийдвэр гаргатал гэм буруугаа хүлээхгүй мэтгэлцсэн. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас анхны саналаа дэмжиж байна” гэсэн хоёрдахь эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргасан.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Тодорхой хугацаанд энэ хүмүүс туслах машинч болон машинчаар ажиллах боломжгүй, өөрөөр хэлбэл 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно гэсэн байдаг. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэсэн байдаг. 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заагаагүй. Тодорхой хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд ийм төрлийн гэмт хэрэг гарах магадлалтай, машинчаар ажиллах эрхийг нь хязгаарлах нь зөв...” гэсэн эхний;
-Маргаж байгаа үндэслэл нь зогсоох арга хэмжээг авсан гэж шүүгдэгч нараас мэдүүлсэн. Энэ тал дээр шүүх анхаарах байх, хор уршиг арилаагүй хүний амь нас хохирсон тохиолдолд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой, тэнсэн харгалзах боломжгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс гэр бүлийн хүн маань босч ирэхгүй би гомдолтой гэж хэлж байгааг нь илэрхийлье” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б зүгээс: “...Энэ бол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг шүүх буруу хэрэглэсэн гэж үзээд давж заалдах гомдол гаргана. Аль ч улсын хуульд машинистыг зогсоох арга хэмжээ авсан бол ялаас чөлөөлдөг. Япон, Хятад, Америкийн нэгдсэн улсад аюултай бүсэд орсон хүнийг амиа хорлосон гэж үздэг болсон. Тэгэхээр энэ тохиолдолд И.А*******, Б.Л******* нарыг шүүх хэлмэгдүүллээ гэдгийг протоколд тусгуулж байна. Шүүхээс гэм буруутай гэж үзсэн учраас энэ хүмүүс цаашаа мэргэжлээрээ амьдрах боломжгүй, дээр нь хохирол төлбөрөө төлөхийн тулд зээл авч хохирлыг төлсөн. Тийм учраас эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна. 27.3 дугаар зүйлд эрх хасах ялыг оруулаагүй яагаад оруулаагүй вэ? гэхээр үүрэг бүхий этгээд гэдэгт машинч, туслах машинч нар хамаарахгүй, бид нар хүн төрөлхтөний эрүүгийн эрх зүйн зарчмыг удирдлага болгон физикийн хуулиас давсан хуулиар хүнийг эрхийг зөрчиж байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн эхний;
-Галт тэрэгний аюултай бүсэд гүн согтолттой хэвтэж байгаа хүнд хэргийн зангилаа байна. Мөрдөн байцаагч, прокурор нар ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгч зогсоох арга хэмжээ авсан шүү гэж хэлснийг нь гэм буруугаа хүлээгээгүй гэж гутаах маягаар дүгнэлт хэлэх зохимжгүй байна. Хоёр шүүгдэгч ямар ч мэтгэлцээн өрнүүлээгүй байхад өмгөөлөгчтэй мэтгэлцсэнээ шүүгдэгч нарт нялзааж байна. Мэдлэг чадвар, дадлага туршлагагүйгээсээ болж хүний хувь заяагаар тоглож болохгүй” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.А зүгээс: “...Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруу дээр маргахгүй шийдвэрлүүлнэ гэдэг саналыг өмгөөлөгч нартаа хэлж байсан. Мэтгэлцээний шатанд өмгөөлөгчийн дүгнэлтээ маш тодорхой ойлгомжтой тавьсан. Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо тусгаж тодорхой ойлголт өгөх байх. Шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн үүднээс ярилцлаа. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцъё гэж байсныг хэлэх нь зүйтэй. Анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй гэж яриад байдаг энэ бол өрөөсгөл ойлголт юм. Аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрх нь хуулиар олгогдсон байдаг. ...Төмөр замын байгууллага дээшээ удирдлагатай хатуу дэглэмтэй байгууллага, ямар нэгэн байдлаар ял авсан тохиолдолд ажлыг нь хийлгэхгүй, хөдөлмөрийн харилцааг төгсгөдөг. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдснийг харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн эхний;
-Улсын яллагчийн зүгээс шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлж болохгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаа илэрхийлсэн. Хамгийн гол нь 7.1 дүгээр зүйлд юу гэж заасан бэ? гэхээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн байна. Цаашид гарах зардал, төлбөр байхгүй, шүүгдэгч нарын хувьд 25.000.000 төгрөг төлсөн. Осол болоход мэдэгдэх ёстой албан тушаалтан, эмнэлэгийн байгууллагад мэдэгдсэн тийм учраас тэнсэн харгалзах боломжтой” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Ү зүгээс: “Нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байсан учраас өмгөөлөгч нар мэтгэлцэх байр суурьнаас оролцсон. Шүүгдэгч нар гэм буруу дээр маргаан байхгүй байсан. Манай үйлчлүүлэгч нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн заалт байна гэж үзэж байна.Тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг өөрсдөө сайн дураараа төлж барагдуулсан дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн эхний;
-Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмнөх дүгнэлт дээрээ хэлсэн. Тухайн гэмт хэрэг нь сонгох санкцтай байна. Заавал хорих ял оногдуулахгүйгээр өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэнсэн харгалзах боломжгүй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй /хохирогчийн ар гэрийнхээс шүүх хуралдааны туршид чин сэтгэлээсээ уучлалт гуйсаар байсан/ үйлдлээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн /оршуулгын зардал/ болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Хэдийгээр хүний амь нас хохирсон юугаар ч орлуулж болохгүй хүнд хор уршиг учирсан ч гэсэн энэхүү гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдэг бодит үнэнийг дурьдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт эрх хасах ял нэмэлтээр оногдуулж өгөхийг хүссэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж томьёолсон.
2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилахдаа ямар тохиолдолд эрх хасах заавал оногдуулах вэ? гэдгийг тодорхой заасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял оногдуулахаар хуульчлаагүй тул үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч И.А*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалах нь хууль болон архивын журамд нийцнэ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт И******* А*******, ******* овогт Б******* Л******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Шүүгдэгч И.А*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ