Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2020/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, эрэгтэй. Энэ жил 53 нас хүрч байгаа. Улсад 33 жил ажилласан. Үүнээс 1986.05.06-1988.06 сарыг дуустал цэргийн алба хаасан. 1989.08.01-1992.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд мал малласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт хийгээгүй, тамга тэмдэггүй шаардлага хангахгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаалууд, цалингийн цэсүүд зэрэг баримтыг үндэслэн 1989.08.01-1992.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд мал маллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

С.Бд Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлээс 1989.08.01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь бичилтгүй, 1993.03.01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.26-ны өдрийн 349 тоот “Хулд сумын 3 дугаар багийн иргэн Сүрэнжав овогтой Бат-Эрдэнийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1989.08.01-1992.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-27 дугаар хуудас/, Архивын тасгийн 2019.05.27-ны өдрийн 189 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд 1989 оны 8 сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай чөлөөлөгдсөн баримт ирээгүй учир С.Б-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын С.Бат-Эрдэнийг малчнаар томилсон тухай 1989 оны тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2017.12.20-ны өдрийн 08/616 дугаартай “Хулд сумын "Талын цэцэг" нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 дугаар сарын 10-нд "Талын цэцэг" ББХК, 1996 оны 4 дүгээр сарын 30-нд "Талын цэцэг" хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлолт /хх-9 дүгээр хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан С.Бд Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдлээс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон “"Талын цэцэг" нэгдлийн даргын “1989.08.31-ний өдрийн 34 дүгээр тушаалаар 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Бүлээн бригадад малчнаар томилов” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4 дүгээр хуудас/

- Хулд сумын "Талын цэцэг" нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 34 тоот “...Сү.Бат-Эрдэнийг 8 дугаар сарын 01-ээс Бүлээн баригадад малчнаар...” гэх тушаалын хуулбар /хх-8 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2017.12.14-ний өдрийн 3/672 тоот албан бичиг /хх-8 дугаар хуудас/,

- С.Бат-Эрдэнийн 1989, 1990 онууд болон 1991 оны 1, 3-12 саруудын цалингийн цэсийн хуулбар /хх-10-21 дүгээр хуудас/,

- С.Бд Дундговь аймгийн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-29-30 дугаар хуудас/,

- С.Бд Хулд сумын Тамгын газраас 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон 1992 оны ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөдөлмөрийн хөлсийг олгосон тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-31 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Батчулууны “...Би 1980-1981 онд Хулд сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1981-1987 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн усны группын даргаар, 1987-1992 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаар ажилласан. С.Б 1989 оны 8 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад мал маллаж байсан. С.Б нь бог мал малладаг, Бүлээн бригадын баруун өмнө байрлах Сүүж, Цагаан ус гэх газруудаар нутагладаг байсан. С.Б нь одоог хүртэл Хулд сумандаа Ширээ гэх газар нутаглаж, мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-ийг 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын "Талын цэцэг" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ