Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2020/00472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Н.М-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Гурвансайхан суманд төрсөн, эрэгтэй, 55 настай. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл "Давших зам" нэгдэлд хоньчноор, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армийн 144 дүгээр ангид цэргийн алба хааж ирээд 1986 оны 6 сараас 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл "Давших зам" нэгдэлд, 1994 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Давших зам" ББХК-д тус тус мал маллаж байсан үеийн нэг дэвтэр нь үрэгдсэн, 1991 оноос хойшхи хөдөлмөрийн дэвтэр овгийн зөрчилтэй учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Учир нь миний төрсөн ах маань намайг өөрийн төрсөн дүү болох Баламд өргүүлсэн бөгөөд миний бие тус хүний хамт амьдарч өссөн. Миний өргөж авсан эх Балам нь нас барсан учир би төрсөн эх дээрээ эргэж очсон. Тэгээд сүүлд иргэний үнэлэх авахдаа хойд эцэг Нанзадын гэж хүнээр овоглож авсан. Тэтгэвэрт орох гэтэл миний байгаа хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн үнэмлэхийн овог зөрүүтэй болсон. Мөн сумын архив шатсаны улмаас архивын баримт олдохгүй байна. Иймд холбогдох баримтыг үндэслэн миний 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Мөн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1992 онд олгосон Баламын Мөнхбат гэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 541595 дугаартай Баламын Мөнхбат гэсэн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Н.М- болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М- нь ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Н.М-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овгийг “Нанзад” гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр болон 1983 оны 6 дугаар сарын 25-нд олгосон цэргийн батлах дээрх “Балам” гэсэн овог нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Н.М- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.05.15-ны өдрийн 005/000459 тоот 1 дүгээр маягтын “Сундуй овогт Н.М-ын эцэг Лувсанцэрэнгийн Нанзад, эх Цэдэвийн Сумъяа” гэх лавлагаа /хх-12 дугаар хуудас/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020.05.12-ны өдрийн 03-9/2184 тоот “...1989 он, Дундговь аймгийн Гурвансайхан сум, Балсан/Балам/-ын Мөнхбат-тэргүүлэгч өөрөө...” гэх лавлагаа /хх-14 дүгээр хуудас/, гэрч З.Баасанжав, Ж.Одсэр, Д.Монхдой нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн болон 541595 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь “Н.М-” мөн болох нь тогтоогдож байна.

Н.М-ад Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдлээс 1992.01.01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн овог нэр нь зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.15-ны өдрийн 321 тоот “Гурвансайхан сумын 3-р багийн иргэн Нанзад овогтой Мөнхбатын овог нэрийн зөрчилтэй тул 1991.01.01-1994.01.01, 1994.07.01-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.04-ний өдрийн 08/513 тоот “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэл нь 1991 оны 4 сарын 28-ны өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 3 сарын 23-ны өдөр “Давших зам” ХК, 1994 оны 5 сарын 28-ны өдөр “Давших зам” ББХК, 1996 оны 4 сарын 30-ны өдөр “Давших зам” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020.05.04-ний өдрийн 26/29 тоот “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” конторын архивын өрөө нь 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гал гарсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-16 дугаар хуудас/-оор нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.             

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс Н.М-ад 1992.01.01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 1 сараас 1993 оныг дуустал, 1994 оны 7 сараас 12 сарыг дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-7-8 дугаар хуудас/

- Н.М-ад 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цэргийн батлахын хуулбар /хх-9-10 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2020.05.04-ний өдрийн 26/29 дугаартай “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” конторын архивын өрөө нь 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гал гарсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-16 дугаар хуудас/

- Засаг даргын орлогч И.Ширнэнгийн сейфэнд байсан зүйлсийн жагсаалт, Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолт /хх-17-20 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992:03.17-ны өдрийн 6 тоот “"Давших зам”, “Шинэ зам”, “Социализмын зам”, "II таван жил" нэгдлүүдийг хувьцаат компани болгон хувьчилж, хувьцаа гаргах болон төрийн өмчид үлдээх хөрөнгийн хэмжээ, хувьцааны тоог хавсралтад зааснаар тогтоосугай” гэх тогтоолын хуулбар, “№75 Б.Мөнхбат” гэх хавсралт /хх-21-23 дугаар хуудас/

- Гэрч З.Баасанжавын “...Би 1970 оноос хойш Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд нэгдэл тартал мал малласан хүн. Н.М- 1981 оноос 1993 онд нэгдэл тартал Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлийн Чулуут бригадад малчнаар ажилласан. Мөн Н.М- нь нэгдэл тараад "Давших зам" компани болсны дараа бас компанийн мал малласан. Н.М- бага мал малладаг, Хонхорын бууц гэх газар нутагладаг байсан. Н.М- нь одоог хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут бригадад Булгийн хар гэх газар нутаглаж мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-30 дүгээр хуудас/, гэрч Ж.Одсэрийн “...Би 1975 оноос 2000 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлийн Чулуут бригадад малчнаар ажилласан хүн. Н.М- 1981 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлийн Чулуут бригадад малчнаар ажилласан. Н.М- нь бага мал малладаг байсан. Н.М- цэргийн алба хаасан. Яг хэдэн онд цэрэгт явсан талаар нь сайн санахгүй байна. Н.М- гэдэг байсан. Эхээс хэдүүлээ талаар нь сайн мэдэхгүй. Н.М- нь эхийнхээ хамт амьдардаг байсан гэв....” гэх мэдүүлэг /хх-32 дугаар хуудас/, гэрч Д.Монхдойн “...Би 1964 оноос Дундговь аймгийн Гурвсансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би 2000 он хүртэл тасралтгүй Гурвансайхан суманд мал малласан. Н.М- 1981 оноос Дундговь аймгийн Гурвсансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Н.М- нь Цэдэвийн Балам гэх хүний хамт амьдардаг байсан. Ц.Балам нь Мөнхбатыг өсгөсөн хүн. Ц.Балам гэх хүн нас бараад, эх дээрээ очоод эх нь Нанзад гэдэг хүнтэй суугаад Мөнхбат нь Нанзад гэдэг овогтой болсон. Н.М- нь одоог хүртэл Гурвсансайхан сумандаа мал маллаж амьдардаг. Н.Мөнбхат нь нэгдэл тартал малчнаар ажилласан, компанийн мал бас малласан...” гэх мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар, мөн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд малчнаар, 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 32-ний өдрийг хүртэл хугацаанд Гурвансайхан сумын "Давших зам" ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан гэх боловч Н.М-ын 0235677 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсанд түүнийг 1994 оны 1 сараас 6 сарыг хүртэл хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасны дагуу хуулиар тооцсон байх тул уг тасарсан хугацааг малчнаар ажилласанд тооцох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдлээс Баламын М-д 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн, мөн 541595 дугаартай 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс Баламын Мөнхбатад олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Н.М- мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.М-ыг 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" нэгдэлд, 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Гурвансайхан сумын "Давших зам" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, үлдэх 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ