| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00462/И |
| Дугаар | 139/ШШ2020/00475 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2020/00475
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С- миний бие нь 1965 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 54 настай эмэгтэй. Миний бие нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Тэнхлэг бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1980-08-01 нээс эхлэн мал аж ахуй эрхэлж эхэлсэн. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил "нэгдэлд 1980-08-01 нээс 1994-01-01 хүртэл мал аж ахуй эрхэлсэн бөгоөд одоо маллаж байгаа. Анхмалчнаар ажилд орсон, чөлөөлсөн тушаалууд нь олдохгүй байна. Уг нь надад хөдөлмөрийн дэвтэр байсан. Тэр нь үрэгдсэн байна. Харин 1990 оноос хойшхи хугацааны цалин хөлс бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа. Тухай үед хамт мал аж ахуйн маллаж байсан хүмүүс нар сайн мэднэ гэрчилнэ. Дундговь аймгийн "Хөгжил " нь 1992 оны 2-р сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Иймд Б.С- миний бие нь 1980-08-01-ээс 1992-02-19 хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Тэнхлэг бригадад малчинаар, мөн 1992-02-19-нөөс 1994-01-01 хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" хувьцаат компанид тус тус малчнаар ажилласан байдлыг гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн улсад ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.С-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс 1991.12.08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.26-ны өдрийн 351 тоот “Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн иргэн Б.С-ийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1980.01.01-1993.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1980 оны 1 сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Б.С-тэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.26-ны өдрийн 08/600 дугаартай “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1955 оны 8 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Б.С-д 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс олгосон 1990 оныг дуустал, 1991 оны 1-5 сарыг дуустал, 1992-1993 оныг дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-7 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.22-ны өдрийн 130 тоот “Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан, 3 дугаар багийн иргэн Б.С-ийн сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны 1982, 1990, 1991, 1992 оны цалингийн картыг хуулбарлан олгов. Хавсралт 4 хуудас” гэх архивын лавлагаа, хавсралт /хх-9-12 дугаар хуудас/,
- Гэрч С.Б-ы “...Би наймдугаар аниа төгсөөд илгээлт авч хөдөө гараад 1984 оны 7 сараас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1987, 1988 оны үед аймгийн төв рүү орж ирээд 6 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилласан. Би 2000 он гартал цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэрт гарсан. Б.С- нь багаасаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд мал дээр байсан хүн. Б.С- нь 18 настайгаасаа фермд саальчин хийдэг байсан. Б.С- нь тасралтгүй мал дээр ажилласан, одоог хүртэл Эрдэнэдалай суманд мал маллан амьдардаг хүн. Б.С- нь Тэнгэлэг бригадын Саруул, Улаан худаг гэх газруудаар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/, гэрч Д.Ч-ын “...Би 1972 оноос 1978 он хүртэл Улаанбаатар хотод Хайрцагны үйлдвэрийн цайны газарт тогоочоор ажиллаж байгаад 1979 оны 1 сараас эхлээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Тэнгэлэг бригадад нэгдэл тартал үхэрчнээр ажилласан. Б.С- нь сургуульд суугаагүй, эцэг, эхийн хамт байж байгаад их багаасаа малчнаар ажиллаж эхэлсэн. Б.С- нь миний мэдэхийн 1980 оноос малчнаар ажиллаж эхэлсэн, хонь туугаад явж байдаг байсан. 1980 оны хэдэн сарын хэднээс ажиллаж эхэлсэн талаар нь сайн мэдэхгүй. Б.С- нь 1982 оноос хөдөлмөрийн хөлсөө өөрөө авч эхэлсэн. Гарын үсгээ зурж чадахгүй учраас би гарын үсгийг нь зурж өгөөд одооноос өөрөө гарын үсгээ зурж сур гэж зааж өгч байсан. Б.С- нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувийн аж ахуйгаар мал маллаж эхэлсэн. Б.С- нь одоог хүртэл Эрдэнэдалай сумандаа мал маллан амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "Хөгжил" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.С-ыг 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл "Хөгжил" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ