| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00390/И |
| Дугаар | 139/ШШ2020/00476 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2020/00476
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, З.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох гэм хорын хохирол 4.089.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц-, хариуцагч А.Б-, түүний өмгөөлөгч Т.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2020.4.17 бөхийн өргөөний зүүн талын зогчоолд зогсож байхад хажууд К5 маркийн 57-85 ДУЭ улсын дугаартай машин ирж зогсож 53-93 УНТ Land cruiser машин ирж ухарч хойд хаалгыг мөргөж хохирол учруулсан тул хохирлыг төлүүлж өгнө үү. Үнэлгээ 3.616.800 төгрөг, үнэлгээний мөнгө 173.000 төгрөг, ирж буцах зардал 300.000 төгрөг, нийт 4.089.800 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 4.089.800 төгрөгөө 1.500.000 төгрөг болгон багасгаж үлдэх2.589.800 төгрөгөөсөө татгалзаж байна. 1.500.000 төгрөгийн 1.200.000 төгрөгийг 2020.06.25-ны өдөр, үлдсэн 300.000 төгрөгийг 2020.08.01-ний дотор төлөхөөр бид эвлэрч байна гэв.
Хариуцагч А.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц- нь 4.089.800 төгрөгийг 1.500.000 болгож байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2020.08.01-нд 300.000 төгрөгийг тус тус Б.Ц-ад төлөх болно гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх хүсэлт гаргаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч А.Б-аас гэм хорын хохиролд 4.089.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.589.800 төгрөгөөс нь татгалзан, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон ба үүнээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2020.08.01-ний өдөр үлдэдэл 300.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох гэм хорын хохиролд 4.089.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 1.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.950 төгрөгөөс 58.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дундговь аймгийн Төрийн сангийн 100080000941 тоот данснаас 58.975 төгрөгийг, хариуцагч А.Б-аас 58.975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА
З.ГАНЧИМЭГ